Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/026

 

Б.Пт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогч байгууллагын төлөөлөгч С.А

Шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч *******, *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн  шүүгчийн 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЗ/160 дугаар  захирамжийг эс зөвшөөрч прокурор *******гийн бичсэн эсэргүүцлээр Б.Пт холбогдох эрүүгийн 2014002230436 дугаар хэргийг 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Б.П, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

Б.П нь 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Рентгений кабинетаас өөрт итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгө болох Япон улсад үйлдвэрлэсэн SHAMIDZU маркийн рентгений аппарат, Солонгос улсад үйлдвэрлэсэн К-50 маркийн рентгений аппарат зэрэг 2 ширхэг техник тоног төхөөрөмжийг рентген техникчийн албан тушаалаа ашиглан завшсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл шүүгдэгч Б.Пт холбогдох хэрэгт цугларсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй дараах үндэслэл тогтоогдов.

Үүнд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

1/ Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № 130 дугаар хурлын тогтоолд...Нэгдсэн эмнэлгийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 508 нэрийн 806170699.20 төгрөгийн өртөг бүхий нэгдүгээр хавсралтад заагдсан хөрөнгийг Эрдэнэцогт сумын Засаг даргын тамгын газар, Баянцагаан сумын Засаг даргын тамгын газар, сургууль, сум дундын эмнэлгийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 22 нэрийн 103439860.00 төгрөгийн өртөг бүхий хоёрдугаар хавсралтад заагдсан хөрөнгийг тус тус акталж, данснаас хассугай,...

3. Аймгийн орон нутгийн өмчийн дарга Ц.Иөд  дор дурдсан ажлыг зохион байгуулахыг даалгасугай.

3.1. Актлагдсан хөрөнгийн хөдлөл өөрчлөлтийг зохих хууль тогтоомж, журмын дагуу нягтлан бодох бүртгэл, тайланд тусган Төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагыг мэдээлэлжүүлэх системд-д бүртгэх

3.3 . Энэ тогтоолын хэрэгжилтийг 2020 оны 1 дүгээр сард багтаан аймгийн иргэдийн төлөөлөгчдын хурлын тэргүүлэгчдийн ажлын албанд ирүүлэх... гэж, 

Түүнчлэн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  тэргүүлэгчдийн тогтоолоор актлагдсан хөрөнгийг хураан авч устгал хийсэн ажлын хэсгийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн тайлангийн 13 дугаар жагсаалтад... нэгдсэн эмнэлэг рентген аппарат ашиглагдаж байгаа тул аваагүй болно... гэж тус тус тусгагдсан  бөгөөд  2020 оны 03 дугаар сарын 03-ны № 219 тоот / хх-ийн 138-139/, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн № 11/1184 тоот / хх-ийн 180-181/ албан бичгүүдээс үзэхэд Аймгийн Нэгдсэн эмнэлгээс тухайн тогтоолын хэрэгжилтэд хугацаандаа биелэгдээгүй талаар,

Мөн актлагдсан хөрөнгийн хөдлөл өөрчлөлтийг зохих хууль тогтоомж, журмын дагуу нягтлан бодох бүртгэл, тайланд тусган Төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагыг мэдээлэлжүүлэх системд бүртгэгдсэн болон 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар тухайн 2 ширхэг аппарат ашиглагдаж байсан эсэх, эсхүл актлагдсан хөрөнгөнд бүртгэлтэй эсэх талаар  эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Жавзан, холбогдох хүмүүсээс тодруулж мэдүүлэг авах

2/ гэрч *******ын.. Нэгдсэн эмнэлгийн өмч хамгаалах зөвлөлийн хурлаар хэлэлцээд Шимадзу болон Х-50 маркийн рентген аппаратууд нь ашиглалтын хугацаа дууссан, элэгдлээрээ зардлаа нөхсөн учраас актлуулж, устгуулах санал хүргүүлж, Аймгийн Иргэдийн хурлын Тэргүүлэгчдийн акталж, устгах тогтоол ирсний дагуу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр үндсэн хөрөнгөөс хасч балансад тайлагнасан, одоо тухайн рентген аппаратууд манай хөрөнгийн ямар ч бүртгэлд байхгүй гэх мэдүүлэг.. 1-р  хавтаст хэргийн 73-74 дүгээр тал/

Хохирогч байгууллагын төлөөлөгч С.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...тухайн аппаратууд нь Б.Пээ эгчийн нэр дээр бүртгэлтэй байсан ...” гэх мэдүүлэг

Шүүгдэгч Б.Пийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...өмнө жил бүр эд хөрөнгийн тооллого хийгээд эд хариуцагчаар гарын үсэг зуруулж нэг хувийг өгдөг байсан, сүүлийн 10 жилд эд хөрөнгийн тооллогын бүртгэл хийгээд ямар эд хөрөнгө тухайн эд хариуцагч байгаа талаар мэдэхгүй, баримтыг өгдөггүй болсон,.. 2019 онд ямар эд хөрөнгө хариуцаж байсан талаар болон актлагдсан гээд байгаа 2 ширхэг аппарат миний нэр дээр бүртгэлтэй байсан талаар мэдэхгүй надад хүлээлгэж өгөөгүй... гэх мэдүүлэг

Мөн Нэгдсэн эмнэлгийн  эд хөрөнгийн тооллогын 2019.06.20, 2019.12.27-ны өдөр эд хөрөнгийн тооллогын бүртгэл буюу эд хариуцагч Б.П / 2-р хх-ийн 8-9/ баримт хэрэгт авагдсан боловч эдгээр гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээс үзэхэд Шимадзу болон Х-50 маркийн рентген аппаратууд нь нэгдсэн эмнэлгийн үндсэн хөрөнгөнд болон хөрөнгөөс хасаж балансад тайлагнасан талаар холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргах, нэгдсэн эмнэлгийн үндсэн хөрөнгөөс хасч ямар ч бүртгэлд байхгүй хөрөнгийг шүүгдэгч Б.Пийн эд хөрөнгийн тооллогын бүртгэлд оруулж тоолсон талаар гэрч *******, С.А нараас дахин мэдүүлэг авах, мэдүүлгийн зөрүүг арилгах,

Түүнчлэн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/362 дугаар даргын тушаалаар томилогдсон тооллогын комисс нь эд хөрөнгийн тооллогын бүртгэлийг эд хариуцагч нарт танилцуулдаг, эд хариуцагч эд хөрөнгийг хүлээн зөвшөөрсөн эсэх талаар болон төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу явагдсан эсэх, тооллогын комиссын гишүүдээс мэдүүлэг авах, эд хариуцагч Б.Пийн эзэмшигчийн карт хөтөлсөн эсэх нягтлах,  эд хариуцагчийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулсан эсэх, холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргах,

3/    Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  Тэргүүлэгчдийн акталж, устгах тогтоол ирсний дагуу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр нэгдсэн эмнэлгийн үндсэн хөрөнгөөс Шимадзу болон Х-50 маркийн рентген аппаратуудыг хасаж балансад тайлагнасан, тухайн рентген аппаратууд байгууллагын өмчлөлд байхгүй зүйлийг ажилтанд хариуцаж болох  эсэх, мөн хохирогчоор Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийг тогтоосон эсэх эргэлзээтэй, хохирогчийг зөв тогтоох нөхцөл байдлуудыг тогтоогоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг” хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлохоор хуульчилсан бөгөөд  эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гэмт хэрэг гарсан байдал  болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг тогтоогоогүй бөгөөд бөгөөд үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр  шүүгдэгч Б.Пт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор *******гийн тус шүүхэд гаргасан 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар эсэргүүцэлд:

Хэргийг буцаасан шүүгчийн захирамжид заасан ажиллагаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №130 дугаар хурлын тогтоолд ...аймгийн Нэгдсэн эмнэлгийн хувьд 2020 оны 01 дүгээр сард багтаан актлахаар нэр заагдсан хөрөнгийг хэрхэн яаж, ямар хууль, журмын үндсэн дээр акталсан талаар буюу тогтоолыг хэрэгжилтийн биелэлтийг хүргүүлэхээр тусгасан хэдий хохирогч, иргэний нэхэмжлэгч С.А нь шүүхийн хэлэлцүүлэгт “.. дээрх нэр бүхий 2 аппаратын хувьд тусгай тоног төхөөрөмж бөгөөд эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл авсны үндсэн дээр актлах үйл ажиллагааг бүрэн явуулах ёстой байдаг, тиймээс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын тогтоолд заасан хугацаанд актлах боломжгүй байсан. Харин нэр бүхий бусад тоног, төхөөрөмжүүдийн хувьд тогтоолд заасан хугацаанд актлан холбогдох баримтыг хүргүүлж ажилласан байгаа талаар мэдүүлсэн байх тул дээрх 2 аппаратыг ямар учраас тогтоолд заасан хугацаанд актлаагүй болох талаар дахин эрх бүхий бусад хүмүүсийг гэрчээр асууж, тодруулах шаардлагагүй болно.

Хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн А.А, Б.О, С.А зэрэг эд хөрөнгө актлах комиссын гишүүдийн мэдүүлэгт хэрхэн ямар учраас актлах ажиллагааг тогтоосон цаг хугацаанд хийгээгүй талаар дурдагдсан байдаг. Мөн хэрэгт аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2020 оны эд хөрөнгийн тооллогоор 2 ширхэг рентген аппарат нь Б.Пийн эзэмшилд тоологдсон нь эд хариуцагчийн картаар тогтоогдсон байдаг юм. Монгол улсын Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2019.06.18- ны өдрийн 271 дугаартай тогтоолоор төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журмыг батлан хэрэгжүүлэн ажиллаж байгаа ба дээрх журамд зааснаар төрийн өмчийг хүлээн авч бүртгэх, актлах данснаас хасах, шилжүүлэх зэрэг үйл ажиллагааг тухайн төрийн болон орон нутгийн өмчийн газрын өмч хамгаалах комиссын хяналт доор хэрэгжүүлэхээр зааснаас үзэхэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн өмч хамгаалах комиссын хувьд дээрх эд хөрөнгийг албан ёсоор устгалд оруулан данс, бүртгэлээс хассан акт үйлдээгүй байхад үндсэн хөрөнгийн бүртгэлээс хассан нь нягтлан бодогчийн *******ын үйлдэл нь үндэслэлтэй хэдий ч тухайн эд хөрөнгийг актлах шийдвэрийн хэрэгжилтийг хангах хүртэл актлагдсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон Монгол улсын Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2019.06.18-ны өдрийн 271 дугаартай тогтоолд зааснаар тухайн байгууллагын удирдлага болон ерөнхий нягтлан бодогч нар хариуцахаар заасан байдаг.

Тиймээс эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон эд хөрөнгийн тооллогын комиссоос 2 ширхэг рентген аппаратыг бүрэн бүтэн байдлыг хариуцах үүргийг 2020 оны эд хөрөнгийн тооллогын явцад Б.Пт хариуцуулсан карт байгаа нь тэрээр рентген аппаратын албан ёсны эзэмшигч мөн гэж үзнэ.

Монгол улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 7 дугаар зүйлд “Төрийн өмчийн эд хөрөнгийг өмчлөх эрх Иргэний хууль, бусад хуульд заасан үндэслэлээр дуусгавар болно” гэж зааснаас үзэхэд албан ёсоор 2 ширхэг рентген аппаратыг Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №130 дугаар хурлын тогтоолоор актлахаар шийдвэрлэсэн нь эрх олгосон шийдвэр бөгөөд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хувьд тусгай тоног төхөөрөмж тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Цөмийн энергийн газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтныг оролцуулан акталж устгал бүрэн хийж акталж, устгасан талаарх комиссын шийдвэр гарснаар Нэгдсэн эмнэлгийн өмчлөлөөс хасагдах ёстой тул ямар нэгэн байдлаар устгалд оруулж акталсан шийдвэр гараагүй тул Нэгдсэн эмнэлгийн өмч хэвээр байгаа гэж үзнэ.Тиймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчоор хохирогч, иргэний нэхэмжлэгчээр аймгийн Нэгдсэн эмнэлгийг тогтоосон нь үндэслэлтэй.

Иймд шүүхээс хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг оролцвол зохих оролцогч нарыг оролцуулан шийдвэрлэх боломжтой тул Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЗ/160 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 Хохирогч байгууллагын өмгөөлөгч ******* тус шүүхэд  гаргасан давж заалдах гомдолдоо:

Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч ******* миний бие Эрүүгийн 2014002230436 дугаартай хэргийн хохирогч байгууллагын төлөөлөгч С.Аын өмгөөлөгчөөр оролцож, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2021 оны 2 дугаар сарын 22 ны өдрийн 2021/ШЗ/160 дугаар  захирамжийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй гэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор актлагдсан нэгдсэн эмнэлгийн SHAMIDZU маркийн рентгений аппарат, К-50 маркийн рентгений аппаратууд нь Цөмийн газарт давхар бүртгэлтэй байдаг бөгөөд устгах тохиолдолд Цөмийн газраас тусгай зөвшөөрөл авч мэргэжлийн хяналтын байцаагчийн хяналт дор устгах журамтай байдаг. Тухайн үед Цөмийн газраас зөвшөөрөл ирэхгүй удсан учир устгал хийх ажил хойшлогдож байсан талаар хавтас хэрэгт авагдсан Цөмийн газрын албан бичиг, хохирогч байгууллагын төлөөлөгч С.Аын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа тул эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Жавзан болон холбогдох хүмүүсээс тодруулах шаардлагагүй. Харин шүүгийн захирамжид заасан актлагдсан хөрөнгийн хөдлөл өөрчлөлтийг нягтлан бодох бүртгэл, тайлан зэргийг нотлох баримтаар гаргаж өгөх боломжтой юм.

Мөн гэрч *******, С.А нар нь өмнө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ эд хөрөнгийн талаар тодорхой мэдүүлэг өгч холбогдох баримт болох Нэгдсэн эмнэлгийн эд хөрөнгийн тооллогын бүртгэл хэрэгт авагдсан байхад дахин энэ талаар ажиллагаа хийх шаардлага байхгүй юм. Энэ талаар шүүгдэгч Б.П нь 12 жил рентген техникчээр ажилласан. Ажиллаж байхдаа рентген аппаратууд миний нэр дээр тоологдож байсан гэх мэдүүлгийг шүүх хуралдаанд тодорхой мэдүүлсэн.

Түүнчлэн SHAMIDZU маркийн рентген аппарат, К-50 маркийн рентгений 2 аппарат нь аймгийн нэгдсэн эмнэлгийн рентген байрны сууринд бэхэлсэн суурин аппарат учир энэ нь нэгдсэн эмнэлгийн өмчид байх нь зүй ёсны хэрэг юм.

Энэ бүхнээс үзэхэд тус хэргийг прокурорт буцаахгүйгээр анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжтой тул Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЗ/160 дугаар  захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Прокурор ******* тус шүүх  хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  Бичсэн эсэргүүцлээ дэмжин оролцоно. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлнэ үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, *******  нар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийлгэх, өмч нь эдийн засгийн хэрэгцээг хангах зорилготой, хохиролгүй байдаг гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор *******гийн давж заалдах шатны шүүхэд гаргасан  эсэргүүцэлд үндэслэн  хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд  эсэргүүцэлд  дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Прокуророос  шүүгдэгч Б.Пийг 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Рентгений кабинетаас өөрт итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгө болох Япон улсад үйлдвэрлэсэн SHAMIDZU маркийн рентгений аппарат, Солонгос улсад үйлдвэрлэсэн К-50 маркийн рентгений аппарат зэрэг 2 ширхэг техник тоног төхөөрөмжийг рентген техникчийн албан тушаалаа ашиглан завшсан гэмт хэрэгт холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоовол зохих байдлуудыг шалган тогтоосон байх бөгөөд  шүүгдэгч Б.Пт холбогдох эрүүгийн  хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан нотлох баримт болох эрх бүхий байгууллагуудаас гаргасан эрхийн актуудыг он, сар, өдөр дарааллаар нь хохирогч байгууллагын төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бусад нотлох баримтуудтай уялдуулан шүүгч хэргийг тал бүрээс нь нягт нямбай, бодит байдлаар хянах,  хэрэгт  цугларсан нотлох баримтуудыг  шинжлэн хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд  гэм буруугийн асуудлыг  хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан  хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж нь завшиж байгаа эд хөрөнгийг гэрээ хэлцэл, хууль дүрэм, албан ажлын шаардлагын дагуу итгэмжлэн хариуцсан этгээд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг  хийж өөрийн өмчийн адил эзэмшил тогтоон завшсан гэмт буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэж, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдаг.

Мөн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан идэвхтэй үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх ба  бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Түүнчлэн анхан шатны шүүх “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг тогтоогоогүйг  шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй...” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд тогтоосон байх ба Эрүүгийн хуульд заасан бусад байдал гэдгээ тодорхой бичээгүйгээс ямар бусад ажиллагаа хийх  нь ойлгомжгүй болжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 129, 160 дугаар захирамжуудад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  33.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсгийн 1.1-1.4,  мөн хуулийн  33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3-д  тус тус заасны аль нэгийг нь баримтлаагүйг анхан шатны  шүүх хэрэглэх ёстой хуулийн зохих заалт, хэсгийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Харин Прокурорын  “... 2 аппаратыг тогтоолд заасан хугацаанд актлаагүй талаар хохирогч байгууллагын төлөөлөгч С.А, гэрч А.А, Б.О, С.А нарын мэдүүлсэн, Нэгдсэн эмнэлгийн 2020 оны эд хөрөнгийн тооллогоор 2 ширхэг рентген аппарат нь Б.Пийн эзэмшилд тоологдсон нь эд хариуцагчийн картаар тогтоогдсон, актлагдсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон Монгол улсын Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 271 дугаар тогтоолд зааснаар тухайн байгууллагын удирдлага болон ерөнхий нягтлан бодогч нар хариуцахаар заасан, Монгол улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 7 дугаар зүйлд “Төрийн өмчийн эд хөрөнгийг өмчлөх эрх Иргэний хууль, бусад хуульд заасан үндэслэлээр дуусгавар болно” гэж зааснаар  2 ширхэг рентген аппаратыг Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №130 дугаар хурлын тогтоолоор актлахаар шийдвэрлэснийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Цөмийн энергийн газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтныг оролцуулан  акталж, устгасан талаарх комиссын шийдвэр гараагүй  тул  Нэгдсэн эмнэлгийн өмч хэвээр байгаа  хохирогч, иргэний нэхэмжлэгчээр аймгийн Нэгдсэн эмнэлгийг тогтоосон нь үндэслэлтэй...” гэх эсэргүүцэл,

Хохирогч байгууллагын  өмгөөлөгч *******гийн “...Цөмийн газраас зөвшөөрөл ирээгүй... устгал хийх ажил хойшлогдож байсан болох нь Цөмийн газрын албан бичиг, хохирогч байгууллагын төлөөлөгч С.Аын мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдээр нотлогдсон. ...шийдвэрлэх боломжтой ...” гэх гомдол  зэрэг нь шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдийг үгүйсгэжээ.

Иймд анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, хэргийн нөхцөл байдалд  зөв дүгнэлт хийгээгүйгээс үндэслэл муутай дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл, хохирогч байгууллагын өмгөөлөгчийн гомдол зэргийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЗ/160 дугаар  захирамжийг хүчингүй болгож, хэргийг  дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн  шийдвэрлэв.

Хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх хүртэл хугацаагаар шүүгдэгч Б.Пт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлэв.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үг, үсгийн алдаа ихтэй бичигдсэнийг магадлалын удиртгал хэсэгт засаж бичсэн бөгөөд үг, үсгийн алдаагаа цаашид анхаарвал зохино.

                               Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2

                                 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

                                 зүйлийн 1.3-т заасныг  тус, тус удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЗ/160 дугаар  захирамжийг  бүхэлд нь хүчингүй болгож,  Б.Пт холбогдох  2014002230436 тоот эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн  шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Пт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Г.УЛАМБАЯР

Л.НЯМДОРЖ