Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 65

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Ганхөлөг,

            Шүүгдэгч: Ш.Үүрцайх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газраас 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монголмууд овогт Шомбуузын Үүрцайхт холбогдох 201720000151 дүгээртэй эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 24-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн Увс аймгийн Наранбулаг сумын 3-р баг Хужирт гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, РД:ОЗ83031817, Монголмууд овгийн Шомбуузын Үүрцайх.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ш.Үүрцайх нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт баг “Тоочиг” гэх газарт хохирогч Н.Амгуулантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж бие махбодид нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

            1. Хохирогч Н.Амгуулангийн  мөрдөн байцаалтад өгсөн: “Би Үүрцайхыг нэг нутгийн хүн гэдгээр нь сайн таньдаг байсан. Үүрцайх бид хоёрын дунд ямар нэгэн садан төрлийн холбоо, өр авлага, өш хонзон байхгүй. Манай гэр Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн нутаг Улаан чулуу гэх нэртэй газарт байдаг. Би гэртээ өөрийн төрсөн ээж Бичээгийн хамт амьдардаг. Би 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр би мал хариулж яваад 12:00-13:00 цагийн орчимд Наранбулаг сумын Хужирт багийн нутаг Тоочиг гэх нэртэй газарт байдаг Хоогоо гэдэг хүний гуанз дээр очсон. Тухайн үед би өөрийнхөө улсын дугааргүй, Мустанг - 5 маркийн мотоцикльтойгоо ганцаараа явж байсан. Намайг Тоочигийн гуанз дээр очиход тэнд манай сумын Үүрцайх, Ганаа, Баяраа, Ногооёоо, Хадаа нар нь 1,2 литрийн пиво 2 ширхэгийг, 0,5 литрийн Улаанбаатар нэртэй архи 1 шилийг хувааж уугаад сууж байсан. Тэгээд би тэд нартай хамт суугаад тухайн архи, пивоноос уусан. Тэнд байсан хүмүүсээс Ганаа огт архи, пиво уугаагүй. Баяраа, Ногооёоо, Хадаа, Үүрцайх бид нар тухайн архи, пивыг тэнцүүхэн хувааж уусан. Би тэр архи, пивоноос яг ямар хэмжээтэй уусан болхоо тодорхой хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан бусад хүмүүстэй адилхан, тэнцүүхэн хувааж уусан. Бид нарын ууж байсан архи, пиво дууссаны дараа Баяраа, Ногооёоо, Хадаа, Үүрцайх, Ганаа бид нар Баяраагийн машинд суугаад Наранбулаг сумын Хужирт багийн нутаг Бөөрөг гэх нэртэй газарт байх Мардаа гэдэг айлд очиход гэр нь эзэнгүй, хүн байхгүй байсан учраас буцаад Тоочиг гэх газарт байх Хоогоогийн гуанз дээр ирсэн. Бид нар Хоогоогийн гуанз дээр буцаж ирсний дараа Ногооёоо дахин 1,2 литрийн 2 ширхэг пиво худалдаж авсан. Ногооёоогийн авсан пивыг Баяраа, Ногооёоо, Хадаа, Үүрцайх бид нар хувааж уусан. Ганаа мөн л тухайн пивоноос уугаагүй бөгөөд 2 дахь пивыг хувааж ууж байхад би дахин 1 пиво авахаар гуанзруу явсан. Би гуанзны төмөр хаалгыг гараараа татаж онгойлгох гэж байгаад хаалганы төмрөнд зүүн гарын дунд хуруугаа зүссэн. Тухайн үед миний зүүн гарын дунд хуруунаас цус гарсан бөгөөд би гуанзруу ороход Хоогоогийн эхнэр Эрээнбор надтай зөрөөд гуанзнаас гарсан. Би хурууныхаа цусыг тогтоочихоод буцаад гадаа гартал Үүрцайх надруу хүрч ирээд “Чи гараа яачихсан юм, зүгээр хамт явж байгаад яагаад бид нарыг зодсон гэж энэ хүмүүст хэлж байгаа юм” гэж надруу уурлахаар нь би Үүрцайхд “Би та нарыг зодсон гэж хэлээгүй ш дээ” гэж хэлсэн. Тэгтэл Үүрцайх “Хоогоогийн эхнэр бид нарт тэгж хэллээ. Чи яах гээд байгаа юм” гэж хэлээд миний хувцасны энгэрээс барьж авсан. Би ч мөн Үүрцайхын хувцасны энгэрээс барьж авсан бөгөөд бид 2 хоорондоо ноцолдож байгаад газарт зэрэгцэж унасан. Гэтэл Үүрцайх надаас түрүүлж боссон бөгөөд би босох гээд өндийж байтал Үүрцайх зүүн хөлөөрөө миний баруун талын эрүүний хэсэгрүү 1 удаа өшиглөсөн. Тэгтэл Хоогоо, Ганаа нар Үүрцайхыг хойш нь татаж надаас холдуулсан. Тэрнээс хойш Үүрцайх бид хоёрын дунд ямар нэгэн маргаан, зодоон болоогүй. 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр би Үүрцайхаас өөр хүнтэй маргаж, зодолдоогүй бөгөөд Үүрцайх миний баруун талын эрүүний хэсэгрүү зүүн хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Өөр цохиж, зодсон зүйл байхгүй. Энэ хэргийн улмаас надад хэдэн төгрөгний хохирол учирсан болохыг одоо би тодорхой хэлж мэдэхгүй байна. Миний эрүү хугарсан. Би удахгүй Улаанбаатар хотруу явж эмчилгээ хийлгэнэ. Эмчилгээ хийлгэхэд надаас хэдэн төгрөгийн зардал гарахыг би хэлж мэдэхгүй. Тийм болохоор Үүрцайхаас хэдэн төгрөг нэхэмжлэхээ одоо хэлэх боломжгүй. Одоогоор Үүрцайх нь надад ямар нэгэн хохирол, төлбөр төлж барагдуулаагүй байгаа                                                                                                             ” гэх  мэдүүлэг /хх-ийн 9-10-р тал/,

           2. Гэрч Ш.Сэргэлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Миний нөхөр Үүрцайх бид 2 гэр бүл болоод 14 жил болж байгаа бөгөөд одоо Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багт мал маллаж амьдарч байна. Манайх 4 хүүхэдтэй бөгөөд миний том хүү Наранцацралт нь 13 настай ба хөдөө мал маллаж байгаа. Дараагийн хүү Мандахнаран 10 настай бөгөөд Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 5 дугаар ангид сурдаг. Дараагийн охин Нарансолонго нь 5 настай, бага хүү Наранбаатар нь 3 настай. Миний охин Нарансолонго, хүү Наранбаатар нар нь сургуульд ороогүй учраас одоо гэртээ байгаа. Миний нөхөр Үүрцайх нь аав, ээжээс 8-уулаа бөгөөд айлын том хүүхэд юм. Үүрцайхын дүү Үүрийнчимэг, Үүрийнгэгээ нар нь Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа ба Үүрцайхын дүү Үүрийнцолмон, Мандахнаран, Саранмандах, Одонмандах, Одончимэг нар нь Увс аймгийн Наранбулаг суманд ажиллаж, амьдарч байгаа. Мөн Үүрцайхын аав Шомбууз, ээж Батсүх нар нь одоо Наранбулаг сумын Хужирт багт мал маллаж амьдардаг. Миний нөхөр Үүрцайх нь зан аашийн хувьд бусадтай нийтэч, үг дуу цөөтэй, хүнд тусархаг, гэр бүлдээ анхаарал, халамж сайн тавьдаг, ах дүү, хамаатан садан, найз нөхөддөө байнга тус дэм болж явдаг, тусархаг зантай юм. Үүрцайх нь хааяа бага зэрэг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, тамхи татдаг бөгөөд архи уусан үедээ агсам согтуу тавиад, хүнтэй маргаж муудалцаад байдаггүй. Үүрцайх мал маллах, хурдан морь уях сонирхолтой. Үүрцайхад өөр янз бүрийн муу зуршил байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,

3. Гэрч С.Ариунаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Наранбулаг сумын харъяат Үүрцайх, Амгуулан нарыг танихгүй. Үүрцайх, Амгуулан бид нарын дунд ямар нэгэн хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. Бас бид нарын дунд өр авлага, өш хонзон байхгүй. Би Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвд дотрын их эмч ажилтай. Энэ ажлыг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хийж байна. Би 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багт дуудлагатай явж байтал Наранбулаг сумын эрүүл мэндийн төвийн сувилагч Отгонтуяа надруу утсаар залгаж “Наранбулаг сумын Хужирт багийн нутаг Улаан чулуу гэх нэртэй газарт байдаг Амгуулан гэдэг айлаас дуудлага ирлээ. Та тэр дуудлаганд очих хэрэгтэй байна” гэж хэлсэн. Би Отгонтуяагаас ирсэн дуудлагын дагуу Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн нутаг Улаан чулуу гэх газарт иргэн Амгуулангийн гэрт очиход Амгуулан нь бусдад зодуулсан байдалтай хэвтэж байсан. Би иргэн Амгуулангаас юу болсон талаар асуухад тэр надад “Би 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Наранбулаг сумын Хужирт багийн нутаг Тоочиг гэх нэртэй газарт явж байгаад Хоогоо гэдэг айлын гадна хүнд зодуулсан. Үүрцайх гэдэг залуу намайг цохиж, зодсон” гэж хэлсэн. Тэгээд би Амгуулангийн биеийг үзэхэд биеийн байдал хүндэвтэр, ухаан санаа орж, гарсан, зовиур ихтэй, артерын даралт их, зүрхний цохилтын тоо олширсон, амьсгалын тоо олширсон байдалтай байсан. Иргэн Амгуулангийн баруун талын эрүүний хэсэг нь хаван, хавдар ихтэй, духны хэсэгт бага зэрэг шалбарсан шархтай, амаа гүйцэт ангайж чадахгүй, баруун нүдний цагаан цөцгийн бага зэргийн цус хуралттай, баруун талын шанаа, эрүү, хүзүүний хэсэг нь эмзэглэл ихтэй байсан. Амгуулангийн биед өөр ил харагдах шарх, сорви анзаарагдаагүй. Би Амгуулангийн биеийг үзээд тархины хаван хөөх, артерын даралт бууруулах, өвчин намдаах, зүрхний цохилтын тоо бууруулах, цус тогтоох зэрэг эмчилгээ хийгээд Наранбулаг сумын эрүүл мэндийн төвд автомшинаар тээвэрлэж хүргэсэн. Түүнээс хойш Амгуулан Наранбулаг сумын эрүүл мэндийн төвд 1 хоног хэвтэж, эмчилгээ хийлгээд 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/,

           4. Гэрч Р.Банзрагчдэмбэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн нутаг Тоочиг гэх газарт хувиараа гуанз ажиллуулдаг бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байж байтал Наранбулаг сумын харъяат Хадаа гэх залуу манайд ирсэн. Хадааг ирээд удаагүй байтал мөн Наранбулаг сумын харъяат Үүрцайх, Баяраа, Ногооёо, Ганхөлөг нар Баяраагийн машинтай ирсэн. Тэгээд Үүрцайх надтай уулзаад “Танайд архи, пиво байвал мөнгөөр нь өгөөч” гээд гуйгаад байхаар нь би авдартаа байсан 0.5 литрийн Улаанбаатар нэртэй архи 1 шил, 1.5 литрийн пиво 2 ширхэгийг гаргаж өгсөн. Тэд нарыг манайхаас архи, пиво аваад байж байтал мөн манай сумын харьяат Амгуулан гэх залуу ирсэн. Тэгээд Үүрцайх, Баяраа, Ногооёо, Ганхөлөг, Хадаа, Амгуулан нар манай гэрээс 500 метр орчим зайд очоод манайхаас авсан архи, пивоо хувааж уусан. Намайг нэг удаа гэрт орчихоод гараад ирэхэд тэд нар хаашаа ч юм алга болчихсон байсан.  Тэгээд тэр өдрийн орой 18:00-19:00 цагийн орчимд Баяраа, Ногооёо, Ганхөлөг, Хадаа, Амгуулан нар манай гэрийн гадаа дахин ирээд Ногооёо надаас дахин 1.5 литрийн пиво 2 ширхэгийг аваад явсан. Тэд нар манай гэрийн ойролцоо авсан пивоо хувааж ууж байсан бөгөөд намайг гуанз дотроо сууж байтал гуанзанд Амгуулан ганцаараа орж ирсэн. Тэр үед Амгуулангийн гараас нь цус шүүрч байхаар нь манай эхнэр Эрээнбор харчихаад гуанзнаас гарсан. Би Эрээнборын араас гарахад Эрээнбор нөгөө хүмүүсийн хажууд очоод ууж байсан пивыг нь асгасан. Би Амгуулангийн хамт гуанзны гадна зогсож байтал Үүрцайх ирээд “Чи бид нарыг зүгээр байхад яагаад зодсон гэж хэлсэн юм” гэж хэлээд Амгуулангийн хувцасны энгэрээс барьж авсан. Амгуулан ч мөн Үүрцайхын хувцасны энгэрээс барьж аваад тэр хоёр хоорондоо ноцолдож байгаад газарт унасан. Тэгээд Үүрцайх түрүүлж босч ирээд Амгууланг босох гээд өндийг үед Үүрцайх зүүн хөлөөрөө Амгуулангийн эрүүний баруун талын хэсэгрүү 1 удаа өшиглөсөн. Би тэр дороо Үүрцайхыг салгаж авсан. Түүнээс хойш ямар нэгэн зодоон болоогүй. Тухайн үед Үүрцайх, Амгуулан нар нь архи уусан байсан боловч ухаанаа алдатлаа согтоогүй байсан. Амгуулан нь Үүрцайхыг зодож, цохисн зүйл байхгүй. Манайх архи, пиво зарах зөвшөөрөл байхгүй бөгөөд тухайн үед тэд нарыг гуйгаад байхаар нь өөрийнхөө хэрэглэх гэж байсан архи, пивоноос тэд нарт өгсөн юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,

            5. Гэрч Б.Эрээнборын мөрдөн байцаалтад өгсөн “Манайх Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн нутаг Тоочиг гэх газарт хувиараа гуанз ажиллуулдаг юм. Би 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Наранбулаг сумын Хужирт багийн нутаг Чацаргана гэх газарт байх өөрийн дүү Чойжилсүрэнгийн гэрт ямаа самнаж байгаад орой 17:00 цагийн орчимд гэртээ ирсэн. Намайг гэрт ирээд удаагүй байтал Наранбулаг сумын харьяат Үүрцайх, Баяраа, Амгуулан, Ганхөлөг, Хадаа, Ногооёо нар Баяраагийн машинтай манайд ирсэн. Дээрх хүмүүс манайд ирэхдээ архи уучихсан байсан бөгөөд Ногооёо манай нөхөр Банзрагчдэмбэрэлтэй уулзаж гэрт байсан 1.5 литрийн пиво 2 ширхэгийг аваад гарсан. Тэд нар манай гуанзны ойролцоо авсан пивоо хувааж уусан. Тэгээд намайг гуанз дотроо сууж байтал Амгуулан гэх залуу орж ирэхэд түүний гараас цус шүүрч байсан. Би тэрийг харчихаад тэр нарыг архи ууж байгаад хоорондоо зодолдсон юм байна гэж бодсон. Тэгээд би Амгуулантай зөрж гараад Үүрцайх, Баяраа, Ганхөлөг, Хадаа, Ногооёо нарын хажууд очоод “Та нар яагаад нэгийгээ зодож байдаг юм. Амгуулан чинь цус гоожуулчихсан явж байна” гэж хэлээд ууж байсан савтай пивыг нь асгасан. Тэр үед тэд нар сууж байсан газраасаа босохоор нь би буцаад гэрлүүгээ орсон. Бм Амгуулан, Үүрцайх нарыг муудалцаж, зодолдож байхыг нүдээр хараагүй. Харин сүүлд нь манай нөхөр надад “Амгуулан, Үүрцайх нар хоорондоо маргалдаж зодолдсон. Үүрцайх нь Амгуулангийн эрүүрүү өшиглөсөн” гэж хэлсэн. Тухайн үед Амгуулан, Үүрцайх нар нь архи уусан байсан боловч ухаанаа алдтал согтоогүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,

           6. Гэрч Б.Цоггэрэлийн /Ногооёо/ мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр би Наранбулаг сумын Хужирт багийн нутаг Шар гэсэн гэх нэртэй газарт явж байтал манай сумын харьяат Баяраа, Ганхөлөг, Үүрцайх нар Баяраагийн машинтай ирэхээр нь би машинд суугаад тэд нартай хамт Наранбулаг сумын Хужирт багийн нутаг Тоочиг гэх газарт байх Хоогоогийн гуанз дээр очсон. Биднийг тэнд очиход Хадаа ирчихсэн байсан. Тэгээд Хадаа, Баяраа, Үүрцайх нар Хоогоогийн гуанзнаас 1.5 литрийн 2 ширхэг пиво, 0.5 литрийн Улаанбаатар нэртэй архи 1 шилийг авсан. Бид нар уг архи, пивийг уугаад сууж байтал Амгуулан ирж бид нартай хамт уусан. Тэнд байсан хүмүүсээс Ганхөлөг ганцаараа архи, пиво уугаагүй. Хадаа, Баяраа, Үүрцайх, Амгуулан бид нар уг архи, пивийг хувааж ууж дуусгаад Наранбулаг сумын Улаан үзүүр багийн нутаг Бөөрөг гэх газарт байх Мардаа гэх айлд очиход гэр нь эзэнгүй байсан. Тэгээд бид нар буцаад Хоогоогийн гуанз дээр очиж би Хоогоотой уулзаж 1.5 литрийн 2 ширхэг пиво авсан. Тэгээд бид Хоогоогийн гуанзны ойролцоо суугаад эхний пивоо ууж дуусаад 2 дахь пивоо задалж байтал Амгуулан дахиад пиво авна гээд гуанзруу явсан. Удалгүй байж байтал Эрээнбор хүрч ирээд “Та нар хүн зодлоо. Яагаад нэгнийгээ зодож байгаа юм” гэж хэлээд бид нарын ууж байсан пивыг асгасан. Тэгэхээр нь бид нар тэр газраасаа босоод гуанзруу очиход Амгуулангийн зүүн гар нь цус болсон байдалтай байсан. Гэтэл Үүрцайх “Чи бид нарыг зүгээр байхад яагаад зодсон гэж хэлж байгаа юм” гэж хэлэхэд Амгуулан “Би тийм зүйл хэлээгүй” гэж хэлсэн. Тэгээд Амгуулан, Үүрцайх нар хоорондоо барьцалдаж, ноцолдож байгаад газарт унасан бөгөөд Үүрцайх түрүүлж босч ирээд Амгууланг өндийх үед Амгуулангийн эрүүний баруун талын хэсэгт хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэр үед бид нар тэр хоёрыг салгасан бөгөөд түүнээс хойш зодоон болоогүй. Үүрцайх, Амгуулан нар архи, пиво уусан байсан боловч ухаанаа алдатлаа согтоогүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/,

           7. Гэрч Б.Ганхөлөгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Амгуулан, Үүрцайх нарыг нэг сумын хүмүүс гэдгээр нь сайн танина. Амгуулан, Үүрцайх бид нарын дунд ямар нэгэн хамаатан садан, найз нөхдийн холбоо, өр авлага, өш хонзон байхгүй. 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр би Баяраа ахтай хамт Наранбулаг сумын төвөөс гараад Наранбулаг сумын Хужирт багийн нутаг Тоочиг гэх газарлуу явсан. Тухайн үед Баяраа ах бид хоёр Баяраа ахын эзэмшлийн машинтай /улсын дугаар, маркийг нь мэдэхгүй/ явсан бөгөөд эхлээд Үүрцайхын гэрт очсон. Тэгээд Үүрцайхыг аваад гурвуулаа хамт явж байтал Наранбулаг сумын харъяат Ногооёо гэдэг хүн таарсан. Ногооёо, Үүрцайх, Баяраа бид дөрөв Наранбулаг сумын Хужирт багийн нутаг Тоочиг гэх нэртэй газарт байдаг Хоогоогийн гуанз дээр очиход тэнд Хадаа ирчихсэн байсан. Хадаа, Баяраа, Үүрцайх нар мөнгөө нийлүүлж байгаад Хоогоогийн гуанзнаас 0,5 литрийн Улаанбаатар нэртэй архи 1 шилийг, 1,5 литрийн Балтика нэртэй пиво 2 ширхэгийг авсан. Хадаа, Баяраа, Үүрцайх, Ногооёо нар нь авсан архи, пивоо задлаад ууж байтал Наранбулаг сумын харъяат Амгуулан гэх залуу ирж Хадаа, Баяраа, Үүрцайх, Ногооёо нартай хамт архи, пиво уусан. Тухайн архи, пивоноос нь би огт уугаагүй. Архи, пиво дууссаны дараа Амгуулан, Хадаа, Баяраа, Үүрцайх, Ногооёо бид нар Наранбулаг сумын Хужирт багийн нутаг Шар гэсэн гэх нэртэй газарт байх Мардаа гэдэг айлд очиход гэр нь эзэнгүй, цоожтой байсан тул бид нар буцаад Хоогоогийн гуанз дээр ирсэн. Ногооёо дахин 1,5 литрийн пиво 2 ширхэгийг авсан бөгөөд тэр 2 пивыг Амгуулан, Хадаа, Баяраа, Үүрцайх, Ногооёо нар хувааж уусан. Эхний пиво дууссаны дараа Амгуулан “Дахин пиво авна” гээд гуанзруу явсан. Удалгүй Эрээнбор эгч бид нарын хажууд ирээд “Та нар яагаад зүгээр байсан хүнийг зодож байгаа юм. Тэр хүний чинь гарнаас нь цус гарчихсан байна” гэж уурлаад Хадаа, Баяраа, Үүрцайх, Ногооёо нарын ууж байсан пивыг асгасан. Тэгэхээр нь бид нар босоод гуанзруу очиж байтал Амгуулан урдаас гарч ирсэн. Тэр үед Амгуулангийн зүүн гарнаас цус гарч байсан бөгөөд Үүрцайх “Чи бид нарыг зүгээр байхад яагаад зодлоо гэж хэлж байгаа юм” гээд Амгуулангийн хувцасны энгэрээс барьж авсан. Амгуулан ч мөн Үүрцайхын хувцасны энгэрээс барьж аваад хоорондоо ноцолдож байгаад газарт унасан. Тэгээд Үүрцайх түрүүлж босч ирээд Амгууланг босох үед нь зүүн талын хөлөөрөө Амгуулангийн эрүүний баруун талын хэсэгрүү 1 удаа өшиглөсөн. Тэр үед Хоогоо ах тэр 2 наанаас нь очоод Үүрцайхыг татаж холдуулсан. Тэрнээс хойш ямар нэгэн маргаан, зодоон болоогүй. Үүрцайх, Амгуулан нар нь архи, пиво уусан байсан боловч ухаанаа алдтал согтоогүй байсан. Амгуулан нь Үүрцайхыг цохиж, зодсон зүйл байхгүй. Амгууланг гараа юунд авсныг нь би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,

8. Гэрч М.Батбаатарын /Хадаа/ мөрдөн байцаалтад өгсөн: “Би Амгуулан, Үүрцайх нарыг нэг сумын хүмүүс гэдгээр нь сайн танина. Амгуулан, Үүрцайх бид нарын дунд ямар нэгэн хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. Би 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн нутаг Тоочиг гэх нэртэй газарт Хоогоогийн гуанз дээр байж байтал Баяраа, Үүрцайх, Ганхөлөг, Ногооёо нар Баяраагийн машинтай ирсэн. Баяраа, Үүрцайх бид нар мөнгөө нийлүүлж байгаад Хоогоогийн гуанзнаас 0,5 литрийн Улаанбаатар нэртэй архи 1 шилийг, 1,5 литрийн Балтика нэртэй пиво 2 ширхэгийг авсан. Бид нар авсан архи, пивоо задлаад ууж байтал Наранбулаг сумын харъяат Амгуулан гэх залуу ирсэн. Амгуулан нь бид нартай хамт архи, пиво уусан. Архи, пиво дууссаны дараа Амгуулан, Ганхөлөг, Баяраа, Үүрцайх, Ногооёо бид нар Наранбулаг сумын Хужирт багийн нутагт Мардаа гэдэг айлд очиход гэр нь эзэнгүй, цоожтой байсан тул бид нар буцаад Тоочиг гэх нэртэй газарт Хоогоогийн гуанз дээр ирсэн. Ногооёо дахин 1,5 литрийн Балтика нэртэй пиво 2 ширхэгийг авсан бөгөөд тэр 2 пивыг Амгуулан, Баяраа, Үүрцайх, Ногооёо бид нар хувааж уусан. Эхний пиво дууссаны дараа Амгуулан дахин пиво авна гээд Хоогоогийн гуанзруу явсан. Удалгүй Хоогоогийн эхнэр Эрээнбор хүрч ирээд “Та нар яагаад зүгээр байсан хүнийг зодож байгаа. Тэр хүний чинь гарнаас нь цус гарчихсан байна” гэж уурлаад бид нарын ууж байсан пивыг асгасан. Бид нар босоод гуанзруу очиж байтал Амгуулан урдаас гарч ирсэн. Тэр үед Амгуулангийн зүүн гарнаас цус гарч байсан бөгөөд Үүрцайх “Чи бид нарыг зүгээр байхад яагаад зодлоо гэж хэлж байгаа юм” гээд Амгуулангийн хувцасны энгэрээс барьж авсан. Амгуулан ч мөн Үүрцайхын хувцасны энгэрээс барьж аваад хоорондоо ноцолдож байгаад газарт унасан. Үүрцайх түрүүлж босч ирээд Амгууланг босох үед зүүн талын хөлөөрөө Амгуулангийн эрүүний баруун талын хэсэгрүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд Хоогоо ах бид 2 наанаас нь очоод Үүрцайхыг татаж холдуулсан. Тэрнээс хойш ямар нэгэн маргаан, зодоон болоогүй. Үүрцайх, Амгуулан нар нь архи, пиво уусан байсан боловч ухаанаа алдтал согтоогүй байсан. Амгуулан нь Үүрцайхыг цохиж, зодсон зүйл байхгүй. Амгууланг гараа юунд авсныг би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,

9. Гэрч Ц.Баяраагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Наранбулаг сумын харъяат Үүрцайх, Амгуулан нарыг нэг нутгийн хүмүүс гэдгээр нь сайн танина. Үүрцайх, Амгуулан бид нарын дунд ямар нэгэн хамаатан садны холбоо байхгүй. 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр би өөрийнхөө эзэмшлийн 07-15 УВХ улсын дугаартай Хайлукс маркийн автомашинтайгаа Ганхөлөг гэдэг залуугийн хамт Наранбулаг сумын Хужирт багийн нутаг Халгайт гэх нэртэй газарт Үүрцайхын гэрт очсон. Би Үүрцайхыг машиндаа суулгаад явж байгаад Наранбулаг сумын харъяат Цогтгэрэл /Ногооёо/ гэдэг залуутай таарсан. Тэгээд Ганхөлөг, Үүрцайх, Цогтгэрэл бид нар хамт яваад Наранбулаг сумын Хужирт багийн нутаг Тоочиг гэх нэртэй газарт байх Хоогоо гэдэг айлын гуанз дээр очиход тэнд Батбаатар /Хадаа/ ирчихсэн байсан. Хоогоогийн гуанз дээр очсоны дараа Батбаатар, Үүрцайх бид 3 мөнгөө нийлүүлж байгаад Хоогоогийн гуанзнаас 1,5 литрийн Балтика нэртэй пиво 2 ширхэгийг, 0,5 литрийн Улаанбаатар нэртэй архи 1 шилийг авсан. Үүрцайх гуанзруу орж тухайн архи, пивыг авч ирсэн. Бид нар Хоогоогийн гуанзны ойролцоо авсан архи, пивоо ууж байтал Наранбулаг сумын харъяат Амгуулан гэдэг залуу мотоцикльтой ирсэн. Амгуулан ирэнгүүтээ бид нартай хамт суугаад архи, пиво уусан. Тэнд байсан хүмүүсээс Ганхөлөг ганцаараа архи, пиво уугаагүй. Тэр архи, пивыг Үүрцайх, Цогтгэрэл, Батбаатар, Амгуулан бид нар тэнцүүхэн хувааж уусан. Архи, пиво дууссаны дараа бид нар Наранбулаг сумын Улаан үзүүр багийн нутаг Бөөрөг гэх нэртэй газарт Мардаа гэдэг айлд очиход гэр нь эзэнгүй, цоожтой байсан. Бид нар буцаж яваад Хужирт багийн нутаг Тоочиг гэх нэртэй газарт байрлах Хоогоогийн гуанз дээр ирсэн. Гуанз дээр ирсний дараа Цогтгэрэл нь дахин 1,5 литрийн Балтика нэртэй пиво 2 ширхэгийг авсан. Бид нар авсан архи, пивоо уугаад сууж байтал Амгуулан дахин пиво авна гээд гуанзруу явсан. Амгууланг яваад удаагүй байтал Эрээнбор хүрч ирээд “Та нар хамт явж байсан хүнээ яагаад зодож байгаа юм. Тэр хүний чинь гарнаас цус гарчихсан явж байна” гэж уурлаад бид нарын ууж байсан савтай пивыг газарт асгасан. Эрээнбор ирээд бид нарлуу уурлаад байхаар нь би машиндаа ороод хэвтсэн. Би машин дотроо хэвтэж байгаад унтсан бөгөөд тэрнээс хойш юу болсныг тодорхой мэдэхгүй байна. Намайг сэрэхэд Ганхөлөг надад “Үүрцайх ах Амгууланг өшиглөөд эрүүг нь гэмтээчихлээ” гэж хэлсэн. Би Үүрцайх, Амгуулан нарыг хоорондоо маргаж, зодолдохыг нүдээр хараагүй учраас юу болсныг тодорхой хэлж мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,

10. Гэрч Ж.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн: “Үүрцайх нь одоо эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багт мал маллаж амьдардаг. Үүрцайх аав, ээжээс 8-уулаа бөгөөд айлын том хүүхэд юм. Үүрцайхын ах, дүү нар нь Улаанбаатар хотод болон Наранбулаг суманд ажиллаж амьдардаг. Мөн Үүрцайхын аав Шомбууз, ээж Батсүх нар нь одоо Наранбулаг сумын Хужирт багт мал маллаж амьдарч байгаа. Үүрцайх зан аашийн хувьд бусадтай нийтэч, үг дуу цөөтэй, хүнд тусархаг зантай юм. Үүрцайх нь хааяа бага зэрэг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, тамхи татдаг бөгөөд архи уусан үедээ агсам согтуу тавиад, хүнтэй маргаж муудалцаад байдаггүй. Үүрцайхд өөр янз бүрийн муу зуршил байхгүй. Үүрцайх нь мал маллах, хурдан морь уях сонирхолтой. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/,

            11. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 292 дугаартай шүүгдэгч Ш.Үүрцайхын биед гэмтэл тогтоогдоогүй талаархи шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 26-р тал/, 

            12.  Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 287 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Н.Амгуулангийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Эрүүний яс оочны зүүн талаар битүү хугарсан зөрөөтэй, баруун нүдний эвэрлэгт цус харвалттай. Зүүн гарын дунд хуруунд шалбарч тав тогтсон зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байна. Дээрх эрүүний хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт удаан хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 32-р тал/,

            13. Шүүгдэгч Ш.Үүрцайхын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 45-р тал/,

            14. Шүүгдэгч Ш.Үүрцайхын хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 56-61, 62, 63-64, 67-70-р тал/,

            15. Хохирогч Н.Амгуулангийн амбулаториор эмчлүүлэгчдийн карт, өвчний түүх /хх-ийн 71-75, 77-84-р тал/,

            16. Хохирогч Н.Амгуулангийн “Шомбууз овогтой Үүрцайх нь надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй учраас хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү” гэх тодорхойлолт /хх-ийн 86-р тал/,

17.   Шүүгдэгч Ш.Үүрцайхын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Амгууланг нэг нутгийн хүн гэдгээр нь сайн таньдаг байсан. Амгуулан бид хоёрын дунд ямар нэгэн садан төрлийн холбоо, мөн өр авлага, өш хонзон байхгүй. Манай гэр Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн нутаг Халгайт гэх нэртэй газарт байдаг. 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр би гэртээ байж байтал өдөр 13:00 цагийн орчимд Ганхөлөг, Баяраа нар Баяраагийн эзэмшлийн 07-15 УВХ улсын дугаартай Хайлүкс маркийн автомашинтай манай гэрт ирсэн. Ганхөлөг, Баяраа бид гурав Баяраагийн машинд суугаад, манайхаас гараад хөдөө хээр явж байгаад Наранбулаг сумын Улаан үзүүр багийн харъяат Ногооёоо гэдэг хүнтэй таарсан. Бид нар Ногооёоог машиндаа суулгаад Наранбулаг сумын Хужирт багийн нутаг Тоочиг гэх нэртэй газарт байдаг Хоогоо гэдэг хүний гэр гуанз дээр очиход тэнд манай найз Хадаа ирчихсэн байсан. Ганхөлөг, Баяраа, Ногооёоо, Хадаа бид нар Хоогоогийн гуанзнаас 1,2 литрийн пиво 2 ширхэгийг, 0,5 литрийн Улаанбаатар нэртэй архи 1 шилийг аваад, Хоогоогийн гуанзны гадна ууж байтал манай найз Амгуулан ганцаараа мотоцикльтой ирсэн. Амгуулан ирээд бид нартай хамт архи, пиво уусан бөгөөд тухайн архи, пивоноос Ганхөлөг огт уугаагүй. Баяраа, Ногооёо, Хадаа, Амгуулан бид нар тухайн архи, пивыг тэнцүүхэн хувааж уугаад дуусгасан. Архи, пиво дууссаны дараа Ганхөлөг, Баяраа, Ногооёоо, Хадаа, Амгуулан бид нар Баяраагийн машинд суугаад Наранбулаг сумын Хужирт багийн нутаг Бөөрөг гэх нэртэй газарт байдаг Мардаа гэдэг айлд очиход гэр нь эзэнгүй, хүн байхгүй байсан учраас буцаад Тоочиг гэх газарт Хоогоогийн гуанз дээр ирсэн. Бид нар Хоогоогийн гуанз дээр ирсний дараа Ногооёоо дахин 1,2 литрийн 2 ширхэг пиво худалдаж авсан. Ногооёоогийн авсан пивыг Баяраа, Ногооёоо, Хадаа, Амгуулан бид нар гадаа уугаад сууж байтал Амгуулан дахин 1 пиво авч ирнэ гээд гуанзруу явсан. Амгууланг яваад удаагүй байтал Хоогоогийн эхнэр Эрээнбор бид нарын хажууд ирээд “Амгуулангийн гараас цус гарч байна. Гуанзны шалийг цусаар будаад хаячихлаа. Та нар тэр хүнийг яагаад цохиж, зодож байгаа юм” гэж уурлаад бид нарын ууж байсан пивыг газарт асгасан. Тэгэхээр нь Баяраа, Ногооёоо, Хадаа, Ганхөлөг бид нар босоод гуанзны ойролцоо очиход Амгуулан гуанзнаас гарч ирсэн бөгөөд Амгуулангийн зүүн гарынх нь дунд хуруунаас цус гарч байсан. Мөн Амгуулангийн өмд, хувцас нь цус болсон байдалтай байсан. Би Амгуулангаас “Чи гараа юунд авчихсан юм. Зүгээр хамт явж байгаад яагаад бид нарыг зодсон гэж хэлж байгаа юм” гэж асуухад Амгуулан “Би та нарыг зодсон гэж хэлээгүй” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “Хоогоогийн эхнэр бид нарт тэгж хэллээ. Хүн зүгээр байхаар чи яагаад байгаа юм” гэж хэлээд Амгуулангийн хувцасны энгэрээс барьж авсан. Амгуулан ч мөн миний хувцасны энгэрээс барьж авсан бөгөөд бид 2 хоорондоо ноцолдож байгаад газарт зэрэгцэж унасан. Тэгээд би Амгуулангаас түрүүлээд боссон бөгөөд Амгууланг өндийж босч ирэх үед зүүн хөлөөрөө Амгуулангийн баруун талын эрүүний хэсэгрүү 1 удаа өшиглөсөн. Тэр үед Хоогоо, Ганхөлөг нар намайг хойш нь татаад Амгуулангаас холдуулсан. Тэрнээс хойш Амгуулан бид хоёрын дунд ямар нэгэн зодоон болоогүй. 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр би архи, пиво уусан. Яг ямар хэмжээний архи, пиво уусан болхоо тодорхой хэлж мэдэхгүй байна. Худалдаж авсан архи, пивыг Амгуулан, Баяраа, Ногооёоо, Хадаа нартай тэнцүүхэн хувааж уусан. Ямар ч байсан би өөрийнхөө хэлсэн үг, хийсэн үйлдлийг тодорхой мэдэж байна. Би тухайн үед өөрийгөө бүрэн хянах чадвартай байсан. Тэр өдөр Амгуулан бид нартай хамт архи, пиво уусан. Яг ямар хэмжээний архи, пиво уусан болохыг би тодорхой хэлж мэдэхгүй байна. Амгуулан тухайн үед бага зэрэг согтсон байсан ч өөрийгөө хянах бүрэн чадвартай байсан. Мөн тухайн үед Амгуулан нь надаас өөр хүнтэй маргаж, зодолдоогүй, мөн Амгуулан  намайг цохиж, зодсон зүйл байхгүй. Амгуулан нь бид нартай хамт сууж байгаад босч явах үед Амгуулангийн гар гэмтээгүй, цус гараагүй байсан. Юунаас болж Амгуулангийн гарнаас цус гарсныг би мэдэхгүй байна. Би Амгуулангийн эмчилгээ, унааны зардалд нийт 700.000 /долоон зуун мянга/ төгрөг өгсөн. Цаашид Амгууланд учрах бодит хохирлыг бүрэн төлж барагдуулна. Би өөрийн хийсэн буруутай үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ амлаж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх  мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

 

 Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг үнэлж ДҮГНЭВЭЛ:

Шүүгдэгч Ш.Үүрцайх нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт баг “Тоочиг” гэх газарт хохирогч Н.Амгуулантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж бие махбодид нь гэмтэл учруулсан үйл баримт хохирогч Н.Амгуулан, гэрч Р.Банзрагчдэмбэрэл, Б.Цоггэрэл, Б.Ганхөлөг, М.Батбаатар, шүүгдэгч Ш.Үүрцайхын мэдүүлсэн мэдүүлгүүдээр  тогтоогдсон байна.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 287 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Н.Амгуулангийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Эрүүний яс оочны зүүн талаар битүү хугарсан зөрөөтэй, баруун нүдний эвэрлэгт цус харвалттай. Зүүн гарын дунд хуруунд шалбарч тав тогтсон зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байна. Дээрх эрүүний хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт удаан хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт хохирогч Н.Амгуулангийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдож байна.  

 Шүүгдэгч Ш.Үүрцайх, хохирогч Н.Амгуулан нар нэг нутгийн хүмүүс бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хохирогч, шүүгдэгч нар нь хамт архи ууж байгаад үл ойлголцлын улмаас хоорондоо маргалдаж, улмаар зодолдсон, зодооны явцад шүүгдэгч Ш.Үүрцайх нь хохирогч Н.Амгуулангийн эрүүнд өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан байх тул шүүгдэгч Ш.Үүрцайхын үйлдлийг санаатай үйлдэл гэж үзнэ.

 Мөрдөн байцаалтын шатанд Ш.Үүрцайхт 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татсан нь  түүний үйлдэлд тохирсон, хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.  

Шүүгдэгч Ш.Үүрцайх нь хохирогч Н.Амгуулангийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол /Эрүүний яс оочны зүүн талаар битүү хугарсан зөрөөтэй/ учруулсан нь нотлогдсон, хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.             

            Шүүгдэгч Ш.Үүрцайх нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Н.Амгуулан нь нэхэмжлэх хохирол, төлбөргүй талаараа тодорхойлолт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ. 

 

             Шүүгдэгч Ш.Үүрцайх нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.             

           Шүүгдэгч Ш.Үүрцайх нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан, гэм буруугаа ухамсарлаж, гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ял шийтгэхдээ харгалзан үзсэн болно.  

 

 

Эрүүгийн хэрэг хянна шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Монголмууд овогт Шомбуузын Үүрцайхыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

  

2. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ш.Үүрцайхт   500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ял шийтгэсүгэй.

 

3. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Үүрцайхт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ сарын  дотор төлж барагдуулах хугацаа тогтоосугай.

 

4. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Үүрцайх нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд оногдуулсан  торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.  Шүүгдэгч Ш.Үүрцайх энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Үүрцайхт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ГАНСҮХ