2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2360

 

2025            10             14                                               2025/ШЦТ/2360

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,

улсын яллагч Т.Төмөртулга, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2500 00000 0000 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Д М” ХХК-нд засварын ахлах ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо Гавьж гудамж 0-0-0 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан  дүүргийн 00 дугаар хороо, Мал бордохын аж ахуй хашаанд оршин суух гэх, урьд ял шийтгэлгүй,

Х овогт Нын Н /РД:**0000000/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим тухайн үед үүссэн үл ялих шалтгааны улмаас хохирогч Н.Бтай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны баруун, зүүн хажуу хананы цөмөрсөн хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун, зүүн зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 718 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч *******.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болно.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим тухайн үед үүссэн үл ялих шалтгааны улмаас Н.Бтай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны баруун, зүүн хажуу хананы цөмөрсөн хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун, зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.          

Энэ нь 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол,мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх7/,

Хохирогч Н.Бын “2025 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо дүүргийн автобусны хажууд Бын машинд хамт ажилладаг А, М, Б, Н бид дөрөв 2.5 литрийн 6 пиво хувааж ууцгаасан юм. Би 4 пиво уугаад ууж чадахгүй байхаар нь урд суудал дээр унтаж байхад хамт ажилладаг ах болох Н ах намайг сэрээгээд "чи арай давраад байгаа шүү" гэж хэлээд баруун гараараа миний хамар хэсэгт 2-3 удаа цохиод авахаар нь би "яаж байгаа юм бэ? ахаа" гэхэд "чи пизда минь цагдаагаа дуудаарай. Цагдаагаа дуудахгүй бол надаас нөхөн төлбөр авна гэж байхгүй шүү" гэхээр "эрүүл болоод хэлсэн үгээ сайн санаарай" гэж хэлээд гэртээ хариад 2024 оны 01 дүгээр сарын 11-ний 16 цагийн үед Гэмтлийн эмнэлэг дээр очоод хамраа үзүүлэхэд миний хамар хугарсан мөн нүдний доод хэсэгт цуурсан байж магадгүй гэхээр нь 17 цаг 20 минутад Н ахын 95072002 дугаар луу залгаад "ахаа миний хамар хугарсан байна. Одоо яах вэ?" гээд залгатал тоохгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм" гэсэн мэдүүлэг /хх-8/,

Хохирогч Н.Б дахин өгсөн мэдүүлэгтээ “Би гомдолтой байна хуулийн дагуу шийдэж өгнө үү. Миний хамар хугарсан би хамрын хагалгаанд орох гэж байгаа учир хагалгааны болон эмчилгээний зардлыг гаргуулж авмаар байна." гэсэн мэдүүлэг /хх-14/,

Гэрч Г.Аын “Би 2025 оны 01 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Дүүргийн автобусны буудлын ард Бын машин дотор ажлын хүмүүс болох Н, Б, М, Б нарын хамт 5 лааз 2,5 литрийн пиво хувааж уусан тэгээд 00 цагийн үед бид нарын уух зүйл дууссан байсан тэр үед би жолоочийн суудал дээр Б жолоочийн хажуугийн сандал дээр унтсан байдалтай Н, М, Б нар арын суудал дээр байсан тухайн үед Б унтаж байсан М утсаар ярьж байсан тэгтэл Н Быг сэрээсэн тэгтэл Б сэрээлээ гэж Н луу уурлаад байсан тэгтэл Н Бд хандаад чи миний өөдөөс томорлоо уурлалаа гээд уурлаад Бын нүүрэн тус газар нь гараараа цохиод авсан тэгээд тэр хоёр хоорондоо хэрүүл хийгээд машинаас буусан тэгээд гадаа орилолдоод хэрэлдээд байхаар нь би буугаад та хоёр одоо боль гээд салгатал Бын хамраас цус гарсан байсан тэгээд хэсэг хэрүүл хийж байгаад Б түрүүлээд яваад өгсөн удалгүй бид нар бас салаад явцгаасан" гэсэн мэдүүлэг /хх-18/, хохирогчийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /хх-24-25/, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байна.

3. Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ЕГ0725/2052 дугаартай "...Н. Бын биед хамар ясны баруун, зүүн хажуу хананы цөмөрсөн хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэжээ. /хх-24-25/,

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр, хохирогчийг гараараа цохих үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас  хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох,  гэмт хэрэг үйлдэж  хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан.

Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.

7. Хохирогч нь хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй байх тул цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан бол, шүүгдэгчээс “хэлэх зүйлгүй” гэжээ.

9. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзлээ.

11. Шүүгдэгчийн үйлдэлд 450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан.

12. Иймд шүүгдэгч ******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон болон бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Нын Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 нэгж буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Н.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний хэргийн журмаар буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.МӨНХБААТАР