| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 184/2022/03867/И |
| Дугаар | 102/ШШ2023/00329 |
| Огноо | 2023-01-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2023/00329
| 2023 оны 01 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2023/00329 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М.М
Хариуцагч: М.Б
Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 14,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.М, өмгөөлөгч П.Л, хариуцагчийн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.М хариуцагч М.Бд холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 14,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэн М.Бд өөрийн тоёота кроун 202 маркийн хар өнгөтэй машиныг Д.Бяоор зуучлуулан 14,000,000 төгрөгөөр худалдаж, нотариатаар орж гэрээ байгуулж, машиныг хүлээлгэж өгсөн. Өнгөрсөн хугацаанд М.Б болон зуучлагч Д.Бя нараас машины үнийг нэхсэн боловч өгөөгүй. 2022 оны 04 дүгээр сард Д.Бяийг цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан боловч гэрээ байгуулсан автомашиныг шилжүүлэн авсан М.Бгаас мөнгөө ав гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. М.Б машиныг шилжүүлэн авч цааш нь дамжуулан худалдсан байсан. Иймд хариуцагч М.Бгаас гэрээний үнэ 14,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төвшинтөгс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ зуучлагч Д.Бяид худалдах худалдан авах гэрээтэй холбоотой автомашиныг 14,000,000 төгрөгөөр худалдсан боловч мөнгийг өгөөгүй гэж тодорхой бичсэн. Энэ талаараа ч цагдаагийн хэлтэст гомдол гаргасан боловч иргэд хоорондын маргаан гэж хэрэгсэхгүй болж шүүхэд хандсан. Сонгинохайрхан дүүргийн шүүхэд гэрчээр Д.Бя, М.Бгийн нөхөр З.Түвшинтөр нар мэдүүлэг өгөхдөө Д.Бя, М.М нар амаар тохиролцож М.М өөрийн автомашиныг Д.Бяийн хүсэлтээр 14,000,000 төгрөгт тооцож хариуцагч М.Бд худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн болох нь мэдүүлгээр харагддаг. Цагдаад өгсөн гомдол дээр ч ийм байгаа. М.М өөрийн кроун маркийн автомашины оронд Д.Бяоос цагаан өнгийн бенз маркийн машиныг авсан боловч моторыг нь цохиулж машин нь эвдэрсэн тул өөрийн автомашины мөнгийг хариуцагч М.Бгаас авъя гэх зүйл яригддаг. М.Мтай анхны гэрээ хийсэн хүн нь Д.Бя байхад М.Бгаас гэрээний үнийг нэхэмжлэх нь үндэслэлгүй. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2704 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол,
4. Хариуцагчаас 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан Д.Бяийн өргөдөл, Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа,
5. Хариуцагчийн хүсэлтээр гэрчээр Д.Бя, З.Т нарыг асууж, ... улсын дугаартай мерседес бенз авто машины тээврийн хэрэгслийн лавлагаа гэх баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээг М.Бтай байгуулж машины эзэмшлийг шилжүүлсэн. Гэрээний үүргийг хариуцагчаас шаардана хэмээн шаардах эрхээ тодорхойлсон,
3. Хариуцагч нь Д.Бяийн хүсэлтээр М.Мгийн кроун маркийн машиныг М.Бд шилжүүлж, Д.Бя нь кроун маркийн машины төлбөрт бенз маркийн машиныг өгөхөөр тохиролцсон байдаг тул зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэсэн байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчийн хооронд 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ... улсын дугаартай хар ангийн тоёота кроун S-200 маркийн авто машиныг 14,000,000 төгрөгөөр худалдах Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагчаас тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгч машины эзэмшлийг шилжүүлжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдагч М.М тээврийн хэрэгслийг худалдан авагч М.Бгийн эзэмшил өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч М.Б тээврийн хэрэгслийг хүлээн авч үнийг төлөх үүрэг хүлээсэн.
Шүүх хуралдаанд хариуцагч нь Д.Бя нь М.Бгаас субари форестер маркийн авто машиныг нь 17,000,000 төгрөгөөр худалдан авч төлбөрт нь М.Мгийн кроун машиныг өгч, кроун машины төлбөрт өөрийн эзэмшлийн бенз маркийн авто машиныг өгөхөөр тохиролцсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг боловч хариуцагч М.Б, М.М нарын хооронд кроун авто машиныг 14,000,000 төгрөгөөр худалдах гэрээ байгуулагдаж, гэрээгээр М.Б автомашины үнийг төлөх үүрэг хүлээсэн тул нэхэмжлэгч гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр Д.Бя мэдүүлэхдээ М.Мд ББСБ-ын барьцаанд байсан эзэмшил нь манай эхнэрийн нэр дээр байдаг бенз маркийн машиныг өгөхөөр тохирсон боловч эхнэр эзэмшлийг нь шилжүүлж өгөөгүй. М.Мгийн кроун маркийн машиныг М.Бд шилжүүлсэн, гэрч З.Т мэдүүлэхдээ Бид Д.Бяийг залилсан гэж цагдаад гомдол гаргасан. Цагдаад шалгагдаж байх үед М.Мгийн гуйснаар кроун маркийн машиныг Д.Бяоос авах төлбөрт авсан. М.Мтай машин худалдсан гэрээ хийсэн боловч мөнгийг нь өгөөгүй. Кроун машиныг авч маргааш нь би өөр хүнд худалдсан, одоо хэний эзэмшилд байдгыг мэдэхгүй гэсэн мэдүүлгээр кроун маркийн автомашины үнэ төлөгдөөгүй, хариуцагч М.Б авто машины эзэмшлийг шилжүүлэн авсан тул гэрээний дагуу үнийг төлөх үүрэгтэй гэж үзэв.
6. Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаагаар субару форестер авто машины эзэмшлийн лавлагаа, бенз авто машины эзэмшигчийн лавлагааг нотлох баримтаар авсан нь нэхэмжлэлийн шаардлагад ач холбогдолгүй тухайн автомашинууд нэхэмжлэгч, хариуцагчийн хэнийх нь ч эзэмшилд байхгүй, энэ талаар маргаагүй тул эдгээр баримтад дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
7. Нэхэмжлэгч нь гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй тул хариуцагч М.Бгаас гэрээний үүргийн биелэлтэд 14,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Мд олгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
8. Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч М.Бгаас 14,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Мд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Бгаас 227,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Мд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА