| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2022/02883/И |
| Дугаар | 102/ШШ2022/03639 |
| Огноо | 2022-10-24 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2022/03639
| 2022 оны 10 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2022/03639 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А.Т.
Хариуцагч: БГДИТХАА
Ажилгүй байсан хугацааны олговорт 14,963,054 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, шүүхийн шийдвэрийг биелүүлэх нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Т, хариуцагчийн төлөөлөгч Ч.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Т нь хариуцагч БГДИТХААнд холбогдуулж Ажилгүй байсан хугацааны олговорт 14,963,054 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, шүүхийн шийдвэрийг биелүүлэх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Нэхэмжлэгч А.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.Т миний бие БГДИТХААнаас 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хууль бусаар ажлаас халагдаж шүүхийн шийдвэрээр ажилдаа эргүүлэн томилогдсон. Шүүхийн шийдвэр гарсан боловч өнөөдрийг хүртэл ажилдаа орж чадаагүй тул шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 03 хүртэл хугацааны олговорт 14,963,054 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.
2. Хариуцагч БГДИТХААны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лхагвасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүхийн 3 шатны шийдвэр гарч Нийслэлийн Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаа явагдаж байна. Монгол улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний 375 дугаар тогтоолоор Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлыг албыг 21 хүртэл орон тоотой байхаар тогтоосон тул Ажлын албаны бүтэц орон тоог шинэчлэн баталж, тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор нэхэмжлэгч А.Тийн ажиллаж байсан 23 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга бөгөөд хорооны зохион байгуулагчийн орон тоог цомхотгосон. Иймд түүнийг ажилд томилох, ажилгүй байсан хугацааны цалинг нь нөхөж олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийх боломжгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Нийслэлийн БГДИТХААны даргын дугаар 5/21 А.Тийг ажлаас чөлөөлөх тухай тушаал, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, тус шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 102/ШШ2021/01195 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дугаар 1142 магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тогтоол,
4. Хариуцагчаас Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 01/03 Хурлын Ажлын албаны бүтэц, орон тооны хязгаар батлах тухай тогтоол, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 15/07 чиглэл хүргүүлэх тухай албан бичиг зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул ажилгүй байсан хугацааны олговор нэхэмжилнэ, хариуцагч Ажлын албаны бүтэц орон тоог шинэчлэн баталсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй хэмээн шаардах эрх, татгалзлаа тайлбарласан.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1 Нийслэлийн БГДИТХААны даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар 5/21 тушаалаар А.Тийг ажлаас чөлөөлж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 102/ШШ2021/01195 шийдвэрээр А.Тийг Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөгчдийн хурлын Ажлын албаны Иргэний оролцоо олон нийттэй харилцах хэлстийн 23 дугаар хорооны иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд иргэдийн Нийтийн хурлын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 3,526,322 төгрөг гаргуулж шийдвэрлэжээ.
Тус шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд үйл баримтад талууд маргаангүй байна.
3.2 Шүүх хуралдаанд хариуцагч тал Ажлын албаны бүтэц, орон тооны хязгаар батлагдаж нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоо цомхотгогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, Хөдөлмөрийн тухай хуулийн /хуучнаар/ 36 дугаар зүйлийн 36.1.2 ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, 36.2 Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасан тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
3.3 Хариуцагч БГДИТХАА шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ажилгүй байсан хугацааны олговрыг шаардах эрхтэй.
3.4 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай шаардлага гаргасан боловч хуульд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан бөгөөд энэ нь тусдаа бие даасан шаардлага бус нэхэмжлэлийг гаргах болсон үндэслэл тул дүгнэлт өгөх шаардлагагүй.
4. Тус шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 102/ШШ2021/01195 Шийдвэрээр нэхэмжлэгч А.Тийн нэг өдрийн цалин 41,486 төгрөг болохыг тогтоож шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул нэхэмжлэгчийн нэг өдрийн цалинг 41.486 төгрөгөөр тооцох нь зүйтэй.
5. Иймд түүний нэг өдрийн цалинг 41,486 төгрөгөөр тооцож ажилгүй байсан хугацааны 342 хоногийн олговорт /342х41,486=14,188,212/ төгрөгийг хариуцагч БГДИТХААнаас 14,188,212 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Тд олгож, үлдэх 774,842 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 03-ныг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэлийг тооцон нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжийг хангасан үнийн дүнд тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
7. Хариуцагчаас нотлох баримтаар ирүүлсэн Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 01/03 Хурлын Ажлын албаны бүтэц, орон тооны хязгаар батлах тухай тогтоол, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 15/07 чиглэл хүргүүлэх тухай албан бичиг нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч БГДИТХААнаас 14,188,212 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Тд олгож, үлдэх 774,842 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч А.Тийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч БГДИТХААнд үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,766 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч БГДИТХААнаас 232.766 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Тд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА