| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 104/2022/00599/И |
| Дугаар | 102/ШШ2023/01414 |
| Огноо | 2023-04-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2023/01414
| 2023 оны 04 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2023/01414 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 8 хороо, Архивчдын зам гудамж, Шинэ яармаг цогцолбор, 732 дугаар байранд байрлах, “Н” ХХК /РД: 6/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, ТЭМ-101 байр, 87 тоотод байрлах БХХК /РД:
Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, тэм-101 дүгээр байр, 87 тоот хаягт оршин суух, Баяр лайтан овогт Цээсүрэнгийн Б /РД:/
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 50.000.000 төгрөг алданги 25.000.000 төгрөг нийт 75.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А
Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Ц.Б
Хариуцагчийн өмгөөлөгч Ч.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч “Б” ХХК-нд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 75,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“Н” ХХК нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 22/220 дугаартай бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээг “Б” ХХК-тай байгуулсан байдаг. Ингээд гэрээний дагуу бараа материалын төлбөрт талуудын хооронд байгуулсан гэрээний 2.8-д зааснаар урьдчилгаа төлбөр болох 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн.
Талуудын хооронд байгуулсан гэрээний төлбөрийг нийлүүлэлтийн актыг үйлдэн дараагийн төлөлтийг хийхээр байсан боловч манай байгууллагад гэрээнд заасны дагуу хөнгөн блокыг нийлүүлэх үүргээ гэрээ байгуулснаас хойш “Б” ХХК нь нэг ч удаа гүйцэтгээгүй байдаг. Иймд гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 50,000,000 төгрөгийг гаргуулж, гэрээний 2.9-д зааснаар хоног тутамд захиалагчаас нийлүүлэгчид шилжүүлэх ёстой үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцож нэхэмжлэх эрхтэй гэх заалт болон тус гэрээний 5.1-д зааснаар нийлүүлэгч тал тогтоосон хугацаанд барааг нийлүүлээгүй тохиолдолд гэрээний гол нөхцөлд заасан хэмжээний алдангийг хугацаа хоцорсон хоног тутам захиалагчид төлнө.” гэж заасныг үндэслэн алданги 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 110 хоногийн хугацаа хэтрэлт 27,500,000 алдангиас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 25,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
2. Хариуцагч, хариуцагч “Б” ХХК –ийн төлөөлөгч Ц.Б хариу тайлбартаа: “Б” ХХК нь гэрээний урьдчилгаа төлбөр 50,000,000 төгрөгийг авсан нь үнэн боловч тухайн үед үйлдвэрт урьдчилан тооцоогүй гэмтэл, гэнэтийн саатал гарч үйл ажиллагаа доголдсоны улмаас эхний ээлжийн бүтээгдэхүүнийг 7 дугаар сард графикийн дагуу нийлүүлж чадаагүй. Улмаар 8 дугаар сарын эхээр 2 машин блок ачиж хүргүүлсэн боловч өөр газраас блокоо авахаар болсон гэдэг тайлбар хэлээд манай бүтээгдэхүүнийг буцаасан. “Н” ХХК нь хаанаас ч блок аваагүй гэдэг мэдээлэл авсан.
Нэгэнт “Н” ХХК нь бүтээгдэхүүн авахаа больсон тул төлбөрийг барагдуулах талаар яриа хийж, 50,000,000 төгрөгт барилгын цемент өгөх санал тавьсан. Тэд зөвшилцөж хариу өгье гэхээр нь хүлээж байтал хариу өгөөгүй. Тэгтэл намар цемент нэг тонн нь 800,000 төгрөгт хүрч үнэд орсон хойно цемент авъя гэсэн. Тэд цаг алдсанаас шалтгаалан “Б” ХХК-аас цемент нийлүүлж чадаагүй.
Талуудын хооронд гэрээ байгуулагдсан болохоор үйлдвэрийн тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэлтэй холбоотой шалтгааныг хүндэтгэн үзэх, график зөрчсөн асуудалд хариуцлага тооцоод гэрээг үргэлжлүүлээд явах боломж нэхэмжлэгч талд байсан боловч хариуцагч талаас бүтээгдэхүүнийг авахаас татгалзсан нь өөр шалтгаантай.
“Н” ХХК гэрээний нэг хувийг өгөөгүй тул гэрээний заалтуудыг мэдэхгүй байна. “Б” ХХК-ийг дангаараа буруутай мэтээр тайлбарлан их хэмжээний алданги тооцож 75,000,000 төгрөг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, “Н” ХХК-аас БХХК-нд 50,000,000 төгрөг шилжүүлсэн баримт, “Н” ХХК болон БХХК-ийн хооронд байгуулагдсан бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ зэрэг баримтуудыг, хариуцагчаас “Өрнөх констракшн” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 477312 дугаартай, 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 477314 дугаартай, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 00156 дугаартай зарлагын баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Худалдагч “Б” ХХК нь худалдах-худалдан авах гэрээний зүйл болох блок нийлүүлэх үүргээ гүйцэтгээгүйгээс гэрээнээс татгалзсан.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч “Н” ХХК нь гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзсан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч “Н” ХХК болон хариуцагч “Б” ХХК нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч тал болох “Б” ХХК нь 125 мм зузаантай D500 нягттай 476.19 м3, 360 мм зузаантай D500 нягттай 170м3 хөнгөн блок шилжүүлэх, худалдан авагч тал болох “Н” ХХК хариу төлбөрт нэгж үнийг 230,000 төгрөгөөр тооцож, гэрээ байгуулагдсаны дараа нийлүүлэгчийн нэхэмжлэхийн дагуу 50,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 50,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 48,623,700 төгрөг тус тус төлөхөөр харилцан тохирсон болох нь гэрээ, зохигчдын тайлбар, төлбөр төлсөн баримт зэргээр тогтоогдож байна.
4.2. Хариуцагч “Б” ХХК нь графикийн дагуу блокыг нийлүүлээгүй, нэхэмжлэгч “Н” ХХК урьдчилгаа төлбөр 50,000,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төлсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.
5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
6. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 2.3-т бараа нийлүүлэх хуваарь хугацааг инженер техникийн ажилтнаас гаргасан татан авалтын төлөвлөгөөний дагуу хөнгөн блок үйлдвэрлэгдэнэ гэж заасан байна. Талууд бүтээгдэхүүн татан авалтын төлөвлөгөөний баримт үйлдээгүй, харин нэхэмжлэгч талаас бүтээгдэхүүнийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хүртэл нийлүүлэх, хариуцагч талаас 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 10 дугаар сар гартал нийлүүлэхээр хугацаа тогтоосон гэж харилцан адилгүй тайлбарлаж байна.
7. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч “Б” ХХК нь 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 10 дугаар сар гартал бүтээгдэхүүнийг нийлүүлсэн буюу худалдан авагч “Н” ХХК 2022 оны 8 дугаар сард бүтээгдэхүүнийг хүлээн аваагүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Мөн “Өрнөх констракшн” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 23, 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн худалдан авагч Ц.Бд бүтээгдэхүүн нийлүүлсэн зарлагын баримт, талуудын хооронд гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “Өрнөх констракшн” ХХК-аас худалдан авагч “Н” ХХК-нд 3,560,000 төгрөгийн үнэ бүхий хөнгөн бетон блок нийлүүлсэн зарлагын баримтыг уг хэрэгт хамааралтай гэж үнэлэх үндэслэлгүй байна.
8. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, мөн хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-т “ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй” гэж заасан.
Худалдагч тал болох “Б” ХХК нь 2022 оны 7 дугаар сард бүтээгдэхүүн нийлүүлээгүйгээс ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй байна.
9. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1.-д зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан. Хариуцагч “Б” ХХК нь 7 дугаар сард бүтээгдэхүүнийг нийлүүлээгүйтэй холбогдуулан нэхэмжлэгч “Н” ХХК нь гэрээнээс татгалзах тухай мэдэгдсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.
10. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч “Н” ХХК нь гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 50,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна.
11. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг үүргийн биелэлтийг шаардаж байгаа тохиолдолд гүйцэтгэгдээгүй үнийн дүнгээс тооцохоор хуульчилсан байна. Нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсанаар гэрээний бүхий л тохиролцооноос татгалздаг тул худалдагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй бол алданги тооцох тухай гэрээний заалт мөн адил цуцлагдсан гэж үзнэ. Иймд нэхэмжлэлээс алданги 25,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
12. Дээрх үндэслэлээр хариуцагч “Б” ХХК-аас 50,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 25,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13. Хариуцагч Ц.Б нь "Б" ХХК-ийн төлөөлөгчийн хувиар “Н” ХХК болон "Б" ХХК-ийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний харилцаанд оролцсон, тэрээр иргэний хувьд гэрээ байгуулж, үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлээс хариуцагч Ц.Бд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
14. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагчид хуваарилна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-аас 50,000,000 /тавин сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 25,000,000 төгрөгт, хариуцагч Ц.Бт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 407,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ