Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/27

 

Л.Цад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Цогтмагнай

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

 Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/130 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Цогтмагнайн бичсэн эсэргүүцлээр Л.Цад холбогдох эрүүгийн 2014004680006 дугаар хэргийг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Л.Ц, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй,

Л.Ц нь 2020 оны 09 дүгээр сарын 27-ноос 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд усны сан бүхий газрын хамгаалалтын бүс болох Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Тариан булан” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуулыг 12350м2 буюу 1,24 га талбай бүхий 2 ухаш нүх үүсгэн явуулж байгаль орчинд 339411 төгрөгийн хохирол учруулж, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Л.Цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл шүүгдэгч Л.Цад холбогдох хэрэгт цугларсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй дараах үндэслэл тогтоогдов. Үүнд

1. Иргэний нэхэмжлэгч Р.Аын ...85-65 УН улсын дугаартай улаан өнгийн Доосан 300-LC-7 маркийн экскаваторыг 1 сарын түрээсийг 12000000 төгрөгөөр түрээсэлсэн... гэх мэдүүлэг болон авто тээврийг үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар .. 8565УН улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч ... Нэтэнт ХХК...-ийн нэр дээр бүртгэлтэй байхад тухайн компанийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг аваагүй, мөн тухайн хэрэгсэлд шинжээч томилж дүгнэлт гаргуулаагүй орхигдуулсан

2. Прокурорын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн № 11 дугаар ...яллагдагч Л.Цын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, яллагдагчид таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тенхик хэрэгслийн үнэлгээ болох 17600000 төгрөгийг гаргуулах ....саналыг Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна.

Шүүгдэгч Л.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн буюу Л.Ц нь прокурорт хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн ба прокуророос Л.Цыг таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх Торгох ял буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаа зүйлийн 1-т заасан хэм хэмжээг хэрэглэхдээ .. үйлдсэн гэмт хэргийн шинж байдалд тохирсон ял тохиролцох боломжтой бөгөөд түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар саналыг танилцуулж.. гэсэн нөхцлийг бодит байдал, түүний нотолсон баримтуудтай харьцуулж, биелэгдэх боломжтой эсэхийг заавал дүгнэх шаардлагатай.

Шүүгдэгч ямар боломжид үндэслэж торгох ялыг төлөх нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг шаардлага хангахгүй, уг үг нь бодитой, хэрэгжихүйц, шударга байдалд нийсэн эсэхийг зайлшгүй шалгаж, дүгнэх нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой биелэгдэх боломжтой байх шаардлагыг хангах бөгөөд үүнийг үндэслэлтэй дүгнэснээр шүүхийн шийдвэрийн хэрэгжилт бодитой болохыг илэрхийлдэг.

Энэхүү нөхцөл байдлыг зөв эсхүл буруу үнэлснээр оногдуулах эрүүгийн хариуцлагад шууд нөлөөлөх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч Л.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт... машинтай, хашаа байшинтай, орон сууцтай, .... мэдүүлдэг боловч холбогдох баримтууд хэрэгт авагдаагүй, тухайн эд хөрөнгүүд өөрийн өмчлөлийнх мөн эсэх , Л.Цын нэр дээр бүртгэлтэй эсэх, захиран зарцуулах эрхтэй талаар баримт хэрэгт авагдаагүй ба эрхэлсэн тодорхой ажилгүй, ямар нэгэн орлого байхгүй, түүнчлэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тенхик хэрэгслийн үнэлгээ болох 17600000 төгрөг болон торгох ялыг яаж төлөхөө орлогоо нотолж чадаагүй, байхад торгох ял биелэгдэх боломжгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “ гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-т... энэ хууль засан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн хууль ёсны болон шударга ёсны , гэм буруугийн зарчмуудыг зорилгод нийцээгүй, үүнтэй холбоотойгоор дээр дурдсан асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шүүгдэгч Л.Цад холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Цогтмагнай 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 11 дүгээр эсэргүүцэлдээ: Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж байна. Үүнд нь:

1. Иргэний нэхэмжлэгч Р.А нь яллагдагч Л.Цад нийт 3 техникийг бусдаас дамжуулан түрээсэлсэн бөгөөд үүний дотор 85-63 УН улсын дугаартай улаан өнгийн ЭООЗАМ 300-1X7 маркийн экскаваторыг 1 сарын 12 сая төгрөгөөр түрээслүүлсэн болно.

Шүүгчийн захирамж дээр иргэний нэхэмжлэгч Р.Аын улсын дугаарыг андуурсан мэдүүлэг, экскаваторыг түрээслүүлсэн түрээсийн гэрээ нь дээрх алдаатай бичсэн 85-65 УН гэсэн улсын дугаар зэргийг үндэслэн уг техникээр үйл ажиллагаа явуулсан мэт дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Учир нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Б.Энхбатын мэдүүлэг, Б.Энхбатын нэр дээрх тээврийн хэрэгслийн лавлагаа болон бодит байдал дээр хураагдаж битүүмжлэгдсэн баримтуудаар экскаваторын улсын дугаар нь 85-63 УН гэсэн улсын дугаартай бөгөөд энэ талаар прокурор, шүүгдэгч нараас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр тайлбарласаар байхад тайлбар, мэдүүлгийг үндэслэлгүйгээр хэрэгт огт хамааралгүй, ашиглаагүй, андуурч бичигдсэн 85-65 УН гэсэн экскаваторын өмчлөгчийг асуулгах, үнэлгээг гаргуулах зэрэг хэрэгт огт ач холбогдолгүй, хамааралгүй ажиллагааг хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.

Харин 85-63 УН улсын дугаарын өмчлөгч Б.Энхбатыг иргэний нэхэмжпэгчээр тогтоож, мэдүүлэг аван, уг техникийн үнэлгээг гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

2. Шүүгчийн захирамжид Л.Цтай тохиролцсон торгох ялыг биелэгдэх боломжгүй талаар дурдсан байна.

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, давуу тал бол яллагдагчид прокурортой ял тохиролцох боломжийг олгосон. Яллагдагчийн зүгээс хуульд заасан өөрийн эрхийг хэрэгжүүлж, торгуулийн ялын талаар санал гаргасан байх ба прокуророос уг ял, эрүүгийн хариуцлага нь бүрэн биелэгдэх боломжийг хянасны үндсэн дээр харилцан тохиролцдог болно.

Прокуророос дээрх нөхцөл байдлыг хянахдаа аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн “Л.Цын нэр дээр өмчлөлийн ямар нэгэн зээлийн барьцаа болон бусад үүрэг ногдуулаагүй орон сууцны бүртгэлтэй” талаарх лавлагаа болон өөрийнх нь хохирлыг барагдуулахаа илэрхийлсэн мэдүүлэг зэргийг үндэслэсэн болно.

Гэтэл шүүхээс торгуулийн ялыг биелэгдэх боломжгүй байна гэж дүгнэж хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг зөрчиж байна гэж үзнэ.

Түүнчлэн ялтан торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд зохих журмын дагуу ялыг солих хууль зүйн боломж байдаг бөгөөд шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрх болон түүнийгээ гэрчилсэн баримтыг үнэлэлгүйгээр эрх зүйн байдлыг дордуулж болохгүй.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЗ/130 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Г.Цогтмагнай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор Г.Цогтмагнайн бичсэн эсэргүүцэлд үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцлийн үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад:

Л.Цыг 2020 оны 09 дүгээр сарын 27-ноос 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд усны сан бүхий газрын хамгаалалтын бүс болох Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Тариан булан” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуулыг 12350м2 буюу 1,24 га талбай бүхий 2 ухаш нүх үүсгэн явуулж байгаль орчинд 339411 төгрөгийн хохирол учруулж, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Л.Цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай тодруулсан байх бөгөөд Б.Энхбатын нэр дээрх тээврийн хэрэгслийн лавлагаа болон битүүмжлэгдсэн баримтуудаар экскаваторын улсын дугаар нь 85-63 УН гэсэн улсын дугаартай бөгөөд энэ талаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед прокурор, шүүгдэгч нарын тайлбар, мэдүүлгийг үндэслэн техник хэрэгслийн улсын дугаарыг тогтоох боломжтой байна.

Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Л.Цад холбогдох 20140046800006 дугаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр Л.Цын хүсэлтийг хангажээ. /хавтаст хэргийн 151-152 дугаар тал/

Л.Цад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн, энэ нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж болох хэрэгт хамаарч байх бөгөөд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, давуу тал нь яллагдагчийн зүгээс хуульд заасан өөрийн эрхийг хэрэгжүүлж, ялын талаарх саналаа прокурорт гаргаж, улмаар прокурортой тохиролцсон байдаг.

Прокурорын зүгээс Баянхонгор дахь Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаа, өөрийнх нь хохирлыг барагдуулахаа илэрхийлсэн мэдүүлэг зэргийг үндэслэн Л.Цыг торгуулийн ялыг төлөх боломжтой хэмээн үзэж ялын талаар тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тогтоол үйлдсэн байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/130 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.4.2,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.3 -т тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/130 дугаар дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар яллагдагч Л.Цад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хугацаагаар үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Б.БОЛОР-ЭРДЭНЭ