Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/117

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б  даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч А.Д

Гэрч Ж.Б , Б.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ч , Д.Х

Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н  овогт Ч-ын Б-д холбогдох эрүүгийн 232.0001.3500.77 тоот хэргийг 2025 оны 06  сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Д  аймгийн Х  суманд төрсөн, .. настай, э.эгтэй, яс үндэс .., . боловсролтой, .. мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ ..  ажилтай байсан, ам бүл ...  хамт, Д  аймаг Х  сум, ..-р баг, ..  тоотод оршин суух, урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн .. оны .. сарын ..-ны өдрийн ../ШЦТ/.. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй,  Н овогт Ч-ын Б  /РД: ../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Б  нь Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн .. мөрдөгчөөр ажиллаж байхдаа иргэн Б.Б-ээс Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст бичгээр гаргасан “Монгол улсаас 2023 оны 08 сарын 03-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын Эрээн хот руу гарах явцдаа хилийн боомт дээр 2,500 юань, хувцас зэрэг эд зүйлтэй цүнхээ алдсан” гэсэн утгатай Цагдаагийн байгууллагын бүртгэлтэй .. дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын хэлтсийн байрны жижүүрийн ахлах мөрдөгчийн 102 тоот өрөөнд 2023 оны 08 сарын 05-ны өдөр Х.Ү-ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар хэрэг хүлээлгэх, мэдүүлэг авах зорилгоор “тэр цүнх хаана байна пизда минь, чамайг пизда гэж дуудаж болохгүй юу, чи тийм хууль мэддэг пизда юу” гэж мөн баруун гараараа зүүн шанаа хэсэг рүү 3 удаа цохиж, 1 удаа алгадаж, толгой хэсэгт 2-3 удаа цохиж, баруун гараараа мангастаж толгойг нь ханатай хавсарч, баруун гараараа зүүн нүдний ухархай хэсэгт цохиж цус гарган бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож, эрүү шүүлт тулгах гэмт хэрэгт холбогджээ.                                                

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би прокурорын тогтоолтой бүрэн уншиж танилцсан. Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь иргэн Б.Б  нь Улсын хилээр гарахдаа өөрийн 2,500 юань хувцас бусад эд зүйлтэй авч явсан цүнхээ алга болгосон талаар цагдаагийн байгууллагад хандсан. Үүний дагуу Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомт дээр очиж болсон үйл явдлын камерын бичлэгийг шүүж үзэхэд Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд хулгайн хэрэгт 7 удаагийн ял шийтгэл эдэлж байсан х  гэгч нь хохирогч Б.Б-ийн цүнхийг Улсын хилээр аваад гарч байгаа нь бичлэгт харагддаг. Тухайн үед Гаалийн байгууллагын байцаагч нартай уулзаж асууж тодруулахад Х  нь Гаалийн байцаагчид миний цүнх гэж хэлээд аваад явсан байдаг. Үүний дагуу Хилийн цэргийн 0108 дугаар ангид “Х-г Монгол улсын хилээр БНХАУ-аас буцаж орж ирэх үед мэдээ, мэдээлэл солилцож хамтран ажиллана уу" гэх албан бичиг явуулж ажилласан. Энэ цаг хугацаанаас хойш 2-3 хоногийн дараа буюу 2023 оны 08 дугаар сарын 05-ны Х-г Хилийн цэргийн 0108 дугаар ангиас Цагдаагийн байгууллага дээр очиж уулз гэж хэлээд явуулсны дагуу Х  Цагдаагийн хэлтэст ирсэн байсан. Би Х-тай Цагдаагийн хэлтсийн үүдний хэсэгт үдээс хойш /цаг санахгүй байна/ тааралдаад жижүүрийн 102 тоот өрөөнд орж уулзахын өмнө байгууллагын дотоод журмын дагуу гар утсыг нь үүдний жижүүрт хураалгаж орсон. 102 тоот өрөөнд ороход Х  намайг ямар шалтгаанаар хайсан юм бэ гэж хэлсэн тэгэхээр нь би иргэн Б.Б  гэж хүний гомдлын дагуу таныг хайсан, та Улсын хилээр гарахдаа цүнх авч гарсан байна гэхэд Х  ямар нэгэн цүнх авч гараагүй гэж хариулж байсан юм. Тэр үед Б.Ү  халаасандаа хураалгаагүй илүү нэг гар утастай бичлэг хийж байгаа үйлдэл гаргасан тэгэхээр нь би байгууллагын дотоод журмын дагуу та гар утсаа хураалгах ёстой, гар утсаа өг гэж гар утсыг нь булаацалдсан үйлдэл болсон. Гар утсыг нь булаацалдаж байгаад би утсыг нь аваад ширээн дээр тавьсан. Тэр үед Б.Ү  тэр гачин хогийн цүнх чинь урд байгаа, би аваад ирнэ гэж хэлсэн. Тэгэхээр би та энэ талаараа мэдүүлэг өгөх боломжтой байна уу гэж асуухад би мэдүүлэг өгөх боломжтой, мэдүүлгээ өгчхөөд БНХАУ-ын Эрээн хот руу явна гэж хэлсэн. Тэгээд би Цагдаагийн хэлтсийн 3 давхар руу гарч 304 тоот өрөөнд Х-аас болсон явдлын талаар гэрчээр мэдүүлэг аваад явуулсан. Х цагдаагийн хэлтсээс гарч явахдаа чамд гомдол гаргана аа гэж надад хэлсэн. Миний зүгээс Х-ын бие эрх чөлөөнд халдаж цохиж зодсон зүйл байхгүй байсан учраас та гомдол гаргах газартаа гарга гэж хэлээд явуулсан. Иймд би Х-ын бие эрх чөлөөнд халдсан, зодож цохисон асуудал байхгүй. Харин Х-ын гар утсыг булаацалдаж байх хугацаанд Х нь өөрийнхөө нүүрийг санамсаргүй байдлаар урсан байх гэж бодож байна. Ийм учраас би түүнийг эрүүдэн шүүсэн зүйл байхгүй. Мэдүүлэг авах үйл явдал өөр газар буюу 304 тоотод болсон. Х.Ү-тай гар утаснаас болж маргалдсан зүйл байгаа, гэхдээ зодож цохисон зүйл байхгуй. Би дотоод журамд яг юу гэж заасныг одоо хэлж мэдэхгүй байна. Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн даргын баталсан дотоод журмын дагуу иргэн Цагдаагийн хэлтсийн байранд нэвтэрч байгаа тохиолдолд гар утсаа жижүүрт түр хугацаагаар үлдээж нэвтрэх ёстой байдаг, түүний дагуу би Х-ын гар утсыг жижүүрт түр үлдээж дотогш нэвтрүүлсэн. Гэтэл тэр дахин нэг гар утастай орсон байсан юм. Би камерын бичлэгт үзлэг хийгээгүй, гаалийн байцаагчаас мэдүүлэг аваагүй. Тухайн цаг хугацаанд амжаагүй юм. Би камерын бичлэгт үзлэг хийсэн болон гаалийн байцаагч нартай уулзсан талаараа тэмдэглэл бичиж амжаагүй. 304 тоот өрөө нь прокурорын зөвшөөрөлтэй мэдүүлэг авах өрөө биш, тэр өрөө камергүй өрөө байгаа юм. Мэдүүлэг авах зөвшөөрөлтэй өрөөнд эд мөрийн баримт хураагаад лацадсан учраас 304 тоот өрөөнд мэдүүлэг авсан. Тухайн өдөр амралтын өдөр байсан юм. Тэгээд би дотроо ажлын өдөр мэдүүлгийг нь авъя гэж бодоод дээшээ 304 тоот өрөөнд оролгүй 102 тоот өрөөнд орж уулзаад явуулья гэж бодсон юм. Тэгээд 102 тоот өрөөнд ороод Х.Ү-тай уулзахад мэдүүлгээ өгчхөөд явлаа гэж хэлсэн болохоор 304 тоот өрөөнд орж мэдүүлэг авсан юм. 102 тоот өрөөнд түүнтэй ярилцах гэж орсон юм. Бид хоёроос өөр хүн байгаагүй. Б.Ү  цагдаагийн хэлтэс рүү орохдоо нэг гар утас хураалгасан би тэрийг нь харсан. Хохирогч Х.Ү  102 тоот өрөөнд сууж байхдаа сандлын булангаар гар утасны камер хэсгийг харуулчихсан хөдөлгөөн хийж байхыг нь би анзаарч хараад надтай холбоотой бичлэг хийж байна гэж бодоод тэр гар утсыг хураалгахыг шаардсан боловч Х.Үүрцайх эсэргүүцсэн тэгээд булаацалдах болсон. Х.Ү-ын хувьд худал гомдол гаргасан байна. Учир нь жижүүрийн өрөөнд ийм хэмжээний асуудал болоогүй. Гар утас булаацалдсан үйл явдал болсон. Нүдний ухархай хэсгээс нь цус гарсан үйлдэл болсон. Яаж байгаад тэр хэсгээс нь цус гарсныг би мэдэхгүй байна, гар утас булаацалдаж байх агшинд өөрөөсөө цус гаргасан байх гар хуруугаараа маажсан ч байж магадгүй. Х.Ү  “хөлөө хүрэх газар явж чамайг ажилгүй болгоно, гомдол гаргана чи байтугай чамаас бусдыг нь ажилгүй болгож байсан” гэж хэлж байсан. Гар утастай холбоотой утсыг нь авч байгаа үйлдлийн улмаас болсон. Х.Ү-ын гар утсыг булаацалдаж байгаад авсны дараа бичлэг хийсэн эсэхийг шалгах гэхэд “манай найзын гар утас, кодыг нь мэдэхгүй” гэж хэлэхээр би ширээн дээр тавиад “гарахдаа энэ утсаа аваарай” гэж хэлээд ширээн дээр ил тавьсан юм. Х.Ү  эхлээд уулзахад “би цүнх авч яваагүй” гээд байсан, тэгээд би Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомт дээр очиж хяналтын камер шүүхдээ гар утас дээрээ бичлэг хийж авснаа түүнд үзүүлэхэдХ.Ү  “би саналаа” гэж хэлээд мэдүүлэг өгөхөөр болсон. Би Х.Ү-д иргэн Б.Б-ээс гаргасан гомдлыг танилцуулаад “Улсын хилээр цүнх авч гарсан байна” гэж хэлэхэд Х.Ү “Улсын хилээр цүнх авч гараагүй” гэж хэлэхээр нь би түүнд өөрийнх нь бичлэгийг гар утас дээрээсээ үзүүлэхэд “би мөн, би андуураад аваад явсан байна” гэж хэлсэн. Тэр үед Х.Ү  гар утсаараа бичлэг хийж байгаа үйлдэл гаргах шиг болохоор нь гар утас булаацалдаж маргалдах болсон. Маргаан болохоос өмнө би түүнд бичлэгийг нь үзүүлсэн байсан. Яг ямар шалтгаанаас болж гомдол гаргана гэдгээ надад хэлээгүй, учир утгагүй “чамд гомдол гаргаж хөлөө хүрэх газар явж чамайг ажилгүй болгоно” гэж хэлсэн. Х.Ү  нь иргэн Б.Б-ийн 2,500 юаньтай цүнхийг хууль бусаар нэгэнтээ тодорхой болсон байсан учраас гомдлыг шалгаж байсан мөрдөгч надад тухайн асуудлаас зугтаах зорилго агуулж надад холбогдуулж гомдол гаргах зорилго агуулсан болов уу гэж бодож байна. Миний хувьд Х.Ү-д хэрэг тулгасан, хэрэг хүлээлгэх гэж зодсон, цохисон үйлдэл гаргаагүй, түүнд эрүү шүүлт тулгасан зүйл байхгүй. Түүнийг Цагдаагийн хэлтсийн байранд орж ирээд гарах хүртэл хугацаанд би түүний эрх чөлөөнд халдаж түүнд эрүү шүүлт тулгасан зүйл байхгүй. Миний зүгээс иргэн Б.Б-ээс гаргасан гомдлыг хуулийг дагуу шалгасан. Х.Ү-аас гэрчээр мэдүүлэг авахдаа хуулийн дагуу мэдүүлэг авсан. Мэдүүлэг авах явцад ямар нэгэн зөрчсөн зүйл байхгүй. Миний Х.Ү-аас авсан мэдүүлэг гомдлын материалд хавсаргасан байгаа. Х.Ү-ыг олж тогтоон гэрчээр мэдүүлэг авах зорилгоор хайсан. Гаалийн байцаагч нартай уулзахад Х.Ү нь тухайн цүнхийг “миний цүнх” гэж хэлээд аваад явсан байсан, “яг чиний цүнх мөн үү” гэж тодруулж асуухад “мөн” гэж хэлээд аваад явсныг гаалийн байцаагч надад хэлсэн. Тухайн гаалийн байцаагчаас мэдүүлэг авах гээд дуудсан боловч мэдүүлэг авч амжаагүй байсан. Б.Б нь эд зүйлээ хүлээж авахдаа “миний цүнхэнд байсан юань дан 100-ын дэвсгэртээр байсан боловч 50-ын дэвсгэртээр солигдсон байсан, тэгэхээр миний мөнгийг хэрэглэсэн байна” гэж хэлж байсан гэжээ. /2-р хх-ийн 22-26/

Шүүгдэгч Ч.Б  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Юуны өмнө тухайн үед ажиллаж байсан ерөнхий прокурор Б-ын яллах дүгнэлтийг эрс эсэргүүцдэг. Учир нь юу вэ гэхээр ерөнхийдөө бол намайг тухайн үед Замын-Үүдийн .. ажиллаж байгаа эрүүгийн эрх зүйн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуульд заасан субъектийн шаардлагыг хангаж байна гэсэн байдлаар яллах дүгнэлт үйлдэж түүнийгээ удаа дараа дурдсан байдаг. Гэтэл эрүүгийн эрх зүйн хувьд гэмт хэргийн хэлбэр шинжийг агуулахдаа обкектив болон субъектив, объект, субъект гэсэн 4 элементийг бүрэн агуулж байж гэмт хэргийн хэлбэр шинжийг агуулж байна гэж үздэг. Гэтэл энэхүү хэрэг маргаан эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг агуулж байна уу гэдэг байдлыг прокурор болон мөрдөгч шалгах ёстой байсан. Үүнийг шалгахыг сая дурдсан Монгол улсын олон улсын гэрээнд эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц дурдлаа. Тэгэхээр энэхүү асуудлыг олон улсын эрх зүйн байгууллагын мэргэжилтэнд хандаж дүгнэлт гаргуулах ёстой байсан. Гэх мэтчилэн шаардлагатай ажиллагаануудыг огт хийгээгүй. Гэрч нарын асуудлыг бас дурдаж байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр эрүү шүүлт тулгах гэмт хэргийг гэрчилсэн зүйл хэрэгт огт байхгүй. Нэг ёсондоо хэргийн бодит нөхцөл байдал нь ерөөсөө л иргэн цагдаа 2-ын маргаан байгаа юм. Энэ маргаан юунаас үүсэж байна вэ гэхээр өнөөдөр би гаргаж өгсөн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны дотоод аюулгүй байдлын журам байгаа. Энэ журмын 4 дүгээр 4.11 дэх хэсэг дээр заагаад өгчихсөн. Шүүгчээ та нэг уншаад үзээрэй. Энэ журмыг миний зүгээс хэрэгжүүлэхийг хүссэн. Тухайн иргэнд цагдаагийн байгууллагад орж ирсэн байсан цагаас л танилцуулсан. Гар утастай цагдаагийн байгууллага руу нэвтрэхийг хориглодог юм, та гар утсаа үлдээ гэсэн. Хувь хүн гар утсаа үлдээсэн. Гэтэл нууцаар дахиад нэг гар утастай ороод ирсэн байсан. Тэр ямар зорилгоор, ямар учраас дахиад нэг гар утастай орж ирсэн гэдгийг прокурорын байгууллагын хяналт шалгалт хийгээгүй явсаар байгаад шат шатын шүүх нь дүгнээд одоо шүүх дээр шүүхийн мэтгэлцээний үед гаргаж ирж байгаа юм. Энийг мөрдөн шалгах ажиллагаанд хийх ёстой байсан. Энэ асуудал чинь ердөөсөө цагдаагийн байгууллагын жижүүрийн ахлахын өрөөнд болсон үйл явдал байхгүй юу. Сая яллах дүгнэлт дээр дурдаад байгаа хохирогчийн үг. Намайг ханатай хавсарсан, пизда минь гэсэн, зодсон, цохисон энэ асуудлыг гэрчилсэн ганц ч гэрч байхгүй шүү дээ прокурор оо. Тухайн үйл явдал чинь ерөөсөө л тэр хохирогч гэх этгээд болон миний бие мөрдөгчийн хооронд л болсон асуудал байхгүй юу. Тэр асуудал нь юунаас болж үүсэж байна вэ гэхээр тухайн этгээд нууцаар дахиад нэг утастай ороод ирчихсэн харин миний эсрэг, миний эрхийг зөрчиж намайг нууцаар бичиж, бичлэг хийсэн. Бичлэг хийж байгаа нөхцөл байдалтай байсан. Би тухайн үйлдлийг таслан зогсоосон. Би Цагдаагийн албаны тухай хуульд заасан хууль ёсны шаардлага тавьсан, тухайн хүн эсэргүүцсэн, намайг түлхсэн. Нэг гартаа утсаа барьчхаад нөгөө гараараа намайг түлхсэн. Би утсыг нь булаагаад авсан. Ийм л асуудал болсон. Харин гэрч нар бид хоёрын хооронд болсон асуудлыг аль аль нь гэрчлээгүй. Ерөөсөө л иргэн цагдаагийн албан хаагч хоёрын хооронд үүссэн цагдаагийн байгууллагын дотоод үйл ажиллагааны журамтай холбоотой асуудал. Энийг анхан шатны шүүх хуралдааны үеэр тогтоож гаргаж ирсэн байхгүй юу. Тухайн үед болсон үйл явдлыг гэрчлэх Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн камерын бичлэгийг олж хэрэгт хийх ёстой байсан. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараагийн зөрчлүүд байгаа. Үүрцайх гэдэг этгээдийн удаа дараа 7 удаагийн хулгайн хэрэг үйлдсэн, ял шийтгэлийн лавлагааг хавтаст хэргийн материалд хийх ёстой байхгүй юу. Яллах дүгнэлт дээрээ миний өөр хэрэгт шалгагдаж байгаа мэдээллийг хавсаргаж оруулж ирж байгаа бол нэгэнтээ ял шийтгэл авчихсан, шоронгоор явчихсан Ү-ын өмнөх шийтгэх тогтоолыг хавсаргах ёстой байсан. Хохирогчийн бас хувийн байдлыг нь харуулах ёстой. Аль аль талаас нь шалгах ёстой. Б  гэдэг хүнийг эрүүгийн мөрдөгч, субъект нь гэж хандаж намайг харлуулах биш, нөхцөл байдал нь юу болсон юм бэ? Ү  гэдэг хүнд холбогдуулж гаргасан Б-ийн гомдлыг хаах биш, эцэслэн шийдвэрлэх ёстой байсан юм уу гээд. Б-ийн мөнгөн дэвсгэртийг сольсон асуудал бас байдаг шүү дээ. Миний хувьд шалгаж эхлээд л авто осолд ороод шалгаж чадаагүй орхисон байхад Б-ийн гаргасан гомдол дээр прокурор нь хэргийг хаасан байсан. Намайг шалгаж байх явцад Б-ийн мөнгөн дэвсгэрт солигдсон асуудал бас яригдаж байсан. Тэгэхээр энэ 2 хэргийг бас нэгтгэх асуудал яригдах л байсан. Тэгээд энэ Ү  гэдэг хохирогчийн удаа дараа худлаа өгсөн мэдүүлэг нь нотлогдож байна шүү дээ. Цагдаагийн байгууллага дээр анх ирэхдээ ямар асуудлаар ирсэн талаараа мэдэж л байсан. Гэтэл Б мэдүүлэхдээ Ү  гэх хүний цүнх авсан байсан тэр асуудлаар цагдаа орсон гэж хэлээд байдаг шүү дээ. Гэтэл Ү  гэдэг хүнд чинь мөрдөн шалгах ажиллагаанд хууль сануулаад мэдүүлэг авч байхад мэдүүлгээ худлаа өгч байгаа байхгүй юу. Намайг мэдүүлэг авах зорилгоор гэж худлаа яриад байдаг. Уучлаарай үгүй, яагаад гэхээр тухайн өдөр амралтын өдөр байсан. Бүтэнсайн өдөр би гэртээ амарч байсан. Тухайн үед манай хэлтсийн даргаас хил хамгаалах байгууллага руу хүний ийм эд зүйл авсан байж болзошгүй Ү  гэх хүнийг улсын хилээр орж ирвэл мэдээлэл солилцож хамтран ажиллана уу гэсэн албан бичиг явуулсан. Ү  өөрөө цагдаагийн байгууллага дээр ирсэн. Намайг дуудуулсан. Тэр хүний дуудсанаар би очсон. Тэрнээс Ү-аас мэдүүлэг авах гээд би цагдаагийн байгууллага дээр дуудсан асуудал биш байхгүй юу. Тэгээд тэр хүн цагдаагийн байгууллага дээр ямар санаа зорилгоор ирсэн нь тодорхой болсон. Үүнийг нь Б гэдэг хүн гэрчилсэн. Өөрт нь холбогдох асуудлыг шалгаж байсан мөрдөгчийн нэрийг тэр мэдээд явж байна шүү дээ. Мэдэх боломжгүй шүү дээ. Хил хамгаалах газар руу явуулсан тоотоор мэдэх боломжгүй шүү дээ. Гэтэл Б  гэдэг мөрдөгч ирээрэй гэсэн гэдэг. Хэн нь зөв яриад байгаа юм. Б зөв яриад байгаа юм уу? Ү  зөв яриад байгаа юм уу. Тэгээд энэ асуудлыг бас шалгах ёстой байсан. Мөрдөн шалгах ажиллагаанд хийгдэх ёстой ажил. Тэгээд гол яриад байгаа зорилго нь юу вэ гэхээр миний зүгээс Ү  гэдэг хүнээс мэдүүлэг авах гэж ямарваа нэгэн байдлаар эрүүдэн шүүх зорилгоор цагдаагийн байгууллагад дуудаагүй байхгүй юу. Тэр хүн өөрөө ирсэн. Тэгээд жижүүрийн үүдний хэсэг дээр маргаан болсон. Манай Замын-Үүд сумын цагдаагийн хэлтсийн үүдээр ороод утас хураадаг хэсэг байдаг. Ийм журам төрийн байгууллага болгонд байдаг. Замын-Үүд сумын прокурорын байгууллага дээр ч байгаа. Үүд хэсэгтээ утас хураадаг хайрцаг байдаг. Тэгээд тэр өдөр мэдүүлэг авах нь авагдсан юм. Авагдсан шалтгаан нь юу вэ гэхээр тухайн хохирогч гээд байгаа Ү  ажилтай байна одоо мэдүүлгээ ав гэсэн. Миний хувьд амралтын өдөр дуудаж ирүүлж, надтай хэрүүл маргаан үүсгээд, тавьсан шаардлага эсэргүүцээд байхаар нь би бухимдсан. Чи яв, өнөөдөр амралтын өдөр би амармаар байна. Нэг дэх өдөр буюу ажлын өдөр чи өмгөөлөгчөө дагуулаад хүрээд ир болсон асуудлын талаар би чамаас мэдүүлэг авъя гэж хэлсэн. Гэтэл өөрөө өөдөөс би танай цагдаагийн байгууллага дээр удаа дараа ирээд байж чадахгүй. Би улсын хилээр ачаа бараа зөөж ажилладаг хүн одоо мэдүүлгээ өгье гэсэн. Би өөрийнх нь хүслээр л мэдүүлэг авсан. Тэр үед өгсөн мэдүүлэг нь энэ хавтаст хэрэгт байгаа. Тэр нь дээр Үндсэн хууль сануулсан. Хууль сануулсан баталгаа нь ч байгаа. Өөрөө өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө гээд өгсөн. Энэ мэдүүлэг дээр би ямарваа нэгэн байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн ийм зүйл ангиар яллагдагчаар татаж байна гэж тайлбарлаад чамайг буруутгана гэсэн үг үсэг огт байхгүй. Тухайн мэдүүлгээ юу гэж өгсөн бэ гэхээр энэ цүнхийг би андуураад аваад явжээ. Би дараа буцаагаад аваад ирье гэсэн л мэдүүлэг авагдсан. Энэ хүнд ерөөсөө би хүний цүнх аваад хулгай хийсэн байна Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл заалтаар ял төлөвлөж, ял сонсгосон асуудал гараагүй байхгүй юу. Мэдүүлэг авсан өрөө ч гэсэн тусдаа шүү дээ. 3 давхрын өрөөнд мэдүүлэг авсан шүү дээ. Маргаан бол доор нэг давхарт гар утаснаас болоод үүссэн маргаан байхгүй юу гэв.

Хохирогч Х.Ү  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би өргөдлөө 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 18 цаг өнгөрсөн, 19 цаг болох гэж байх үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сум дундын цагдаагийн хэлтэст гэж хаяглаж бичээд, жижүүрт нь хүлээлгэж өгсөн, нэг л нүүр бичгийн цаас дээр бичсэн гомдол байсан. Миний өргөдлийг хүлээж авсан жижүүр нь ахлагч цолтой, эрэгтэй цагдаа байсан, офицер байгаагүй. Хэн гэдэг цагдаагийн алба хаагч байсныг нь хэлж мэдэхгүй байна. Э  гэдэг нь миний найз биш, манай эхнэр Г-ийн бизнес хамтрагч нь байгаа юм. Тухайн үед Э-ын цүнх нь солигдоод алга болсон. Би түүний утасны дугаарыг одоо бол хэлж мэдэхгүй байна, эхнэрээр дамжуулаад холбогдож болох байх аа. Б  гээд цагдаагийн алба хаагчид зодуулсны дараа цагдаагийн хэлтсийн байрнаас гараад найз Б-тэй уулзсан.  Б нь цагдаагийн хэлтсийн гадаа миний машинд, намайг хүлээгээд сууж байсан. Би Б-тэй уулзаад намайг цүнх андуурсан асуудлаар нэг цагдаа зодчихлоо гээд хэлсэн. Миний зүүн нүдний ухархай хэсгээс цус гарчихсан байдалтай байсан. Тэгээд бид хоёр Замын-Үүд сумын Прокурорын газар дээр очиж жижүүрийн прокурор гээд нэг эрэгтэй прокурор /нэрийг нь мэдэхгүй/-той уулзаж болсон асуудлын талаар хэлэхэд тухайн цагдаагийн хэлтэс дээр нь өргөдөл гаргаад өгчих, нүүрнийхээ зургийг болж өгвөл зургийг нь дараад, хэвлээд өргөдөлтэйгөө хавсаргаад өгөөрэй гэсэн боловч тэр үед зураг хэвлэх газар олдоогүй, өргөдлөө дангаар нь аваачиж өгсөн. Би маргааш нь аялалд явах хүмүүсийг аваад Эрээн хот, цаашаа Датон хот руу явах байсан, гэвч зодуулснаас болж зүүн нүд хөхөрчихсөн байсан тул Эрээнд байдаг аялал жуулчлалын компанийн хамтрагч БНХАУ-ын иргэн Сурталд болсон асуудлаа тайлбарлаж, би явж чадахгүй боллоо, өөр хүн олоорой гэж хэлсэн. Б энэ талаар сайн мэдэж байгаа, түүний гар утсан дээр миний нүүрний тухайн үеийн зураг байгаа. Тус цагдаагийн хэлтсийн нэгдүгээр давхрын коридорт уулзаад намайг гар утсаа өг гэхээр нь би энэ хүний утас байгаа юм, ямар хэргээр дуудсан, яасан юм гэхэд урдаас чи яагаад томроод байгаа юм бэ гэхээр нь би асуух ёстой байхаа гэж хэлсэн, тэгэхэд чи ямар их хууль мэддэг юм бэ” гэж хэлээд жижүүрийн хажуугийн өрөө рүү чирч оруулаад ухаан жолоогүй цохиж нүдээд намайг Б  гэдэг юм гэж томроод, гуя руу өвдөглөсөн, зүүн шанаа руу баруун гараараа 3 удаа цохиж, 1 удаа алгадсан, толгой руу бас гараар цохисон. Тэгээд миний зүүн нүднээс цус гарангуут надад нүд сохрох гэж байгаа мэт эвгүй мэдрэмж төрөөд би түүнийг цааш нь түлхээд, мөн тэр цагдаагийн алба хаагчийг би хараал хэлж доромжлоод, чи яг яагаад байгаа юм бэ гэхэд “үзүгээр ний нуугүй бүх юм чинь нотлогдчихсон байгаа, тэр цүнх хаана байна” гээд надаас асуусан. Намайг хил дээр аваад явсан цүнх гэхээр нь би эхлээд мэдэхгүй байж байгаад үүргэвч үү гэж асуухад тийн гэж хариулсан, тэгэхээр нь би “хачин пизда минь, тэр хог чинь Эрээнд байгаа, чи яахаараа тэр цүнхнээс болж хүн зоддог юм” гэж хэлсэн. Миний гар утас угаасаа цэнэггүй болчихсон байсан, надад 2 гар утас байсан бөгөөд миний өөрийн ашигладаг LG Q92 загварын гар утас цэнэггүй байсан, нөгөөх нь найз Б-ийн iPhone-11 загварын утас байсан. Тэр хоёр утсыг анх уулзахад л надаас аваад цааш нь тавьчихсан байсан. Би найз Б-ийн гар утсаар миний утас цэнэггүй байсан учраас хүнтэй ярьсан байдалтай тэр цагдаагийн хэлтэс рүү орсон. Би утсаар ярьж дуусаад жижүүрт нь хандаж “Б  гээд цагдаа миний зургийг бариад намайг хайгаад яваад байна гэнээ, ямар хэрэг болсон юм бол, би уулзах гэсэн юм” гэхэд, тэр гарч ирсэн. Шүүх эмнэлэг угаасаа Замын-Үүд суманд байдаггүй юм байна лээ, “сумын эмнэлгийн яаралтай тусламж, хүлээн авахад очиж үзүүлдэг” гэж миний гомдлыг авсан байцаагч тэгж хэлсэн, тэгээд би эмнэлгийн хүлээн авах дээр очсон чинь хүлээн авахын эмч нь хүлээж авахгүй, “манайх чинь эмнэлэг шүү дээ, үзүүлэх бол Сайншанд руу л явах байх” гэхээр нь би үзүүлээгүй тэр чигт нь орхисон. Тэр өдрөөс хойш бараг 2 долоо хоногийн дараа мөрдөгч нь дахиад байцаалт авч байхдаа надад шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол өгч байсан. Би тэр тогтоолыг аваад үзүүлээгүй. Үйл явдал болсноос 7 хоногийн дараа эрүүгийн ахлах нь гэл үү ахлах байцаагч гэл үү нэрийг нь мэдэхгүй байна, намайг дуудаад очиход үүднээс аваад дээшээ 3 давхарт гарч эрүүгийн тасаг гэсэн өрөөнд ороод намайг “гар утсаа коридорт гаргаад цонхон дээр тавьчих” гэж хэлсэн, тэгээд “ямар шаардлагаар дуудсан юм бол” гэж асуухад “чи энэнтэй танилцаад гарын үсэг зурчих” гэж хэлсэн, тэрийг нь хальт уншихад миний гаргасан гомдлыг “Улаанбаатар хотын цагдаа руу шилжүүлж байна, энд цагдаа нь цагдаагаа шалгадаггүй юм аа” гэж хэлсэн. Би саяхан өөрийн гар утсаа хулгайд алдчихсан учраас одоо тэрийг харуулж чадахгүй байна, гэхдээ өөр хүний Ви чатаар өөрийн тавьсан зарын мэдээллийг гаргаад харуулах боломжтой. Би тэр зарыг "Замын-Үүдийн явган карго" гэх групп дээр оруулсан. Тэр группт хил хооронд өдөр бүр явдаг хүмүүс байдаг. Надад хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /1-р хх-ийн 47-50/

Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн даргын баталсан хуваарь, томилгооны дагуу 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр тус хэлтсийн жижүүрийн мөрдөгчийн үүргийг гүйцэтгэж байсан юм. Тухайн өдөр 17 цагийн үед байх Х.Ү  гэх хүн гаднаас орж ирээд Б  мөрдөгчтэй уулзсан, тэд үүдний хэсэгт уулзаад эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Б, Х.Ү нар жижүүрийн үүдний хэсгээс 2 дугаар давхарт гарах хэсэг рүү булан тойроод явсан, би тэднийг яг аль өрөөнд байсан, ямар асуудал болсон талаар надад мэдсэн зүйл байхгүй байна. Би тэдний дунд болсон асуудлыг мэдээгүй, гаднаас орж ирэхдээ бол зүгээр байсан биед нь ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй, буцаад гарах үед нь зүүн нүднийх нь ухархай хэсгээс шалбарсан бага зэрэг цус гарсан харагдаж байсан, Х.Ү нь “танай цагдаа чинь намайг зодчихлоо” гэж хэлээд гараад явчихсан, түүнээс өөр мэдэх зүйл надад алга байна гэжээ. /1-р хх-ийн 16-17/

Гэрч Б.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Ү гэж хүн Б гэж цагдаа дуудсан гэж орж ирсэн. Тэгээд дээрээс танай цагдаа зодчихлоо гэж хэлээд гараад явсан. Би Б-д хандан яагаад хүн амьтантай муудаад байгаа юм гэж хэлэхэд гар утастай орж ирсэн гэж хэлсэн гэв.  

Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 08 дугаар сараас өнөөдрийг хүртэл БНХАУ-ын Эрээн хот руу хүн, ачаа тээвэр хийж ажиллаж байна. Х.Ү  бид хоёр 2006 оноос хойш найзалж нөхөрлөж байгаа. Бид хоёр нэг гудамны найзууд байгаа юм. Би 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл найзалж нөхөрлөж байгаа. Х.Ү  2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр найз охин Г-ийн хамт түүний 4 найзтай хамт БНХАУ-ын Эрээн хот руу явсан. Би 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотод 14 цагийн үед Х.Үүрцайх дээр очоод найзуудтай нь хамт ууж идэж хоносон. 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 16-17 цагийн үед БНХАУ-ын Эрээн хотоос орж ирээд Х.Ү-ын найз эмэгтэй, найзуудтайгаа хот руу яваад Х.Ү  бид хоёр үлдсэн юм. Х.Ү  бид хоёр Замын-Үүд суманд ирсний дараа Х.Ү “намайг цагдаагаас хайгаад байна гэнэ орж уулзаад гараад ирье” гээд намайг өөрийнхөө приус 41 машинд үлдээгээд Цагдаагийн газар руу ганцаараа орсон юм. Би машин дотор нь Х.Ү-ыг хүлээж байхдаа унтсан юм. Нэлээн удсан байх, унтаж байхад Х.Ү  цагдаагийн газраас гарч ирээд намайг сэрээсэн болохоор цагийг нь сайн санахгүй байна. Х.Ү  цагдаагийн газраас гарч ирэхдээ “зүүн нүднээс нь цус гарчихсан” байдалтай “намайг цагдаа цохьчихлоо, өрөөнд нь орсон чинь утсыг минь хурааж аваад учир зүггүй зодчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр Прокурорын газрын гадаа очоод Х.Ү-ыг зодсон цагдааг прокурорт гомдол гаргаж өгнө гээд очсон юм. Прокурорын газрын гадаа очоод Х.Ү  ганцаараа прокурор руу орсон, би гадаа нь машинд нь үлдсэн. Тэгээд Х.Ү прокурорын газраас гарч ирээд “намайг өргөдлөө бичээд цагдаагийн газар өг гэнэ ээ” гэж хэлж гарч ирсэн. Тэгээд бид хоёр Цагдаагийн газрын гадаа очоод цагдаагаас цаас авч байгаад Х.Ү  өргөдөл бичээд цагдаагийн газрын шилэн хаалтны цаана суудаг цагдаад өгсөн. Х.Ү-аас өргөдөл авсан цагдаагийн алба хаагч юу гэж хэлснийг мэдэхгүй байна. Цагдаа дуудна гээд бид хоёрыг явуулсан. Бид хоёр цагдаагийн газраас гараад зочид буудал руу орж амарсан. Маргааш нь БНХАУ-аас ачаа зөөх ажлаа хийсэн. Х.Ү  надад хэлэхдээ “цагдаагийн газраас намайг хүний цүнх авч явсан байна гэж дуудсан байна, би тэр цүнхийг нь найз охины хамт ирсэн хүмүүсийн цүнх гэж бодоод андуураад авчихсан, тэр цүнх нь автобус вокзал дээр тавиад үлдээсэн авч ирж өгөхөөс” гэж ярьж байсан. Дараа нь тэр цүнхийг нь өгчихсөн гэж ярьж байсан. Х.Ү  бид хоёр Замын-Үүдээс Эрээн хот руу явахдаа жуулчид дагуулж гараад Эрээнд жуулчны компанийн хүмүүст хүлээлгэж өгдөг, буцаж ирэхдээ каргоны ачаа автобусаар авч орж ирдэг ажил хийдэг байсан юм. Би тухайн үед х.Ү-ыг дагаж яг энэ ажлыг хийж сурч байсан үе юм. Х.Ү-ын зүүн нүдний уйланхай буюу нүдний булангаас нь цус гарсан байсан. Нүд нь хөхөрсөн байсан. Надад хэлэхдээ “Цагдаагийн алба хаагч утас хурааж авч байгаад учир зүггүй зодлоо. Яах гэж дуудсан, яах гэж намайг хайсан талаараа хэлэхгүй хулгайч гэж дуудаад зодлоо” гэж надад хэлсэн. Прокурорын газар өргөдөл бичих гэж очоод Цагдаагийн газар өргөдөл өгдөг гэж мэдээд буцаад Цагдаагийн газар очсон. Прокурорын газар Х.Ү  ганцаараа орсон болохоор ямар хүнтэй уулзаж, юу ярьсан талаар би мэдэхгүй байна. Харин Х.Ү-ын уулзсан прокурор нь биедээ учирсан гэмтлийг утас дээрээ зургийг нь дарж хадгалаарай гэж хэлж байсан. Тэгээд миний Iphone 11 pro max гар утас дээр Х.Ү-ын нүүрний гэмтэлтэй хэсгийг харуулсан 2 зураг дарсан. Замын-Үүд суманд шинжээч эмч гэж байдаг үгүйг мэдэхгүй байна. Х.Ү эмнэлэгт үзүүлээгүй. Х.Ү-ын нүүрийг харуулсан 2 ширхэг зураг дарсан, тэр зургийг миний Iphone 11 pro max гар утсаар дарсан юм. Би энэ гар утсаа сольсон, одоо Iphone 13 pro mаx загварын гар утас барьж байгаа. Тухайн үед Х.Ү-ын зургийг өөрийнх нь "Х.Ү " нэртэй фэйсбүүк хаяг руу мессежээр явуулж хадгалж байсан юм. Энэ зургийг би тухайн фэйсбүүк чатнаас утас дээрээ татаад авчихсан байна. Энэ зургийг би мэдүүлгийн тэмдэглэлдээ хавсаргаж гаргаж өгч байна гэжээ. /1-р хх-ийн 57-58/

Гэрч Ж.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Ү  бид хоёр урагшаа гарчихаад орж ирсэн. Би уучихсан байсан тул машинд унтаж явсан. Ү цагдаагаас дуудаад байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр машинтай цагдаагийн байгууллага дээр очсон. Үүрцайх цагдаагаас гарч ирэхдээ нүдний доод талаас цус гарчихсан гарч ирсэн. Тэгээд цагдаа зодчихлоо гэж хэлсэн. Үүний дараа яах аа асууна гэж прокурорын газар луу очсон. Тэгээд өргөдөл гаргаж өгсөн гэв.

Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр хагас сайн өдөр байсан санагдаж байна. Ажлынхаа дээр буюу гэртээ амарч байхад жижүүрээс “прокурортой уулзахаар хоёр хүн ирсэн байна” гэсний дагуу бууж уулзахад, нэг иргэн “цагдаагийн албан хаагч мэдүүлэг авахдаа надад гар хүрсэн тул гомдол гаргамаар байна” гэсэн. Энэ талаараа гомдлоо бичээд цагдаагийн хэлтсийн өргөдөл, гомдол авах хэсэгт гомдлоо гаргах талаар тайлбарлаж өгсөн. Тэгээд тэр хоёр хүн гараад явсан. Нүднийх нь доод хэсэгт бага зэрэг цус болсон харагдсан, аль нүдийг нь санахгүй байна. Нэг эрэгтэй хүнтэй хамт байсан, найз нь эсэхийг мэдэхгүй байна гэжээ /1-р хх-ийн 75/

Гэрч Д.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би энэ үйл явдлыг санаж байна, би 2023 оны 08 сарын 03-ны өдөр БНХАУ-ын Эрээн хот руу хилээр гарсан. Зарим зүйлийг нь бас мартчхаад байна шүү. Автобус өглөө бүр 09:30 цагт хөдлөх хувиартай байдаг юм, автобусны хувьд 53 хүний суудалтай, 53 хүний суух нэрс нь цаасан дээр хэвлэгдээд ирдэг юм, тэгээд хөдлөх болоод хүмүүсээ суудал тус бүрд нь суулгаад хөдөлдөг юм. Тэгсэн хамгийн хойд талын суудлын 4 хүн яг явах болсон дутуу байгаад байдаг тэгсэн утас руу нь залгасан чинь хажуу талын автомашин дотроос 2 эмэгтэй, 2 эрэгтэй дөрвүүлээ согтуу гарч ирсэн. Тэгээд тэр 4 хүнийг суулгаад хөдөлсөн, тэгээд Монголын хил дээр очсон дарааллын дагуу автобуснууд оочерлоод зогсож байсан, тэгтэл нөгөө 4 хүн хойно сууж байхдаа чанга чанга яриад бусад зорчигч нар ч дургүйцэж байсан. Тэгээд би “аятайхан яваарай” гээд байж байтал манай автобусны ээлж ирээд бүх зорчигч нарыг буулгаад хилээр орцгоосон, миний хувьд автобусаа шалгасан тэгтэл тэр 4 хүний сууж явсан суудал дээр ууж явсан пивоны сав, жижиг цүнх, түүндээ 3-4 пиво хийчихсэн суудал дээр орхисон байсан. Тэгэхээр нь би тэр пиво цүнх зэргийг нь гаалийн ажилтанд өгсөн билүү тэнд нь орхиод явчихсан бил үү би чмар ч баыйсан штамб даруулаад гараад мриэл нөгөө 4 нөхөртэй таараад “та нар автобус бохирдууллаа” гээд уурласан юм. Би “та нарын тэр үлдээсэн хогийг хаясан шүү” гэж хэлсэн. Тэгээд нэг нь тэр цүнхтэй эд зүйлсээ авах гээд үлдсэн билүү тэгж санагдаад байна. Тэр 4 хүний 1 хүн нь буцаж Монголын хилээр ороод би 3 хүнийг нь аваад Эрээн хот руу явсан. Тэр хүнийг хүлээвэл их хугацаа орох учир бусад зорчигч нарыг хүлээлгэх тул орхиод явж байсан санагдаж байна. Арын суудал дээр үлдээсэн байсан цүнхийг харахад 3-4 ширхэг лаазтай пиво байсан санагдаж байна. Өөр юм байсан юм уу мэдэхгүй байна, онгойлгож үзээгүй юм гэжээ. /1-р хх-ийн 79-80/

Хэрэг бүртгэлтийн хэрэгнээх тухай тогтоол /1-р хх-ийн 01/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 03/

2023 оны 11 сарын 08-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 83-85/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай материал /1-р хх-ийн 86-246/

.. ХХК-ны тийзний дэлгэрэнгүй /1-р хх-ийн 249-2-р хх-ийн 01/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын .. оны .. сарын ..-ны өдрийн .. дугаартай тогтоол /2-р хх-ийн 08-12/

Хавтас хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /2-р хх-ийн 29-30, 32-33/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Ч.Б  нь Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн хэсгийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа иргэн Б.Б-ээс Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст бичгээр гаргасан “Монгол улсаас 2023 оны 08 сарын 03-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын Эрээн хот руу гарах явцдаа хилийн боомт дээр 2500 юань, хувцас зэрэг эд зүйлтэй цүнхээ алдсан” гэсэн утгатай Цагдаагийн байгууллагын бүртгэлтэй .. дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын хэлтсийн байрны жижүүрийн ахлах мөрдөгчийн 102 тоот өрөөнд 2023 оны 08 сарын 05-ны өдөр Х.Ү-ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар хэрэг хүлээлгэх, мэдүүлэг авах зорилгоор “тэр цүнх хаана байна пизда минь, чамайг пизда гэж дуудаж болохгүй юу, чи тийм хууль мэддэг пизда юу” гэж мөн баруун гараараа зүүн шанаа хэсэг рүү 3 удаа цохиж, 1 удаа алгадаж, толгой хэсэгт 2-3 удаа цохиж, баруун гараараа мангастаж толгойг нь ханатай хавсарч, баруун гараараа зүүн нүдний ухархай хэсэгт цохиж цус гарган бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож, эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Х.Ү-ийн “...тус цагдаагийн хэлтсийн нэгдүгээр давхрын коридорт уулзаад намайг гар утсаа өг гэхээр нь би энэ хүний утас байгаа юм, ямар хэргээр дуудсан, яасан юм гэхэд урдаас чи яагаад томроод байгаа юм бэ гэхээр нь би асуух ёстой байх аа гэж хэлсэн, тэгэхэд чи ямар их хууль мэддэг юм бэ” гэж хэлээд жижүүрийн хажуугийн өрөө рүү чирч оруулаад ухаан жолоогүй цохиж нүдээд намайг Б  гэдэг юм гэж томроод, гуя руу өвдөглөсөн, зүүн шанаа руу баруун гараараа 3 удаа цохиж, 1 удаа алгадсан, толгой руу бас гараараа цохисон. Тэгээд миний зүүн нүднээс цус гарангуут надад нүд сохрох гэж байгаа мэт эвгүй мэдрэмж төрөөд би түүнийг цааш нь түлхээд, мөн тэр цагдаагийн алба хаагчийг би хараал хэлж доромжлоод, чи яг яагаад байгаа юм бэ гэхэд “зүгээр ний нуугүй бүх юм чинь нотлогдчихсон байгаа, тэр цүнх хаана байна” гээд надаас асуусан. Намайг хил дээр аваад явсан цүнх гэхээр нь би эхлээд мэдэхгүй байж байгаад үүргэвч үү гэж асуухад тийн гэж хариулсан, тэгэхээр нь би “хачин пизда минь, тэр хог чинь Эрээнд байгаа, чи яахаараа тэр цүнхнээс болж хүн зоддог юм” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-50/, гэрч Б.С-ын “...Тухайн өдөр 17 цагийн үед байх Х.Ү  гэх хүн гаднаас орж ирээд Б  мөрдөгчтэй уулзсан, тэд үүдний хэсэгт уулзаад эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Б , Х.Ү  нар жижүүрийн үүдний хэсгээс 2 дугаар давхарт гарах хэсэг рүү булан тойроод явсан, би тэднийг яг аль өрөөнд байсан, ямар асуудал болсон талаар надад мэдсэн зүйл байхгүй байна. Би тэдний дунд болсон асуудлыг мэдээгүй, гаднаас орж ирэхдээ бол зүгээр байсан биед нь ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй, буцаад гарах үед нь зүүн нүднийх нь ухархай хэсгээс шалбарсан бага зэрэг цус гарсан харагдаж байсан, Х.Ү  нь “танай цагдаа чинь намайг зодчихлоо” гэж хэлээд гараад явчихсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 16-17/, гэрч Ж.Б-ийн “...унтаж байхад Х.Ү  цагдаагийн газраас гарч ирээд намайг сэрээсэн болохоор цагийг нь сайн санахгүй байна. Х.Ү цагдаагийн газраас гарч ирэхдээ “зүүн нүднээс нь цус гарчихсан” байдалтай “намайг цагдаа цохьчихлоо, өрөөнд нь орсон чинь утсыг минь хурааж аваад учир зүггүй зодчихлоо” гэж хэлсэн. ...Ү-ын зүүн нүдний уйланхай буюу нүдний булангаас нь цус гарсан байсан. Нүд нь хөхөрсөн байсан. Надад хэлэхдээ “Цагдаагийн алба хаагч утас хурааж авч байгаад учир зүггүй зодлоо. Яах гэж дуудсан, яах гэж намайг хайсан талаараа хэлэхгүй хулгайч гэж дуудаад зодлоо” гэж надад хэлсэн. .... Х.Ү-ын нүүрийг харуулсан 2 ширхэг зураг дарсан, тэр зургийг миний Iphone 11 pro max гар утсаар дарсан юм. Би энэ гар утсаа сольсон, одоо Iphone 13 pro mаx загварын гар утас барьж байгаа. Тухайн үед Х.Ү-ын зургийг өөрийнх нь "Х.Ү " нэртэй фэйсбүүк хаяг руу мессежээр явуулж хадгалж байсан юм. Энэ зургийг би тухайн фэйсбүүк чатнаас утас дээрээ татаад авчихсан байна. Энэ зургийг би мэдүүлгийн тэмдэглэлдээ хавсаргаж гаргаж өгч байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-58/, гэрч Б.С-ийн “...нэг иргэн “цагдаагийн албан хаагч мэдүүлэг авахдаа надад гар хүрсэн тул гомдол гаргамаар байна” гэсэн. Энэ талаараа гомдлоо бичээд цагдаагийн хэлтсийн өргөдөл, гомдол авах хэсэгт гомдлоо гаргах талаар тайлбарлаж өгсөн. Тэгээд тэр хоёр хүн гараад явсан. Нүднийх нь доод хэсэгт бага зэрэг цус болсон харагдсан, аль нүдийг нь санахгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 03/ хуудас зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэгдсэн үндэсний байгууллагын “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг” конвенцод “эрүүдэн шүүх” талаар ойлголтыг тодорхойлж, эрүүдэн шүүхийг үнэмлэхүй агуулгаар хориглосон төдийгүй, энэхүү хориглолт нь түгээмэл харьяаллын шинж чанартайгаар хэрэгжиж байхаар Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 5 дугаар зүйл, Ромын дүрмийн 7 дугаар зүйл зэрэг олон улсын хүний эрхийн талаарх эрх зүйн баримт бичгүүдэд тусгалаа олсон.

“Эрүүдэн шүүх” гэдэг нь эрүү шүүлтээс ангид байх хүний салшгүй эрхийг сахин хамгаалах нөхцөлийг хангах үүднээс гэмт хэргийн шинжид багтсан байх ёстой үйлдэл, эс үйлдэхүйн ойлголтыг тусгасан олон улсын эрх зүйн хэм хэмжээ байх бөгөөд гэрээний тал улс орнууд уг ухагдахууны агуулгаар хязгаарлахгүй, харин олон улсын болон үндэсний хууль тогтоомжийн дагуу эрүүдэн шүүх гэмт хэргийн шинжийг илүү өргөн утгаар тодорхойлж хэрэглэж болохыг тусгажээ.

Конвенцод заасан тодорхойлолт түүний ухагдахууныг шууд хэрэглэхийг Монгол Улс Эрүүгийн хуулиараа хүлээн зөвшөөрсөн, Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.” гэж заасан.

Мөн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүү шүүлтийн  агуулгыг илүү өргөн хүрээтэй хуульчилсан ба үүнд “Эрүү шүүлт” тулгах гэмт хэргийн субъект нь төрийн албан хаагч байхаар, гэмт хэргийн шинжийг “тайлбар мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах,  ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол” гэж тодорхойлжээ.

“Төрийн албан хаагч” гэж Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дэх хэсэгт “төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг”, мөн хуулийн 13 дугаар зүйлд төрийн тусгай албан тушаалд хамаарах албан тушаалуудын хуульчилсан бөгөөд тус зүйлийн 1 дэх хэсгийн 13.1.6-д “... цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ... байгууллагын офицер, ахлагч, ...” гэж заасан байна.

Энэ хэргийн хувьд шүүгдэгч Ч.Б  нь Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн хэсгийн эрүүгийн мөрдөгчөөр ажилладаг төрийн тусгай албан хаагч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий субъект нь хуулийг хэлбэрэлтгүй дагаж мөрдөх, хэрэгжүүлэх үүрэг бүхий этгээд ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... мөрдөгч ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж хуульчилжээ.

Хэргийн үйл баримтаас үзэхэд хохирогч Х.Ү-ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар хэрэг хүлээлгэх, мэдүүлэг авах зорилгоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сум дундын хэлтсийн байрны жижүүрийн ахлах мөрдөгчийн 102 тоот өрөөнд 2023 оны 08 сарын 05-ны өдөр “тэр цүнх хаана байна пизда минь, чамайг пизда гэж дуудаж болохгүй юу, чи тийм хууль мэддэг пизда юу” гэж мөн баруун гараараа зүүн шанаа хэсэг рүү 3 удаа цохиж, 1 удаа алгадаж, толгой хэсэгт 2-3 удаа цохиж, баруун гараараа мангастаж толгойг нь ханатай хавсарч, баруун гараараа зүүн нүдний ухархай хэсэгт цохиж цус гарган бие махбодид, сэтгэл санааг шаналган зовоож, эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд эрүүгийн мөрдөгч буюу төрийн тусгай албан хаагчаар ажиллаж байхдаа шүүгдэгч Ч.Б  нь хохирогч Х.Ү-д хэрэг хүлээлгэх, мэдүүлэг авах зорилгоор биед нь халдаж хүнлэг бус хэрцгий харьцаж эрүү шүүлт тулгасан байна.

Мөрдөгч төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчих, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргах тохиолдолд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан төрийн албаны хууль ёсны байх эрх ашиг давхар хөндөгдөж байдаг бөгөөд цагдаагийн хэсгийн албан өрөөнд хохирогчийг зодож эрүү шүүлт тулгасан нь хүний хууль ёсны эрхийг хүндэтгэж харьцах, албаны шаардлагыг зөв хэлбэрээр илэрхийлэх зэрэг хууль сахиулагчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэх үндэслэл болно. Шүүгдэгч Ч.Б  нь албан тушаал ажил үүргийн хувьд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн субъектийн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “төрийн тусгай албан хаагч хэрэг хүлээлгэх зорилгоор эрүү шүүлт тулгах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Х.Ү-ын хувьд шүүх хуралдааны товыг шүүгчийн туслахаас албан ёсоор мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, иймд түүнийг шүүх хуралдаан дээр ороцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.Б-ы тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Гэм хор, хохирлын талаар:

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Х.Ү  нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг мөн сэтгэцийн хохирол нэхэмжлэхгүй талаар мэдүүлдэг бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлээгүй болно.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н  овогт Ч-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төрийн албан хаагч хэрэг хүлээлгэх, мэдүүлэг авах зорилгоор эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ч-ын Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 /таван мянга дөрвөн зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д .. оны .. сарын ..-ны өдрийн ../ШЦТ/.. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5,400,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.Б