| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2022/05437/И |
| Дугаар | 102/ШШ2023/01416 |
| Огноо | 2023-04-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2023/01416
| 2023 оны 04 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2023/01416 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ж.Кульдана нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 24 дүгээр хороо үйлдвэрийн төвийн бүс гудамж 4а байрны 55 тоотод оршин байрлах Олхонууд овогт Банзрагчийн П/РД
Хариуцагч: Баянгол дүүргийн 24 дүгээр хороо 4б байрны 18 тоотод оршин суух Харчин овогт Бадарчийн Г /РД:
Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 660,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч П
Хариуцагч Б.Г
Иргэдийн төлөөлөгч Б.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Урансайхан
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Б.Пнь хариуцагч Б.Гад холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 660,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч Б.Г нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны 4а байрны гадаа 5279 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун крыло-г гэмтээж 660,000 төгрөгийн хохирол учруулсан.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Манай байр зогсоол муутай. Тэр өдөр өглөө эмнэлэгт хэвтсэн ээжийгээ эргэхээр хоол аваад гарсан чинь Б.П машин гарах хөдөлгөөнийг хаасан байсан. Би түүн рүү залгаад “та машин хааж тавьснаа мэдэж байна уу, эмнэлэг явах гэж байна” гээд жаахан бухимдалтай ярихад тэрээр “ажил дээрээ байна, хохино” гэж хэлсэн. Би эмнэлэг явах гээд яарч байсан тул түүний машиныг хөдөлгөхөөр нааш, цааш болгож байгаад жаахан хонхойлгосон. Тэр хэсгийг цохиж аймаар болоогүй. Авто машины хохирлын үнэлээ 230,000 төгрөгөөр тогтоосон байгааг зөвшөөрч, нэхэмжлэлээс үлдэх 440,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.
3. Иргэдийн төлөөлөгч Б.На хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч Б.Г өөрөө буруугаа хүлээсэн тул гэм буруутай. Нэхэмжлэгчийн гаргасан үнийн дүн зах зээлийн үнэлгээнээс илүү бодитой биш гэж үзэж байна гэжээ.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 52УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, “Виннер вэй” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10288 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан, “Виннер вэй” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, фото зураг, “Цүкуба” ХХК-ийн 630,000 төгрөгийн нэхэмжлэх зэрэг баримтуудыг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2205001486 дугаартай зөрчлийн хэргийн материалыг шүүх бүрдүүлсэн. Хариуцагчаас шүүхэд гаргасан баримтгүй.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч Пнэхэмжлэлээс 260,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Б.Гын гэм буруутай үйлдлийн улмаас эд хөрөнгөд гэм хорын хохирол учирсан.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: Нэхэмжлэгч Птээврийн хэрэгслийг гэмтээсэн эсэх талаар маргахгүй бөгөөд нэхэмжлэлээс хохирлын үнэлгээ тогтоосон 230,000 төгрөгийг төлж, үлдэх 440,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хариуцагч Б.Г нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны 4а байрны гадаа 5 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд крыло-г гэмтээсэн болох нь Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0010781 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар тогтоогдож байна.
4.2. Нэхэмжлэгч Б.Пнь 52 УАС улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
4.3 Дээрх зөрчлийн улмаас нэхэмжлэгч Пэзэмшлийн 52УАС улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгслийн баруун урд крыло гол хэсгээрээ хонхойж 230,000 төгрөгийн хохирол учирсан, нэхэмжлэгч тээврийн хэрэгслийн үнэлгээ хийлгэхэд 30,000 төгрөгийн зардал гаргасан болох нь “Виннер вэй” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10288 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан, Виннер вэй ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтаар тус тус нотлогдож байна.
5. Хариуцагч Б.Гын бусдын эд хөрөнгийг гэмтээсэн буруутай үйлдэл, нэхэмжлэгч Б.Гын эд хөрөнгөд хохирол учирсан байдал нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж дүгнэв.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Пэд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг шаардах эрх үүссэн байх бөгөөд хариуцагч Б.Г хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзлээ.
7. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй тул хариуцагч Б.Гаас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 260,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Пд олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
8. Нэхэмжлэгч Б.Пнь Цүкуба ХХК-ийн нэхэмжлэх гэх баримтыг үндэслэн тээврийн хэрэгслийн крыло сэлбэгийн үнэ 600,000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч уг баримтыг үйлдсэн этгээдийн гарын үсэггүйгээс гадна тухайн тээврийн хэрэгсэлд үзлэг хийж үнэлгээ гаргасан “Виннер вэй” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10288 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайланг үгүйсгэх баримт гэж үнэлэх боломжгүй байна.
9. Иргэдийн төлөөлөгчийн гаргасан “хариуцагч гэм буруутай, нэхэмжлэгч нэхэмжилсэн хохирлын үнэлгээг бодитой болохыг баримтаар нотлоогүй” гэсэн дүгнэлтийг дээрх үндэслэлтэй нийцэж байна гэж гэж үзлээ.
10. Хариуцагч Б.Гаас гэм хорын хохирол 260,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Пд олгож, нэхэмжлэлээс үлдэх 400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
11. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тэр хэмжээгээр хариуцагч, нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Б.Гаас 260,000 /хоёр зуун жаран мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Пд олгож, нэхэмжлэлээс үлдэх 400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 8,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Пд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Ж.КУЛЬДАНА