Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШТ/24

 

Э.Мад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Цогтмагнай

Яллагдагчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа

Яллагдагч Э.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Золцэцэг нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЗ/180 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Цогтмагнайн бичсэн эсэргүүцлээр Э.Мад холбогдох эрүүгийн 2014000000370 дугаар хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Э.М, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй,

Э.М нь 2020 оны 9 дүгээр сарын 01-нээс 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бувцаг” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр 0,357 га хэмжээ бүхий газар ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулсаны улмаас байгаль экологид 14.865.381 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Э.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Мөнх-Очир, шүүгдэгч Э.М нарын мэдүүлгийг хэргийн материалтай харьцуулан судалж үзвэл хэрэгт нотолбол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/;” болон 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэргийг бүрэн гүйцэт тогтоож чадаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдов.

Тухайлбал шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Мөнх- Очир нь “Тухайн газар өмнө нь 4 дүгээр сард нь хүмүүс хууль бусаар ажиллаад баригдаж эрүүгийн хэрэг үүсгэгдэж байсан газар. Гэтэл Э.М араас нь очиж ажиллаад баригдсан байна. Хохирол талаасаа дахин шалгуулах хэрэгтэй. Шинжээч үнэлгээ тогтоохдоо багын дарга юм уу намайг авч явах байсан боловч авч яваагүй. Ерөнхийдөө ухагдсан газар байсан” гэж мэдүүлсэн, шүүгдэгч, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “өмнө нь н.Энхтөр гэдэг нэртэй хүн тухайн газарт хууль бусаар ашигт малтмал олборлож байгаад баригдсан” талаар тус тус мэдүүлжээ.

“ЭКО ТИ ЭС БИ” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “Уг хэмжилтийн үр дүнд нийт 0.357 га талбай нөлөөлөлд /эвдрэлд/ өртсөн байна. Тус талбайн байгаль орчны экологи эдийн засгийн нийт хохирол 14 сая 865 мянга 381 төгрөг болж байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4, 5 дугаар заалтууд дагуу 2-5 нэмэгдүүлж тооцно. Үүний үр дүнд байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн нөхөн төлбэрийн хэмжээ нь 36 сая 959 мянга 128 төгрөг болж байна. Уг эвдэгдсэн талбайд техникийн нөхөн сэргээлтийн стандарт болон байгаль өнгөн төрхөд ойртуулж тэгшилж техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх шаардлагатай Нөхөн сэргээлт хийхэд 4 сая 188 мянга 126 төгрөг шаардлагатай. Эвдрэлд өртсөн талбай нь өмнө ухагдаагүй эрүүл талбай байсан байна ... гэсэн дүгнэлт авагджээ.

Үүнээс үзвэл “ЭКО ТИ ЭС БИ" ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ үүсч байх бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дурдсан н.Энхтөр гэдэг нэртэй хүнд холбогдох хэргийн материалыг судалж эргэлзээг нэг мөр тайлах, шаардлагатай гэж үзвэл дахин шинжээч томилох шаардлагатай гэж үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч Э.Мын хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх газрын нэр нь хэд хэдэн нотлох баримт, прокурорын тогтоол, яллах дүгнэлтэнд зөрүүтэй бичигдсэн нь уг гэмт хэрэг хаана гарсан эсэх нь тодорхой бус гэж үзхээр болжээ.

Тодруулбал хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “Хэрэг учрал болсон газар нь Баянхонгор аймаг Бөмбөгөр сумын Улаан сайр 1 дүгээр баг Бовцогийн хошуу гэх газарт” гэж, “ЭКО ТИ ЭС БИ” ХХК-ний 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “Бовцог” гэж, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд “Бовцог” гэж, прокурорын яллах дүгнэлтэнд “Бувцаг” гэж, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт мөн янз бүрийн нэрээр тус тус зөрүүтэй бичигдсэн байх тул гэмт хэрэг гарсан газрын нэрийг тодруулж зөвтгөх нь зүйтэй байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нар нь хэргийн газрын үзлэг болон “ЭКО ТИ ЭС БИ” ХХК нь шинжээчийн дүгнэлт гаргаж хэргийн газарт ажиллахдаа хохирогч байгууллага болон шүүгдэгч хэргийн оролцогч нарыг огт оролцуулаагүй, байлцуулаагүй талаар мэдүүлж яг ямар газарт хэргийн газрын үзлэг хийж, шинжээчийн дүгнэлт гаргасанд нь эргэлзэж байгаагаа илэрхийлсэн тул хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг болон “ЭКО ТИ ЭС БИ” ХХК- ийн гаргасан шинжээчийн дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагаа нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан эсэхийг мөрдөн байцаалтын явцад прокурор хянан шалгавал зохино.

Дээр дурдсан асуудлуудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв гэжээ.

Прокурор Г.Цогтмагнай 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 14 дүгээр эсэргүүцэлдээ:

Хэргийг буцаасан шүүгчийн захирамжид заасан ажиллагаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр эсэргүүцэл бичлээ. Шүүгчийн захирамжид “Тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хийсэн урьдчилсан хэлэлцүүлгээр... хянан хэлэлцэв” гэжээ. Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 11- ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгийг хийж яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн захирамж гарсан бөгөөд тус өдөр гэм буруугийн шүүх хуралдаан орсон болно.

Шүүгчийн захирамжид “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал” болон 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэргийг бүрэн гүйцэт тогтоож чадаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдов. Тухайлбал шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжпэгч Д.Мөнх-Очир нь “Тухайн газар өмнө нь 4 дүгээр сард нь хүмүүс хууль бусаар ажиллаад баригдаж эрүүгийн хэрэг үүсгэгдэж байсан газар. Гэтэл Э.М араас нь очиж ажиллаад баригдсан байна. Хохирол талаасаа дахин шалгуулах хэрэгтэй. Шинжээч үнэлгээ тогтоохдоо багийн дарга юм уу намайг авч явах байсан боловч авч яваагүй. Ерөнхийдөө ухагдсан газар байсан” гэж мэдүүлсэн, шүүгдэгч, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “өмнө нь н.Энхтөр гэдэг нэртэй хүн тухайн газарт хууль бусаар ашигт малтмал олборлож байгаад баригдсан” талаар тус тус мэдүүлжээ... Үүнээс үзвэл “Эко Ти Эс Би” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд эргэлзээ үүсч байх бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дурдсан н.Энхтөр гэдэг нэртэй хүнд холбогдох хэргийн материалыг судалж эргэлзээг нэг мөр тайлах, шаардлагатай гэж үзвэл дахин шинжээч томилох шаардлагатай гэж үзлээ” гэжээ.

Шүүгчийн захирамжид дурдсан дээрх үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг зөрчсөн байна. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Мөнх-Очир, шүүгдэгч Э.М нарын мэдүүлгээр “н.Энхтөр гэх хүн тухайн газар ашигт малтмал олборлосон” гэх үндэслэлгүй, хэрэгт огт байхгүй үйл баримтыг шалгуулахаар буцаасан нь үндэслэлгүй байна.

Хэрэв прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх тохиолдолд:

хохирогч Д.Мөнх-Очирын “Тухайн газар нь эрүүл газар байсан. Одоо хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна” гэж,

яллагдагч Э.Мын “Би тухайн ялыг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн газар... 1 хоног үйл ажиллагаа явуулсан” гэж,

- 2 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Эвдрэлд өртсөн талбай нь өмнө ухагдаагүй эрүүл талбай байсан байна гэх дүгнэлт” тус тус авагджээ.

Дээрх нотлох баримтууд нь өөр хоорондоо хамааралтай, харилцан уялдаа холбоотой ба өмнө нь ухагдаагүй байсан болох нь тус тус тогтоогдож байхад шүүх хурлын үеэр “Н.Энхтөр” гэх огт тодорхой бус этгээдийг гаргаж ирэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байхад шүүхээс хэрэгт авагдсан баримтад үндэслэж бус, тодорхой бус тайлбарт үндэслэж хэргийг буцаасан байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар үгүйсгэгдээгүй байхад шинжээчийн дүгнэлтэнд эргэлзээ төрж байна гэж шүүхээс дүгнэж, хэргийн газрын үзлэг хийх ажиллагаанд, шинжилгээ хийх ажиллагаанд заавал хохирогч, холбогдогчийг байх ёстой гэж үзэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар зүйл, хэсгийг баримталж байгаа нь тодорхой бус байна. Хэрэг учралын хувьд шалгалтаар гэмт хэргийг газар дээр нь илрүүлж, улмаар мэдээлэл өгөн, тухайн цаг хугацаанд хэргийн газрын үзлэгийг хийсэн болно.

Шүүгчийн захирамжид “Түүнчлэн шүүгдэгч Э.Мын хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх газрын нэр нь хэд хэдэн нотлох баримт, прокурорын тогтоол, яллах дүгнэлтэнд зөрүүтэй бичигдсэн нь уг гэмт хэрэг хаана гарсан эсэх нь тодорхой бус гэж үзэхээр болжээ” гэжээ. Гэтэл гэмт хэрэг гарсан газрын нэр ганц, нэг үсгийн зөрүүтэй байдгаас бус ухагдсан газрын цэг солбилцол дээр огт зөрүү байдаггүй болохыг анхаарч үзээгүй.

Шүүгчийн захирамжид “Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжпэгч, шүүгдэгч нар нь хэргийн газрын үзлэг болон “Эко Ти Эс Би” ХХК нь шинжээчийн дүгнэлт гаргаж хэргийн газарт ажиллахдаа хохирогч байгууллага болон шүүгдэгч хэргийн оролцогч нарыг огт оролцуулаагүй, байлцуулаагүй талаар мэдүүлж яг ямар газарт хэргийн газрын үзлэг хийж, шинжээчийн дүгнэлт гарсан нь эргэлзэж байгаагаа илэрхийлсэн тул... прокурор хянан шалгавал зохино” гэжээ. Хэргийн газрын үзлэг хийх ажиллагаанд, мөн шинжилгээ хийх ажиллагаанд заавал хохирогч, холбогдогчийг байх ёстой гэж үзэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар зүйл, хэсгийг баримталж байгаа нь тодорхой бус байна. Хэрэг учралын хувьд шалгалтаар гэмт хэргийг газар дээр нь илрүүлж, улмаар мэдээлэл өгөн, тухайн цаг хугацаанд хэргийн газрын үзлэгийг хийсэн болно. Тухайн үед Э.Мын техник хэрэгслүүд, бусад ажилтнууд байсан болно. Харин шүүхээс дээрх нөхцөл байдалд эргэлзэж буй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.22 дугаар зүйлд зааснаар “Газар, орон байранд үзлэг хийх” боломж байсаар байхад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж хэргийг прокурорт буцааж байгаа нь хуулийн зарим зүйл, хэсгийг хэт тунхаг төдий болгож буй хэрэг юм.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЗ/180 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Г.Цогтмагнай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлын бүрэн дүүрэн нотлоогүй. Энэ нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй учир шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор Г.Цогтмагнайн бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл:

Э.М нь 2020 оны 9 дүгээр сарын 01-нээс 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бувцаг” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр 0,357 га хэмжээ бүхий газар ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулсаны улмаас байгаль экологид 14.865.381 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж улмаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Хавтаст хэргийн 32-73 дугаар талд авагдсан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, байгаль орчны хохирлын үнэлгээний зөвлөх “Эко ти эс би” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаар шинжээчийн дүгнэлтийг 4 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан байхад хавтаст хэргийн 31 дүгээр талд авагдсан шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолын шинжээчид эрх, үүрэг танилцуулсан хэсэгт 1 шинжээчид эрх, үүргийг танилцуулсан, бусад шинжээч нарт эрх, үүргийг танилцуулаагүй байна.

Мөн хэргийн материалаас харахад “Бувцаг” гэх газарт ашигт малтмалын эрэл, хайгуул олборлолт явуулсаны улмаас учирсан 0.357 га хэмжээ бүхий газрын эвдрэл нь Э.Мын учруулсан эвдрэл үү, н.Энхтөр гэдэг хүний учруулсан эвдрэл үү гэдэг нь тодорхойгүй, энэ талаар бичсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус хэрэг нь Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бувцаг” гэх газар байх бөгөөд тус газар нь иргэн Д.Мөнх-Очирын эзэмшлийн газар биш тул хохирогчоор иргэн Д.Мөнх-Очирыг тогтоох нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тус хэрэгт хохирогч байгууллагыг тогтоож, улмаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Мөнх-Очирыг оролцуулж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах, Э.Мын ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулсан үйлдэлд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхэд зөв дүгнэлт хийх ингэхдээ Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулиуд болон ашигт малтмал олборлох, ашиглахтай холбогдуулан Монгол улсын Засгийн газрын холбогдох тогтоол журмыг анхаарч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэрэгт тооцох үндсэн шалгуур, мөн хуулийн тусгай ангид заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүнийг хангасан эсэхийг шалгаж шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЗ/180 дугаар захирамжийг хэвээр үлдээж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүд дээр магадлалд заасан үндэслэлийг нэмж, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.4.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЗ/180 дугаар захирамжийг хэвээр үлдээж, хэргийг Прокурорт буцаасугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Б.БОЛОР-ЭРДЭНЭ