| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2023/00646/И |
| Дугаар | 102/ШШ2023/01075 |
| Огноо | 2023-03-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2023/01075
| 2023 оны 03 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2023/01075 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил-1 Хаан цамхагт байрлах ХА ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 42 дугаар байрны 18 тоотод оршин суух Мөнх-Очир овогт Цэндбазарын Б/РД:
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 32,813,644 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох
Хариуцагч Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билгүүн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ХА” ХХК нь Бод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32,813,644.16 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Зээлдэгч Ц.Бнь “ХА” ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ/2201040442 дугаартай нийт 120,000,000 төгрөгийн зээлжих эрхтэй, жилийн 12,8 хувийн хүүтэй хадгаламж барьцаалсан зээлийн эрх нээх гэрээ байгуулж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр БГХ/2201040442 дугаартай хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, зээлдэгчийн ХА 5030715836 тоот хугацаатай хадгаламж дахь 120,000,000 төгрөгийг барьцаалуулсан.
Зээлдэгч нь дээрх гэрээ байгуулснаас хойш 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 19,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 17,600,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 19,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 19,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 15,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 19,500,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 46,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 69,013,000 төгрөг тус тус зээлсэн.
Дээрх 9 удаагийн зээлийн төлбөрийг хадгаламжийн хүү тооцогдсон 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зээлийг хүүгийн хамт төлүүлсэн боловч 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр олгогдсон 17,600,000 төгрөгийн зээл, хүүгийн хамт төлөгдөөгүй, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 19,500,000 төгрөгийн зээлээс үндсэн зээлийн төлбөрт 7,343,316 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,757,458 төгрөг, нийт 9,100,774 төгрөгийг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 12,156,683.52 төгрөгийн зээлийг, 486,000 төгрөгийн хүү, 97,200 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байна. Иймд банк зээлдэгч буюу хариуцагчаас зээлийн эрх нээх гэрээний дагуу олгогдсон 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр олгогдсон зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 17,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,333,036.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 140,722.85 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр олгогдсон зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 12,156,683.52 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 486,000.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 97,200.18 төгрөг, нийт 32,813,644.16 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Ц.Бнь ХА ХХК-аас өөрийн 120,000,000 төгрөгийн хадгаламжийг барьцаалан зээл авсан. Уг зээлийн хэмжээ нь 120,000,000 төгрөгөөс ихгүй байхаар зээлийн гэрээнд заасан бөгөөд “ХА” ХХК-ийн гэрээгээр тохиролцсон хэмжээнээс илүү зээл олгосон буруутай үйл ажиллагааны улмаас тооцоолоогүй өр төлбөрт орсон. Зээлийн эрхээс хэтрүүлэн олгосон зээлийг төлөх үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлага болох зээлийг барьцааны мөнгөнөөс суутгаагүй нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэдийн бүтээгдэхүүн үйлчилгээний хүсэлт, ХА ХХК болон Ц.Бнарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн эрх нээх гэрээ, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, ХА дахь Бын 5030938091, 5030940883, 5030937440, 5030939276, 5030939538, 5030940511, 5030941242, 5030943806, 5530016307 тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт, Боос 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ХА ХХК-нд гаргасан зөвшөөрөл олгох тухай хүсэлт, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шаардлага, хүсэлт, ХА ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5030/22/155, 5030/22/157 дугаартай зээл төлөх мэдэгдэл зэрэг баримтуудыг, хариуцагчаас нотлох баримт гаргаагүй.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч Ц.Бзээлийн гэрээний дагуу гэрээнд заасан хугацаанд шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “ХА” ХХК нь гэрээнд заасан хэмжээг хэтрүүлэн зээл олгосон, уг зээлийг барьцаа хөрөнгө болох хадгаламжийн мөнгөн хөрөнгөөр хангаж, өмнө олгосон зээлийг барьцаа хөрөнгөөс суутгаагүй нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэг талаас “ХА” ХХК, нөгөө талаас Ц.Бнар 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ/2201040442 дугаартай зээлийн эрх нээх гэрээ байгуулж, зээлдүүлэгч тал болох “ХА” ХХК нь 120,000,000 төгрөгийн эрх бүхий зээлийг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал, жилийн 12,8 хувийн хүүтэй шилжүүлэх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зээлдэгч Бын хадгаламжийн данс дахь 120,000,000 төгрөгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцжээ.
5. Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан. Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.
6. Зээлийн гэрээний дагуу зээлдэгч Ц.Бнь “ХА” ХХК-аас 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шилжүүлэн авсан үндсэн зээл 19,000,000 төгрөг, зээлийн хүү 1,765,695 төгрөг, нийт 20,765,698 төгрөг,
2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлэн авсан үндсэн зээл 19,000,000 төгрөг, зээлийн хүү 1,814,443 төгрөг, нийт 21,714,443 төгрөг,
2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шилжүүлэн авсан үндсэн зээл 19,000,000 төгрөг, зээлийн хүү 1,725,720 төгрөг, нийт 20,725,720 төгрөг,
2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлэн авсан үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 1,357,150 төгрөг, нийт 16,357,150 төгрөг,
2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлэн авсан үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 897,753 төгрөг, нийт 10,897,753 төгрөг,
2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шилжүүлэн авсан үндсэн зээл 46,000,000 төгрөг, зээлийн хүү 4,375,671 төгрөг, нийт 50,375,671 төгрөг,
2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлэн авсан үндсэн зээл 69,013,000 төгрөг, зээлийн хүү 1,113,283 төгрөг, нийт 70,126,283 төгрөгийг тус тус 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр барьцаа хөрөнгө болох өөрийн хадгаламжийн данс дахь 120,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулсан байна. Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй.
7. Харин 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлэн авсан үндсэн зээл 17,600,000 төгрөг, зээлийн хүү 2,333,037 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 140,723 төгрөг, нийт 20,073,759 төгрөг,
2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шилжүүлэн авсан үндсэн зээл 18,500,000 төгрөгөөс 7,343,316 төгрөг, зээлийн хүү 1,757,458 төгрөг төлж, үлдэгдэл үндсэн зээл 12,156,683 төгрөг, зээлийн хүү 486,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 97,200 төгрөг, нийт 12,739,884 төгрөгийг тус тус төлөөгүй болох нь тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулга зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
8. Зээлдэгч Ц.Бзээлийн гэрээнд заасан хугацаанд төлбөрийг тогтоосон хэмжээгээр бүрэн төлөөгүй болох нь зээлийн дансны хуулга, “ХА” ХХК-ийн нэхэмжлэлийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зэрэг баримтаар тогтоогдож байна.
9. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу зээлдэгч нь үндсэн зээл, түүний хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү зэргийг буцаан төлөх үүрэгтэй тул хариуцагч Боос үндсэн зээл 29,756,683 төгрөг, зээлийн хүү 2,819,036 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 237,923 төгрөг, нийт 32,813,644 төгрөгийг гаргуулж “ХА” ХХК-нд олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
10. Зээлдүүлэгч ХА ХХК нь зээлдэгч Бод 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр олгосон 69,013,000 төгрөгийн зээл нь өмнө шилжүүлсэн зээлийн мөнгөн хөрөнгийн нийлбэрээр зээлийн гэрээний 2.1.1-т заасан зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлсэн байх боловч зээлдэгч Бын хүсэлтээр уг зээлийг олгосон. Мөн хамгийн сүүлд шилжүүлсэн үндсэн зээл 69,013,000 төгрөг, зээлийн хүү 1,113,283 төгрөг, нийт 70,126,283 төгрөгийн өрийг төлөх хугацаа бусад зээлийн өрийн төлөх хугацаа нэгэн зэрэг болсон тул илүү өндөр дүнтэй зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулсан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасантай нийцсэн байхаас гадна зээлдэгчид зээлийн хүүгийн хэмжээний хувьд давуу байдал үүссэн гэж үзэхээр байна. Иймд зээлдүүлэгч “ХА” ХХК-ийг зээлийн хэмжээг хэтрүүлэн олгосон, зээлийн дарааллыг үл харгалзан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан гэж буруутгах боломжгүй, энэ нь зээлдэгч Быг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзлээ.
11. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор хуваарилна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Боос зээлийн гэрээний үүрэгт 32,813,644 /гучин хоёр сая найман зуун арван гурван мянга зургаан зуун дөчин дөрөв/ төгрөг гаргуулж “ХА” ХХК-нд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322,018 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Боос улсын тэмдэгтийн хураамжид 322,018 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХА” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ