| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2022/05439/И |
| Дугаар | 102/ШШ2023/00516 |
| Огноо | 2023-01-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2023/00516
| 2023 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2023/00516 | Улаанбаатар хот |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: И ХХК
Хариуцагч:Ц
Нэхэмжлэлийн шаардлага: 805,359.98 төгрөг гаргуулах
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б
Хариуцагч Ц.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Ц.Ц-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
Зээлдэгч Ц.Ц нь манай компанитай 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 200301157 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулагдсанаар зээлдэгч нь Цахим зээлийн эрх нээх гэрээний 1.3.2 дахь хэсэгт заасан Цахим зээл гэж Зээлдэгчийн ББСБ-д илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейнаар дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг, мөн 1.3.12 дахь хэсэгт заасан Цахим гэж Аппликейшн дээр харилцагчийн үүсгэн удирдах тухайн харилцагчийн мөнгөн хөрөнгийн дүн болон гүйлгээний мэдээллийг агуулсан харилцагчийн цахим дансыг ашиглах, зээл авах эрх нээгдсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт Зээлдэгчийн зээлийн Дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно хэмээн заасны дагуу Ц.Ц-ийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу аппликейшний 7703682716 дугаартай эээлийн дансанд 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 160,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 200,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 150,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 150,000 төгрөгийн зээлийн олголтыг хийсэн. Цахим зээлийн эрх нээх гэрээний 2.3 дахь хэсэгт ББСБ-аас санал болгох зээлийн хугацаа нь 14 хоног, 30 хоног, 60 хоног болон бусад гэсэн сонголттой байх ба зээлдэгч зээл авах тухай бүрд зээлийн хугацааг өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоно хэмээн заасан. Зээлдэгч Ц.Ц нь 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 160,000 төгрөгийн зээлийн хугацааг 30 хоног байхаар, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 200,000 төгрөгийн зээлийн хугацааг 30 хоног байхаар, 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 150,000 төгрөгийн зээлийн хугацааг 30 хоног байхаар, 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 150,000 төгрөгийн зээлийн хугацааг 30 хоног байхаар сонгож, зээлээр олгосон мөнгийг өөрийн цахим покетын дансанд хүлээн авсан. Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний онцлог нь зээлдэгч зээлийн гэрээний хүрээнд эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл болон үйлчилгээний төлбөр болох шимтгэлийг хугацаандаа төлсөн тохиолдолд зээлийн хүү төлдөггүй. Харин эргэн төлөлтийн хугацаандаа үндсэн зээл, шимтгэлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоногоос эхлэн зээлийг ашигласан хариу төлбөр болох хүү, түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээдэг. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, шимтгэлийг төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессежээр, түүний хувийн аппликейшн дэх цэс рүү нь мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчсөн. Иймд 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар хариуцагчаас үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд нийт 805,359.98 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь апплейкшнаас зээл авсан болно. Нэг хэсэг эмнэлэгт хэвтээд хугацаагаа сунгах гэсэн боловч хагалгаанд төрсөн. Тиймээс хугацаа хэтэрч хүндэтгэн үзэж сар болгон 80,000 төгрөг болж барагдуулах хүсэлтэй байна. Тиймээс нөхцөл байдлыг минь хүлээн авна уу гэжээ.
3. Нэхэмжлэгч дараах баримтуудыг шүүхэд гарган өгсөн. Үүнд: компанийн гэрчилгээний хуулбар /хх 5/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх 6-7/, итгэмжлэл /хх 8, 33/, зээлийн дансны хуулга /хх 9/, нотариатын төлбөрийн баримт /хх 11/, цахим зээлийн эрх нээх гэрээний хуулбар /хх 12-20/-ыг гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас хариу тайлбар өгсөн /хх 32/. Нотлох баримт гаргаж өгөөгүй.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч И ХХК болон хариуцагч Ц.Ц нар Л00301157 тоот зээлийн гэрээ байгуулжээ.
Дээрх гэрээгээр хариуцагч нь 20,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг хүртэл ашиглах эрхтэй, 14, 30, 60 хоног хүртэлх хугацаатай цахим зээлийн гэрээг байгуулжээ.
Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т ...зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.
2022 оны 11 дүгаар сарын 07-ны өдөр И ХХК нь хариуцагч Ц.Ц-д холбогдуулж талуудын байгуулсан гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр, шимтгэл, хүү, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдох гарсан зардалд нийт 805,359.98 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан.
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Хариуцагчийн зүгээс зээлийг хүлээн авсан тал дээр маргаагүй. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үүргээ гүйцэтгэсэн тул нэхэмжлэгч хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасны дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүнд 797,859.98 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Түүнчлэн хариуцагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид шүүхэд хандах, тодорхой зардлыг гаргах шаардлага бий болсон болох нь баримтаар тогтоогдож байх тул нотариатын зардал болох 7,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасантай харшлахгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 23,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ц.Ц-аас 805,359.98 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 23,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ь
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ