| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2023/00525/И |
| Дугаар | 102/ШШ2023/01412 |
| Огноо | 2023-04-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2023/01412
| 2023 оны 04 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2023/01412 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч Ч.Б, Ш.Оюунтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Х.Б
Хариуцагч: Д ТӨХК
36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр 122,778,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бн, иргэдийн төлөөлөгч О.Чг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Д Төрийн өмчит хувьцаат компанид холбогдох 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр 122,778,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний хүү Ш.ДЖа нь 2009 оны 09 дүгээр сарын 01-нээс Д Төрийн өмчит хувьцаат компанид ажилд орж туслах машинист, ахлах машинист, ээлжийн ахлахын дагалдангаар ажиллаж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Д Төрийн өмчит хувьцаат компаны турбин цехийн турбоатрегат №2-ын хурц уурын шугам /560 градас/ задарснаас албан үүргээ гүйцэтгэж явсан хүү маань биеийн 90-95% түлэгдэлтэй, амин эрхтэн, уушиг, хэл, амьсгалын зам, 2 гарын сарвуу 4 дүгээр зэргийн түлэгдэлтэй, нүүрс болсон, өвдөлтийн гүн шокны байдалтайгаар шархаа даалгүйгээр 2018 оны 01 дүгээр сарын 08-ны 22.00 цагт жам бусаар харамсалтайгаар 30 нас ч хүрээгүй хүү маань алтан амиа алдсан. Трубины ашиглалтын хугацаа 13-15 жил болсон буюу 82,000-140,000 цагаар хэтэрч ажиллуулж байснаас хүү маань амь насаа алдсан. 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актаар ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед осолдсон тул үйлдвэрлэлийн ослоор тооцсон. Би өөрөө бие муутай суурь өвчтэй, гар муутай бөгөөд хагалгаанд хоёр ч удаа орсон боловч дахин хагалгаанд орох заалттай. Хүүгийн маань хэрэгтэй холбоотой цагдаагийн байгууллагаас над руу та хохирогчоор тоготоогдох уу, хэнийг тогтоох вэ гэж асуухад нь уг нь би ээж нь боловч хууль ёсны баталгаатай гэр бүл эхнэр нь хохирогч болно гэсэн. Д Төрийн өмчит хувьцаат компаниас эхнэр н.Бт 36 сарын цалинтай тэнцэх олговорыг олгосон гэдгийг Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга н.Баярмагнай гэдэг хүнээс 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр анх очиж уулзахдаа мэдсэн. н.Б хүүг маань өнгөрснөөс хойш бидэнтэй холбоо бариагүй. Энэ мөнгөнөөс тодорхой хэсгийг авах ёстой юм байна гэж бодоод н.Бтэй холбогдоход мейлээр харьц гээд утсаа унтраасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-т үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно гэж зааснаар хариуцагч Д Төрийн өмчит хувьцаат компаниас 36 сарын цалинтай тэнцэх олговорт 122,778,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Д Төрийн өмчит хувьцаат компани шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бямбасүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оны 01 дүгээр сарын 08-нд гарсан үйлдвэрлэлийн ослын улмаас Турбин цехийн ахлах машинч Ш.ДЖа хурц уурын үлээлтэд биеийн 80 хувь нь түлэгдэж амь нас нь хохирсон маш их харамсалтай явдал болсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж байх явцад хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон хохирогчийн хууль ёсны эхнэр Б.Бийн Хаан банкны дансанд 72 сарын цалин 245,556,330 төгрөгийн нөхөн төлбөрийг Д Төрийн өмчит хувьцаат компаниас Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 8 дугаар тогтоолыг үндэслэн шилжүүлсэн. Нөхөн төлбөрийг ар гэрт нь олгохоор шийдвэрлэсэн тул энэ мөнгөнөөс хохирогчийн эх Х.Бт ч оногдох ёстой гэж үзэж байгаа. Мөн оршуулгын ажилд 9,500,000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 11-нд Нью семерти ХХК-нд, буяны ажилд 5,634,000 төгрөгийг Таван богд вашёкү ХХК-нд тус тус Д Төрийн өмчит хувьцаат компаниас шилжүүлж төлсөн. Д Төрийн өмчит хувьцаат компанийн хувьд хүний амь нас хохирсон харамсалтай боловч хууль тогтоомжид заасан нөхөн төлбөрийг олгож, холбогдох зардлыг хариуцан төлсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д нөхөн төлбөрийг нэг удаа олгоно гэж зааснаар ар гэрт нь олгосон гэв.
3. Иргэдийн төлөөлөгч Д Төрийн өмчит хувьцаат компаниас нөхөн олговорыг гэр бүлд нь олгосон нь үнэн байна, өгөх боломжгүй гэж бодож байна гэсэн дүгнэлт гаргажээ.
4. Нэхэмжлэгчээс нас барсны бүртгэлийн лавлагаа, Шинжээчийн дүгнэлт, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, Х.Бийг хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, Ш.ДЖын цалингийн тодорхойлолт,
5. Хариуцагчаас саатлын акт №01, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл Д Төрийн өмчит хувьцаат компаний төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар 8 нөхөн төлбөр олгох тухай тогтоол, төлбөрийн даалгавар, Д ТӨХК-ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Д Төрийн өмчит хувьцаат компаниас хүүгийн маань эхнэр Б.Бт олгосон нөхөн олговроос тодорхой хэсгийг авах ёстой гэж үзэж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-т зааснаар 36 сарын цалинтай тэнцэх 122,778,000 төгрөг нэхэмжилнэ гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
3. Хариуцагч Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг үндэслэн эрүүгийн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон эхнэр Б.Бийн дансанд 72 сарын цалинтай тэнцэх нөхөн олговрыг Хөдөлмөрийн тухай хуульд нэг удаа олгоно гэж зааснаар шилжүүлсэн гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны шөнө 02 цагийн орчимд Д Төрийн өмчит хувьцаат компаний үйлдвэрийн байранд дулааны шугам задарч ажил үүргээ гүйцэтгэж явсан ажилтан Ш.ДЖа түлэгдэж биеийн нийт гадаргуугийн 75-80%-ийг хамарсан III А, Б зэргийн түлэгдэлт, амны хөндий, залгиур, цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолойн дээд 1/3-ийн салстын түлэгдэлтийн улмаас олон эрхтнүүдийн дутагдалд орж нас барсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаар 245 Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
4.1.2. 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн комиссын актаар Ш.ДЖыг турбоагрегат №2-ын нам даралтын халаагчийн тавцан руу буух үед перепускийн буюу уур оруулах шугам задарснаас хурц уурын үлээлтэнд түлэгдсэн гэсэн дүгнэлт гаргаж, Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.1 дүгээр заалтын дагуу ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэх байх үед осолдсон тул үйлдвэрлэлийн ослоор тооцон шийдвэрлэжээ.
4.1.3. Д Төрийн өмчит хувьцаат компаний Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар 8 тогтоолоор ажлын байрандаа үүргээ гүйцэтгэж байгаад осолдон амь насаа алдсан Ш.ДЖын ар гэрт 72 сарын дундаж цалин буюу 245,556,330 төгрөгийн нөхөн төлбөрийг олгохыг зөвшөөрөн шийдвэрлэж, эрүүгийн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон хууль ёсны баталгаатай эхнэр Б.Бийн дансанд нөхөн төлбөр 245,556,330 төгрөг, Таван богд вашёкү ХХК-ийн дансанд буяны ажлын зардал 5,634,000 төгрөг, Нью семетри ХХК-ийн дансанд бурхан болоочийн оршуулгын зардалд 9,500,000 төгрөг шилжүүлсэн болох нь Нөхөн төлбөр олгох тухай тогтоол, төлбөрийн даалгавар, нэхэмжлэх, хариуцагчийн тайлбар гэсэн баримтуудаар тогтоогдсон.
4.1.4. Хөдөлмөрийн тухай хуулийн /хуучнаар/ 97 дугаар зүйлийн 97.1-т үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно. 97.1.2-т үйлдвэрлэлийн ослийн улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээж удаа удаа нөхөн төлөх, Д Төрийн өмчит хувьцаат компанийн захиргаа, ҮЭХ-ны хооронд байгуулсан Хамтын гэрээ /2016-2018/-ний 8.1-т үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан нь тогтоогдсон ажилтанд, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт нь нэг удаа хууль тогтоомжинд заасан хэмжээгээр нөхөн төлбөр олгоно гэж тус тус зааснаар Ш.ДЖын ар гэрт нь 72 сарын дундаж цалин буюу 245.556.330 төгрөгийн нөхөн төлбөр олгогдсон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн /хуучнаар/ 97 дугаар зүйлийн 97.1.2-т үйлдвэрлэлийн ослоор нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн олговрыг нэг ба түүнээс дээш удаа нөхөн төлөхөөр хуульчилж, Д Төрийн өмчит хувьцаат компанийн захиргаа, ҮЭХ-ны хооронд байгуулсан Хамтын гэрээ /2016-2018/-ний 8.1-т үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтны ар гэрт нь нэг удаа хууль тогтоомжинд заасан хэмжээгээр нөхөн төлбөр олгохоор хамтын гэрээг байгуулж, байгууллагаас нөхөн төлбөр олгогдсон байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 125 дугаар зүйлийн 125.1-т зааснаар шаардах эрхгүй байна.
5. Иймд хариуцагч Д Төрийн өмчит хувьцаат компанид холбогдох нэхэмжлэгч Х.Бийн нэхэмжлэлийн шаардлага 36 сарын цалинтай тэнцэх нөхөн олговор 122,778,000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
6. Иргэдийн төлөөлөгчийн гаргасан Д Төрийн өмчит хувьцаат компаниас нөхөн олговорыг гэр бүлд нь олгосон нь үнэн, нөхөн олговор дахин өгөх боломжгүй гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 771,840 төгрөгийг улсын төсвийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-т зааснаар хариуцагч Д Төрийн өмчит хувьцаат компанид холбогдох 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр 122,778,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Х.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 771,840 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч Х.Бт буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА
ШҮҮГЧ Ч.Б
Ш.ОЮУНТУУЛ