| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/00497/И |
| Дугаар | 102/шш2023/01611 |
| Огноо | 2023-04-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 102/шш2023/01611
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ...
Хариуцагч: ...
Нэхэмжлэлийн шаардлага: Фидуцийн гэрээний зүйл болох ...улсын дугаартай ... маркийн автомашиныг бодитоор хүлээлгэн өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О....,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.... шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийг дэмжиж гаргасан тайлбартаа:
Н.... би 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 02 дугаартай Шаардах эрх шилжүүлэх тухай гэрээний дагуу ...ХХК болон Т.... нарын хооронд 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан ...дугаар Автомашины зээлийн гэрээ, түүнд оруулсан 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн нэмэлт гэрээ, 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан ... дугаар Тээврийн хэрэгсэл өмчлөлт шилжүүлэх гэрээ /Фидуци/-нүүдийн шаардах эрхийг шилжүүлж авсан. Т.... нь ...ХХК-иас 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ...дугаар Автомашины зээлийн гэрээ байгуулж ...улсын дугаартай цагаан өнгийн ... маркийн автомашиныг барьцаалан зээл авсан. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр түүний эх Д...., Т.... нарын хүсэлтийг үндэслэн үндсэн гэрээг Д....гийн нэр дээр шилжүүлж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Т....ын өмчлөлийн ...улсын дугаартай цагаан өнгийн ... маркийн автомашины өмчлөх эрхийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээгээр ...ХХК-д шилжүүлж, автомашины бүрэн бүтэн байдал, ашиглалт, хадгалалтыг хангах үүргийг Т....т даалгаж зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан. Д.... гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар шүүхэд хандаж, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр .... дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү захирамжаар Д.... нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 15,304,800 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх журмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Д.... нь одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Ингээд гэрээний дагуу зээл төлөгдөөгүй тул фидуцийн гэрээний үүргийг биелүүлж тухайн автомашиныг биет байдлаар нь хүлээж авах хүсэлтэй байгаагаа Т....т удаа дараа мэдэгдсэн боловч тэрээр гэрээний үүргээ зөрчиж барьцаа хөрөнгийг сайн дураар хүлээлгэж өгөхгүй, биднээс зугтааж, хаана байгаа нь мэдэгдэхгүй, холбоо тогтоох боломжгүй болсон тул түүнийг эрэн сурвалжлуулж, байгаа газрын хаягийг тогтоолгосон юм. Мөн Багануур дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь шүүхийн шийдвэрт заагдаагүй ажиллагаа гүйцэтгэх боломжгүй гэж Т....ын эзэмшилд буй автомашиныг төлбөрт хураан авах боломжгүй гэж ажиллагаа хийхгүй байгаа учир шүүхэд хандахаас өөр аргагүй байна. Т....ын оршин суугаа хаяг тогтоогдсон тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар Т....ыг ...улсын дугаартай цагаан өнгийн ... маркийн автомашиныг эрх хүлээн авагч Н....т бодитоор хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан боловч хариу тайлбар бичгээр гаргаагүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан үр дагавар үүсэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...гэв.
2. Хариуцагч Т.... 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн, хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: ...ХХК болон Н.... нарын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан №02 тоот Шаардах эрх шилжүүлэх тухай гэрээний эх хувь /хх-4-5/, ...ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарууд /хх-6-9/, ...ХХК болон Т.... нарын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан ...тоот Автомашины зээлийн гэрээний хуулбар /хх-10-13/, мөн өдрийн Тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/-хх-14-17, ...дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн хуулбар /хх-18/, ...ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ... тоот Мэдэгдэх хуудас /хх-19/, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Тооцоо нийлсэн баримтын эх хувь /хх-20/, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн ....дүгээр Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар /хх-22-24/, Т....ыг эрэн сурвалжилсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар шийдвэрийн хуулбар /хх-25-26/, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг /хх-27/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.
4. Хариуцагч тал нэхэмжлэлд хариу тайлар гаргаагүй бөгөөд шүүхэд аливаа нотлох баримт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч Н....ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч Т....т холбогдуулан ...ХХК-иас шилжүүлэн авсан барьцаалагчийн шаардах эрхийн дагуу Фидуцийн зүйл болох ...улсын дугаартай ... маркийн автомашиныг бодитоор хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч Т.... 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн, хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
4. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ, хуулийн этгээдийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Автомашины зээлийн гэрээ, Тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээ, уг гэрээний нэмэлт өөрчлөлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Мэдэгдэх хуудас, Тооцоо нийлсэн баримт, Багануур болон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн шийдвэр зэрэг баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
4.1. ...ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх чиг үүрэгтэй хуулийн этгээд бөгөөд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллага байна. Уг байгууллага нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Туяа овогтой ...тай ...тоот Автомашины зээлийн гэрээг байгуулж, зээлдэгч Т....т 12,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй, 0,5 хувийн нэмэгдүүлсэн хүүтэй хувийн хэрэгцээнд зориулан зээлдүүлж, зээлийн гэрээг бичгээр байгуулан, талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна.
4.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор талууд Зээлийн гэрээ байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ... тоот Фидуцийн гэрээ байгуулж, ...улсын дугаар, .... арлын дугаартай, ... маркийн, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Монгол улсад орж ирсэн, цагаан өнгийн тээврийн хэрэгслийг зээлдүүлэгч ...ХХК-ийн өмчөллд шилжүүлжээ. /хх-14-17/
4.3. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Зээлийн гэрээний талууд харилцан тохиролцож ...дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээг зээлдэгч Т....ын ээж Д....гийн нэр дээр шилжүүлж, Т....ыг батлан даагчаар бүртгэхээр харилцан тохиролцсон байна. /хх-18/
4.4. Зээлдэгч гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч ...ХХК-иас зээлдэгч Т....т 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ... тоот Мэдэгдэх хуудас хүргүүлж, зээлдэгч хүлээн авсан байна. Уг мэдэгдэх хуудсаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд ...улсын дугаартай ... маркийн автомашиныг хураан авч, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг мэдэгдэж, зээлийн гэрээний үүргийн талаар тооцоо нийлсэн баримт үйлдсэн байна. /хх-19-20/
4.4. Улмаар зээлдүүлэгч ...ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 15,304,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Д....д Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 00301 дүгээр захирамжаар Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч Т....ыг эрэн сурвалжлуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар шийдвэрээр эрэн сурвалжилж, шийдвэрийн дагуу Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Т....ын хаягийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр олж тогтоон ...ХХК-д мэдэгджээ. /хх-22-27/
4.5. Зээлдүүлэгч ...ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр №02 тоот Шаардах эрх шилжүүлэх тухай гэрээг Н....тэй байгуулж, уг гэрээгээр 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан ...дугаар Автомашины зээлийн гэрээ, түүнд оруулсан 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн нэмэлт гэрээ, 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан ... дугаар Тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/-нүүдийн шаардах эрхийг Н....т шилжүүлсэн байна.
5. Талуудын байгуулсан Зээлийн гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452, 453 дугаар зүйлд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд уг гэрээний үүрэгтэй холбоотой Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн ... дүгээр захирамжаар эцэслэн шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй.
6. Талуудын байгуулсан Фидуцийн гэрээ Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт заасан бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага хангасан бөгөөд хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 235.4 дэх хэсэгт Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заасны дагуу фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж буй нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцсэн байна.
7. Барьцаалагч ...ХХК болон нэхэмжлэгч Н.... нарын байгуулсан Шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж заасанд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх тул уг гэрээний дагуу Н.... нь фидуцийн гэрээний зүйлийг хариуцагч Т....аас шаардах эрхтэй байна.
8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т....аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасныг баримтлан Н....ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ...улсын дугаар, .... арлын дугаартай, ... маркийн, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Монгол улсад орж ирсэн, цагаан өнгийн тээврийн хэрэгслийг Н....т бодитоор хүлээлгэн өгөхийг хариуцагч Т....т даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА