| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2022/03571/И |
| Дугаар | 102/ШШ2023/01227 |
| Огноо | 2023-03-30 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2023/01227
| 2023 оны 03 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2023/01227 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, Шинэ Цэргийн хотхон, ... тоот хаягт оршин суух, Б.Д овогт Б-ийн Э,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дүгээр байр, ... тоот хаягт бүртгэлтэй, Боржигон овогт Энхбаатарын Энхтуул,
Нэхэмжлэлийн шаардлага: 900,000 төгрөг гаргуулах тухай,
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма оролцов. Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Э.Э-д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний төлбөр 820,000 төгрөг, тоолуурын мөнгө 80,000 төгрөг, нийт 900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Б.Э миний бие Э.Э-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байр, ... тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 7 сарын хугацаатай, 1 сарын түрээсийн төлбөрийг 800,000 төгрөгөөр тохиролцож, 7 сарын түрээсийн төлбөр 6,400,000 төгрөгийг Э.Э-д өгсөн. Мөн гэрээнд заасны дагуу барьцааны 800,000 төгрөг төлсөн. Э.Э-ын төрсөн ээж Д.О нь 2022 оны 6 сард гэнэт ирж, байрнаас гар, би Солонгос улсаас ирсэн гэх мэтээр харьцаж гэрээг цуцална гэсэн шаардлага тавьсан. Ингээд аргагүйн эрхэнд 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байрыг чөлөөлж өгсөн. Э.Э, Д.О нар ирж байрыг хүлээн авсан ба төлбөр тооцоогоо хийнэ гэсэн боловч 820,000 төгрөгийг дутуу өгч, нийт 1,580,000 төгрөг өгсөн. 820,000 төгрөгийг өгөхгүй гэж хэлсэн тул 820,000 төгрөг дээр 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр шинээр тоолуур тавьсаны болон аваарын хаалт сольсоны төлбөр 80,000 төгрөгийг нэмж, нийт 900,000 төгрөгийг Э.Эаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй.
3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх төв 2 байгууллагад 2022.03.18-ны өдөр төлсөн 162,711.80 төгрөгийн баримт, ОСНААУГ-ын нэхэмжлэх, байр болон мөнгө хүлээлцсэн гар бичмэл, 2021.01.25-ны өдрийн Б.Э, Э.Э нарын байгуулсан орон сууц түрээслэх гэрээ, Э.Э-ын иргэний үнэмлэхний лавлагаа, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Төмөр замын 24 дүгээр байр, 120 тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, Э.Э-ын үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтын лавлагааг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Э.Э-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байр, ... тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 7 сарын хугацаатай, 1 сарын түрээсийн төлбөрийг 800,000 төгрөгөөр тохиролцож, 7 сарын түрээсийн төлбөр 6,400,000 төгрөг, барьцааны 800,000 төгрөгийг Э.Э-д төлсөн. Э.Э-ын төрсөн ээж Д.О нь гэрээг цуцална гэсэн шаардлага тавьж, 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байрыг чөлөөлж өгсөн. Э.Э, Д.О нар ирж байрыг хүлээн авч, 1,580,000 төгрөг өгсөн. 820,000 төгрөгийг өгөхгүй гэж хэлсэн тул 820,000 төгрөг дээр 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр шинээр тоолуур тавьсаны болон аваарын хаалт сольсоны төлбөр 80,000 төгрөгийг нэмж, нийт 900,000 төгрөгийг Э.Э-аас гаргуулна гэв.
3. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх төв 2 байгууллагад 2022.03.18-ны өдөр төлсөн 162,711.80 төгрөгийн баримт, ОСНААУГ-ын нэхэмжлэх, байр болон мөнгө хүлээлцсэн гар бичмэл, 2021.01.25-ны өдрийн Б.Э, Э.Э нарын байгуулсан орон сууц түрээслэх гэрээ, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Төмөр замын 24 дүгээр байр, 120 тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, Э.Э-ын үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтын лавлагаа зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Б.Э нь Э.Э-ын хамтран өмчилдөг Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, Төмөр замын ... дүгээр байр, ... тоот орон сууцыг 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 7 сарын хугацаатай, 1 сарын түрээсийн төлбөр 800,000 төгрөг байхаар тохиролцож, орон сууц хөлслөх гэрээг 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан байна.
6. Хариуцагч нь тайлбар ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаар түүнийг нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ.
7. Шүүхээс Б.Э, Э.Э нарын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
8. Зохигчид орон сууц хөлслөх гэрээг бичгээр үйлдсэн, тухайн хөрөнгө нь хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээний харилцаа үүссэн байна.
9. Орон сууц хөлслөх гэрээний хугацаа дуусахаас өмнө хөлслүүлэгчийн гэр бүлийн гишүүн, хамтран өмчлөгчид орон сууц хэрэгцээтэй болсон үндэслэлээр орон сууц хөлслөх гэрээг хугацаанаас нь өмнө цуцалжээ.
10.Иргэний хуулийн 294.4-т Хэрэв эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл нь тавилга бүхий сууцны зориулалттай байр бол хөлслүүлэгч гэрээг цуцлахдаа энэ хуулийн 294.3-т заасан хугацааг баримтлах үүрэгтэй , мөн хуулийн 294.3-т Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно гэж зааснаар орон сууц хөлслөх гэрээг цуцлах мэдэгдлийг 3 сарын өмнө гаргаагүй боловч хөлслөгч хүлээн зөвшөөрч орон сууцыг хүлээлгэн өгсөн байна.
11. Хөлслөгч буюу нэхэмжлэгч Б.Э нь уг орон сууцыг 5 сар 2 хоногийн хугацаанд ашиглажээ. Гэрээний 4.2-т Нэг сараас доош хугацаатай түрээсийн төлбөрийг сарын 30 хоногт тооцож өдрийн тоогоор төлнө гэж тохиролцсон байх тул 800,000 төгрөгийг 30 хоногт хувааж, өдрийн 26,700 төгрөг, 2 өдрийн 53,400 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцох үндэслэлтэй байна.
12. Хариуцагч нь 1 сар 28 хоногийн түрээсийн төлбөр, барьцааны 800,000 төгрөгийн хамт 2,346,600 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй байх бөгөөд нэхэмжлэгчид 1,580,000 төгрөгийг төлсөн, энэ талаар нэхэмжлэгч зөвшөөрч тооцооноос хасчээ.
13. Хариуцагч нь түрээсийн төлбөрт 766,600 төгрөгийг дутуу төлсөн байна гэж үзэж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
14. нэхэмжлэгч нь тоолуур шинээр сольж суурилуулсан, аваарын хаалт сольсон гэж 80,000 төгрөгийн зардлыг буцаан гаргуулахаар шаардсан. Энэ нь нэхэмжлэгчийг орон сууцыг ашиглахад зайлшгүй хийх шаардлагатай засвар үйлчилгээ байсан эсэх, хөлслүүлэгчээс зөвшөөрөл авсан эсэхээ нэхэмжлэгч баримтаар нотлоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
15. Иймд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасны дагуу 766,600 төгрөгийг хариуцагч Э.Эаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 133,400 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 22,948 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Э.Э-аас 766,600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 133,400 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 22,948 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ