| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2022/1069/3 |
| Дугаар | 128/ШШ2023/0155 |
| Огноо | 2023-02-16 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2023/0155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Алтантуяа,
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,
Маргааны төрөл: 2005 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 676 дугаар гэрлэсний гэрчилгээ, иргэний гэрлэлтийн мэдээлэлд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй хуульд нийцсэн эсэх бүртгэлтэй холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганчимэг, түүний өмгөөлөгч З.Буяндаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нарантуяа /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Энхзол нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.С.Алтантуяагаас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан 2005 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 676 дугаар гэрлэсний гэрчилгээ, иргэний гэрлэлтийн мэдээлэлд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, гэрлэлтийн мэдээлэлд өөрчлөлт оруулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Нэхэмжлэгч нь 2005 оны 12 дугаар сарын 07-ны өдөр БНХАУ-ын иргэн В.Баяртай гэр болсныг бүртгэж, гэрлэлтийн 676 дугаар гэрчилгээг олгосон байна.
3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 162 дугаар зарлигаар Баярыг Монгол Улсын харьяат болгожээ.
4.Нэхэмжлэгч С.Алтантуяагаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
1/С.Алтантуяа нь 2005 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Монгол улсын хууль тогтоомжийн дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В.Баяртай гэр бүл болж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2005 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 676 дугаар гэрлэсний гэрчилгээтэй болсон.
2/2005 онд гэрлэлт батлуулахад хүчин төгөлдөр байсан Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 111.1 дүгээр зүйлд тус тус заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар нь нөхөр бид хоёрын гэрлэлтийг бүртгэж баталгаажуулан гэрлэсний гэрчилгээ олгосон болно.
3/Тухайн үед улсын бүртгэгч нь манай нөхрийн иргэншлийн асуудал шийдвэрлэгдэхэд гэрлэлтийн бүртгэл мөн өөрчлөгдөх боломжтой гэж байсан бөгөөд Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 162 дугаар зарлигийн дагуу миний нөхөр В.Баяр нь Монгол улсын харьяат болж, Монгол Улсын иргэний мэдээллийн санд бүртгэгдсэн.
4/Бид хүүхдээ гадаад улс руу сургуульд сургахаар материал бүрдүүлэхээр гэрлэлтийн лавлагаа автал 2005 оны 12 дугара сарын 07-ны өдрийн гэрлэлтийн мэдээлэл хуучин хэвээр буюу миний нөхөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн гэдгээр болон миний нөхөр В.Баярын гэрлэлтийн лавлагаа дээр гэр бүлгүй гэдэг мэдээлэлтэй байсан.
Ингээд гэрлэлтийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахаар улсын бүртгэлийн ерөнхий газарт хандахаар 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 7/5876 дугаар хариу өгөх албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 7/7079 дүгээр албан бичгээр “... В.Баяр Монгол Улсын харьяат болсноос хойш гэрлэсний бүртгэлд бүртгэгдээгүй байна, 2005 оны бүртгэл байх тул гэрлэлтийг шинэчлэн бүртгэх боломжгүй...” гэсэн хариу өгсөн.
4/Тус асуудлаар миний бие өөрийн амьдардаг харъяа Баянзүрх дүүргийн иргэний бүртгэлд хандахад бид мэдэхгүй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж шийдвэрлүүл гэж амаар хариу өгч байгаа бөгөөд улсын бүртгэлийн ерөнхий газарт удаа дараа хандсаар байгаа боловч асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байна.
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 7.7-д “Гэрлэлтийн гэрчилгээнд дараах зүйлийг тусгана”, 7.7.3-т “эрэгтэйн иргэний харьяалал, төрсөн он, сар, өдөр, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр” гэж заасан байх бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2005 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 676 дугаар гэрчилгээ дэх мэдээлэл нь хуульд нийцэхгүй байна.
Бидний зүгээс гэрчилгээний мэдээллийг өөрчлүүлэх буюу өөрийн нөхөр В.Баярын харьяаллыг Бүгд Найрамдах Хятад Ард Улс гэснийг Монгол Улс болгон өөрчлүүлэх хүсэлтэй байгаа болно.
5/Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газар нь тус өөрчлөлтийг ямар хуулийн дагуу яагаад хийж болохгүй байгаа талаар үндэслэл бүхий тайлбар өгөхгүй, өмнөх бүртгэл байна гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Үүний үр дагаварт миний нөхөр нь Монгол Улсын эрх зүйн харилцаанд “ганц бие" буюу “гэрлээгүй” гэх бүртгэлтэй, миний бие БНХАУ-ын иргэнтэй “гэр бүл” буюу “гэрлэсэн” гэдэг бүртгэлтэй байна.
Үүнээс улбаалан бид өөрийн хүүхдийг гадаад улсад сургуульд суралцуулахад хүндрэл үүсч, бичиг баримтын зөрчилтэй гэсэн шалтгаанаар хүүхдээ сургуульд сургаж чадахгүй байгаа нь миний хүүхдийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан “сурч боловсрох” эрхийг зөрчөөд зогсохгүй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван есдүгээр зүйлийн 1-т “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4.үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх;4.1.5.нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх;” гэж заасантай нийцэхгүй байна. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2005 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 676 дугаар гэрлэсний гэрчилгээ, иргэний гэрлэлтийн мэдээлэлд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2005 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 676 дугаар гэрлэсний гэрчилгээ, иргэний гэрлэлтийн мэдээлэлд өөрчлөлт оруулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч С.Алтантуяа нь шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2005 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 676 дугаар гэрлэсний гэрчилгээ, иргэний гэрлэлтийн мэдээлэлд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2005 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 676 дугаар гэрлэсний гэрчилгээ, иргэний гэрлэлтийн мэдээлэлд өөрчлөлт оруулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. С.Алтантуяа нь 2005 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Монгол улсын хууль тогтоомжийн дагуу БНХАУ-ын иргэн В.Баяртай гэр бүл болж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2005 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 676 дугаар гэрлэсний гэрчилгээтэй болсон. 2005 онд гэрлэлт батлуулахад хүчин төгөлдөр байсан Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд тус тус заасны дагуу Улсын бүртгэлээс гэрлэлт бүртгэж байсан. В.Баяр нь Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 162 дугаар зарлигийн дагуу Монгол улсын харьяат болсон. Гэтэл улсын бүртгэлээс шүүгээд үзэхээр С.Алтантуяагийн гэрлэлт бүртгэлтэй. Нөхөр В.Баяр бүртгэлгүй гэж гардаг. Ингээд гэрлэлтийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахаар улсын бүртгэлийн ерөнхий газарт хандахаар 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрүүдэд боломжгүй гэсэн хариу өгсөн. Энэ нь хүүхдүүдийнх гадагшаа сурч боловсрох эрхэд нь сөргөөр нөлөөлж эхэлсэн. 2005 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 676 дугаар гэрлэсний гэрчилгээ, иргэний гэрлэлтийн мэдээлэлд өөрчлөлт оруулахгүй байх үндэслэл шалтгаан байхгүй тул гэрлэсний гэрчилгээ, иргэний гэрлэлтийн мэдээлэлд өөрчлөлт оруулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын иргэн С.Алтантуяа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Түүний 2005 онд гэрлэсэн гэрлэлтийн бүртгэлийг өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, өөрчлөлт оруулахыг даалгах шаардлага гаргасан. Хавтаст хэргийн 5 дугаар тал дээр БНХАУ-ын иргэнтэй гэрлэсэн гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хавтаст хэргийн 6 дугаар тал дээр иргэний үнэмлэхийн лавлагаа, хавтаст хэргийн 16 дугаар тал дээр Монгол улсын иргэний харьяат болгосон тогтоолууд авагдсан. Энэ захирамж, болон Гадаадын иргэн харьяатын газраас өгсөн тодорхойлолтуудаар В.Баяр нь Монгол Улсын иргэн болсон нь нотлогдож байна. Монгол улсын иргэн болсон учраас иргэний бүртгэлд өөрчлөлт орсон. Бүртгэлийн лавлагаагаар С.Алтантуяа гэрлэсэн, В.Баяр гэрлээгүй гэж гардаг. Энэтэй холбоотой Улсын бүртгэлд хүсэлт гаргахад Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан хууль бусаар татгалзсан. Улсын бүртгэлийн тухай хуулиар бүртгэл нь бодитой, үнэн зөв, заавал биелүүлэх шинжтэй байх ёстой гэсэн үндсэн зарчмуудаа зөрчсөн. Монгол улсад бүртгэлийг хийхдээ шүүхийн байгууллагаас шийдвэр гаргахыг шаардсан практик нийтлэг байдаг. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно гэж заасны дагуу 2005 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 677 дугаар гэрлэсний гэрчилгээ болон иргэний бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулснаар нэхэмжлэгч С.Алтантуяагийн эрх ашиг сонирхол хамгаалагдах учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
5/Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
1/Иргэн С.Алтантуяа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В.Баяр /1974.12.10/-тай гэр булийн тухай хууль, Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэх тухай өргөдлөө гарган дараах баримт бичгийг хавсарган гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн байна. Үүнд:
1. Гэрлэлтээ бүртгүүлэхийг хүсэгчийн анкет
2. С.Алтантуяа, М.Баяр нарын гэрлэхийг хүссэн өргөдөл
3. Гэрлэгчдийн гэрлэлтийн байдлын лавлагаа
4. Гэрлэгчдийн цагдаагийн газрын тодорхойлолт
5. Гэрлэгчдийн эрүүл мэндийн тодорхойлолт
6. Гэрлэгчдийн оршин суугаа хаягийн тодорхойлолт
7. В.Баярын ажлын газрын тодорхойлолт
9. Гадаадын иргэн, харьяатын газрын тодорхойлолт
10.Гэрлэхийг хүсэгчдийн баримт бичгийн хуулбар /иргэний үнэмлэх, гадаад
паспортын хуулбар/
2/Иргэн В.Баяр нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн байхдаа Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсад байнга оршин суудаг цагаач иргэнд олгосон гэсэн регистрийн дугаараар Монгол Улсын иргэн С.Алтантуяатай 2005 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн бүртгэл иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн байна.
3/Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд В.Баяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 162 дугаар зарлигаар Монгол Улсын харьяат болсны бүртгэлд .... регистрийн дугаар бүртгэгдсэн байна. Тухайн цаг үед гэрлэгчдийн нь нэг нь Монгол Улсын нөгөө нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн байсан нь нотлох баримтаар тогтоогдож байгаа тул гэрлэсний бүртгэлд өөрчлөлт оруулах нэхэмжлэлийн шаардлага хангахгүй байна гэж үзэж байна.
4/Тус гэрлэлтийг бүртгэж байхад нэхэмжлэгч нь Монгол улсын иргэн, нөхөр В.Баяр нь Хятад улсын иргэн байсан. Одоо гэрлэлтийг сэргээн бүртгэх боломжгүй. Тухайн үеийн бүртгэлээрээ байх ёстой гэж үзэж байгаа. Өмнө нь мөн ийм асуудалтай гарч байсан ч шүүх хүртэл явсан тохиолдол байгаагүй. Иргэд өөрсдөө иргэний бүртгэлийн хэлтэст өргөдөл хүсэлтээ гаргаад асуудлаа шийддэг. Хяналт шалгалтын газар шинэчилж бүртгэх боломжгүй л гэдэг хариу өгсөн байх” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1.Нэхэмжлэгч нь 2005 оны 12 дугаар сарын 07-ны өдөр БНХАУ-ын иргэн В.Баяртай гэр болсныг бүртгэж, гэрлэлтийн 676 дугаар гэрчилгээг олгожээ.
2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 162 дугаар зарлигаар Баярыг Монгол Улсын харьяат болгожээ.
3.Төрийн мэдээллийн сангаас гаргах лавлагаа, тодорхойлолтоор нэхэмжлэгч нь гэрлэсэн төлөвтэй, түүний нөхөр В.Баяр нь гэрлэсэн бүртгэлгүй байна.
4.Нэхэмжлэгчийн гэрлэлтийн мэдээлэлд өөрчлөлт оруулах хүсэлтэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 7/5876 тоот албан бичгээр “шинэчлэн бүртгэх боломжгүй”, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 7/7079 тоот албан бичгээр “регистрийн дугаар өөрчлөгдсөн” хариуг тус тус өгчээ.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг”, 3.1.2-т ““гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг”, 3.1.3-д ““гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 4.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх” гэж тус тус заажээ.
5.Дээрхээс дүгнэвэл гэрлэлт нь үнэн зөв байж, гэрлэгчдийн хүсэл зоргийг бүрэн илэрхийлж байх учиртай.
6.Гэтэл нэгэнт бүртгэгдсэн гэрлэлтэд иргэншил өөрчлөгдсөн, регистрийн дугаар өөрчлөгдсөн шалтгаанаар мэдээлэлд өөрчлөлт оруулахгүй байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Учир нь нэхэмжлэгч нь 2005 оны 12 дугаар сарын 07-ны өдөр БНХАУ-ын иргэн В.Баяртай хуульд заасан үндэслэл журмын дагуу гэр болсон, Монгол Улсын харьяат болсон нь ч хуульд нийцсэн байхад дээрх шалтгааны улмаас тэдгээрийн гэрлэлтийн мэдээлэлд өөрчлөлт оруулахгүй байгаа нь бүртгэл үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх зарчимд нийцэхгүй байна.
7.Өөрөөр хэлбэл гэрлэлт, тэдгээрийн бүртгэл нь тухайн иргэдийг гэр бүлтэй эсэхийг хөтөлбөргүй нотлох, нийгмийн харилцаанд эрх зүйн үр дагавар үүсгэх чухал баримт бичиг /бүртгэл/ бөгөөд мэдээлэл нь үнэн бодитой байх учиртай.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.1.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Алтантуяагийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2005 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 676 дугаар гэрлэсний гэрчилгээ, иргэний гэрлэлтийн мэдээлэлд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, гэрлэлтийн мэдээлэлд өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ