Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/128

 

 

   2025       11          05                                        2025/ШЦТ/128                        

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Болормаа даргалж

 

Нарийн бичгийн дарга Б.М

Улсын яллагч А.Х

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Б-ийн М-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны .... дугаар сарын .....-ний өдөр Д аймгийн С суманд төрсөн, ..... настай, э, яс үндэс , б боловсролтой, м мэргэжилтэй, ам бүл ,  х-ийн хамтаар Д аймгийн З сум .... дүгээр баг, ... дүгээр хэсэг .... тоотод оршин суух хаяг, урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, А овогт Б-ийн М /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр З сум дахь Г газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор-1 гаалийн хяналтын бүсээр нэвтрэх үедээ өөрийн гар тээшинд түүх соёлын дурсгалт зүйл болох Рашааны зүрхэн найман гишүүнтийн нууц увдисын үндсийн гарын авлагын улаан хөтөлбөр, жижиг судрын модон хайрцаг, гуу, судрын ширээ гэсэн эд зүйлийг нууж Монгол улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр З сум дахь Г газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор-1 гаалийн хяналтын бүсээр нэвтрэх үедээ өөрийн гар тээшинд түүх соёлын дурсгалт зүйл болох Рашааны зүрхэн найман гишүүнтийн нууц увдисын үндсийн гарын авлагын улаан хөтөлбөр, жижиг судрын модон хайрцаг, гуу, судрын ширээ гэсэн эд зүйлийг нууж Монгол улсын хилээр нэвтрүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 01/, эд зүйлд үзлэг хийсэн 2025 оны 07 сарын 28-ны өдрийн 25/20 дугаартай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-14/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 19-20/, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.С-ийн мэдүүлэг /хх-ийн 63-64/, Соёлын өвийн үндэсний төвийн 2025 оны 09 сарын 26-ны өдрийн 04/551 дугаартай албан бичиг, албан бичгийн хавсралт /хх-ийн 33-46/, шүүгдэгч Б.М-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 55-56/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхтуяаг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь өмнө нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 2025 оны 10 сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулсан болох нь Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2025 оны 10 сарын 30-ны өдрийн 115 дугаартай тогтоол /хх-ийн 95/-оор тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж, нэгтгэх ялгүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Хохирлын хувьд:

Иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Рашааны зүрхэн найман гишүүнтийн нууц увдисын үндсийн гарын авлагын улаан хөтөлбөр гэсэн нэртэй 273 хуудастай,  урт 26 см, өргөн 10 см Түвд бичгээр бичигдсэн судар 1 ширхэг, жижиг судрын модон хайрцаг урт 29.5 см, өргөн 11 см, өндөр 14 см, жин 558 грамм 1 ширхэг, гуу урт 37.5 см, өргөн 10.7 см, өндөр 28 см, жин 2.28 кг, 1 ширхэг, судрын модон ширээ урт 37.8 см, өргөн 21.5 см, өндөр 24.7 см, жин 2.38 кг, 1 ширхэг зэргийг улсын орлого болгохоор Д аймгийн Музейд шилжүүлж  шийдвэрлэв.     

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Б-ийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн М-г 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Рашааны зүрхэн найман гишүүнтийн нууц увдисын үндсийн гарын авлагын улаан хөтөлбөр гэсэн нэртэй 273 хуудастай,  урт 26 см, өргөн 10 см Түвд бичгээр бичигдсэн судар 1 ширхэг, жижиг судрын модон хайрцаг урт 29.5 см, өргөн 11 см, өндөр 14 см, жин 558 грамм 1 ширхэг, гуу урт 37.5 см, өргөн 10.7 см, өндөр 28 см, жин 2.28 кг, 1 ширхэг, судрын модон ширээ урт 37.8 см, өргөн 21.5 см, өндөр 24.7 см, жин 2.38 кг, 1 ширхэг зэргийг улсын орлого болгохоор Д аймгийн музейд шилжүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, бусад төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.БОЛОРМАА