Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/025

 

Ж.Дэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, өмгөөлөгч *******

Орчуулагч *******

Шүүгдэгч Ж.Д, түүний өмгөөлөгч ******* нар онлайнаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч *******ы гаргасан давж заалдах гомдлоор Ж.Дад холбогдох эрүүгийн 2014001610251 дугаар хэргийг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Ж.Д, эрэгтэй, яс үндэс казак, бүрэн дунд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй,

Ж.Д нь 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн 20-72 БӨҮ улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Баянхонгор аймгаас Байдрагийн гүүр орох чиглэлийн асфальтан хучилттай зам дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг зөрчиж, осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч С.Б нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ж.Дад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овгийн ******* овогтой Дыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* овогтой Дыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван / 03 / жилийн хугацаагаар хасаж, нэг / 01 / жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Дыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас нэг / 01 / жилийн хугацаагаар явахыг хориглож, уг ялтанд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ж.Д нь зорчих эрхийг эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ж.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар авто машины дугуй хоёр ширхгийг хураан авсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг дугуйг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт хохирогчоос гаргаж өгсөн СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Шүүгдэгч Ж.Д нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Ж.Дын Монгол улсын иргэний үнэмлэх нэг ширхэг, тээврийн хэрэгсэл жолоодох жолоочийн 257370 дугаартай үнэмлэх нэг ширхэг зэргийг хамт ирүүлснийг иргэний үнэмлэхийг эзэмшигч Ж.Дад буцаан олгож жолоочийн үнэмлэхийг ЦЕГ-ын лицензийн төвд хүргүүлж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Учир нь: шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэсэн шударга ёсны зарчмыг баримталсан боловч шүүгдэгч Ж.Дад зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь шударга ёсны зарчмын зорилгод нийцээгүй байна.

Учир нь шүүгдэгч Ж.Дын үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд энэ нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг хангалттай тодорхойлж байна.

Түүнчлэн Эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан боловч шүүгдэгч Д нь талийгаачийг Баянхонгор аймгаас авч ирсэн болон ажил явдалд гарсан бодит хохирлыг төлсөн ба талийгаачийн амь насыг ямар нэгэн мөнгөн дүнгээр барагдуулаагүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хорих болон зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдтэй.

Гэтэл шүүх учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулснаас гадна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн гэж дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Талийгаачид ямар нэгэн эмнэлгийн туслалцаа үзүүлээгүй, хэргийн газраас амиа бодож ганцаараа явсан болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт учирсан хохирлыг нөхөн төлөгдсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцогдохгүй гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т заасан Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

Хавтаст хэргийн 70-76 дахь хуудаснууд болох гэрчийн мэдүүлэгүүд болон нотлох баримт болгож өгсөн СD бичлэгийг шинэжлэн судалж, шүүгдэгч Ж.Дэд холбогдох зүйл, заалтын дагуу үнэн зөвөөр нь хариуцлага хүлээлгэж өгнө үү гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдааны үеэр санал гаргах боломжгүй болсон/ шүүх хуралдааны тэмдэглэл/

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Наргайып тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон, ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ы давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Шүүгдэгч Ж.Д нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн 20-72 БӨҮ улсын дугаартай “Норд Бенз” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Баянхонгор аймгаас Байдрагийн гүүр орох чиглэлийн асфальтан хучилттай замд авто машины тоормос нь бариагүйгээс авто машин зогсолгүй уруудахад туслах жолооч С.Б, дараа нь шүүгдэгч Ж.Д машинаас үсэрсэн ба С.Б гавал, тархи, цээжний хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан, шүүгдэгч Ж.Дын биед хөнгөн хохирол учирсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь хавтаст хэргийн 212-213 дугаар талд авагдсан “...2 дугаар араанд хийгээд явж байхад пад гээд дуу гарах шиг болсон ба тоормос дээрээ гишгэхэд машин зогсохгүй байсан. ... туслах жолооч Бэд машины торомз ажиллахгүй байна. Машин зогсохгүй юм шиг байна гэж хэлэхэд... торомзоо гишгээд үз гэж хэлэхээр нь би түүнд тоормос гишгээд тоормос барихгүй байна гэж хэлсэн. ...Б машинаас үсэрчихсэн байсан. ...машин зогсох шинжгүй байхаар нь би ч гэсэн машинаас машины хаалгаар үсэрчихсэн...” гэх шүүгдэгч Ж.Дын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

Хэргийн 204-205 дугаар талд авагдсан “...хоорондоо ярилцаад амь амиа бодъё гэж хэлээд эхлээд манай ах үсрээд дараа нь би үсэрсэн гэж тэрээр өөрөө хэлж байсан. Ж.Д нь ... тэр үед хамт явж байсан туслах жолоочоо хайж олоогүй гэсэн ...” гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

Хэргийн 66-67 дугаар талд авагдсан “...Намайг очиход 2 цагдаа байсан, машин нь замын хажуу руу унасан байдалтай талийгаач Бахатбек унасан машинаас 300 метрийн зайд замын хажуугийн даланд цус алдсан байдалтай хөдөлгөөнгүй хэвтэж байсан. ...хоёр цагдаа нас барсан байна гэж хэлсэн.... гэх гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

Хэргийн 206-207 дугаар талд авагдсан “... Ер нь Дын машин нь аймгаас гараад л эвдэрсэн гэх гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

Хэргийн 127-128 дугаар талд авагдсан “...Талийгаач С.Бын... гэмтлүүд ...нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь гавал, тархи, цээжний хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. ...үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй ... цус болон ходоодны шингэнд хийсэн химийн шинжилгээгээр цусанд промилли спиртийн агууламж илрээгүй, ходоодны шингэнд 0.9% промилли спиртийн агууламж илэрсэн...” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 132 дугаар дүгнэлт,

Хэргийн 127-128 дугаар талд авагдсан “...Тээврийн хэрэгслийн бүхээг дотор зорчин явсан зорчигч Санырау овогт Солткейгийн Б нь нас барсан нь зам тээврийн ослоос болоогүй байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.1.а/ Хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх. 6.2.в/ Тээврийн хэрэгслийн явдал дунд хаалга нээх. буух, суух, ачаа ачих, буулгах, цонхоор биеэ болон бусад зүйл гаргахыг хориглоно гэсэн тус тус заалтыг зөрчсөн ..., зам тээврийн осолд замын зохион байгуулалт, нөхцөл байдал нөлөөлөөгүй байна.... *******   овогт Ж.Д /РД:Б372100151/-нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. а/ Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн тус тус заалтыг зөрчсөн тул зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна... “ гэх Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаар дүгнэлт,

Хэргийн 120-123 дугаар талд авагдсан “...Дийн эзэмшлийн өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслүүд зам тээврийн осолд орж онхолдсоны улмаас их хэмжээний эвдрэл гэмтэл үүссэн байна. Тээврийн хэрэгслүүдийн жолооны механизм болон тоормосны систем нь бүрэн ажиллагаатай эсэх, ямар нэгэн эвдрэл гэмтэл байсан эсэх, уг эвдрэл нь осол болох үед үүссэн эсэхийг тогтоох боломжгүй., ...Тээврийн хэрэгсэл 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Техникийн хяналтын төвд үзлэгт орж "тэнцсэн” дүгнэлт гарсан байна....” гэх Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 3 дугаар дүгнэлт,

Хэргийн 135-136 талд авагдсан “...урьд гаргасан...шинжээчийн 17 дугаар дүгнэлт үндэслэлтэй ...”гэх Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээч нарын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаар дахин дүгнэлт,

Хэргийн 114-115 дугаар талд авагдсан “... Ж.Дын биед тархи доргилт, баруун мөрний үений мултрал, нүдний зовхи, алимны салстад цус хуралт, зулай, дух, хамар, хацар, чамархай, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.... Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой....шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 132 дугаар дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Мөн анхан шатны шүүх “хохирогч С.Б машины бүхээгээс үсэрч нас барсан нь шүүгдэгч Ж.Дын авто машиныхаа бүрэн бүтэн байдлаа хангаагүйтэй шалтгаант холбоотой гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлтэй, зөв байх бөгөөд энэ талаар хавтаст хэргийн 127-128 талд авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн “... С.Б нь нас барсан нь зам тээврийн ослоос болоогүй, зам тээврийн осолд замын зохион байгуулалт, нөхцөл байдал нөлөөлөөгүй, Ж. Д нь тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаагүй нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна... “ гэх Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 17 дугаар дүгнэлт, ... 3 удаа торомзныхоо накладыг янзалж явсан, ...Олон овоо гэх давааны наана 4 дүгээр араагаар гарсан..., ... даваанаас уруудах үед машиныхаа тоормосыг ажиллахгүй байсан гэж Ж.Д өөрөө ... хэлсэн.” гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх -ийн 204-205/, “... Ер нь Дын машин нь аймгаас гараад л эвдэрсэн. Осол гарсан дараа ч Д манай гэрт ирэх үед бидэнд замд машин хэд хэдэн удаа эвдэрч машиныг янзалсан ... гэх гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 206-207/, шийтгэлийн хуудас/хх-129/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Мөн Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 17 дугаар дүгнэлтэд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. а/ Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан “эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэх заалтыг зөрчсөн гэх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээч нарын 30 дугаар дахин дүгнэлт , жолооч Ж.Д эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ хэрэгжүүлээгүйгээс хохирогч С.Б машины бүхээгээс үсэрч нас барсан үйлдэлд анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Дыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй юм.

Шүүгдэгч Ж.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д “замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бүтэн байлгах үүргийг тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч/ өмчлөгч/ буюу ашиглагч этгээд хүлээнэ” гэж, Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. а/ -д “Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан “эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын “нэг. Тоормосны системын эвдрэл, гэмтэл”тэй машин механизмыг ашиглахыг хориглоно гэж заасныг тус,тус зөрчснөөс тухайн гэмт үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр илрэн гарчээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний хүрээнд ял оногдуулахдаа гэмт хэрэг дээрх байдлаар болгоомжгүйгээр үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохиролд 10 000 000 төгрөг өгсөн зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Харин “....шүүгдэгч Ж.Дад зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь шударга ёсны зарчмын зорилгод нийцээгүй, ....талийгаачийн амь насыг ямар нэгэн мөнгөн дүнгээр барагдуулаагүй, ....Талийгаачид ямар нэгэн эмнэлгийн туслалцаа үзүүлээгүй, хэргийн газраас амиа бодож ганцаараа явсан...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт учирсан хохирлыг нөхөн төлөгдсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдохгүй ...” гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ы тус шүүхэд гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох боломжгүй бөгөөд бусдын амь насыг үнэлж, улмаар гэм хорыг хохирлыг нөхөн төлүүлэх хуулийн зохицуулалтгүй, шүүгдэгч Ж.Д нь өөрөө хөнгөн гэмтэл авсан байсан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ы гомдлыг хэрэгсэхгүй болгох нь шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ы гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Г.УЛАМБАЯР

Л.НЯМДОРЖ