2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2490

 

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

            улсын яллагч Б.Энхбаяр, /СХД/

            хохирогч *************,

шүүгдэгч ************* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ************* овогт *************ын *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2408034460374 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *********** оны ********** дугаар сарын **********-ны өдөр ************* төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, төмрийн үйлдвэрт туслах машины техникчээр ажилладаг гэх, ам бүл 8, эхнэр 6 хүүхдийн хамт ********** дүүргийн ********* дугаар хороо *********** тоотод оршин суух хаягтай, урьд:

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болсон,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 675 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болсон, ************* овогт *************ын ************* /РД:*********/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ************* нь 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 07 дугаар сарын 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч *************ийн эзэмшлийн самсунг А54 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогч *************д 650,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр *************тоотоос хохирогч *************ын эзэмшлийн тоёота-дувет маркийн *************УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ************* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн үед прокурорын ялах дүгнэлтэд дурдсан шиг зүйл болсон. Маргахгүй, нэмж ярих зүйлгүй” (шүүх хуралдааны тэмдэглэл),

Хохирогч ************* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний алдсан утас А54 загварын утас. Энэ утсыг лизингээр авсан ба одоо болтол төлөлтийг нь хийж явж байгаа. Хохирлоо барагдуулаад авчихвал гомдол саналгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Гэм буруугийн талаар:

Улсын яллагч: “...шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах” тухай дүгнэлтийг,

Хохирогч *************: “...хохирлоо л авмаар байна” гэж,

Шүүгдэгч ************* нь: “...гэм буруугаа хүлээж байна, хохирлоо боломжоороо төлөх болно” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг талуудаас шинжлэн судалсныг үнэлж дүгнэхэд:

I. Шүүгдэгч ************* нь 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 07 дугаар сарын 21-нд шилжих шөнө **********дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах айлд байхдаа хохирогч *************ийн эзэмшлийн самсунг А54 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч гаран хохирогч *************д 650,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...*********** дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө иргэн ************* гар утсаа алдсан” гэх (хавтаст хэргийн 7 дахь тал),

 

2. Хохирогч *************ийн: “...Би 2024 оны 07 сарын 20-ны өдөр хамт ажилладаг байсан хүмүүсийн хамт 22 цагийн орчим 2 лааз пиво уусан ба 23 цаг болоогүй байхад Бодугаар гудамд байх айл руу очиж *************, ************* болон ************* нарын хамт 0,75 литрийн Хараа 2 шил, 0,5 литрийн хэмжээтэй Хараа гэх архи хувааж уусан. Тэгээд шөнө 01 цаг өнгөрч байхад ууж байсан архи дууссан. *************, ************* CU орж пиво авахаар явсан, тэр үед би унтчихсан байсан. Гэтэл миний унтаж байсан орон дээр хүн суугаад босохоор нь сэрсэн бөгөөд эрэгтэй хүн орон дээрээс босоод гэрийн хаалгаар гараад явж байсныг л харсан. Тэгээд *************, ************* хэзээ ирэх юм бол гээд хүлээгээд сууж байгаад гэнэт миний гар утас байхгүй болсныг анзаараад *************гээс сая хэн орж ирээд гарсан бэ гэхэд ************* буюу ************* байсан гэж надад хэлсэн. Тэгээд би *************гийн гэрээс гараад шууд гэр лүүгээ харьсан. Би *************ыг хоёр эгчтэй найз болохоор зүс танина, түүнээс өөр ямар нэгэн холбоо байхгүй. Би алдсан гар утсаа 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр РС молл дэлгүүрээс сард 83.000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр 2 жилийн хугацаатай лизингээр авч байсан, А54 загварын гар утас байсан. Миний утас өнгөгүй кейстэй, чернилэн ягаан өнгийн, дэлгэц нь хагарч хэмхэрсэн зүйлгүй, 2 сим уншдаг самсунг А54 загварын гар утас байсан. Миний гар утсыг ************* буюу ************* гэх залуу авсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

 

3. “Тэнцвэр эстимтэйт үнэлгээ” ХХК-ны 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 9 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “…Самсунг А54 гар утасны нийт үнэ 650,000 төгрөг…” гэх (хавтаст хэргийн 19-22 дахь тал),

 

4. Шүүгдэгч *************ын: “...2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шөнө 23 цагийн үед би *************гийн гэрт ганцаараа очсон юм. Тухайн үед гэрт нь *************, ************* гэх хүмүүс байсан бөгөөд архи согтууруулах ундаа хэрэглэж байсан. ************* нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн согтон байдалтай хэвтэж байсан бөгөөд гар утсаараа дуу сонсоод байж байсан. Тэгэхээр нь би дөхөж очоод *************д хандаж алив гар утсаа өгч байгаа би дуу сонсъё гэж хэлээд самсунг А54 маркийн гар утсыг нь өөрт мэдэгдэлгүй гэрээс аваад явсан. Уг хулгайлан авсан гар утсаа тухайн шөнө таксинд явж байсан үл таних хүнд бэлэн мөнгөөр зарсан. Тэгээд би уг мөнгөөрөө архи авч уусан юм. Би архи уухын тулд *************гийн гар утсыг хулгайлан нууцаар авах болсон. *************гийн гар утас хар өнгийн гадартай, Самсунг А54 маркийн гар утас байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 92 дахь тал) зэрэг нотлох баримуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүй нууц, далд аргаар, бусдын эд хөрөнгийг авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэснээр төгс үйлдэгддэг.

Хэргийн үйл баримтыг дүгнэвэл, шүүгдэгч ************* нь гэрт иргэн *************, хохирогч ************* нарыг байхад нь орж хамт байх явцдаа хохирогчийн согтууруулсан байгааг далимдуулан түүнд мэдэгдэлгүйгээр түүний эзэмшлийн Самсунг А54 маркийн гар утсыг авч гарч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэснээр тухайн гэмт хэрэг төгссөн байна. 

Шүүгдэгч ************* нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдсэн, тэрээр хохирогчийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй этгээд атлаа хохирогчийн эд зүйлийг авч өөрийн мэдэлд шилжүүлж авсан байдал нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

Иймээс шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

II. Шүүгдэгч ************* нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр *************тоотоос хохирогч *************ын эзэмшлийн тоёота-дувет маркийн *************УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...************* тоотоос иргэн *************ын эзэмшлийн тоёота маркийн автомашиныг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр үл таних хүн төрсөн охинд нь худлаа хэлж авч яван байна” гэх (хавтаст хэргийн 101 дэх тал),

 

2. Хохирогч *************ын: “...Би 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймагт байрлах *************гэх нэртэй уурхай руу явсан. Тэр үед миний өөрийн гэр болох ************* тоотод миний төрсөн охин *************ь болон миний 2 зээ охин нар үлдсэн. Тэгээд би 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэртээ иртэл миний явахдаа хашаанд үлдээсэн байсан *************УНО улсын дугаартай Тоёота Дувет маркийн автомашин байхгүй болчихсон байсан. Яагаад байхгүй талаар охин *************иас асуухад 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өөрийгөө ************* гэж танилцуулсан нэг үл таних залуу ирээд “танай аав машинаа аваад ир гэж намайг явуулсан” гэж хэлээд таны машиныг аваад явсан гэж хэлсэн. Тэгээд би өөрөө машинаа сарын хугацаанд хайгаад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Би ямар нэгэн ************* гэдэг нэртэй хүнийг танихгүй, би хөдөө явсан үедээ автомашинаа хүнд аваад ирээч гэж хэлж яриагүй. Би өөрөө автомашинаа таньдаг мэддэг хүмүүстээ хэрэгтэй үед нь буцаагаад хашаанд байрлуулаарай гэж хэлээд өгчихдөг болохоор манай охин тэр үед юм бодолгүй өгчихсөн байсан. Миний автомашин бор шаргал өнгөтэй ямар нэгэн сэв зураасгүй машин байсан. Би автомашинаа өөрийн төрсөн ахаасаа 2002 онд авч байсан. Би *************УНО улсын дугаартай автомашинаа хашаандаа байрлуулдаг ба байнга онгорхой байдаг бөгөөд машин дотор 1 ширхэг түлхүүр, надад нэг нөөц түлхүүр байдаг байсан. Би өөрийн *************УКО улсын дугаарыг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр бусдад зарсан. Яг хэн гэх хүнд зарснаа мэдэхгүй байна. Би анх Тоёота Дуэт маркийн автомашиныг 2024 оны 04 дүгээр сард ************* гэх хүнээс авч байсан. Сэтгэцэд учирсан хор уршиг тогтоолгохоор дүгнэлт гаргуулахгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 108-109, 176 дахь тал),

 

3. Тэнцвэр эстимтэйт үнэлгээ ХХК-ны 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “…2002 онд үйлдвэрлэгдсэн 2015 онд Монгол улсад орж ирсэн Тоёота Дувет авто машиныг 3,000,000 төгрөг…” гэх (хавтаст хэргийн 116-118 дахь тал),

 

4. Гэрч *************ийн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр *************тоотод хүүхэдтэйгээ байж байхад 15 цагийн үед үл таних хүн ирээд манай хашаанаас юм аваад байх шиг байхаар нь би хойноос нь очиж уулзахад ”... Намайг ************* гэдэг юм, танай аавын чинь найз байгаа юм, энэ машиныг аав чинь аваад явчих гэж хэлсэн” гэхээр нь би ” Аав надад тийм юм хэлээгүй, би цагдаа дуудна шүү” гэхэд уг ************* гэх хүн ааваасаа залгаад асуучих гээд байсан. Тэгээд би гэр лүүгээ ороод аав руугаа залгахад манай аав *************ын гар утас холбогдохгүй байсан ба би буцаад гараад ирэхэд манай аавын машин байхгүй болчихсон, тухайн ************* гэж хүн унаад явчихсан байсан. Би тухайн үедээ аавтай холбогдож чадаагүй учраас цагдаа дуудаагүй бөгөөд манай аав сүүлд ирээд машинаа хайгаад надаас асуухаар нь би болсон үйл явдлын талаар хэлсэн. Тэгтэл манай аав хэлэхдээ “ би ерөөсөө хүнд машинаа өгнө гэж хэлээгүй” гэсэн. Улмаар манай аав цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай аав Тоёота Дувет маркийн *************УКО улсын дугаартай автомашинтай байсан. Би ************* гэх хүнтэй урьд нь уулзаж байгаагүй, надад худлаа хэлж автомашиныг авч явсан. Тэр хүн жижигхэн биетэй, бор царайтай, саравчтай малгай өмсөөд явж байсан. Тухайн хүн ганцаараа явж байсан. Манай аав *************ын *************УКО улсын дугаартай автомашин манай хашааны дотор байсан ба үргэлж онгорхой, түгжээгүй байдаг бөгөөд түлхүүр нь байнга дотроо байдаг. 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр уг хүн манай машиныг онгойлгоод шууд асаачихсан ба “өө ингээд шууд асчихдаг юм байна штээ” гээд байсан бөгөөд би гэрээс гартал тухайн хүн машиныг унаад цаашаа явчихсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 161,179 дэх тал),

 

5. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 181-183 дахь тал),

 

6. Шүүгдэгч *************ын: “...Би 2024 оны Би 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би *************УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг авахдаа би ганцаараа байсан юмаа, өмнөх мэдүүлэг дээрээ би худлаа мэдүүлсэн юм. Яг болсон үнэн гэвэл эхлээд би тухайн машин байсан газар болох *************тоот руу очиход хашаан дотор байшингийн өмнө байрлуулсан байсан. Тэгээд би хашаа руу ороход байшин дотроос эмэгтэй хүүхэд гараад ирсэн. Би тэгэхээр нь уг машиныг авахын тулд тухайн эмэгтэй хүүхдэд худлаа ярьж “Танай аав намайг явуулсан юм, машиныг нь түр авчих гэж хэлсэн” гэсэн бөгөөд уг эмэгтэй хүүхэд ааваасаа асуугаад болъё гээд буцаад байшин луугаа орсон ба тэгэх хойгуур нь би уг машины хаалгыг нь онгойлгоод уг *************УНО улсын дугаартай машиныг унаад явсан. Улмаар Сэлэнгэ аймаг Түнхэл тосгон дээр очсон, би шөнө дунд очсон учраас яг хаана очсоноо санахгүй байна. Тэгээд би тухайн газраа уг машиныг үлдээсэн. Цаашаа уг машин яасан эсэхийг мэдэхгүй байна. Би хамгийн сүүлд Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд *************УНО улсын дугаартай автомашинтай очсон. Би сүүлд очсон газраа зааж өгч чадахгүй санахгүй байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 185, 200 дахь тал) зэрэг нотлох баримуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг хуульчилж өгсөн ба хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг нь хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн  шинжийг агуулдаг байна.

Хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэхэд, хохирогч ************* нь Дорнод аймагт байрлах *************гэх нэртэй уурхайд ажиллахаар явахдаа өөрийн эзэмшлийн *************УНО улсын дугаартай тээврийн хэрэгслээ хашаандаа үлдээгээд явсан болохыг хохирогч *************, гэрч *************ь нар мэдүүлсэн байна.

Улмаар шүүгдэгч ************* нь хохирогчийн эзгүйд хашаанд нь орж тухайн тээврийн хэрэгслийг онгойлгон дотор байсан түлхүүрийг нь ашиглаж асаах үед гэрт байсан хохирогчийн охин *************ь нь гарч ирсэн байх бөгөөд тэрээр гэрчид аав чинь машин аваад ир гэсэн юм хэмээн худал хэлсэн төдийгүй *************ийг ааваасаа уг асуудыг тодруулахаар буюу машин авчруулахаар хүн явуулсан эсэхийг тодруулахаар гэр лүү орох хооронд хохирогч *************ын автомашиныг авч зугтаасан энэ үйлдэл Дээрэмдэх гэмт хэргийн шинжийг хангасан байна. Өөрөөр хэлбэл,

Шүүгдэгч ************* нь шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж үйлдсэнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх ба амар хялбар байдлаар мөнгө олох зорилгоор хохирогчийн бие махбодод халдаж хүч хэрэглэхгүйгээр, хохирогчийн эзэмшлийн ээврийн хэрэгслийг эзний зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч явсан, өөртөө захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлсэн байна.

Иймд шүүхээс шүүгдэгч *************ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, ************* байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Шүүгдэгч *************ын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч *************д 650.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь төлж барагдуулсан зүйлгүй байна. (хавтаст хэргийн 19-22 дахь тал),

Шүүгдэгч *************ын үйлдсэн дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогч *************од 3.000.000 төгрөгийн хохирол учирсан учирсан болох нь “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон бөгөөд мөн шүүгдэгч нь төлж барагдуулсан зүйлгүй байна. (хавтаст хэргийн 116-118 дахь тал),

Иймд шүүгдэгч *************оос нийт 3.650.000 төгрөгийг гаргуулж, хохирогч *************д 650.000 төгрөгийг, хохирогч *************од 3.000.000 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “......Шүүгдэгч *************од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай” дүгнэлтийг,

Шүүгдэгч *************: “... бага ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргасан.

 

Шүүгдэгч *************ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ял шийтгэлийн хувьд зургаан сараас таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ял шийтгэлийн хувьд хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тус тус заасан.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Шүүгдэгч *************ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *************ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийн байдал, хохирол төлж барагдуулаагүй байдал, мөн түүний хувийн байдал /...өмнө нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан атлаа үйлдэлдээ дүгнэлт хийж ухамсарлаагүй дахин гэмт хэрэг үйлдсэн/ зэргийг тус тус харгалзан шүүгдэгч *************од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч ************* нь 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийг хүртэл 14 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялд оруулан нь тооцох нь зүйтэй. (хавтаст хэргийн 245-246 дахь тал)

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************* овогт *************ын *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч *************од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6  (зургаа) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************ын цагдан хоригдсон 14 (арван дөрөв) хоногийг түүний эдлэх ял оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *************оос нийт 3.650.000 (гурван сая, зургаан зуун тавин мянган) төгрөгийг гаргуулж, хохирогч *************д 650.000 төгрөгийг, хохирогч *************од 3.000.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох болох бөгөөд шүүгдэгч *************ын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *************од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ