| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2022/05400/И |
| Дугаар | 102/ШШ2023/00390 |
| Огноо | 2023-01-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2023/00390
| 2023 оны 01 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2023/00390 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Пума-12/5-0 тоотод байрлах Тнэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 24 дүгээр байр, 41 тоотод оршин суух, Хар бүргэд овогт З/РД: Ф/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 396,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ур
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ба
Нарийн бичгийн дарга Б.Билгүүн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Тнь хариуцагч Зхолбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 396,600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: З нь 2020 оны 12 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл өөрийн амьдарч байгаа орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ус, дулаан, цахилгаан, лифт, цэвэрлэгээ, бусад зардалд 396,600 төгрөгийг төлөх үүргээ биелүүлэхгүй. Иймд хариуцагч Згаас 396,600 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч хариу тайлбартаа: Тнь дундын өмч болох дээврийн засварын ажил хийгээгүйгээс 2011 оноос хойш дээврээс ус гоожиж эхэлсэн. Хариуцагч З 2017 он хүртэл өөрсдийн хөрөнгөөр засварын ажил хийсэн. Тнь дээврийн засварын ажлыг хийж, оршин суугчийг хэвийн амьдрах боломжоор хангасан нөхцөлд дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардлыг төлөхөд татгалзах зүйлгүй. Дээврийн усны улмаас орон сууцны байрны обой, хана, тааз, цахилгааны гэмтэл үүсэж хохирол учирсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Т СӨХ-ийн удирдах зөвлөлийн 2009 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 3 дугаартай тэмдэглэл, тогтоол, М.Хиргэний үнэмлэхийн хуулбар, орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардлын нэхэмжлэх, Т СӨХ-ийн 24 дүгээр байранд хийгдсэн засварын ажлын жагсаалт, фото зураг, Згаас Т СӨХ-нд 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан хүсэлт, Т СӨХ-ийн бүх гишүүдийн хурлын 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоол, тэмдэглэл зэрэг баримтуудыг, хариуцагчаас фото зураг, цахилгааны инженер Э.Батбаяр, П.Ар нарын тайлбар гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч З нь өөрийн өмчлөлийн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардлыг төлөх үүрэгтэй бөгөөд 2020 оны 12 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны төлбөрийг төлөөгүй гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ дээврийн ус гоожиж байрны обой, хана, тааз, цахилгааны гэмтэл үүсэж хохирол учирсан тул засварын ажил хийсний дараа төлбөрийг төлөх боломжтой гэж маргасан байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. “Т” Сууц өмчлөгчдийн холбоо нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т зааснаар сууц өмчлөгчдийн хурлаар байгуулагдаж, 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 228 тоот гэрчилгээ авч, М.Хүрэлчулууныг сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар томилсон байх тул нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
5. Хариуцагч талаас Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 24-41 тоот орон сууцны өмчлөгч этгээдийн талаар болон тус орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой төлбөрийн хэмжээ, түүнийг төлөөгүй зэрэг үйл баримтын талаар маргаагүй.
6. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө.
7. Иймд хариуцагч Згаас 2020 оны 12 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 396,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
8. Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны буруугаас сууц өмчлөгчид хохирол учруулсан бол сууц өмчлөгч энэ талаар тусдаа шаардлага гаргах боломжтой бөгөөд энэ нь сууц өмчлөгчийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
9. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор хуваарилна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Згаас дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 396,600 төгрөг /гурван зуун ерэн зургаан мянга зургаан зуун/ гаргуулан нэхэмжлэгч “Т” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Т” Сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,548 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Згаас улсын тэмдэгтийн хураамжид 12,548 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ