Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2023/00221

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2023/00221

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: И.Д

Хариуцагч: НШШГГ

Үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх хүсэлт ирүүлсэн, хариуцагчийн төлөөлөгч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И.Д нь хариуцагч НШШГГт холбогдох ... орон сууцыг 134,966,902 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч И.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ... тоот шийдвэрээр зээлийн гэрээний үүрэгт 94,728,311 төгрөгийг гаргуулах, барьцаа үл хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа эд хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж, төлбөр төлөгч нараас барьцаа хөрөнгийн үнийн саналыг авсан. Өмчлөгч болон төлбөр төлөгч нар нь доорх барьцаа үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг гаргаж бичгээр үнийн саналыг хүргүүлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу тус үл хөдлөх эд хөрөнгөд шинжээч томилуулж үнэлгээ хийлгэсэн. Барьцаа үл хөдлөх хөрөнгийг 134,966,902 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлж хөрөнгийг үнэгүйдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл зөвхөн Үнэгүй.мн сайтаас үнийн мэдээлэл авч харьцуулалт хийлгүйгээр үнэлгээ хийсэн, шинжээч нар үнэлгээ тогтоохдоо хуучин байрны ашигт талбайг хэмжсэн улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан 40 мкв талбайтай гэж дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Бодит байдал дээр 95 мкв талбайтай юм. Барьцаа эд хөрөнгийг дахин шинжээч томилж, үнэлгээг дахин гаргуулах бүрэлдэхүүнтэй шинжээч нарыг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлтэй байгаа учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өгсөн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 4-147/38178 дугаартай мэдэгдлийг 2021 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр шуудангаас хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу тус үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байна. Иймд төлбөр төлөгч И.Дгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй ... орон сууцыг 134,966,902 төгрөгөөр үнэлсэн ... ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч НШШГГ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар захирамжаар И.Д, Д.Ө нараас 94,728,311 төгрөгийг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч И.Д, Д.Ө нарт сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа биечлэн өгсөн боловч төлбөрийг төлөөгүй, түүний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан .. тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, хурааж төлбөр төлөгч болон өмчлөгч төлбөр авагч нараас үнийн санал авахад төлбөр төлөгч нараас 165,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг төлбөр авагчид танилцуулахад үнийн саналыг зөвшөөрөхгүй, харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шинжээч томилон үнэлгээ гаргуулахад 125,920,000 төгрөгийн үнэлгээг талуудад мэдэгдсэн байна. Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд үнэлгээг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэл гарган 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн .. дугаар шийдвэрээр дээрх үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн байдаг. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 04/20250483 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгож, дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр дээрх барьцаа 3 өрөө орон сууцыг дахин хурааж талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч И.Д, Д.Ө нараас 250,000,000 төгрөгийн үнийн санал гаргасныг төлбөр авагчид танилцуулахад үнийн саналыг зөвшөөрөөгүй, харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шинжээч томилон үнэлгээ гаргуулахад 134,966,902 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг талуудад мэдэгдсэн байна. Үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Эд хөрөнгө хураах тухай тогтоол,

4. Хариуцагчаас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Дугаар .. шийдвэр, Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Тогтоол хүчингүй болгох тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 8/187 Шинжээч томилох тухай тогтоол, ... ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай газрын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг №20240483, шүүхийн гүйцэтгэх хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаар 2922 шинжээчийн дүгнэлт,

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулах ажиллагааг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь орон сууцыг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн, улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан 40 мкв талбайгаар дүгнэлт гаргасан, бодит байдал дээр 95 мкв талбайтай гэсэн үндэслэлээр шинжээчийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох

Хариуцагч нь талууд үнийн саналд тохиролцоогүй тул шинжээч томилж, дүгнэлтийг хуульд заасан хугацаанд төлбөр төлөгч талд мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан хэмээн шаардах эрх, үгүйсгэх үндэслэлээ тайлбарласан байна.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дугаар ... Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар хариуцагч И.Д, Д.Ө нар нь нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 94,728,311 төгрөг гаргуулж, ... орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг зөвшөөрч, зохигч эвлэрч, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч И.Дгийн нэхэмжлэлээр үүргийн гүйцэтгэл хангах маргаан бүхий орон сууцыг 108,153,800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Дугаар .. шийдвэрээр хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг үндэслэн Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Дугаар 8/100 тогтоолоор шийдвэр гүйцэтгэгчийн Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүйд тооцжээ. /хх-24-26/

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр барьцаа хөрөнгө болох ... орон сууцыг шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэн Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хурааж, нэхэмжлэгч И.Д үнийн санал гаргаж, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шинжээч томилж, шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хүлээх хариуцлагыг тайлбарлан тэмдэглэл үйлджээ. /хх-33-34/

Шинжээчээр ажилласан ... ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар орон сууцны зах зээлийн үнийг 134,966,902 төгрөгөөр тогтоож, орон сууцыг үнэлсэн үнэлгээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 4-147/16637 албан бичгээр мэдэгдлийг төлбөр төлөгч И.Дд хүргүүлж шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн /хх-42-43/ болох нь баримтуудаар тогтоогдож, энэ үйл баримтад талууд маргаагүй байна.

3.2 Хөрөнгийн үнэлгээний ... ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолыг үндэслэн ... орон сууцыг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж зааснаар тодорхойлон гаргасан болох нь Хөрөнгө үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

3.3 Тус үнэлгээний компани нь нэхэмжлэгч И.Дг байлцуулан орон сууцны барилгыг хэмжиж, газар дээр нь хийсэн хэмжилт, үзлэгийн тэмдэглэл үйлдэхдээ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд талбайг 40 мкв гэж тодорхойлсон боловч батлагдсан зураг, хийсэн хэмжилтээр 77 мкв байсан тул үнэлгээний тооцоололд энэ хэмжээг авч зах зээлийн хандлага 134,966,902 төгрөгөөр тогтоосон байна.

Шинжээчийн дүгнэлт нь Стандартчиллын төв байгууллагаас баталсан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэх баримтгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

3.4 Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг баримтлан бичигдэж тайланд үнэлгээний ажлын зорилго, үнэлгээний олон улсын стандартад нийцсэн байдал, арга зүйг мэдээлж, мэдээллийн эх үүсвэр, үнэ цэнийн суурь, зах зээлийн үнэ цэнэ, зах зээлийн хандлага, орлогын хандлага, өртгийн хандлага, ҮОУС105, үл хөдлөх хөрөнгө, үл хөдлөх өмч гэсэн зүйлсийг тодорхойлж тайлбарлан, үнэлж буй хөрөнгийн төлөв байдал, үнэлгээний ажлын товч мэдээлэл, үнэлгээний ажлын зарчмыг баримтлан өртөгийн хандлагын арга болон биет элэгдлийн хувийг тодорхойлж орлого хандлагын арга, зах зээлийн жишиг үнийн аргаар хөрөнгийг үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

4. Иймд хариуцагч НШШГГт холбогдох үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч И.Дгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 102/ШЗ2021/12176 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй.

6. Нэхэмжлэгч нь ... ХХК-ийн үнэлгээчин С.Ос Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг нотлох баримтаар гаргуулах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдав.

7. Нэхэмжлэгч өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх хүсэлт гаргасан тул түүний хүсэлтээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч НШШГГт холбогдох үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэгч И.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 102/ШЗ2021/12176 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

4. Нэхэмжлэгч нь ... ХХК-ийн үнэлгээчин С.О-с Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг нотлох баримтаар гаргуулах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА