| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2022/05860/И |
| Дугаар | 102/ШШ2023/00507 |
| Огноо | 2023-01-27 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2023/00507
| 2023 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2023/00507 | Улаанбаатар хот |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б
Хариуцагч: Д ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгч Ц.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа
/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул эзгүйд хэргийг шийдвэрлэсэн/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Д ХХК-иас 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Миний бие 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 8 дугаар сарын 19-ний өдрийг дуустал Д ХХК-д барилгын ажилтнаар өдрийн 100,000 төгрөгөөр тохирч хөлсөөр ажилласан. Ажиллаж байхдаа цаг тухайд нь ажлаа чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн. 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчийн зүгээс 1,500,000 төгрөг өгсөн. Үлдсэн 1,000,000 төгрөгийг удахгүй өгнө гээд хоёр сар боллоо. Иймд миний ажилласан үлдэгдэл цалин 1,000,000 төгрөгийг хариуцагч Д ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: иргэний үнэмлэхийн хуулбар /хх 3/.
3. Хариуцагчаас хариу тайлбар гаргаж өгөөгүй. Шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 9/.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан 1,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ ...хийсэн ажлын үлдэгдэл төлбөрт 1,000,000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.
Хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заажээ.
Хариуцагч талаас нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаар бичгийн тайлбарыг нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй, ямар нэг байдлаар эсэргүүцээгүй.
Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу хариуцагчаас 1,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д ХХК-иас 1,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас 28,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ