Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 71

 

 

    Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалан,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

   Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

   Шүүгдэгч: П.Баяраа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борлууд овогт Пүрэвжавын Баяраад холбогдох 1735000180007 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 11-нд хүлээн хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 04-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, эхнэр 4 хүүхдийн  хамт Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багт оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОО79100472, Борлууд овогт Пүрэвжавын Баяраа.

  Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч П.Баяраа нь 2017 оны 7 дугаар сарын 03-ны орой Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн нутагт өөрийн эхнэр болох хохирогч Д.Туяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

1. Хохирогч Д.Туяа мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр манай нөхөр П.Баяраа жолоо барьж, Ц.Ганболд манай 3 хүүхэд нартай хамт Тэс сумын төвд гэрээсээ орж ирээд орой 18 цагийн үед Тэс сумын төвөөс Тэс сумын 11 дүгээр багт байрлах гэр үрүүгээ бид нар явсан. Тэгээд Тэс сумын төвөөс гараад “Цагаан толгойн овоо”-ны хажууд явж байтал Ганболд шээс хүрээд байна зогс гэж хэлсэн. Тэгээд Баяраа зогсоод бүгдээрээ бие зассан. Би нэлээн холхон очоод бие засаад ирэхэд Ганболд Баяраа хоёр ногоон савтай орос нэртэй 2,5 литрийн пиво задалсан байсан. Тэгээд тэд нар нэг пиво ууж дуусаад байж байтал араас манай сумын 10 дугаар багийн иргэн Чойжилсүрэн ирсэн. Тэгэхэд Ганболд дахин пиво задлаад Баяраа, Ганболд, Чойжилсүрэн, Магаа нар хувааж уусан. Ууж дуусахад  Чойжилсүрэн машинаасаа 0,5 литрийн “Алтан түрүү” нэртэй архи гаргаж ирээд тэр 4 хувааж уусан. Тэгэхэд Баяраа архиа ууж дуусаад “Хүний архи уучаад яаж зүгээр байх вэ?” гэж хэлээд манай машинаас 0,5 литрийн “Хар Чингис” нэртэй архи гаргаж тэр 4 хувааж ууж дуусаад Магаа гэх залуу 0,5 литрийн “Улаанбаатар” нэртэй архи гаргаж ирээд бас хувааж уусан.  Тэгээд бид өөрсдийн машиндаа суугаад явсан. Тэс сумын 11 дүгээр багийн нутаг Дөлөөн гэдэг газар Баяраа хурд хэтрүүлээд замаас орж гараад байхаар нь би уурлаж хурдаа хас гэж хэлэхэд дуугарахгүй, хурдаа хасахгүй байхаар нь Баяраагийн баруун талын мөр үрүү нь  гараараа нэг удаа цохиход Баяраа миний нүүр үрүү баруун гарынхаа алганы хойд хэсгээр нэг удаа цохиод машинаа зогсоогоод бид буусан. Тэгэхээр нь машинаас буугаад би чамтай явахгүй гэж хэлээд ойрхон байсан айл уруу явахад Ганболд намайг барьж аваад зогсож байтал Баяраа гараа атгаж байгаад миний нүүр үрүү 2 удаа цохисон. Тэгэхээр нь би Ганболдод уурлаж чамаас боллоо чи замд архи пиво задлаагүй бол ийм юм болохгүй гэж хэлээд байж байтал Баяраа миний нүүрэн тус газар гараараа 3 удаа цохисон. Тэгээд унаад газарт хэвтэж байтал миний нүүрэн дээр Баяраа хөлөөрөө нэг удаа дэвссэн. Миний нүүр амнаас цус гараад байж байтал Баяраа шороо атгаж байгаад нүүр үрүү цацаад миний хөлийн ул уруу нэг удаа өшиглөсөн. Тэгээд манай 8 настай хүүхдийг цохих гээд хөөгөөд машин уруу явахаар нь би тэндээс зугатаж ойрхон байсан Зоригоо гэх айлд нэг хүүхдээ дагуулаад очсон. Тэнд байж байтал Баяраа нэг хүүхдээ дагуулж ирээд намайг хэл амаар доромжилж байгаад яваад өгсөн. Би Тэс сумын төв үрүү эгч Чулуун уруу ярьж намайг ирж аваарай би Зоригоо гэх айлд байна гэж хэлсэн. Удалгүй Чулуун эгч машинтай ирж намайг аваад би Тэс сумын төвд ирсэн. Өөр болсон зүйл байхгүй. Баяраагаас өөр хүн намайг зодож цохиогүй. Баяраа нэлээн согтуу байсан. Миний толгой , нүүр, хамар, уруул хавдсан. Зүүн талын мөр хавдаж хөхөрсөн, одоо байнга толгой өвдөж байна.” гэх  мэдүүлэг /хх-ийн 7-8-р тал/, 

  1. Гэрч Ц.Байгалийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 7 сарын 03-04-нд шилжих

шөнө бид нар унтаж байхад Зүүнговь сумын Ганболд ирсэн. Тэгээд сая Тэс сумын төвөөс Баяраа, Туяа хоёртой ирлээ. Тэр хоёр хоорондоо маргалдаад байхаар нь салаад ирлээ. Тэр 2 эвлэрэхгүй байна. Та намайг гэрт дөхүүлээд өг гээд манай нөхрийг сэрээсэн. Тэгээд манай нөхөр гарч мотоциклио засаж эхэлсэн. Манай нөхөр Тулга мотоциклио засаж байтал Ганболд одоо тэр 2 учраа олсон байлгүй гээд яваад өгсөн дахиж ирээгүй. Өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Ганболд жаахан халамцуу байсан архи үнэртэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р тал/,

             3. Гэрч Ч.Зоригтын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 7 сарын 03-04-ний шилжих шөнө 01.00 цаг өнгөрч байхад Д.Туяа 2 хүүхэд дагуулан орж ирсэн. Тэгээд Д.Туяа намайг манай нөхөр П.Баяраа зодлоо гэж хэлсэн. Манайд Туяа ирэхэд нэг нүд нь хөхөрсөн хамраас нь цус гарсан байсан. Тэгээд Туяа Тэс сумын төв үрүү Чулуун гэх хүн үрүү утсаар яриад намайг эндээс ирж ав намайг П.Баяраа зодлоо гэж хэлсэн. Тэгж байтал П.Баяраа, Ганболд, жаахан хүүхэд гурав УАЗ-469 маркийн машинтай ирсэн. Баяраа одоо хоёулаа харьяа гээд Туяаг гуйж байсан. Удалгүй Дамжин, Чулуун, Буян нар улаан өнгийн машинтай ирээд Туяаг хүүхдийн хамт сумын төв аваад явсан. Туяа явсны дараа Баяраа Ганболд нар гэрээс гараад харьлаа гэж хэлээд явсан. Манай гэрт өөр ямар нэг зүйл болоогүй. Ганболд, Баяраа нар архи уусан боловч гайгүй согтолттой байсан.  Туяа архи уусан эсэх талаар мэдээгүй. Туяа намайг Баяраа гараараа толгойнд цохиод хөлөөрөө нүүрэн дээр дэвслээ гэж хэлсэн. Тэгээд одоо толгой өвдөөд байна гэж хэлсэн байсан. Гаднаас нь харахад бие нь гайгүй байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-тал/,    

4.Гэрч Ц.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 7 сарын 03-ны өдөр Улаан гатлага гэх газраас Тэс сумын 11 дүгээр багийн иргэн П.Баяраагийн машинд суугаад Тэс сумын төв үрүү Баяраа  эхнэр, 2 хүүхдийн  хамт Дамжин, Чулуун нэг хүүхдийн хамт нийт 8 хүн явсан. Тэгээд сумын төв орж Дамжин гэх хүнийг буулгаад бид ажлаа амжуулаад бүгдээрээ уулзаж буцья гэж хэлээд би 16 цагийн үед буугаад 19 цагийн үед ажлаа амжуулаад П.Баяраагийн УАЗ-469 машинд Баяраа, Туяа 2 хүүхдийн хамт Улаан гатлага гэх газар уруу Тэс сумын төвөөс гарсан. Тэс сумаас гараад 20 км яваад  зогсож бие засаад би 2,5 метрийн “Брат” нэртэй пиво уугаад явья гэж хэлээд өөрийн авч явсан пивоноос нэг савыг задлаад Баяраа, Туяа бид нар хувааж уугаад сууж байтал Чойжилсүрэн land-80 маркийн авто машинтай ирсэн. Би Чойжилсүрэн, Чойжилсүрэнгийн дүү гэх залуу нар бууж ирсэн. Тэгэхээр нь би дахиад 2,5 литрийн “Брат” нэртэй пиво задалж өгсөн. Бид нар хувааж уугаад Чойжилсүрэн 0,5 литрийн “Алтан түрүү” нэртэй архи задалж өгсөн. Бид хувааж ууж дуусахад 0,5 литрийн “Улаанбаатар” нэртэй архи , 2,5 литрийн Брат нэртэй пиво нэг савыг Бяяраа задалж өгөөд бид өөрсдийн машинд суугаад явсан. Бид гэртээ ирэх дөхөж “Дэнж буйр” гэх газар Баяраа Туяа хоёр хэрэлдэж байгаад Туяа Баяраагийн зүүн талд нь цохиж эхэлсэн. Тэгээд машинаа зогсоогоод тэр 2 машинаас буугаад тэр хооронд нэг хоёр удаа нэгийгээ цохиж байгаад Туяа 2 хүүхэд дагуулаад Заза гэх айлруу явсан. Баяраа бид хоёр нэг хүүхэдтэй машинд хоцроод би Баяраад та нар учраа ол гэж хэлээд Тулга гэх айл уруу явсан. Тэр 2-ын хооронд өөр юу болсон талаар мэдэхгүй. Баяраа машин жолоодож явж байтал Туяа толгойн тус газар нь хэдэн удаа цохисон өөр зүйл байхгүй. Бие нь гайгүй байх шиг байсан. Туяагийн хамраас цус гарсан байсан. Туяа 2 хүүхэд дагуулаад  Зазагийн гэрт очсоны дараа Баяраа бид 2 Баяраагийн 8 настай хүүхдийн хамт Зазагийн гэрт очиход Туяа дагуулж явсан 2 хүүхдээ унтуулсан, өөрөө сандал дээр сууж байсан. Туяа Тэс сумын төв үрүү эгч Чулуунтай утсаар яриад ирж ав гэж ярьсан байсан. Тэгээд удалгүй Чулуун ирээд улаан өнгийн машинаар Туяаг 3 хүүхдийн хамт аваад явсан. Туяа явсны дараа Баяраа бид 2 Баяраагийн машинаар гэртэй ирсэн. Өөр ямар нэгэн зүйл болоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/

6. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 388 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Д.Туяагийн биед гэмтэл учирсан байна.  Тархины доргилт, хоёр гарын бугалга, баруун хацар шанайны хэсэгт дээрхи хэмжээтэй зөөлөн эдийн цус хуралт, няцалт зэрэг гэмтэл үүссэн байна. Дээрхи гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь өөрийнхөн хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн байна. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрхи гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 14-р тал/,

7. Хохирогч Д.Туяагийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн “Увс аймаг Тэс сумын 11 дүгээр багийн иргэн Дорж овогтой Туяа би 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өөрийн нөхөр П.Баяраагаар зодуулж хөнгөн зэргийн гэмтэл авсан боловч хохирлоо бүрэн барагдуулж одоо ямар нэгэн санал гомдол байхгүй. Энэ хэргийг хурдан шуурхай шийдэж өгнө үү? ” гэх тодорхойлолт /хх-ийн 25-р тал /,

8.  Шүүгдэгч П.Баяраагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 27-р тал/,

9. Шүүгдэгч П.Баяраагийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 29, 31-р тал/,

 

11. Яллагдагч П.Баяраагийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ 2017 оны 7 сарын 03-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн нутаг “Модны үзүүр” гэх газар байх гэрээсээ өдөр 14 цагийн үед Тэс  сумын төв рүү өөрийнхөө эзэмшлийн УАЗ-31512 маркийн 87-13 УВА улсын дугаартай автомашинаар миний эхнэр Туяа, миний баз Дамжин, Дамжингийн эхнэр, Чулуун, Дамжингийн нэг хүүхэд, манай 2 хүүхэд, манай хөрш Ганболд нарын хамт явсан. Тэгээд Тэс сумын төвд 15 цагийн үед ирээд хамт ирсэн хүмүүсээ буулгаад оройхон цугларч буцахаар болсон. Орой 18 цагийн үед манай машинд цуглаад Туяа, Ганболд, Дамжингийн 8 настай нэг хүүхэд, манай 2 хүүхдийн хамт буцаж явахаар болоод машиндаа суугаад хөтөлсөн. Тэс сумын төвөөс 35 км орчим явж байтал Ганболд бие засмаар байна зогсоод өгөөч гэж хэлсэн. Би тэгэхээр нь зогсож бие засаад явах гэтэл Ганболд 2,5 литрийн Брат нэртэй пиво нэг савыг гаргаж ирээд хувааж уугаад явья гэж хэлсэн. Би зөвшөөрөөд бид нар хуваагаад ууж байтал Чойжилсүрэн гэх хүн  land-80 маркийн авто машинтай  хажуу Чойжилсүрэнгийн дүү, дүүгийнх нь эхнэр, ээж нартайгаа ирсэн. Тэгэхэд Ганболд дахиад “Брат” нэртэй 2,5 литрийн пиво нэг савыг гаргаж ирээд задалсан. Чойжилсүрэн, Чойжилсүрэнгийн дүү, би Ганболд бид нар хувааж ууж дуусгасан. Уугаад дуусгахад  Чойжилсүрэн 0.5 литрийн “Алтан түрүү” нэртэй  архи нэг шилийг задалж мөн бид нар хувааж ууж дуусгасан. Би хүний архи уучаад яаж зүгээр байхав гэж бодоод 0,5 литрийн “Хар чингис” нэртэй архи нэг шилийг задалж бид ууж дуусгаад бүгдээрээ харихаар машиндаа суугаад би өөрийнхөө машинаа бариад явсан. Зазаа /Зоригоо/ гэх айлд очиж нэг уут гурил буулгаж өгөөд тэднийхээс хөдлөөд 1 км орчим явахад манай эхнэр Туяа намайг давхиж байна гээд миний толгойн тус газар гараараа нэг удаа цохиод дахиад цохих гэхээр нь би машинаа зогсоогоод би машинаасаа бууж Туяаг машинаасаа буулгаж байгаад Туяагийн хамар тус газар нэг удаа цохиод бид салсан. Тэгтэл Туяа Дамжингийн хүүхэд манай 5 настай хүүхэд 2-г дагуулаад Зазаагийн гэр лүү явсан. Ганболд  бас гүйгээд ядсан хаашаа явсан талаар мэдээгүй. Би машинаа асаагаад Зазаагийн гэрт очиход Туяа сууж дагуулж явсан 2 хүүхэд унтаж байсан. Би Туяагаас ханиа уучлаарай одоо хоёулаа харьяа  гээд гуйж байтал гадаа машин ирж гаднаас Дамжин, Чулуун, Дамжинны дүү охин нар ирсэн. Тэгээд Туяа ирсэн хүмүүсийн машинд Дамжины хүүхэд болон өөрийнхөө 2 хүүхдийг суулгаад Тэс сумын төв явсан. Туяа машинд суугаад явсаны дараа Ганболд бид хоёр миний машинд суугаад харьсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Ганболд бид 2 гайгуу согтолттой байсан. Туяа эрүүл байсан. Туяагийн хамарнаас цус гарсан, бие нь гайгуу байх шиг байсан. Туяаг надаас өөр хүн зодож цохиогүй. Туяагийн биед  учирсан гэмтэл надаас болсон юм. Хамт байсан Ганболд бид 2-ыг салгасан. Туяа намайг хэд хэдэн удаа цохисон миний биед гэмтэл учраагүй. Би Туяад учруулсан хохиролоо бүрэн барагдуулсан. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

   Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч П.Баяраа нь 2017 оны 7 дугаар сарын 03-ны орой Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн нутагт өөрийн эхнэр болох хохирогч Д.Туяаг зодсон үйл баримт хохирогч Д.Туяа, гэрч Ц.Байгаль, Ц.Зоригт, Ц.Ганболд, шүүгдэгч П.Баяраа нарын мэдүүлэг, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 388 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч П.Баяраагийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Туяагийн биед “Тархины доргилт, хоёр гарын бугалга, баруун хацар шанайны хэсэгт дээрхи хэмжээтэй  зөөлөн эдийн цус хуралт, няцалт” гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 388 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ.  

Шүүгдэгч П.Баяраагийн үйлдэл нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял халдаах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Д.Туяа нь шүүгдэгч П.Баяраа нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, нэхэмжлэх хохирол, төлбөргүй гэж мэдүүлсэн, шүүгдэгч, хохирогч нарын хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ. 

            Шүүгдэгч П.Баяраа нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.             

Шүүгдэгч П.Баяраад ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Борлууд овогт Пүрэвжавын Баярааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Баяраад 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Баяраад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын  дотор төлж барагдуулах хугацаа тогтоосугай.

 

            4. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            5. Шүүгдэгч П.Баяраа нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар П.Баяраад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ГАНСҮХ