Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2023/00324

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2023/00324

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Сэлбийн 37 гудамж, 887 тоот хаягт оршин суух, эрэгтэй, Зуун цагаан гэр овогтой Мөнх-Очирын Г /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 хороолол Сөүл 10-1а тоот хаягт оршин байрлах Т/РД: д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,048,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.Г

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Т

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б

Хариуцагчийн өмгөөлөгч А.Зо

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч Т-нд холбогдуулан 2,048,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: М.Г нь “Т” ХХК- аас УБС улсын дугаартай lexus HS загварын тээврийн хэрэгслийг 19,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. М.Г нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөгийг “Т” ХХК-нд шилжүүлсэн, үлдэгдэл 9,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан төлөхөөр харилцан тохиролцсон. М.Г нь тээврийн хэрэгслийг хүлээн авч ашиглаж эхэлсэнээс хойш машины дараах эд ангиуд биет байдлын доголдолтой болох нь мэдэгдсэн. М.Г нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр рулийн аппаратыг 850,000 төгрөгөөр, амортизатор 2 ширхэгийг 240,000 төгрөгөөр, пүрш 2 ширхэгийг 70,000 төгрөгөөр, тулк 2 ширхэгийг 90,000 төгрөгөөр, яндангийн мэдрэгч 180,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр микрофилтерийг 40,000 төгрөгөөр, машины ноклад 170,000 төгрөгөөр, хөдөлгүүрийн тосны насосын гарах хоолой хавхлага гацсан гэмтлийг 258,600 төгрөгөөр тус тус засварлуулж, шинжээчийн зардал 150,000 төгрөг төлсөн, нийт 2,048,000 төгрөгийг хариуцагч Тхариуцан төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Т ХХК-аас тээврийн хэрэгслийг засварлахад гаргасан зардал 2,048,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

 

2. Хариуцагч хариу тайлбартаа Тнь нэхэмжлэгч М.Гтай 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 9,000,000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь 94улсын дугаартай lexus HS маркийн тээврийн хэрэгслийг худалдан авсан. Худалдан авагч М.Г нь тээврийн хэрэгслийг худалдан авахдаа тээврийн хэрэгсэлтэй бүрэн танилцаж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж хүлээн авсан. Тэрээр тээврийн хэрэгслийн сонголт болон шийдвэрийг сайн дурын үндсэн дээр гаргасан. Хариуцагч “Т” ХХК-ийн зүгээс биет байдлын доголдолтой эд хөрөнгийг худалдан борлуулаагүй бөгөөд худалдан борлуулсан тухайн тээврийн хэрэгслийг бодит байдлаар нь нэхэмжлэгч М.Гд үзүүлж, тээврийн хэрэгслийг худалдан авахаар 7 хоногийн турш танилцсаны үндсэн дээр худалдан авсан. Тээврийн хэрэгслийн шаардлагатай үйлчилгээг өөрөө хийлгэнэ хэмээн худалдан авах хүсэлт гаргасан ба улмаар худалдагчийн зүгээс 21,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар зарлаад байсан тээврийн хэрэгслийг 19,000,000 төгрөгөөр хямдруулан худалдсан. Худалдан авагч хуучин тээврийн хэрэгсэл худалдан авсан тул тухайн тээврийн хэрэгслийг сайтар шалган үзсэний үндсэн дээр авдаг. Гэтэл нэхэмжлэгч нь өөрөө шалгаж, биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авч явсан атлаа нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч нь эзэмшиж, ашигласан байх ба тээврийн хэрэгслийн биет байдалд хэрхэн хандсан нь тодорхойгүй. Гэрээнээс татгалзах үндэслэл бүхий биет байдлын доголдол учирсан болох нь нотлогдохгүй байна. Худалдан авагч тээврийн хэрэгслийн үйлчилгээ хийлгэсэн нь гэрээг цуцлах үндэслэл болохгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн  хураамж төлсөн баримт, Тболон М.Г нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, Гэрэлт амортизатор авто сервисийн зарлагын баримт, Таката трейд ХХК-ийн наклад, микрофильтерийн 210,000 төгрөгийн төлбөрийн баримт, 69,500 төгрөгийн төлбөрийн баримт, яндан мэдрэгчийн 180,000 төгрөгийг зарлагын баримт, Петронано ХХК-ийн 443,636 төгрөгийн нэхэмжлэх, 4х4 автосервис ХХК-ийн үйлчилгээний хуудас, Доктор авточэйн оношилгооны хуудас, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, Хаан банк дахь М.Гантулгын дансны хуулга, Доктор авто сүлжээний оношилгооны хуудас, 377,500 төгрөгийн төлбөрийн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, хариуцагчаас шүүхэд гаргасан баримтгүй. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилсон.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч “Т” ХХК-аас худалдан авсан тээврийн хэрэгсэл доголдолтой бөгөөд худалдан авагч М.Г уг тээврийн хэрэгслийн доголдлыг арилгахад гаргасан зардлаа гаргуулахаар шаардсан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Худалдан авагч М.Г нь тээврийн хэрэгслийг худалдан авахдаа тээврийн хэрэгсэлтэй бүрэн танилцаж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж хүлээн авсан. Нэхэмжлэгч М.Г нь тээврийн хэрэгслийг хэрхэн эзэмшиж, ашигласан нь тодорхойгүй. Эд хөрөнгөд гэрээнээс татгалзах үндэслэл бүхий биет байдлын доголдол учирсан болох нь нотлогдоогүй. Тээврийн хэрэгслийн шаардлагатай үйлчилгээ хийлгэсэн нь гэрээг цуцлах үндэслэл болохгүй.  

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэг талаас М.Г, нөгөө талаас Тнь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч тал болох Тнь Lexus HS загварын 9452 УБС улсын дугаартай суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг шилжүүлэх, худалдан авагч тал болох М.Г тээврийн хэрэгслийн үнэ 19,000,000 төгрөгийн 10,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 9,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохирсон болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, гэрээ,  зохигчийн тайлбар, төлбөр төлсөн баримт зэргээр тогтоогдож байна.

 

4.2. Гэрээний дагуу худалдагч Ттээврийн хэрэгслийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч тал болох М.Г тээврийн хэрэгслийн үнийн 10,000,000 төгрөгийг төлж, үлдэх 9,000,000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу хэсэгчлэн төлж байгаа үйл баримт тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

 

5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

            6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ худалдах-худалдан авах гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэл доголдолтой буюу рулийн аппарат, амортизатор, пүрш, тулк, яндангийн мэдрэгч, микрофилтер, тормосын ноклад, хөдөлгүүрийн тосны насосын гарах хоолой хавхлага гацсан гэмтэлтэй бөгөөд уг доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэхээр шаардсан гэж тайлбарлаж байна.

           

7. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д эд хөрөнгийн доголдлыг арилгуулахаар худалдан авагчаас гаргах шаардлагыг тодорхойлсон бөгөөд худалдан авагч нь доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх тухай шаардлага гаргах эрхтэй байна.

 Харин эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч шаардах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан. Өөрөөр хэлбэл, уг зохицуулалт нь гагцхүү тухайн доголдол эд хөрөнгийг хүлээн авах үед илрүүлэх боломжтой тохиолдолд тухайн доголдолтой холбоотой шаардах эрхээ алдана.

 

8. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргаан бүхий тээврийн хэрэгслийн рулийн аппарат, амортизатор, пүрш, тулк, яндангийн мэдрэгч, микрофилтер, тормосны наклад зэрэг нь тээврийн хэрэгслийг худалдан авах үед эвдрэлтэй байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчээс гаргасан бараа, үйлчилгээний төлбөрийн болон зарлагын баримтууд нь худалдах-худалдан авах гэрээний зүйл болох эд хөрөнгийн доголдлыг нотлохгүй. Мөн нэхэмжлэгч М.Г нь машины рулийн аппарат нь жолоог баруун дарахад дуу гардаг, амортизатор нь донсолгоо дайрахад ажиллахгүй болсон, пүрш нь машины эх биетэй хавиралдаж байсан бөгөөд тэдгээрийг тээврийн хэрэгслийг худалдаж авсан өдрөөс хойш сар хүрэхгүй хугацааны дараа мэдсэн. Мөн машины хянах самбарт яндан мэдрэгчийн гэмтлийг анхааруулах тэмдэг тээврийн хэрэгслийг худалдан авах үед заасан байсан. Микрофильтер тоостой байсан бөгөөд тээврийн хэрэгслийг худалдан авсан өдрийн маргааш нь мэдсэн. Тормосны наклад элэгдэж дуугарсан байсан нь тээврийн хэрэгслийг худалдан авахаар унаж үзэхдээ тормос гишгээгүй тул мэдэгдээгүй гэж тайлбарлаж байна.

 

Дээрх нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд, худалдах-худалдан авах гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг худалдан авах үед рулийн аппарат, амортизатор, пүрш, тулк, хянах гэрэл, микрофильтер, тормосны наклад зэрэг нь доголдолтой байсан бөгөөд уг тээврийн хэрэгслийг хүлээн авах үед илрүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй байна. 

9. Харин “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 588 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 9452 УБС улсын дугаартай Lexus HS маркийн суудлын зориулалттай тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн тосны насосын гарах хоолой хавхлага гацсан гэмтэлтэй, уг гэмтлийг засварлах зардал 258,600 төгрөг болох нь тогтоогдсон бөгөөд уг гэмтлийг тээврийн хэрэгслийг хүлээн авах үед мэдэх боломжтой байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

10. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т “гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” 251.2-т “хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж тус тус зааснаар маргаан бүхий тээврийн хэрэгслийн рулийн аппарат, амортизатор, пүрш, тулк, хянах гэрэл, микрофильтер, тормосны наклад зэргийн шинж чанарыг гэрээгээр тогтоогоогүйгээс гадна түүнтэй холбогдуулан уг эд хөрөнгийг зориулалтаар ашиглах боломжгүй болгосон болохыг баримтаар нотлоогүй.

           

            11. Иймд тээврийн хэрэгслийн дээрх эд анги доголдолтой болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч М.Гд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан эд хөрөнгийн доголдлын талаарх худалдан авагчийн шаардах эрх үүсэхгүй гэж үзлээ.

 

11. Дээрх үндэслэлээр хариуцагч “Т” ХХК-аас худалдсан эд хөрөнгийн доголдлыг арилгахад гарсан зардал 258,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Гд олгож, нэхэмжлэлээс үлдэх рулийн аппаратын үнэ 850,000 төгрөг, 2 ширхэг амортизаторын үнэ 240,000 төгрөг, 2 ширхэг пүршийн үнэ 70,000 төгрөг, 2 ширхэг тулк-ийн үнэ 90,000 төгрөг, яндангийн мэдрэгчийн үнэ 180,000 төгрөг, микрофилтерийн үнэ 40,000 төгрөг, тормосны нокладын үнэ 170,000 төгрөг, нийт 1,640,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

12. Нэхэмжлэгч тал тээврийн хэрэгслийн дуу дүрсний бичлэг, хариуцагч тал тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний сан /www.smartcar.mn/, торгуулийн цахим мэдээллийн сан /www.torguuli.mn/-зэрэгт үзлэг хийлгэх хүсэлтээсээ тус тус татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

13. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж, шинжээчийн зардлыг хуваарилна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 255 дугаар зүйлийн 255.1.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-аас 258,600 /хоёр зуун тавин найман мянга зургаан зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Гд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,640,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК-аас шинжээчийн зардал 158,200 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 8,408 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Гд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.БАТЧИМЭГ