Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 68

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч:Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Э.Ууганзаяа,

            Шүүгдэгч: Ш.Лхагважав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газраас 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Монгол овгийн Шуурайгийн Лхагважавд холбогдох 1735000060003 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 08-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Увс аймгийн Давст сумын Зүүнхөвөө багт оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОВ70090910, Их Монгол овгийн Шуурайгийн Лхагважав.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ш.Лхагважав нь 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Давст сумын Зүүнхөвөө багийн нутаг дэвсгэрт эхнэр Ц.Цэндээг  зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

            1. Хохирогч Ц.Цэндээгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 6 дугаар сарын 28-ны орой 19 цагийн үед гэртээ байж байтал манай нөхөр согтуу ирсэн. Тэгээд намайг үхэр сааж байтал “Хашааны хаалга онгойлго” гэхээр нь би хашааны хаалга онгойлгож өгсөн. Тэр үед Ш.Лхагважав миний баруун талын гуяны дээд хэсгээр мотоциклоор шүргээд өөрөө мотоцикльтойгоо газарт унасан. Тэгээд босож ирээд “Чи намайг унагаачихлаа” гэж хэлээд намайг заамдаад газарт унагаасан. Тэгээд надад “Би чамайг энд чинь нухаад хаячихъя” гэж хэлэхээр нь би нөхөртэйгээ барьцалдаад ноцолдсон. Тэгтэл Ш.Лхагважав миний гэдсэн дээр өвдөглөөд нүүрлүү шороо хийхээр нь би нөхрөө газарт унагаагаад зугатаасан. Ш.Лхагважав миний араас мотоцикль асаагаад гараад явсан бөгөөд тэр шөнө гэртээ ирээгүй. Тухайн үед Ш.Лхагважав их согтолттой байсан. Ш.Лхагважав эхлээд миний баруун гуяны дээд хэсэгт мотоциклоор шүргэсэн. Тэгээд үхэр саагаад сууж байтал заамдаж аваад гэдрэг дэгээдэж унагаасан. Мөн намайг газарт унагаачихаад цээжин дээр өвдгөөрөө өвдгөлсөн. Өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. Уг үйлдлийн улмаас миний баруун талын гуя хөхөрч, тархи доргисон. Тухайн үед бид хоёрын хажууд хадам ээж Бадам байсан бөгөөд өөр хүн байгаагүй” гэх  мэдүүлэг /хх-ийн 12-р тал/,  

           2. Хохирогч Ц.Цэндээгийн мөрдөн байцаалтад дахин өгсөн: “Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Миний нөхөр Ш.Лхагважав өмнө нь архи уусан үедээ үглэж, хэрүүл хийдэг байсан боловч намайг зодож байгаагүй. Хэрүүл хийж “Явж зайл, пизда, яатуу” гэж доромжилдог байсан. Одоо тийм зан гаргахгүй байгаа. Одоо миний биед өвдөж, зовиурлаж байгаа зүйл байхгүй байна. Надад нэмж хэлэх санал хүсэлт, ямар нэгэн годмол байхгүй. Нөхөр маань надаас уучлал гуйж, надад эм тариа авч өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,

           3. Гэрч Л.Ариунжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Ш.Лхагважавын төрсөн охин нь юм. Миний аав Ш.Лхагважав төлөв даруу, үг дуу цөөтэй, эцэг хүн ямар зан ааштай байдаг яг л тийм зан араншинтай, ажилсаг хүн байгаа юм. Миний аав байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй бөгөөд хааяа л нэг найз нөхөдтэйгээ уулзсан үедээ хэрэглэдэг. Миний ярьсан зүйл үнэн, өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,

 

            4. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 383 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Ц.Цэндээгийн биед гэмтэл учирсан байна. Баруун гуяны гадна, дунд хэсэгт дээрхи хэмжээтэй зөөлөн эдэд цус хуралт, толгойн орой, зүүн шанааны хэсгийн хуйханд эмзэглэлтэй, зөөлөн эдийн няцралт гэмтэл үүссэн байна. Дээрхи гэмтэл нь гадны мохоо хүчний, хэд хэдэн зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн байна. Уг гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 19-р тал/,

 

            5. Увс аймгийн Давст сумын Зүүнхөвөө багийн засаг дарга Ч.Тувааны 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 168 тоот тодорхойлолт /хх-ийн 30-р тал/,

 

            6. Шүүгдэгч Ш.Лхагважавын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 31-р тал/,

            7.  Шүүгдэгч Ш.Лхагважавын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017 оны 6 дугаар сарын 28-ны орой 19 цагийн үед хөдөө хүн хүргэж өгчихөөд нэг аяга шимийн архи уучихаад гэртээ ирсэн. Тэгээд эхнэр Ц.Цэндээг “Хаалга татаад зогсож бай” гэж хэлэхэд Ц.Цэндээ хашааны хаалга онгойлгож өгсөн. Тэгээд би хашааруу орохдоо мотоциклийн тормоз ажиллахгүй байсныг мэдэлгүй эхнэрийнхээ баруун гуяыг шүргэчихсэн юм. Тэгээд гэртээ ороод сууж байтал эхнэр, манай ээж хоёр хэрэлдэж маргалдахаар нь гэрээс гараад харахад эхнэр ээжтэй хэрэлдээд байхаар нь уур хүрээд эхнэрээ газар түлхэж унагаагаад амруу нь шороо цацчихсан юм. Тэгээд мотоциклоо унаад хөдөө айлд очиж хоносон. Би тухайн үед тийм ч их согтолттой байгаагүй. Тухайн үед би эхнэрээ зодож, цохиогүй бөгөөд Ц.Цэндээ манай ээжид “Чамайг асарч тэжээх охин байхгүй” гэж хэлэхээр нь миний уур хүрээд тийм үйлдэл хийсэн юм. Би тухайн үед түргэн зан гаргасан гэдгээ ухаарч ойлгож байна. Би эхнэрээ эмнэлэгээр авч явж үзүүлж, эм тариа авч өгсөн. Бас эхнэрээсээ уучлал гуйсан. Миний буруу гэдгийг ойлгож байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

        

                   Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Ш.Лхагважав нь 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Давст сумын Зүүнхөвөө багийн нутаг дэвсгэрт эхнэр Ц.Цэндээг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ц.Цэндээгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ш.Лхагважавын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 383 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.

                  Шүүгдэгч Ш.Лхагважавын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Цэндээгийн бие махбодид “Баруун гуяны гадна, дунд хэсэгт дээрхи хэмжээтэй зөөлөн эдэд цус хуралт, толгойн орой, зүүн шанааны хэсгийн хуйханд эмзэглэлтэй, зөөлөн эдийн няцралт” гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

                   Шүүгдэгч Ш.Лхагважав нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, эхнэр Ц.Цэндээг эмчлүүлж, эмчилгээ хийлгэсэн, хохирогч Ц.Цэндээ нь нэхэмжлэх хохирол, төлбөргүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ. 

                   Шүүгдэгч Ш.Лхагважав нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.             

                   Шүүгдэгч Ш.Лхагважавыг учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ял шийтгэхдээ харгалзан үзсэн болно. 

 

                   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Их Монгол овгийн Шуурайгийн Лхагважавыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Лхагважавд 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Лхагважавд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ сарын  дотор төлж барагдуулах хугацаа тогтоосугай.

            4. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            5. Шүүгдэгч Ш.Лхагважав нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Ш.Лхагважавд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ГАНСҮХ