| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/00388/И |
| Дугаар | 102/шш2023/01603 |
| Огноо | 2023-04-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 102/шш2023/01603
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ...
Хариуцагч: ...
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээнээс татгалзаж, төлбөрт төлсөн 1,000,000 /нэг сая/ төгрөгийг буцаан гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А....,
Нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Япон улсын виз гаргаж өгч байна гэсэн зарын дагуу хариуцагч Т....тэй очиж уулзаад, 2,000,000 төгрөгийг гадаад паспортын хамт өгсөн. Түүнээс хойш худлаа болж, утсаар ярихаар одоо өгнө, болоогүй байна гэсээр ирлээ. Иймд хохирлоо барагдуулахаар нэхэмжлэл гаргасан.
2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр манай эрэгтэй дүү Т.... гэх хүнийг Япон улсруу виз гаргаж байна. Зараас харлаа гэж хэлсэн. Нөхөр бид 2 Япон явах сонирхолтой байсан тул Т....тэй холбогдож, ... төвийн 2 давхарт очиж 2,000,000 төгрөгийг төлсөн. Тухайн үед Ковид-19 цар тахал гарсан байсан тул хил гааль хаагдсан, одоогоор явуулах боломжгүй гэж явсаар өдийг хүрсэн. Улмаар Т.... надруу залгаж үнэ нэмэгдсэн тул 140,000 төгрөгийг шилжүүл гээд авсан. Тэгээд дахин Япон улсаас хариу ирэхгүй байна, 200,000 төгрөг хэрэгтэй болж байна гээд надаас нийт 500,000 гаруй төгрөгийг авсан. Энэ явцад миний нөхөр өвчний улмаас нас барсан. Би Т....ийг виз гаргаж өгөх байх гэж бодсон бөгөөд түүнд гадаад паспортоо өгсөн байсан. Манай дүү бас виз гаргуулна гэж Т....д 1,000,000 төгрөг төлсөн байсан бөгөөд араас хөөцөлдөж байж 500,000 төгрөг авсан. Сүүлдээ Т.... утсаа авахаа больж, худал хэлж байгаа нь мэдэгдсэн тул би шүүхэд хандсан. Нэхэмжлэл гаргасны дараа надад 1,000,000 төгрөгийг өгсөн. Хариу тайлбартаа 1,000,000 төгрөгөөр тохиролцсон гэх зүйл бичсэн байсан нь худал. Би өмнө Хөх хотод ажил хийдэг байсан бөгөөд буцаад ажил хийхээр Хөх хот явах гэтэл Т.... миний гадаад паспортыг өгөөгүй. Би өгөх албатай юу гэж хэл амаар доромжлох болсон. Иймд хариуцагч Т....ээс 1,000,000 төгрөгийг гаргуулж, гадаад паспортоо түүнээс авмаар байна. Хариу тайлбар нь худал. Т.... өөрөө надруу залгаад 1,000,000 төгрөг байна. Үүнийг аваад хэргээ хаачих гэж хэлсэн. Тэгээд надруу мөнгийг шилжүүлсэн. Түүнээс би хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж хэлээгүй. Т....д өгсөн мөнгөө авмаар байна...гэв.
2. Хариуцагч Т.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Төмөрбаатар овогтой ... миний бие А....ээс 2,000,000 төгрөг авсан нь үнэн. Гэхдээ визний материал бүрдүүлж өгөх зардалд гэж авсан. Тэрнээс виз гаргаж өнө гэж хэлээгүй. 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр А.... над руу залгаж өнөөдөр 1,000,000 төгрөг өгвөл би хохиролгүй болно гэж хэлсэн тул 1,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. Гэтэл 4 дүгээр сарын 04-ний өдөр нэмж мөнгө авмаар байна гэсэн тул энэхүү тайлбарыг бичиж байна. Нэмж мөнгө өгөх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.
3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: өөрийн Хаан банк ХХК дахь харилцах дансны хуулга /хх-4/-ыг нотлох баримтаар гаргасан бол хариуцагч нь тайлбар татгалзлаа нотлохоор аливаа баримт гаргаагүй байна.
4. Хариуцагч Т.... шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч талын эзгүйд хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр А....ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч шаардах эрхээ ...2020 онд хариуцагчтай Япон улсын виз гаргана гэх зарын дагуу холбогдож, өөрт болон нөхөртөө виз гаргуулахаар 2,000,000 төгрөг төлсөн боловч виз гаргаж өгөлгүй алга болсон, олон шалтаг тоочиж бага багаар мөнгө авч байсан ч виз гараагүй, нөхөр минь өвчний улмаас нас барсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч мэдээд 1,000,000 төгрөг төлсөн учраас одоо төлөөгүй үлдсэн 1,000,000 төгрөгийг буцаан гаргуулна. Бидний паспортыг Т.... мөн авсан боловч буцааж өгөөгүй байгаа гэж тодорхойлсон.
3. Хариуцагч Т.... нь нэхэмжлэгч А....ээс 2,000,000 төгрөг авсан болохоо хүлээн зөвшөөрөх бөгөөд түүнд 1,000,000 төгрөг буцаан төлсөн тухай тайлбарлана. Гэвч үлдэх 1,000,000 төгрөгийг төлөхөөс эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгчид виз гаргаж өгнө гэж хэлээгүй, харин визний материал бүрдүүлж өгөхөд гарах зардалд авсан, одоо төлөх төлбөр байхгүй гэх агуулгаар үгүйсгэн маргаж байна.
4. Талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа аман хэлбэрээр хийгдэж, хариуцагч Т.... нь нэхэмжлэгч А.... болон түүний нөхөрт Япон улсын виз гаргах, нэхэмжлэгч А.... нь төлбөр 2,000,000 төгрөгийг хариуцагчид төлөх үүрэг тус тус хүлээсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.
5. Нэхэмжлэгч нь хариуцагчтай харилцан тохиролцсоны дагуу 2,000,000 төгрөгийг Т....д 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Виз гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлэн, өөрийн болон нөхрийн паспортыг хариуцагчид хүлээлгэн өгсөн байна.
6. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны дагуу аман хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу Т....ээс түүнд шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.
7. А.... шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч нь нэхэмжлэгчид 1,000,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон ба нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,000,000 төгрөгийг буцаан төлөх үүргээс хариуцагч чөлөөлөгдөхгүй тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 1,000,000 төгрөг болгон багасгаж, шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 23,475 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
9. Хариуцагч Т.... нь хэлцлийн дагуу виз гаргуулах үүрэг хүлээн 2,000,000 төгрөгийн хөлс хүлээн авахдаа нэхэмжлэгч А....ийн болон түүний нөхрийн гадаад паспортыг хүлээн авч, буцаан өгөөгүй тухай нэхэмжлэгч тайлбарлах боловч Т....ээс гадаад паспортоо буцаан гаргуулахаар шаардаагүй уг асуудлыг шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т....ээс 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А....т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 23,475 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА