Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2023/01311

 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 05 өдөр                       Дугаар 102/ШШ2023/01311                         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүгч Ш.Оюунтуул, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Б... дүүргийн ...-р хороо, З. байрны ...тоотод.. оршин суух, И..овогт Т..ийн М..,

            Хариуцагч: Баянгол дүүргийн ..-р хороо,...-р хороолол, ... байрны ... тоот хаягт оршин суух бүртгэлтэй, одоо Х... дүүргийн ...-р хороо, ... тоотод оршин суух, Б.. овогт Ц...ийн Д.

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 3 762 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.М. хариуцагч Ц.Д., иргэдийн төлөөлөгч Б.О. (цахимаар), гэрч М.Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэгч Т.М. нь Ц.Д.д холбогдуулан хохирол 3 762 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

Миний бие 2022 оны 12 дугаар сарын 24-ний шөнийн 1 цагийн үед үеэл ах М.Н..тэй Home plaza-ийн арын замд зорчиж явсан бөгөөд согтуугаар жолооч барьж явсан Ц.Д...д мөргүүлсэн. Машины хохирлыг бүрэн барагдуулсан ч эрүүл мэндийн хохирлыг барагдуулаагүй. Миний бие 14 хоног ажилдаа яваагүй тул уг хугацааны цалин 980 000 төгрөг нэхэмжилсэн. Сонгдо эмнэлэгт бүтэн биеийн шинжилгээ өгөхөд 2 600 000 төгрөгийн төлбөр гарсан. Мөн таксины төлбөрийг нэмж  нийт 3 762 000 төгрөгийг Ц.Д...гээс нэхэмжилж байна гэв.

2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбартаа: 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр авто осол болсон нь үнэн. Тухайн авто ослын хохирлыг миний бие 100 хувь барагдуулж, төлсөн. Осолтой холбоотойгоор машин дотор зорчиж явсан Т.М... нь биеийн байдлаа эмнэлэгт үзүүлэх хүсэлт гаргасан. Би тухайн үед хүлээн зөвшөөрсөн боловч Т.М.. нь Интермед эсвэл Сонгдо эмнэлэгт заавал үзүүлнэ, улсын эмнэлгээр явахгүй гэсэн шаардлага тавьсан. Т.М..ийн хүссэн эмнэлэгт үзүүлэх боломж байхгүй талаар өөрт нь хэлсэн. Татгалзаж буй 2 шалтгаан байгаа. Нэгдүгээрт, Т.М.. улсын эмнэлэгт үзүүлсэн бол өндөр төлбөр гарахгүй байсан. Хоёрдугаарт, тухайн ослоос Т.М... биеийн байдал бэртсэн талаар нотлох зүйл байхгүй. Эмнэлэгт үзүүлэхээс өмнө цагдаагийн байгууллага дээр надтай уулзахад Т.М..ийн хамар хугарсан байдал ажиглагдаагүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Т.Мичидмаа үнэхээр эмчилгээ хийлгүүлэх шаардлага байсан бол татгалзах зүйлгүй. Гэтэл ямар ч баримт байхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

3.Иргэдийн төлөөлөгч: Нэхэмжлэгч Т.М.. нь бэртэж гэмтсэн талаар дүгнэлтгүй, шүүх эмнэлгийн дүгнэлтгүй тул Ц.Д...ээс төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай санал нийлэхгүй байна гэжээ.

 

4.Нэхэмжлэгчээс: Сонгдо эмнэлэгт үзлэг хийлгэсэн, төлбөр төлсөн баримт /хх 4-8/, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, ослын акт, бүдүүвч зураг зэрэг зөрчлийн баримт /хх 9-22/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

Ц.Д.. нь 2022 оны 12 дугаар сарын 24-ний шөнийн 1 цагийн орчим  Хан-Уул дүүргийн нутаг Home plaza төвийн арын замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Замын хөдөлгөөний дүрмийн 12.7, 3.7а заалтыг зөрчсөн, улмаар М.Н...ийн жолоодож явсан Тоёота приус маркийн .. УАХ дугаартай машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан нь зохигчийн тайлбар, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, ослын акт, бүдүүвч зураг зэрэг зөрчлийн баримтаар тогтоогдсон, хариуцагч нь тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлын нөхөн төлсөн талаар талууд маргаагүй байна.

Харин машинд зорчиж явсан гэх Т.М... эрүүл мэндээрээ хохирсны улмаас 14 хоног ажилдаа яваагүй, ажилгүй байсан хугацааны цалин 980 000 төгрөг, Сонгдо эмнэлэгт бүтэн биеийн шинжилгээ хийлгэж 2 600 000 төгрөг төлсөн, таксины төлбөр нийт 3 762 000 төгрөгийн хохирол учирсан гэж маргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ...Т.М.. нь Интермед, эсвэл Сонгдо эмнэлэгт заавал үзүүлнэ гэсэн, түүний биед хамар хугарсан гэмтэл учирсан баримтгүй, шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Сонгдо эмнэлэгт 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр бүтэн биеийн оношлогоо хийлгэж 2 639 000 төгрөг, эм авч 43 320 төгрөгийн зардал гаргасан боловч оношлогоо хийлгэснээр түүний хамар гэмтсэн гэсэн онош  тогтоогдоогүй байна.

Нөгөө талаас, ослын улмаас түүний биед гэмтэл учирсан талаар шинжээчийн дүгнэлт гаргуулахаар эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй байх ба хариуцагчийн буруугаас эрүүл мэнд, таксигаар үйлчлүүлж эд хөрөнгөд хохирол учирсан нь баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

 

3.Иргэдийн төлөөлөгч нь Т.М... гэмтсэн талаар дүгнэлтгүй, шүүх эмнэлэгийн дүгнэлтгүй тул Ц.Д...ээс төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай санал нийлэхгүй гэсэн дүгнэлт гаргасан нь хэргийн үйл баримт, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар татгалзалтай  нийцсэн гэж дүгнэлээ.

 

4.Нэхэмжлэгч Т.М... шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 142 төгрөг төлсөн, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Д...ээс 3 762 000 /гурван сая долоон зуун жаран хоёр мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн Т.М...ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Т.М...аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 142 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Р.АЛТАНТУЯА

                                               ШҮҮГЧИД                       Ш.ОЮУНТУУЛ

                                                                                      Х.ЭНХЗАЯА