Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2023/00138

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2023/00138

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч А.Сарантуяа, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  Б

 

Хариуцагч: П

 

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 2,714,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгч С.Б

Хариуцагч Ц.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэм хорын хохиролд 2,714,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр өөрийн өмчлөлийн **** улсын дугаартай 0 маркийн мотоциклтой Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жуулчны гудамж, Засгийн газрын 7 дугаар байрны урд замд гарсан зүүнээс баруун чиглэлд явж байтал баруун гар талаас буюу Засгийн газрын байр талаас иргэн Ц.П 70-47 УБВ улсын дугаартай T маркийн суудлын авто машинаар чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүйгээр хөдөлгөөнийг үргэлжлүүлж миний мотоциклтой мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. Тээврийн цагдаад дуудлага өгч зөрчил гаргасан газар үзлэг, хэмжилт хийж иргэн Ц.П буруутай нь тогтоогдож, Зөрчлийн тухай хуулиар шийтгэл ноогдуулсан. Миний бие хохирлын үнэлгээг Ашид билгүүн ХХК-иар хийлгэхэд 1,306,000 төгрөгийн үнэлгээ гарсан. Эрүүл мэндийн шинжилгээ осолтой холбоотой эмнэлгийн зардалд 262,500 төгрөг, ослоос хамааралтай зардал 328,000 төгрөг, эрүүл мэндийн шалтгааны улмаас 2 долоо хоногийн хугацаанд ажилдаа явж чадаагүй цалингийн өнхөн олговорт 818,180 төгрөгийн төлбөрийг Ц.П хохиролыг барагдуулаагүй байгаа тул шүүхэд шүүхэд нэхэмжлэл гаргаж гаргаж байна. Иймд Замын хөдөлгөөний дүрмийн зөрчиж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй замын хөдөлгөөнд оролцож миний эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулсан буруутай нь нотлогдсон хариуцагч Ц.П-ээс үнэлгээгээр тогтоогдосон 2,714,680 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 0 улсын дугаартай T марктай, эгч Л.Т-ийн автомашиын 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр жуулчны гудамжид барьж явахдаа 0 улсын дугаартай К маркийн мотоциклтой мөргөлдсөн. Энэ асуудлыг замын цагдаагаас шалгаж үзээд хохирогч С.Б-ийн биед хөнгөн гэмтэл учирсан тул намайг Зөрчийн тухай хуулиар торгосон. С.Б-ийн мотоциклд 1,306,000 төгрөг, эмчилгээний зардал 262,500 төгрөг, ослоос хамааралтай зардал 328,000 төгрөг, цалингийн нөхөн олговорт 818,180 төгрөг, нийт 2,714,680 төгрөгийг нэхэмжилсэн байна. Үүнээс мотоциклийн зардал 1,306,000 төгрөг, эмчилгээний зардал 262,500 төгрөгийг төлөх болно. Харин бусад зардлыг төлж барагдуулах хууль зүйн үндэс байхгүй тул холбогдох бусад зардлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: С.Б-н иргэний үнэмлэхний хуулбар /хх 4/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 5/, М ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А-04-22/228 тоот албан бичиг /хх 6/, Тээврийн цагдаагийн албаны 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдлын хуулбар /хх 7-9/, бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар /хх 10/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвчийн хуулбар /хх 11-12/, Тээврийн прокурорын газрын 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 754 дугаар Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолын хуулбар /хх 13-14/, автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний хуулбар /хх 15-16/, эмнэлгийн магадлагаа /хх 17/, гэрчийн мэдүүлэг авсан тэмэдгэлэл /хх 18/, иргэнийн эрүүл мэндийн дэвтэр /18-27/

 

5. Хариуцагчаас хариу тайлбар /хх 37/, нотлох баримт гаргаж өгөөгүй.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Ц.П-д холбогдуулж гэм хорын хохиролд 2,714,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гарган шүүхэд хандсан.

 

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ ... 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчийн буруутай үйлдлийн улсын миний 0 УБ улсын дугаартай К маркийн мотоцикл, эрүүл мэндэд хохирол учирсан. Хохирлын үнэлгээг хийлгэхэд 1,306,000 төгрөг болсон. Мөн уг ослоос үүдэн гарсан эмчилгээний зардал 262,500 төгрөг, ослоос хамааралтай зардал 328,000 төгрөг, цалингийн нөхөн олговорт 818,180 төгрөгийн хамт нийтдээ 2,714,680 төгрөгийг нэхэмжилнэ гэж тайлбарласан.

 

Хариуцагчийн зүгээс дээрх зам тээврийн осол түүний буруутай үйлдлийн улмаас гарсан, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд тодорхой хэмжээний хохирол учирсан талаар маргаагүй. Харин өөрийн татгалзлаа ... ослоос хамааралтай зардал 328,000 төгрөг, цалингийн нөхөн олговорт 818,180 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй байна гэж тайлбарлав.

 

Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн тайлбаруудтай харьцуулан судлаад нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаас үзэхэд бусдын эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Харин гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсгээр зохицуулжээ. Дээр дурдсанчлан хариуцагч гэм буруугийн талаар маргаагүй учир нэхэмжлэгч өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлоо шаардах эрхтэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хэргийн оролцогч өөрийн шүүхэд гаргасан шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Харин энэхүү үүргийнхээ хүрээнд шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, гэрч асуулгах зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлж оролцдог.

 

Өөрийн эд хөрөнгө болон эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээг нотлох үүднээс нэхэмжлэгч Ашид билгүүн ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, үнэлгээ хийлгэхэд төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт, эрүүл мэндийн дэвтэр, эмчийн магадлагаа, цалингын тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгчээ.

 

Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн автомашинд 1,306,000 төгрөгийн эвдрэл, хохирол гарсан, мөн эмчилгээний зардал 262,500 төгрөг, ослоос хамааралтай зардал 328,000 төгрөг, цалингийн нөхөн олговорт 818,180 төгрөг болсон үйл баримт тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд нийцнэ.

 

3. Хэдийгээр хариуцагч ... ослоос хамааралтай зардал 328,000 төгрөг, цалингийн нөхөн олговорт 818,180 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн тайлбарыг гаргасан боловч өөрийн татгалзлаа нотлоогүй, нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн бичгийн баримтуудыг няцааж чадаагүй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 58,385 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.П-ээс 58,385 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б-д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ц.П-ээс 2,714,680 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 58,385 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.П-ээс 58,385 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ

А.САРАНТУЯА

Х.ЭНХЗАЯА