Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2023/01259

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2023/01259

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.Б

Хариуцагч: ДТӨХК

Хохиролд 2,636,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Б, хариуцагчийн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ээж Ц.О нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нас барж, аав, дүү хоёр өвөөс татгалзаж би өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Ээж Ц.О нь ДТӨХК-нд 34 жил 4 сар ажиллаж өндөр насны тэтгэвэрт суусан. Цахилгаан станцын даргын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/457 дугаар тушаалаар өндөр настны тэтгэвэрт гарч ажлаас чөлөөлөгдсөн. Дулаан 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-нд ажилласан 34 жил 4 сарын хугацаанд ногдох 26,636,000 төгрөгийг олгохдоо үнийн дүнгийн 10 хувийг суутган авч үлдсэн байсан. Суутгалыг хууль бус гэж үзэн 2021 оны 12 дугаар сараас шүүхэд хандаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд ээж маань 2022 оны 09 дүгээр сард нас барсан юм. Иймд хариуцагч ДТӨХК-наас тэтгэмжээс суутгасан 2,636,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бямбасүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.О нь ДЦС-4 ТӨХК-нд нийт 34 жил 4 сар ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/457 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн. Манай байгууллагын ДЦС-4 ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1-д заасны дагуу Ц.Оийн эрчим хүчний салбарт ажилласан жилийн эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 26,368,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн тэтгэмжээс Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7.1.2 ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд олгосон тэтгэмж болон түүнтэй адилтгах орлогод татвар ногдуулна гэж заасны дагуу 10 хувиар тооцон суутгаж Монголын Татварын албаны дансанд шилжүүлсэн тул Баянгол дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэн буцааж авах үндэслэлтэй. Дээрх Б/457 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-т заасны дагуу 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 7,028,466 төгрөгийг ямар ч суутгалгүйгээр Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 16-д зааснаар Ц.Оийн дансанд бүрэн шилжүүлэн олгосон. Харин байгууллагын Хамтын гэрээний дагуу олгож буй 26,368,000 төгрөгийг хуулинд тусгайлан заасан тэтгэмж биш учраас хувь хүний орлогын албан татварт суутгасан байгаа юм. Иймд татварт суутгасан нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар талуудын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч ДТӨХК-нд холбогдох 2,636,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Ц.О нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өвчний улмаас нас барсан, охин Ж.Б 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Өв хүлээн авах хүсэлт гаргаж өндөр настны тэтгэмж болох бэлэн мөнгө 2,636,800 төгрөгийн хөрөнгийг өвлүүлэхээр Өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон тул нэхэмжлэгч Ж.Б нь Ц.Оийн олгогдсон тэтгэмжээс суутгасан 2,636,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

ДТӨХК-ний гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/457 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас халах, тэтгэмж олгох тухай тушаалаар Түлш дамжуулах цехийн дамжлагын машинч Цэгмэдийн Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөр тус тус цуцалж, ажлаас халж Эрчим хүчний салбарт ажилласан 34 жил 4 сарын хугацаанд ногдох 26,368,000 төгрөгийн тэтгэмжийг олгосон байна.

Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт гарахад олгогдсон тэтгэмжээс 10 хувийг үндэслэлгүй суутгасан гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон,

Хариуцагч нь хамтын гэрээний дагуу олгогдсон тэтгэмж нь хуулинд тусгайлан заасан тэтгэмж биш учир хувь хүний орлогын албан татварт суутгасан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэсэн.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн/ 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэг, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт зааснаар ...тэтгэмж, орлогыг татвараас чөлөөлөхөөр заасан, хуулиар татвар төлөх үүрэг үүсээгүй байхад Дтатварт 10 хувийг суутгаж тооцсон нь хууль зөрчсөн, үндэслэлгүй байна.

Дээрх хуульд зааснаар ажилтанд олгосон тэтгэмж нь хуулиар татвараас чөлөөлөхөөр заасан байхад хариуцагч байгууллага хууль зөрчиж суутгал хийж Татварын албанд шилжүүлсэн байдалд ажилтан буруугүй тул Татварын хэлтсээс нэхэмжлэн буцаан авах үндэслэлтэй гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Иймд хариуцагч ДТӨХК-наас хохиролд 2,636,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Бт олгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар ДТӨХК-иас 2,636,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Бт олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,000 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч ДТӨХК-иас 58,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Бт олгосугай.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА