| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2023/00118/И |
| Дугаар | 102/ШШ2023/01296 |
| Огноо | 2023-04-04 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2023/01296
| 2023 оны 04 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2023/01296 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуут амины орон сууц 01 дүгээр гудамж, 69 тоот хаягт оршин суух, Хотгойд ургийн овогтой Төмөрбаатарын А /РД: /-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 хаягт оршин байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Гуравдагч этгээд: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, ерөнхий сайд Амарын гудамж, Хас банкны байранд байрлах Хасбанк ХХК /
Нэхэмжлэлийн шаардлага: Төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Т.А
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Аваасүрэнгийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.А нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
1.1. Т.Аид холбогдох Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрээр зээлийн гэрээний үүрэгт 42,485,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрийг үндэслэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.
1.2. Зээлийн гэрээний барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо дунд Нарангийн 0тоотод байрлах 47 м.кв талбайтай хувийн сууц, 395 м.кв талбайтай газрын хамт дуудлага худалдаагаар худалдаалан үнэлгээ тогтоохдоо 46,483,000 төгрөгөөр үнэлсэн.
1.3. Тухайн хашаа байшинг 2013 онд 40,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд одоогийн зах зээлийн үнэлгээг 80,000,000 төгрөгөөр үнэлүүлсэн. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хашаа байшинг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үндэслэлгүй бага үнээр үнэлсэнд гомдолтой байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШЗ2017/02339 дугаар захирамжаар Б.Банзрагч, Т.А нараас 42,485,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-нд төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн явуулж, төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгө болох Б.Банзрагчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо дунд Нарангийн 477 тоотод байрлах 47 м.кв талбайтай хувийн сууц, 395 м.кв талбайтай газрын хамт 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01/18250504 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн. 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 02/18250854 тоот хураах тогтоолоор хураан авч, үнийн санал авахад төлбөр төлөгч Т.А 70,000,000 төгрөгөөр, Б.Банзрагч 80,000,000 төгрөгөөр үнийн санал гаргаж өгсөн. Төлбөр төлөгч Хас банк ХХК-аас үнийн санал авахад хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх үнэлгээ хийлгэх саналыг бичгээр ирүүлсэн. 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/422 тоот шинжээч томилох тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр Баян-модот ХХК томилогдож тус барьцаа хөрөнгийг 46,483,000 төгрөгөөр тогтоосон. Дээрх шинжээчийн тогтоосон үнэлгээг төлбөр төлөгч Б.Банзрагч, Т.А, төлбөр авагч Хас банк ХХК-нд 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 4-171/24490, 4-171/24491 дүгээр албан бичгээр мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон барьцаа хөрөнгө болох хувийн сууцанд үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Гуравдагч этгээд Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2339 дугаартай захирамжаар н.А, н.Банзрагч нараас 42,485,000 төгрөгийг “Хас “ банк ХХК-д гаргуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа Сонгинохайрхан дүүрэг 31 дүгээр хороо Дунд нарангийн 15 дугаар гудамжны 477 тоотод байрлалтай 48 метр квадрат, 395 метр квадраттай газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр тухайн хөрөнгийг битүүмжилж, 2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр тухайн хөрөнгүүдэд ажиллагаа хийгдэж, талуудаас үнийн санал авсан. Үнийн санал авахад 70,000,000 төгрөг, 80,000,000 төгрөгийн үнийн санал өгсөн байсан. Төлбөр авагч Хас банк манай талын зүгээс тус хөрөнгөд шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Үүний дагуу 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шинжээч томилуулж, үнэлгээ нь 46,483,000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон. Тогтоосон үнэлгээний тайлантай танилцсан. Тухайн хөрөнгийг үнэлэхдээ хөрөнгийн үнэлгээ хийх шаардлагатай гурван аргаар тухайн хөрөнгүүдийг үнэлж, зах зээлийн үнийн арга илүү нийцэж байгаа тул зах зээлийн үнийн аргаар хөрөнгийг үнэлсэн. Тухайн үнэлгээний тайланг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч н.А, н.Банзрагч нарт гардуулсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан. Нэхэмжлэгч үнэлгээ дээр маргаж байгаа үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Гэвч нэхэмжлэгч үнэлгээг нотолсон баримт байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 4-171/24491 дугаартай мэдэгдэл зэрэг баримтуудыг, хариуцагчаас шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Шинжээч төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн.
3. Хариуцагч төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэсэн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/02339 дугаартай захирамжаар Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Банзрагч, Т.А нарт холбогдох 42,265,262 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах иргэний хэрэгт хариуцагч нар 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 7,044,210 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 7,044,210 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 7,044,210 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 7,044,210 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 7,044,210 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 7,044,210 төгрөгийг төлөх, зээлээ төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
4.2. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1499 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.
4.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Б.Банзрагчийн өмчлөлд бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд наран 15 дугаар 0 тоотод байрлах улсын бүртгэлийн Г-220 дугаарт бүртгэлтэй 395 м.кв талбайтай газар, улсын бүртгэлийн Ү-0дугаарт бүртгэлтэй хувийн сууцны зориулалттай 18 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 01/28250504 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 02/18250584 дугаартай тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг харилцан тохиролцож тогтоох ажиллагааг хийхэд талууд үнийг харилцан тохиролцоогүй байна.
5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/422 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор С.Цэ шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-д заасантай нийцсэн байна.
6. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-д заасны дагуу шинжээчээр С.Цэ томилсон, шинжээч дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 46,483,000 төгрөг болохыг тогтоосон байна.
7. Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд болох нь тусгай зөвшөөрлийн тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
8. Нэхэмжлэгч шинжээчийн тогтоосон үнийг зах зээлийн үнээс хэт доогуур байгаа гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй, шинжээчийн үнэлгээ тогтоосон аргачлалыг няцаагаагүй тул шинжээчийн тогтоосон үнэлгээг үгүйсгэх боломжгүй.
9. Дээрх үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах Т.Аийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
10. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох төлбөр төлөгч Б.Ба өмчлөлд бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд наран 15 дугаар гудамж ,0 тоотод байрлах улсын бүртгэлийн0 дугаарт бүртгэлтэй 395 м.кв талбайтай газар, улсын бүртгэлийн Ү-20 дугаарт бүртгэлтэй хувийн сууцны зориулалттай 18 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Т.Аийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ