| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2022/02262/И |
| Дугаар | 102/ШШ2023/00181 |
| Огноо | 2023-01-09 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2023/00181
| 2023 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2023/00181 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 04 дүгээр хороо, Партизаны гудамж, “Т”-ын байр хаягт оршин байрлах Т/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 1 гудамж, “Алтан тээл” ХХК-ийн хашаа хаягт оршин суух эмэгтэй, Боржигон овогтой Дөчнөөгийн С /РД: /,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, 1-р хотхон, 5 байр, 40 тоот хаягт оршин оршин суух, эрэгтэй, Боржигон овогтой Эрдэнэбаярын Ж /РД:Ф/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 91,307,792 төгрөгийг гаргуулах, фидуцийн болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний 3.1.8 дахь хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 396,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ба
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.
Хариуцагчийн өмгөөлөгч С.Я
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Тнь хариуцагч Д.С, Э.Ж нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 83,166,542 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ‘’Т’’ ХХК нь 2019 оны 05 сард Д.С, Э.Ж нартай зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээр зээлдэгчид 65,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, 2,5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Энэ зээлийн гэрээнд нэхэмжлэлд дурдсан гэр бүлийн хэрэгцээний газар, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тоёото приус, тоёото алфард маркийн суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл, зүтгүүрийн зориулалтай тээврийн хэрэгсэл мөн авто замын зориулалтай тээврийн хэрэгсэл нийт 6 эд хөрөнгө барьцаалсан. Зээлийн харилцааны явцад тоёото алфард маркийн тээврийн хэрэгслийг зээлдэгч өөрсдөө зарж борлуулсан. Зээлдэгч нар зээлийн гэрээний хавсралтаар батлагдсан хуваарийн дагуу зээлийн төлж барагдуулаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар нэхэмжилсэн. Үүнд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээл, мөн материалын авлага гэсэн нийт 91,307,392 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүнээс үндсэн зээлийн хүү 48,750,000 төгрөг, хүү 35,450,660 төгрөг нэмэгдүүлсэн хүү 7,090,137 төгрөг, нотариатын авлага 17,000 төгрөг. Нотариатын авлага ямар учиртай вэ гэвэл зээлийн гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөр үүссэн зардал гэж нэхэмжилж байна. Нийт 91,307,392 төгрөгийг нэхэмжилж байна.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Хариуцагчийн нарын зүгээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2.1. 2022 оны 04 дүгээр сарын 19 өдрийн байдлаар зээлийн хүү болон зээлийн үлдэгдлийг нэхэмжлэлийн шаардлагад оруулсан байдаг. 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ‘’Т’’ ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар зээлийн гэрээг цуцалсан. 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн байдлаар зээлийн хүүг нэхэмжилж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
2.2. Фидуцийн зүйл 2 УБЭ улсын дугаартай Тоёото алфард маркийн суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг зээлийн төлбөрт тооцон 2021 оны 06 дугаар сарын эхээр н.Содгэрэл гэдэг хүнд шилжүүлэн өгсөн. Гэтэл тухайн фидуци гэрээг нэхэмжлэгч талаас дуусгавар болоогүй байдаг. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар фидуци зүйлийг тооцон авснаар гэрээ дуусгавар болно гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Зээлийг шимтгэл нэрээр төлбөр суутган авсан.
2.3. Нэхэмжлэл гаргахдаа талуудын хооронд байгуулсан гэрээг зөрчсөн гэж үзэж байна. Баталгаат ипотекийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл барьцаалбараар үлдэх бөгөөд шүүхээс гадуур дуудлага худалдаагаар худалдана гэж заасан байдаг. Гэтэл талуудтай харилцан тохиролцоогүй байж шууд шүүхэд хандаж байгаа нь талуудын хооронд тохиролцсон тохиролцоог зөрчиж нэхэмжлэл гаргасан. Мөн үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж хариуцагч нараас 83,166,542 төгрөгийг нэхэмжилсэн. 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зээлийн хорооны шийдвэрээр гэрээг цуцалсан тул 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх зээлийн хүү болон зээлийн үлдэгдлийг зөвшөөрөх үндэслэлтэй гэж үзэж байна.
2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээл 48,750,000 төгрөг, зээлийн хүү 17,799,563 төгрөгөөс 653,053 төгрөгийг хасаж байгаа. Яагаад энэхүү 653,053 төгрөгийг хасаж байгаа вэ гэвэл нотлох баримтаар манай талаас дансны хуулга өгсөн. Тухайн дансны хуулга дээр 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөгийг Д.С ‘’Т’’ ХХК-руу шилжүүлсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгчээс өгсөн зээлийн тооцооны бичиг дээр 9,548,447 төгрөг гэсэн байдаг. Үүнээс харахад 451,553 төгрөгийн зөрүүтэй байгаа. Энэ төлбөрийг хариуцагч илүү төлсөн гэж үзэж байгаа.
2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дансны хуулганаас харвал 5,201,500 төгрөгийг Д.С төлсөн байдаг. Зээл тооцооны бичиг дээр 5,000,000 төгрөг төлсөн гэж ‘’Т’’ ХХК оруулсан байгаа. 201,500 төгрөгийг мөн илүү төлсөн. Үүнээс үзвэл 653,053 төгрөгийн зөрүүтэй байгаа. Энэхүү 653,053 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрөөс хасаж нийт зээлийн үлдэгдэл 48,750,000 төгрөгийг зээлийн хүү болох 17,736,510 төгрөг нийт 66,486,510 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
3. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан “Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1.8 дахь хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 396,500 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч 65,000,000 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцсон боловч зээлдэгчийн дансны хуулганаас харвал 64,805,000 төгрөг шилжүүлж, 195,000 төгрөгийн шимтгэл суутган авсан. Санхүүгийн зохицуулах хорооноос тухайн банк бус санхүүгийн байгууллагад шимтгэл тооцон авах эрхийг олгоогүй. Мөн зээлдүүлэгч фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг чөлөөлөхдөө 201,500 төгрөгийн шимтгэл суутган авсан үндэслэлээ тодорхой баримтаар нотлоогүй, юунд зарцуулсан талаарх баримтуудыг гаргаж өгөөгүй.
4. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд “Зээлийн гэрээний 3.1.8 дах хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хуулиар хүлээн зөвшөөрсөн тул энэ заалтыг гэрээнд оруулсан. Гэрээний заалт нэг бүрийг хариуцагч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Хуулиар шимтгэл авах эрх зээлдүүлэгчид байгаа. ‘’Т’’ ХХК-ийн авч байгаа зээлийн шимтгэл хууль ёсны байна гэсэн нотлох баримтаа гаргаж өгсөн. 2019, 2020, 2021 онуудад зөрчлийг шалгах хамрах хугацаа тодорхойгүй байна гэсэн. Зөрчлийн тухай хуулиар зөрчил хэрвээ үргэлжилсэн бол хамгийн сүүлд гаргасан, үйлдсэн хугацаагаар тооцно. 2019, 2020, 2021 онуудад байсан шимтгэлийн хэмжээ өнөөдрийг хүртэл хэвээрээ байгаа. Зөрчлийн үргэлжилсэн хугацаа хэвээрээ байсан тул ‘’Т’’ ХХК-ийн тооцон авсан шимтгэл хууль ёсны байна. 195,000 төгрөг нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.8 дах хэсэгт заасны дагуу олгосон зээлийн үнийн дүнгийн 0,3 хувь, 201,500 төгрөг нь тухайн үеийн зээлийн үлдэгдлийг 0,4 хувь байгаа. 201,500 төгрөгийг суутган авахыг Д.С мэдээгүй гэж тайлбар өгдөг. Гэтэл зээлийн төлбөрт 5,000,000 төгрөгийг төлж шимтгэлд 201,500 төгрөгийг төлнө гэдгээ ухамсарлаж төлсөн. 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэлд 50,375,000 төгрөг байсан. Үүний 0,4 хувь нь 201,500 төгрөг байгаа. н.Солонгын шилжүүлсэн дүнг зээлийн гэрээний хувьтай харьцуулж үзэх юм бол өөрөө мэдэж хүсэж шилжүүлсэн талаар тодорхой харагдаж байна.” гэсэн тайлбарыг гаргасан.
5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 533 дугаартай банк бус санхүүгийн байгууллагуудын тусгай зөвшөөрлийг хугацаагүй болгох тухай тогтоол, Т болон Д.С, Э.Ж нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 269050330003 дугаартай зээлийн гэрээ, 269050330003 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, баталгаат ипотекийн гэрээ, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайт 7 гудамж, 15 тоот хаягт байршилтай 18613316012682 нэгж талбарын дугаартай 365 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайт 7 гудамж, 0 тоот хаягт байршилтай 41 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, уг үл хөдлөх эд хөрөнгийн 11-1427388 дугаартай барьцаалбар, Нотариатын үйлчилгээний хөлс 17,000 төгрөг төлсөн баримт, Д.С зээл хүүгийн тооцоо, зээлийн дансны хуулга, 0УНО улсын дугаартай Beoben маркийн, 0308 дугаартай Liang shan маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хувийн хэрэг, Д.С, Э.Ж нарын дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, “Т” ХХК-аас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээл хүүний тооцоо, Д.Сс 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Т” ХХК-нд гаргасан тээврийн хэрэгслийг Б.Содгэрэлийн нэр дээр шилжүүлж өгөхийг хүссэн хүсэлт, 0 УБЕ Toyota Alphard маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Д.С, Б.Содгэрэл нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Э.Ж, Д.С нарын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гаргасан барьцаа хөрөнгө солих , тээврийн хэрэгслийг чөлөөлүүлэх тухай хүсэлт, эрсдэлтэй зээлдэгчийн маягт зэрэг баримтуудыг, хариуцагчаас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 00 дугаартай зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай албан бичиг, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчийн хүсэлтээр0 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа, “Т” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 40дугаартай шүүхэд шилжүүлэх тухай албан бичиг, Хаан банк дахь Д.Сгийн 0 тоот дансны хуулга, “Т” ХХК-ийн зээлийн хорооны 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 324 дугаартай протокол, шийдвэр, зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам зэрэг баримтыг бүрдүүлж, гэрчээр Б.Содгэрэлийг оролцуулсан.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч Д.С, Э.Ж нар зээлийн гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, зээлийн хүүг буцаан төлөх үүргийг гүйцэтгээгүй.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: Нэхэмжлэгч Тзээлийн төлбөрөөс суутган авсан барьцаа хөрөнгө өөрчилсөн шимтгэл 201,500 төгрөг, зээл олгосны шимтгэл 195,000 төгрөг, нийт 396,500 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрөөс хасаж, “Т” ХХК-ийн зээлийн хорооны шийдвэрээр зээлийн гэрээг цуцалсан 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх зээлийн хүү, зээлийн үндсэн төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээ цуцлагдсан хугацаанаас хойш тооцсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй.
4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ гэрээний 3.1.8-д зээлдэгч зээлийн барьцаа хөрөнгө өөрчилсөн, зээл олгосны шимтгэл төлөхөөр тохиролцсон нь зээлдэгч нарт хохиролтой буюу шударга ёсны зарчимд харш гэрээ хийсэн гэж тодорхойлсон.
5. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийг хариуцагч нар гэрээний заалт бүрийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. “Т” ХХК-ийн иргэдэд олгож буй зээлийн шимтгэлийг гарч буй зардалтай уялдуулж тогтоосон үндэслэлээр няцаасан.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1. Нэг талаас “Т” ХХК, нөгөө талаас Д.С, Э.Ж нар 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 2690503300003 дугаартай зээлийн болон барьцааны, фидуцийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч тал болох Тнь 65,000,000 төгрөгийг 40 сарын хугацаатай, нэг сарын 2,5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч тал болох Э.Ж, Д.С нар нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Г-2202015984 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайт 7 гудамж, 15 тоот хаягт байршилтай 365 метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Ү-20дугаарт бүртгэлтэй 41 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 80 УБЧ улсын дугаартай Toyota prius маркийн суудлын зориулалттай0 УНӨ улсын дугаартай Beiben маркийн зүтгүүрийн зориулалттай, 0 ТЧ улсын дугаартай Liang shan маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгсэл зэргээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцжээ.
6.2. Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн болон фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан бичгээр хийх, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166.1-д заасан бичгээр хийж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг тус тус хангасан хүчин төгөлдөр гэж үзлээ.
6.3. Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч “Т” ХХК-аас зээлийн гэрээний зүйл болох 65,000,000 төгрөгөөс 0,3 хувийн шимтгэл 195,000 төгрөгийг суутган зээлдэгч Э.Ж, Д.С нарт 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 64,805,000 төгрөгийг төгрөгийг олгосон, зээлдэгч Э.Ж, Д.С нар 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл үндсэн зээл 16,250,000 төгрөг, зээлийн хүү 19,928,694 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 649,753 төгрөг, нийт 36,828,447 төгрөгийг төлж, үлдэгдэл үндсэн зээл 48,750,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл зээлийн хүү 28,666,285 төгрөг төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,733,257 төгрөг, нийт 83,149,542 төгрөгийг төлөөгүй болох нь зээлийн дансны хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
6.4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зээлдэгч нар зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээлийн төлбөрийг тогтоосон хугацаа, хэмжээгээр бүрэн төлөөгүй байна.
7. Зээлийн гэрээний 8.2.1-д “зээлдэгч гэрээний хавсралт 1-д заасан зээл эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн нөхцөлд зээлдүүлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцална” гэж тохиролцжээ
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. Зээлдэгч гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн байх тул зээлдүүлэгч Тнь зээлийг төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээг цуцалсан гэж үзэхээр байна.
Харин зээлдүүлэгч “Т” ХХК-ийн зээлийн хорооны хурлын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ цуцалсан гэх шийдвэрийг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар зээлдэгч нарт мэдэгдээгүй, түүнтэй холбоотой баримтгүй байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр цуцлагдсан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
8. Талууд зээлийн гэрээний 2.1.5-д зээлдэгч авсан зээл, хүүгийн төлбөрийг зээл эргэн төлөх хуваарьт хугацаанд эргүүлэн төлөөгүй тохиолдолд үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр заасан байх ба Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасантай нийцсэн. Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй зөрчилд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
9. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу зээлдэгч нь үндсэн зээл, түүний хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү зэргийг буцаан төлөх үүрэгтэй тул хариуцагч Э.Ж, Д.С нараас үндсэн зээл 48,750,000 төгрөг, анх шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 04 дүгээр сарын 19-ний хүртэл зээлийн хүү 28,666,285 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,733,257 төгрөг, нийт 83,149,542 төгрөгийг нэхэмжлэгч “Т” ХХК-нд төлөх үүрэгтэй байна.
10. Зээлдэгч Д.С, Э.Ж нар зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүйгээс зээлдэгч Т шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын зардалд төлсөн 17,000 төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасны дагуу шаардах эрхтэй байна.
11. Зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй тул барьцааны гэрээний дагуу зээлдүүлэгч буюу барьцаалагч тал шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн.
12. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Г-2 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайт 7 гудамж, 15 тоот хаягт байршилтай 365 метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, уг хаягт байршилтай Ү-2 дугаарт бүртгэлтэй 41 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
13. Харин нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ ихэсгэж, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсан нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасантай нийцсэн боловч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь зөвхөн хариуцагч талаас хамааралтай бус талуудын зарчмын үндсэн дээр явагддаг тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа буюу 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл зээлийн хүү 6,784,375 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,336,875 төгрөг, нийт 8,141,250 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
14. Фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн хувьд,
14.1. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр хариуцагч Д.С, Э.Ж нар нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 8 УБЧ улсын дугаартай Toyota prius маркийн суудлын зориулалттай, 0 УНӨ улсын дугаартай Beiben маркийн зүтгүүрийн зориулалттай, 03ТЧ улсын дугаартай Liang shan маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг “Т” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, Д.С, Э.Ж нар үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд Туг эд хөрөнгийг буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Харин зээлдэгч Д.С, Э.Ж нар мөнгө төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол зээлдүүлэгч Төмчлөлдөө шилжүүлсэн эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар фидуци дуусгавар болохыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасан.
14.2. Нэхэмжлэгч Тнь Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхийг эдэлж, үүргийг хангуулах эрхтэй буюу фидуцийн гэрээний зүйлийг бодитоор гаргуулан авах эрхтэй атлаа нэхэмжлэгчээс зээлийн үлдэгдэл төлбөрийг шаардаж, фидуцийн зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь фидуцийн гэрээний дагуу шаардах эрхээсээ татгалзсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Тнь фидуцийн зүйлийг бодитойгоор гаргуулан авахыг шаардаагүй, харин уг зүйлээс үүргийг хангуулах агуулгаар нэхэмжлэлээ тодорхойлсон байх тул фидуцийн гэрээний эрхээс татгалзаж байна. Мөн талуудын хооронд тухайн хөрөнгөөр барьцааны гэрээ байгуулагдаагүй тул фидуцийн гэрээний зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардах эрх үүсэхгүй. Иймд 8 УБЧ улсын дугаартай Toyota prius маркийн суудлын зориулалттай, 0УНӨ улсын дугаартай Beiben маркийн зүтгүүрийн зориулалттай, 0 ТЧ улсын дугаартай Liang shan маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэх хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
15. Хариуцагч талаас зээлийн гэрээний 3.1.8-д зээл олгосны шимтгэлд олгосон зээлийн дүнгийн 0,3 хувь, зээлийн барьцаа хөрөнгийг өөрчлөхөд 5,000,001 төгрөгөөс дээш зээлийн үлдэгдэлд 0,4 хувийн шимтгэл төлөхөөр заасныг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, зээлийн шимтгэл 396,500 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан.
15.1. Зээлдүүлэгч “Тр” ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 65,000,000 төгрөгийг зээлдэгч нарт олгохдоо 195,000 төгрөгийн шимтгэл, зээлдэгч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн 25- УБЕ улсын дугаартай Toyota Alphard маркийн тээврийн хэрэгслийг чөлөөлсөн шимтгэл 201,500 төгрөгийг тус тус зээлийн төлбөрөөс суутган авсан болох нь гэрч Б.Содгэрэлийн мэдүүлэг, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А203 дугаартай тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 1.3.17-д санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувийг шимтгэл гэж тодорхойлсон. Нэхэмжлэгч Тнь зээлийн бүтээгдэхүүний үйлчилгээний зардалтай уялдуулан шимтгэлийн хэмжээг тогтоосон нь үндэслэлтэй болохыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор тогтоожээ.
15.2. Зээлдүүлэгч Тнь зээл олгох, барьцаа хөрөнгө өөрчлөх зээлийн бүтээгдэхүүний үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор зээлийн дүнгийн 0,3-0,4 хувиар шимтгэлийн хэмжээг тогтоосон нь тодорхой хуулийн зохицуулалтын зорилго, зорилт агуулгатай үл нийцэх байдлаар эсрэг талын эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл болохгүй байхаас гадна шимтгэлийн хэмжээг зардалтай уялдуулан тогтоосон болох нь баримтаар тогтоогдож байна. Иймд зээлийн гэрээний 3.1.8-д заасан шимтгэл төлөх нөхцөл Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д заасан харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна. Гэрээний дээрх тохиролцоо хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч “Т” ХХК-ийг 396,500 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасан шаардах эрх үүсэхгүй.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан зээлдэгч Д.С, Э.Ж нар УБЕ улсын дугаартай Toyota Alphard маркийн тээврийн хэрэгслийг өөрсдөө худалдан борлуулсан тул түүнтэй холбоотой зардалд 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлийн төлбөрөөс суутган авсан 451,553 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасаж тооцох тухай тайлбарыг үндэслэн хариуцагч нарын зээлийн төлбөр 83,166,542 төгрөгөөс 451,553 төгрөгийг хасах нь зүйтэй гэж үзлээ.
16. Дээрх үндэслэлээр хариуцагч Д.С, Э.Ж нараас зээлийн гэрээний үүрэгт 82,714,989 төгрөг гаргуулж “Т” ХХК-д олгож, хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг улсын бүртгэлийн Г-2202015984 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайт 7 гудамж, 15 тоот хаягт байршилтай 365 метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Ү-22дугаарт бүртгэлтэй 41 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулж, нэхэмжлэлээс үлдэх 8,147,250 төгрөг гаргуулах, фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэх хангуулах хэсгийг, зээлийн гэрээний 3.1.8-д заасан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 396,500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
17. Үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115..2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1, 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.С, Э.Ж нараас зээлийн гэрээний үүрэгт 82,714,989 /наян хоёр сая долоон зуун арван дөрвөн мянга есөн зуун наян ес/ төгрөг гаргуулж “Т” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 8,147,250 төгрөг гаргуулах, 8 УБЧ улсын дугаартай Toyota prius маркийн суудлын зориулалттай, 08УНӨ улсын дугаартай Beiben маркийн зүтгүүрийн зориулалттай, 0 ТЧ улсын дугаартай Liang shan маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг, зээлийн гэрээний 3.1.8-д заасан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 396,500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг улсын бүртгэлийн Г-22 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайт 7 гудамж, тоот хаягт байршилтай 365 метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, уг хаягт байршилтай Ү-2дугаарт бүртгэлтэй 41 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 789,250 төгрөг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.С, Э.Ж нараас улсын тэмдэгтийн хураамжид 641,725 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-нд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ