Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 69

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалан,

            Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Я.Дина,

            Шүүгдэгч: Ү.Очир-Эрдэнэ,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын Газраас 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэх овгийн Үнэнбатын Очир-Эрдэнэд холбогдох 1735000030004 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Төмөр замын дээд сургуулийн оюутан, ам бүл-5, аав, ээж, ах, дүү нарын хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар баг 05-12 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОК97092738, Бэх овгийн Үнэнбатын Очир-Эрдэнэ.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ү.Очир-Эрдэнэ нь 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн нутагт Х.Батдэмбэрэлийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

            1. Хохирогч Д.Цэвээний мөрдөн байцаалтад өгсөн: “Намайг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн үед Өндөрхангай сумын төвд гудамжинд явж байгаад Батгэрэл эгчийн дэлгүүрлүү ороод Эрдэнэцэцэгтэй юм ярид зогсож байтал гаднаас Очир-Эрдэнэ орж ирсэн юм. Эрдэнэцэцэг бид хоёр аль эртнээс бие биенэ таньдаг бөгөөд би Эрдэнэцэцэгтэй хэсэг хугацаанд юм ярьсан. Тэгтэл Очир-Эрдэнэ гарч яваад хэсэг хугацааны дараа орж ирээд намайг дэлгүүрээс дагуулаад гарсан. Тэгээд Очир-Эрдэнэ бид хоёр хэсэг хугацаанд юм яриад зогсож байгаад салцгаасан бөгөөд намайг гудамжинд явж байтал манай сумын залуу болох Бат-Эрдэнэ намайг чиглээд ирэхээр нь би хүлээж зогссон. Тэр үед Очир-Эрдэнэ гудамжны цаанаас мотоцикльтой намайг чиглэж ирээд миний хажууд зогссон бөгөөд надруу чиглээд ирж байсан Бат-Эрдэнэ цаашаа эргээд гудамж тойроод явчихсан. Тэгээд Очир-Эрдэнэ надад “Намайг дагаад яв” гэж хэлэхээр нь би “Чадахгүй, ажилтай байна” гэж хэлэхэд Очир-Эрдэнэ гараа саваад миний хамарлуу цохиход миний хамарнаас цус гарч, хамар хугарсан юм. Тэгэхээр нь би Очир-Эрдэнэ ахад “Та яагаад хүн цохиж байгаа юм” гэж хэлэхэд “Араас хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “За” гэж хэлчихээд Очир-Эрдэнэ ахыг явчихаар нь шууд гэрлүүгээ харьсан. Гэртээ очиход ээж миний хамрыг харчихаад юу болсон талаар асуухад нь “Очир-Эрдэнэ ах намайг цохьчихлоо” гэж хэлсэн. Тэгээд ээж намайг сумын эмнэлэгт аваачиж үзүүлэхэд “Аймгийн эмнэлэгт үзүүл” гэж хэлэхээр нь ээж бид хоёр маргааш өглөө нь аймгийн төв орж нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд “Миний хамрыг цуурч хугарсан байна” гэж хэлээд тэгшилж өгсөн. Очир-Эрдэнэ ахын найз охин Эрдэнэцэцэг бид хоёр эртнээс нэг нэгийгээ таньж мэддэг бөгөөд ойролцоо насных тул нэг нэгэнтэйгээ тоглоод байж байдаг юм. Үүнийг Очир-Эрдэнэ ах буруугаар ойлгосон юм шиг байна лээ. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Очир-Эрдэнэ надад учирсан бүх хохирлыг төлж барагдуулсан” гэх  мэдүүлэг /хх-ийн 13-р тал/,  

           2. Гэрч Л.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэгт багт байх эгч Батгэрэлийн гэрт Улаанбаатар хотоос ирсэн юм. Манай эгч Батгэрэл нь хүнсний дэлгүүр ажлуулдаг бөгөөд намайг “Дэлгүүр дээр түр хэдэн хоног зогсож бай, би Улаанбаатар хотруу явах ажилтай болчихлоо” гээд явсан юм. Нэг өдөр  эгчийнхээ дэлгүүр дээр зогсож байтал гаднаас Батдэмбэрэл архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн орж ирээд намайг “Архи зарчих” гэж хэлэхээр нь би “Архи зарж болохгүй хориотой байгаа” гэж хэлсэн чинь Дэмбээ миний гарыг барьж авчихаад тавихгүй байсан юм. Тэгэхээр нь би “Чи одоо ямар ядаргаатай юм бэ, миний гарыг тавьчих” гэж хэлсэн чинь “Чи яагаад Очироотой үерхсэн юм бэ” гээд асуугаад байхаар нь би “Чамд ямар хамаатай юм” гээд гараа татаж авах гэсэн чинь гаднаас манай найз залуу Очир-Эрдэнэ орж ирсэн. Тэр үед Дэмбээ миний гарыг тавиад гараад явсан юм. Тэгээд Дэмбээ оройхон архи согтууруулах ундааны зүйл нэлээн уучихсан шинжтэй орж ирээд миний гарнаас зуураад “Чи яагаад Очироотой үерхсэн юм бэ. Надтай болохгүй байсан юм уу” гэж хэлэх үед  Очир-Эрдэнэ гаднаас ороод ирэхээр нь Дэмбээ миний гарыг тавьсан юм. Тэгсэн Очир-Эрдэнэ “Дэмбээ хоёулаа уулзаадхуу” гэж хэлээд Дэмбээг дагуулаад гараад явсан. Тэгээд ганц хоёр хоногийн дараа би дэлгүүр дээрээ нэг хүүхэдтэй хөзөр тоглож байсан чинь Дэмбээ миний хамт байсан хүүхэдрүү утсаар залгаад “Чи Эрдэнцэцэгийг дагуулаад манайд хүрээд ир” гэхээр нь би Дэмбээгийн гэрт очиход Дэмбээ надад “Чи Очироод намайг юу гээд хэлчихсэн юм бэ. Очир-Эрдэнэ намайг зодчихлоо” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би Очир-Эрдэнэтэй уулзаад “Юу болсон юм бэ” гэж асуухад Очир-Эрдэнэ надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Очир-Эрдэнэ урьд өмнө нь иймэрхүү асуудал гаргаж байгаагүй юм. Миний мэдэхээр Дэмбээ, Очир-Эрдэнэ хоёрын хооронд ямар нэгэн өш хонзонгийн асуудал байхгүй. Тэр хоёр урьд өмнө нь хоорондоо сайн харьцаатай байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,

 

            3. Гэрч Б.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг баг буюу сумын төвд байрлах зоогийн газарт тогооч ажилтай. 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн үед зоогийн газрынхаа гадна сандал дээр ганцаараа сууж байтал манай зоогийн газрын эсрэг талд байрлалтай зарын самбрын хажууд Батдэмбэрэл гэгч залуу мотоцикльтой зогсож байхад Очир-Эрдэнэ гэх залуу мотоцикльтой ирээд Батдэмбэрэлтэй юм ярьж байснаа гараараа нэг удаа Батдэмбэрэлийг алгадчихаад явсан юм. Тэр үед Батдэмбэрэл нь мотоцикльтойгоо газарт уначихсан. Тухайн үед  Батдэмбэрэлийн хамарнаас нь цус гарсан бөгөөд Батдэмбэрэл хамраа дараад байж байтал үл таних нэг хүн ирээд аваад явсан юм. Өөр ямар нэгэн зодооны асуудал гараагүй. Энэ явдлыг манай ажлын Мандалмаа зоогийн газарын цонхоор харж байсан.  Би Очир-Эрдэнэ, Батдэмбэрэл хоёроос хол байсан учир тэр хоёрыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,

            4. Гэрч Б.Хасбаатарын хэрэг бүртгэлтэд өгсөн: “Очир-Эрдэнэний ээж Янжмаа манай эхнэр Отгонжрагал хоёр эгч дүү нарын хүүхдүүд юм. Очир-Эрдэнэ Увс аймгийн Өндөрхангай суманд амьдардаг учраас хааяа Улаангомд ирэхдээ манайд байдаг бөгөөд манай хоёр гэр байнга нэгнийдээ орж гарч байдаг юм. Очир-Эрдэнэ нь одоо манайд байгаа. Ер нь бол Очир-Эрдэнэ даруу төлөв, тайван, соёлтой залуу бөгөөд би Очир-Эрдэнийг хүүхэд байхаас нь мэднэ. Их дуу цөөтэй, хүнд уурлах нь битий хэл хараалын үг хэлдэггүй хүүхэд юм. Үнэнбатын хүүхдүүд ер нь их даруухан хүүхдүүд байдаг юм. Очир-Эрдэнэ нь зуныхаа амралтаар хашааныхаа гадна дугуй засвар ажлуулж сургуулийнхаа төлбөрийг хийж байгаа бөгөөд Төмөр замын дээд сургуульд сурдаг юм. Хичээл номондоо сайн, ажилсаг хүүхэд юм. Манай Очироо урьд өмнө нь иймэрхүү асуудал гаргаж байгаагүй юм. Гэнэн томоогүй, болчимгүй үйлдэл гаргасандаа Очироо гэмшиж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,

            5. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 379 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Х.Батдэмбэрэлийн биед гэмтэл учирсан байна. Хамар ясны хугарал, муруйлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрхи гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 18-р тал/,

 

            6. Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн засаг дарга Х.Баттогтуурын 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гаргасан 214 тоот тодорхойлолт /хх-ийн 32-р тал/,

 

            7. Шүүгдэгч Ү.Очир-Эрдэнийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 34-р тал/,

            8. Шүүгдэгч Ү.Очир-Эрдэнэ, хохирогч Х.Батдэмбэрэл нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 36-р тал/,

            9.  Шүүгдэгч Ү.Очир-Эрдэнийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би сонсгосон ял болон эрхээ ойлголоо. Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Манайх Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн 05-12 тоот хашаанд байдаг юм. Манай найз охин Эрдэнэцэцэг Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд зуны амралтаараа өөрийнхөө хамаатны эгчийндээ ирж дэлгүүрт зогсож байгаа. Тэр дэлгүүр нь манай хашааны хажууханд байдаг юм. 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр би хашааныхаа гадна дугуй засвар ажлуулж байтал манай найз охины дэлгүүрлүү Батдэмбэрэл орсон. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа би найз охиныхоо дэлгүүрлүү орсон чинь Батдэмбэрэл манай найз охины гарыг бариад зогсож байснаа намайг хараад гарыг нь тавиад гараад явсан. Тэгэхээр нь би юм хэлэхгүйгээр гараад явсан юм. Тэгээд оройхон дахиад манай найз охины дэлгүүрлүү Батдэмбэрэл ороод бас хэсэг хугацаа өнгөрхөөр нь би дахиад яваад орсон чинь Батдэмбэрэл архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай найз охины гарыг нь бариад зогсож байхаар нь би “Батдэмбэрэлээ гараад ир. Хоёулаа уулзъя” гэж хэлсэн чинь гарч ирээгүй юм.  Тэгэхээр нь би өөрөө гараад явчихсан. Тэгээд байж байгаад би мотоцикльтой гудамжруу гараад явж байсан чинь Батдэмбэрэл гудамжинд зогсож байхаар нь очоод “Хоёулаа уулзаадхуу. Чи Эрдэнэцэцэг бид хоёрыг үерхэж байгаа гэдгийг мэдэх үү” гэж асуусан чинь “Чамтай уулзаад байх шалтаг байхгүй, намайг зодвол зодчих” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би “Битий найз охин хоргоогоод бай” гэж хэлсэн чинь миний урдаас “Чамд ямар хамаатай юм” гэж хэлэхээр нь нүүрэн тус газарлуу нь нэг удаа гараараа алгадчихаад явчихсан юм. Манай найз охин надад “Батдэмбэрэл манай дэлгүүрт орж ирээд надаас архи нэхээд миний гарыг барьж аваад “Чи яагаад Очироотой үерхсэн юм бэ?. Надтай үерхэхгүй яасан юм” гэж хэлсэн” гэсэн. Би Батдэмбэрэлд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Гэм буруугаа ойлгож уучлалт хүссэн. Би Батдэмбэрэлд Өндөрхангай сумаас Улаангомруу ирэх буцах зардал 40.000 төгрөг болон эмчилгээний зардал 200.000 төгрөг өгсөн. Одоо хохирогч бид хоёрт ямар нэгэн маргаан байхгүй. Би хийсэн хэргтээ харамсаж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

        

                   Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Ү.Очир-Эрдэнэ нь 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн нутагт Х.Батдэмбэрэлийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Х.Батдэмбэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч Б.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг, шүүгдэгч Ү.Очир-Эрдэнийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 379 дүгээртэй шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.

                  Шүүгдэгч Ү.Очир-Эрдэнийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Батдэмбэрэлийн бие махбодид “Хамар ясны хугарал, муруйлт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

                   Шүүгдэгч Ү.Очир-Эрдэнэ нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Х.Батдэмбэрэл нь нэхэмжлэх хохирол, төлбөргүй гэж мэдүүлсэн, шүүгдэгч, хохирогч нарын хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ. 

 

                   Шүүгдэгч Ү.Очир-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.             

                   Шүүгдэгч Ү.Очир-Эрдэнэ нь учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ял шийтгэхдээ харгалзан үзсэн болно. 

 

                   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Бэх овогт Үнэнбатын Очир-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Очир-Эрдэнэд 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ү.Очир-Эрдэнэд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ сарын  дотор төлж барагдуулах хугацаа тогтоосугай.

            4. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            5. Шүүгдэгч Ү.Очир-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Ү.Очир-Эрдэнэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ГАНСҮХ