Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2023/00825

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2023/00825

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ц

 

Хариуцагч: Ж

 

Хариуцагч: Д ХХК 

 

Хариуцагч: Б

 

Хариуцагч: А

 

Нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 34,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгч Ц.Ц

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.М

Хариуцагчийн итгэмжлэгсдэн төлөөлөгч Н

Хариуцагч Э.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд: 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр найз Д.Жаргал нь надтай уулзаж 24,000,000 төгрөгийг Ш ХХК-ийн захирал П.Б нарт зээлдүүлэх санал тавьсан. Тэрээр надад ...бид 20 тэрбум төгрөгийн зээл авах гээд хөөцөлдөж байгаа, үүнд нь мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. Ингээд бид уулзаад 24,000,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай зээлэхээр, хүүнд нь 10,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож Зээл авах гэрээ-г байгуулсан. Миний бие ангийн найз Д.Ж-д итгээд ямар нэг барьцаа хөрөнгө аваагүй ба 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Д.Ж болон П.Б нарт 24,000,000 төгрөгийг өгсөн. Тодруулбал 19,800,000 төгрөгийг компанийн данс руу шилжүүлсэн. 4,200,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Гэрээний дагуу мөнгөө өгөхгүй байсан тул зээлийн гэрээг 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш 22-ны өдөр хүртэл сунгасан. Дахин 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гэрээний хугацааг сунгасан. Сунгахдаа зээлийн гэрээгээ дэлгэрэнгүй болгон өөрчилсөн ба 24,000,000 төгрөгөө сар бүр 10 хувийн хүүтэй, төлөхгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон болно. Гэрээний хугацаа дууссан ба мөнгөө нэхэхээр хариуцагч нар ...удахгүй өгнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Ингээд би шүүхэд дараах шаардлагыг гаргасан. Үүнд:

1/ Үндсэн зээл буюу 24,000,000 төгрөг;

2/ Гэрээгээр тохирсон алданги 10,000,000 төгрөг, нийт 34,000,000 төгрөгийг хариуцагч Ш ХХК буюу сүүлд нэрээ өөрчилснөөр нь Д ХХК, Д.Ж, П.Б, Э.А нараас нэхэмжилж байна.

Д.Ж нь анх гэрээ байгуулахад зуучилсан, мөн гэрээнд гарын үсэг зурсан учир түүнийг хариуцагчаар татсан. Мөн зээл байгуулах үед П.Б-ны хамтрагч гээд Э.А гэх залуу хамт явж байсан. Э.А нь машинд сууж байхдаа Та санаа зоволтгүй ээ, би батлан дааж байгаа, надтай яриад байгаарай, П.Б бид нарын зээл бүтэхээр өгнө гэж байсан. Ингээд 4,200,000 төгрөгийг бэлнээр тоолж өгөхөд Э.А авсан учир түүнийг хариуцагчаар татсан. П.Б-ыг бол хуулийн этгээдийн захирлын хувьд хувь хүнээр татсан, мөн зээл байгуулахад тэрээр өөрөө байсан учир түүнийг хамтран хариуцагчаар татсан болно. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, зээлийн төлбөрийг хариуцах ёстой буруутай хариуцагч этгээдээс мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Д ХХК /Ш ХХК/ шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Ц нь 2021 оны 11 дүгээр сард Ш ХХК-ийн хаягаар эвлэрүүлэн зуучлахад хандахад Ш ХХК нь 3 гишүүнтэй, П.Б нь Ш ХХК-ииг ганцаар төлөөлөх эрхгүй гээд нэхэмжлэл гаргах боломжгүй болсон. Мөн Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандаж эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Ш ХХК нь одоогийн байдлаар 2 хувь эзэмшигчтэй, П.Б 90 хувь, X Э 10 хувь эзэмшиж байна. 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Ш ХХК нь 3 хувь эзэмшигчтэй байсан. Хувь эзэмшигчид нь П.Б 51 хувь, А ХХК /захирал Э.А/ 39 хувь, Э.О 10 хувь тус тус хувь эзэмшиж байсан. Мөн А ХХК-ийн хувь эзэмшигчид А 51 хувь, П.Б 49 хувь эзэмшиж байсан. Тухайн үед Ш ХХК-д зээл авахаар төлөвлөж, алтны төсөл тооцооллыг хийж зээл гаргах боломжтой өөрийн зүс таних танилаар дамжуулан Б.А гэж хүнтэй Хаан банкнаас зээл авахад тусалъя, Хаан банкны тэргүүн дэд захирлын дүүтэй найз байдаг гэж хэлээд танилцсан. Б.А нь Хаан банканд нөлөөлөхүйц хүн таньдаг, 100,000,000 төгрөгийн бичиг баримт тооцоолол боловсруулах урьдчилгаа төлбөл чиний алтны төсөл тооцооны дагуу санхүүжилт авахад дэмжих боломжтой гэсэн. Тэгээд Сүхбаатар Дүүргийн Хүүхдийн 100-ийн Хаан банканд 2021 5 дугаар сард материалаа оруулж судалгаа эхэлсэн. Тэгээд Б.А-н танилд мөнгө олж өгөх эрэлд Ш ХХК-ийн хувь эзэмшигчид гарсан. Хувь эзэмшигч нартайгаа зөвлөж П.Б миний барьцаа хөрөнгө болох 425 м2, төвийн холболттой өмчлөлийн газрыг 70,000,000 төгрөгт барьцаалмаар байна гэж Д. эгчид хэлэхэд манай 10 жилийн эмэгтэй мөнгө хүүлж 10 хувийн сарын хүүтэйгээр хүүлдэг, би тийшээ асууя гэсэн. Би удаа дараа хүн уулзуулж 10 хувийн хүүтэйгээр мөнгө хүүлж байсан юм гэж хэлсэн. Д.Ж эгч найзтайгаа ярьж барьцаа хөрөнгө нь байна, 70,000,000 төгрөг зээлэх үү гэхэд Ц.Ц нь ...надад 70,000,000 төгрөг байхгүй байна. 20,000,000 төгрөг байна гэсэн. Арай том барьцаа байна, жижиг барьцаа байхгүй шүү дээ гэхэд нь барьцааны шаардлагагүй зээл өгчихье гэсэн. Тэгээд Э.А, П.Б, Д.Ж эгч бид нар Ц.Ц эгчтэй Өргөө кино театрын зүүн талд гэрийнх нь гадаа машинтай уулзаж, харилцан тохиролцсоны үндсэн дээр 24,000,000 төгрөг зээлэхээр болж баталгаа бичиг 1 хувь үйлдэж, Ш ХХК-иин захирал П Б 24,000,000 төгрөгийг 34,000,000 төгрөг болгож өгнө гэсэн баталгаа бичиг үйлдсэн. Компанийн хувь эзэмшигч Э.А гарын үсэг зуруулаагүй бөгөөд Д.Ж эгчийг чамайг таньдгаараа чи гарын үсэг зур гэснээр гарын үсэг зурсан. Д.Ж нь тухайн зээлтэй огт хамаагүй, зөвхөн Ш ХХК-д хувь хүнээс зээл авахад нь өөрийн танил мөнгө хүүлэгч эмэгтэйг танилцуулсан. Энэ талаар тухайн зээлд огт хамаарахгүй болохыг тодорхойлж тодорхойлолт гаргаж өгч байсан. Д.Ж эгчийг хариуцагчаар татсан харамсалтай байгаа бөгөөд хариуцагч биш болохыг тогтоож шийдвэрлэж өгнө үү. Тэгээд бэлнээр 4,000,000 төгрөгийг Э.А-т өгч, Э.А-ын данснаас 10,000,000 төгрөгийг өөрийн дансанд хийж, 10,000,000 төгрөгийг бэлнээр авсан. А-ын танил Хаан банкны зээл гаргана гэсэн хар А гэх хүний данс руу хийсэн. Голомт банкны зээл гаргаж өгнө гэсэн хүн болох Ш.Ч гэж хүнтэй гэрээ хийж 4,000,000 төгрөгийг үйл ажиллагааны зардалд зарцуулсан. П.Б миний хувьдаа мөнгө зарцуулаагүй, Ш  ХХК-ийн зээл авахтай холбоотойгоор үйл ажиллагааны зардал гаргасан. Тэгээд Хаан банкны зээлийн судалгаа сунжирч Ц.Ц-той Д.Ж эгч Э.А нар удаа дараа уулзаж зээл төлөхийг хойшлуулж байсан. Гэтэл 2021 оны 10 дугаар сарын эхэнд Ц.Ц нь нөхөртэйгөө Э.А бид хоёрыг дарамталж, нотариатаар зээлийн гэрээ хийнэ гэж Ард кино театрын нотариат орсон бөгөөд нотариат өмнө хийсэн баталгааг үндэслэж гэрээ хийхгүй гэснээр Ш ХХК хүү алданги нь нийлээд 34,000,000 төгрөг хийнэ гэсэн хүч хэрэглэсэн гэрээ хэлцэл хийгдсэн. Мөнгийг нь шатахууны зээл авмагц төлөөд цаад хүмүүсээс би өөрөө олж авъя гэж бодсон боловч зээл маань барьцаа нь асуудалтай болж хойшилсон. Гурван гишүүнтэй Ш ХХК-ийг П.Б ганцаар төлөөлөх эрхгүй, мөнгө төгрөгийг хувьдаа ашиглаагүй хувь эзэмшигчид тухайн зээлтэй хамтын оролцоотой байсан бөгөөд тухайн үед компанид хувь эзэмшиж байсан хувь эзэмшигчид адил тэгш эрхтэй иргэний харилцааны үүрэг хүлээх ёстой, хүчин төгөлдөр бус баталгаа гэрээ хэлцэл хийгдсэн гэж үзэж иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч П.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Цэ-оос зээлсэн гэх 24,000,000 төгрөгийг хувьдаа ашиглаагүй, тухайн үед хувь эзэмшигч байсан хүмүүс болон А ХХК-ийн зээл авах зорилгоор ашигласан учир П.Б-ыг хариуцагчаар татах үндэслэлгүй гэжээ.

 

4. Хариуцагч Д.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Ц-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би мөнгө аваагүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ц.Ц нь намайг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянгол дүүргийн Цагдаагийн мөрдөн байцаах хэлтэст 2 удаа мөнгө залилсан гэж гомдол өгөөд мөнгө авсан нь тогтоогдоогүй учир хэргүүд бүгд хэрэгсэхгүй болж хэрэг хаагдаж байсан. Ц.Ц нь 1990 оны сүүлээс өнөөдрийг хүртэл 10 хувиар мөнгө хүүлж байгаа ба миний ажлын хамтрагч найз нөхдүүд мөн 10 хувийн хүүтэй мөнгө зээлээд буцааж өгч байсан тохиолдлууд бий. Миний бие нь мөнгө хүүлэгч Ц.Ц-д өргүй. П.Б, Э.А нарын зээлж авсан мөнгөний гэрээн дээр Ц.Ц намайг гарын үсгээ зурчих гэхээр нь би юу ч бодож саналгүй гарын үсгээ зурсан. Хэрэгт Ц.Ц нь өөрийн данснаас П.Б-ны дансанд хийсэн дансны хуулга, мөн 2 ширхэг шинэчилсэн гэрээг П.Б-тай хийж гарын үсгээ зуралцсан. Э.Ариунбаатарт бэлэн мөнгө өгсөн. Мөнгө хүүлж мөнгөтэй болсон хүүлээч нэг ч төгрөг аваагүй хүнийг дурын Дүүргийн шүүх, цагдаад өгөөд байгаа нь шударга ёс уу. Иргэний хэргийн хариуцагчаар татаж байгаад гомдолтой байна. Миний хувьд мөнгө төгрөг хувьдаа огт аваагүй учир иргэний хэрэгт хариуцагч холбогдогч биш болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч Э.А шүүхэд гаргасан тайлбартаа: Би Ш ХХК-ийн захирал П.Б-тай хамт 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Ц.Ц гэх хүнтэй уулзсан. Тухайн үед Ц гэх хүн П.Б-тай уулзаж машин дотор хоорондоо тохиролцсоны үндсэн дээр П.Б-д мөнгө зээлэхээр болсон ба тэр үед П.Б хэдэн төгрөг дансаар авсныг би мэдэхгүй. П.Б 5176280332 тоот данснаас буюу Ш ХХК-ийн данснаас миний данс руу 18,000,000 төгрөг шилжүүлсэн, харин Ц.Ц гэх хүнээс бэлнээр хэдэн төгрөг П.Б-д өгснийг би мэдэхгүй. П.Б-д өөрт нь өгсөн, надад мөнгө бэлнээр өгсөн зүйл байхгүй, надад өгсөн гэж Ц.Ц гэх хүн худлаа ярьж байна. Би тэр мөнгийг өөрийн гараараа аваагүй, П.Б-д өөрийн гараараа өгсөн тэрийг Ц өөрөө мэдэж байгаа. Тэгээд П.Б-н бэлэн авсан мөнгөнөөсөө 2,930,000 мянган төгрөг миний данс руу нэмж хийсэн. Тэгээд 10,000,000 төгрөгийг 5003926872 тоотод дансанд хийлгээд миний данснаас 10,000,000 төгрөгийг бэлнээр авсан. Мишээл экспо дээр очоод нэг хүнд 3,000,000 төгрөг, нэг хүнд 4,000,000 төгрөг, нэг хүнд 3,000,000 төгрөг нийт 3 хүнд 10,000,000 төгрөг өгсөн. Тухайн үед би П.Б-тай хамт явж байсан болохоос тухайн зээлийн гэрээнд би гарын үсэг зураагүй. Миний дансаар мөнгө шилжүүлээд буцаагаад өөрөө бэлэн болон дансаар авсан. Би тухайн үеийн банкны гүйлгээний хуулгыг өгсөн. Тиймээс намайг хамт явсан болохоор надад мөнгийг өгсөн мэтээр П.Б ойлгуулсан байна. Миний дансаар л мөнгөө шилжүүлээд авсан болохоос би энэ мөнгөнд хамаагүй. Мөн тэр бэлэн 4,200,000 төгрөг гээд байгаа мөнгийг би тоолж аваагүй, Ц.Ц гэх хүн хэдэн төгрөг бэлнээр П.Б-д өгснийг би мэдэхгүй учир энэ асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах гэрээнүүд авагджээ. Үүнд:

1/ Нэхэмжлэгч Ц.Ц, Ш ХХК-ийг төлөөлж П.Б, Д.Ж нарын хооронд байгуулагдсан Зээл авах гэрээ. Уг гэрээнд ...нэг талаас Ц овогтой Ц, нөгөө талаас Ш ХХК-ийн захирал П,Баатарчулуун, хамтран зээл авах гэрээ байгуулав. Зээлийн хэмжээ 34,000,000 төгрөг. Зээл төлөх хугацаа: 2021.08.18-.2021.09.02 гэж тусгагдсан байна.

 

2/ Хугацааг сунгах тухай зээлийн гэрээ /хх5/.

Уг гэрээнд ...Ш ХХК-ийн захирал П овогтой Б нь Ц овогтой Ц-оос 2021.08.18-нд 24,000,000 төгрөгийн зээл авсан. Тухайн зээлийн хугацаа 2021.09.02-нд дууссан бөгөөд 2021.09.22-нд Ш ХХК нь 34,000,000 төгрөг болгож төлөхөөр баталгаа гаргаж байна гэсэн ба Ш ХХК-ийг төлөөлж захирал П.Б гарын үсэг зурж, тамга даржээ.

 

3/ 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зээлдэгчийг төлөөлж Ш ХХК, зээлдүүлэгчийг төлөөлж Ц.Ц нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээг сунгах тухай /хх6/.

Уг гэрээнд ...Ш ХХК-ийн захирал П.Б 2021.08.18-нд 24,000,000 төгрөгийг Ц.Ц-оос зээлж авсан. Сарын 10 хувийн хүүтэй, алданги 0.5 хувь, 2021.08.18-2021.09.18 хүртэл, 10 хувийн хүүтэй, 2021.09.18-.2021.10.18 хүртэл 10 хувийн хүү болох 4,800,000 төгрөг, алданги 5,200,000 төгрөгийг төлнө. Гэрээний хугацааг 2021.10.31 хүртэл сунгасан болно гэж тусгагджээ.

 

2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч Д.Ж, Ш ХХК-иудад холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 34,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэж хамтран хариуцагчаар П.Б, Э.А нарыг татан оролцуулсан ба 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ш ХХК нь Д ХХК болсон буюу хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Д.Ж, П.Б, Э.А, Д ХХК-иудаас 34,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ ...зээлийг хариуцах ёстой буруутай этгээдээс төлбөрийг гаргуулж өгнө үү гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

 

Шүүхээс талуудын тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

1. Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Ц болон хариуцагч Д ХХК-иудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгүүдээр зохицуулжээ.

 

Хариуцагч талаас зээлийн гэрээг байгуулсан, гэрээний зүйл болох 24,000,000 төгрөгийг хүлээн авсан болон зээлийг буцаан төлөөгүй байгаа үйл баримтын талаар маргаагүй тул шүүхийн зүгээс нэхэмжлэгчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлсэн мөнгөө буцаан шаардах эрх бий болсон гэж үзнэ.

 

2. Талууд зээлийн гэрээгээр алдангийг харилцан тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай харшлаагүй байх тул гэрээний хариуцлага буюу алдангийг нэхэмжлэгч тал хариуцагч Д ХХК-иас шаардах эрхтэй.

 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд хариуцагч Д.Ж, П.Б, Э.А нар нэхэмжлэгч Ц.Ц-той зээлийн гэрээний харилцаанд орсон үйл баримт тогтоогдоогүй гэж шүүхээс үзлээ. Иймд хариуцагч Д.Ж, П.Б, Э.А нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 327,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас 327,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Д ХХК-иас 34,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.Ж, П.Б, Э.А нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 327,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас 327,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ