| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/00634/И |
| Дугаар | 102/ШШ2023/01312 |
| Огноо | 2023-04-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2023/01312
2023 оны 04 сарын 05 өдөр Дугаар 102/ШШ2023/01312 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүгч Б.Азбаяр, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ...-р хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, С... овогтой Д...ийн Х...
Хариуцагч: Баянгол дүүргийн ...-р хороо, ... дүгээр байранд байрлах, Ө..
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хор учруулсны хохирол 2 800 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Х., хариуцагчийн төлөөлөгч Д.Р., гэрч Д.Б. иргэдийн төлөөлөгч С.Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Э. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Х. нь Ө...д холбогдуулан хохирол 2 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.
2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрээс чинь утаа гараад байна гэсэн дуудлага авч гэртээ ирэхэд манай гэр зүгээр байсан. Хөрш залуугийн хамт доод давхрын айл болох Д.Б...ийн гэр лүү ороход Д.Б... согтуу, юу болж байгааг мэдэхгүй унтаж байсан. Цахилгааныг нь тасалж 102 дуудсан. Ажлын хөлс гэж 650 000 төгрөгийн гэрээ байгуулсан. Утаа гарснаас манай гэр хөө тортог болж учирсан хохиролд нийт 2 800 000 төгрөгийг Ө...оос гаргуулахаар нэхэмжилсэн гэв.
2.Хариуцагчийн төлөөлөгч Д.Р... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн үеийн процессыг мэдэхгүй учраас 1 тоот айлын эзэн н.Э...той уулзаж асуухад “ ...Д.Б...х руу ороход хаалга, цонх нь онгорхой байсан бөгөөд юу болсон талаар асуухад Д.Б... плитк дээр хоол тавьчхаад дэлгүүрээс гоймон аваад ирэх хооронд ийм зүйл болсон байна” гэсэн. Манай хөрш цагдаа дуудсаныхаа дараа эргэж холбогдоод энэ айл учраа олчихлоо, ирэх хэрэггүй гэж хэлсэн талаар тайлбарласан. 2 давхрын н.М.. гэх айлыг утаа болсон эсэх талаар асуухад “манайх зүгээр байгаа” гэсэн. Тиймээс үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна гэв.
3.Иргэдийн төлөөлөгч: Нэхэмжлэгч нь Д.Б... хандаж нэхэмжлэлээ гаргах ёстой. Нэхэмжлэлийн шаардлагыг Ө... төлөх ёсгүй гэж үзэж байна. Энэ асуудалд ямар ч нэхэмжилсэн мөнгийг өгөх, авах шаардлагагүй гэжээ.
4.Нэхэмжлэгчээс: Соёлч өрхийн гэрчилгээ /хх 5/, зураг /хх 6-8, 23-24/, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ /хх 22/, зарлагын баримт /хх 17-19/, барилгын ажил гүйцэтгэх гэрээ /хх 20-21/,
Хариуцагчаас: фото зураг /хх 40-42/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:
Нэхэмжлэгч Д.Х... нь 2022 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 6-р хороо, 15 дугаар байрны подваль түрээслэгч Д.Б... нь хоол хийж байгаад тогоогоо шатаасан, улмаар 2 тоот сууц өмчлөгч Д.Х...ийн гэрт утаа тортог болж хохирол учирсан талаар маргаж Ө...оноос 2 800 000 төгрөг гаргуулахаар шаардсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ...гэртээ оруулдаггүй, гал алдсан бол даатгалд хандах, үнэлгээ хийлгэх ёстой, тийм зүйл болоогүй гэж тайлбарлажээ.
Орон сууцны байшингийн доод хонгил буюу подваль нь дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах бөгөөд Ө... нь гэрээний үндсэн дээр Д.Б...т түрээслүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.
Гэрч Д.Б... нь “тухайн өдөр хоол хийж байгаад дэлгүүр гарсан, энэ хооронд тогоо шатсан, плиткээ унтраагаад хаалгаа онгойлгож байхад 1 тоотын хүн орж ирсэн, юу болсон талаар асуусан, уучлаарай гэхэд гараад явсан, гал команд, цагдаа дуудсан зүйлгүй, дээд айлд хохирол учраагүй, манайх утаа тортог болоогүй... талаар мэдүүлсэн байх ба ийм үйл баримт болсон талаар талууд маргаагүй байна.
Гагцхүү Д.Х...ийн өмчлөлийн 2 тоот сууцанд утаа тортог болсноос хохирол учирсан, улмаар засвар хийж зардал гарсан эсэх талаар маргажээ.
Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан хэргийн 6-7, 23-24 дэх талд авагдсан зурагт утаа тортог болсны улмаас ямар эд зүйлийг ашиглах боломжгүй, солих, засвар хийх шаардлагатай болсон нь тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, хохирол учирсан үйл баримтыг нотлоогүй байна.
Нөгөө талаас, хэргийн 17-19 дэх талд авагдсан зарлагын баримтаар 2 өрөө өргөтгөлтэй орон сууцыг засварлахад гаргасан зардал, иргэн Х.Ч...той байгуулсан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр обой, гоёлын тааз хусаж замаск эмульс хийх, гарниз зэрэг дотор заслын ажлыг гүйцэтгэхээр тохирч 650 000 төгрөг хөлс төлөхөөр тохирсон нь утаа тортог болсны улмаас учирсан гэм хорыг арилгахтай шалтгаант холбоогүй гэж дүгнэлээ.
3.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ нэхэмжлэлийн шаардлагыг Ө... төлөх ёсгүй, нэхэмжилсэн мөнгийг өгөх шаардлагагүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэсэн нь хэргийн үйл баримт, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар татгалзалтай нийцсэн гэж дүгнэлээ.
4.Нэхэмжлэгч Д.Х... шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 750 төгрөг төлсөн, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ө...оос 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн Д.Х...гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Д.Х...аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Х.ЭНХЗАЯА