Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2023/01244

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2023/01244

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч З.Доржнамжин, шүүгч Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ... дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж ..., .... оффис, ... давхарт байрлах, М.Д ХК /РД:.../,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, /Hill Side/, ... байр, ... тоот хаягт оршин суух, Б овогт Г-ын С /РД:.../,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хохиролд 400,000 төгрөг гаргуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувданбилэг, хариуцагч Г.С, хариуцагчийн өмгөөлөгч Б.Анирмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов. Зохигчдын хүсэлтээр иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Д ХК нь хариуцагч Г.С-од холбогдуулан 400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Манай орон сууцны даатгуулагч Б.Т-ийн Баянгол дүүрэг, ... дугаар хороо, Хилл саид хотхон, ... байр, ... тоот орон сууцанд 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дээд айл болох 108 тоотын Г.С-ын орон сууцны ванны өрөөний алчуур хатаагчаас ус алдаж, даатгуулагчийн эд хөрөнгөд хохирол учирсан. Учирсан хохирол болох 809,418.82 төгрөгийн хохирлыг М.Д ХК-иас барагдуулсан. Паркетан шал бүтэн сольсон мөнгийг тооцсон байх тул 409,418.82 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Г.С-оос нөхөх төлбөрт 400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа: 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манайх эзгүй байхад манай алчуур хатаагч зүүний үзүүр шиг цоорч, тэндээсээ ус алдсан байсан. Тэгээд би гялс хүрч ирээд хааж, сантехник ч дуудсан. Гэтэл манай доод айлаас танайх ус алдсан уу, манай үүдний шалавч норсон байна гэж орж ирсэн. Доод айл маань хаанаас ус алдсанаа олохгүй байсан юм байна лээ, гэтэл доод айлын маань обжурнаас нь ус дууссангуут дээд айлаас ус алдсан юм байна гэж ойлгоод манайд орж ирсэн байсан. Ороход обжурных нь нүхээр ус гоожоод доошоо дуссан байсан, ус бол байгаагүй, үүдний гишгүүр нь норсон байсан. Би тэгээд битгий гэрлээ асаагаарай, масалж магадгүй талаар хэлсэн. Тэгээд би хэд хоног харая магадгүй шал чинь ховхорч магадгүй, танайх хэзээ паркетаа солиулсан бэ, ижил өнгийн ийм паркет олдох болов уу, хөндийрсөн хэсгийг нь би солиод өгье гэсэн чинь харин яах бол манайх саяхан солиулсан гэсэн. Хэрвээ саяхан солиулсан бол байгаа байхаа би солиулж өгөх арга бодоё, тэгээд харая гэж ярилцаад л салцгаасан. Халуун ус байсан учраас манай тавилга руу орж, тавилга бөмбийсөн байсан. Би энэ талаар даатгалдаа хандахад даатгалаас хатаагчнаас ус алдсан тохиолдолд даатгал нөлөөлдөггүй гэсэн. Мөн даатгал ямар шалтгаанаар цоорсон эсэхийг тодруулдаг. Гэнэт цоорсон учир хуучин эд муудсан гэж үздэг байсан. Би даатгалдаа энэ гэнэтийн тохиолдол шүү дээ, гэнэт л ус алдсан байсан. Манай даатгалаас бол төлбөр гаргаж өгөөгүй. Тэгээд доод талын айл маань надад ямар нэгэн гомдол, асуудал хэлээгүй байж байгаад 2 сард надруу шүүхээс холбогдсон. Хавтас хэрэгт байгаа зураг дээр үүдний хэсгийн нэг зураг байсан. Нэг л хэсгээрээ бөмбийсөн байсан. Багахаан хэмжээний ус алдсан байхад би 400,000 төгрөгийн төлбөр төлөх боломжгүй, мэдээж би хохирол учруулсан юм чинь 200,000 төгрөгийг л төлөх боломжтой гэв.

3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020.03.24-ний өдрийн Б.Ттэй байгуулсан орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ, даатгуулагч Б.Т-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, даатгуулагч Б.Т-ийн иргэний үнэмлэхний хуулбар, Б.Т-ийн 2022.10.25-ны өдрийн М.Д ХК-д гаргасан нөхөн төлбөр гаргуулах өргөдөл, орон сууцанд гарсан эвдрэл гэмтлийн шалтгааныг тогтоосон акт, А.Б ХХК-ийн ДХҮ-122/4891 тоот үнэлгээний тайлан, М.Д ХК-иас Б.Тт 809,418.82 төгрөгийн нөхөн төлбөр шилжүүлсэн шилжүүлгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс даатгуулагч Б.Т-ийн орон сууцны план зураг, нэхэмжлэгчээс А.Б ХХК-ийн ДХҮ-122/4891 тоот 2 үнэлгээний тайланг шүүх нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Манай орон сууцны даатгуулагч Б.Т-ийн Баянгол дүүрэг, ... дугаар хороо, Хилл саид хотхон, ... байр, ... тоот орон сууцанд 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дээд айл болох 108 тоотын Г.С-ын орон сууцны ванны өрөөний алчуур хатаагчаас ус алдаж, даатгуулагчийн эд хөрөнгөд хохирол учирсан. Учирсан хохирол болох 809,418.82 төгрөгийн хохирлыг М.Д ХК-иас барагдуулсан. Паркетан шал бүтэн сольсон мөнгийг тооцсон байх тул 409,418.82 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Г.С-оос нөхөх төлбөрт 400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй маргаж байна. Үүнд: 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манайх эзгүй байхад манай алчуур хатаагч зүүний үзүүр шиг цоорч, тэндээсээ ус алдсан байсан. Гэтэл манай доод айлаас танайх ус алдсан уу, манай үүдний шалавч норсон байна гэж орж ирсэн. Ороход обжурных нь нүхээр ус гоожоод доошоо дуссан байсан, ус бол байгаагүй, үүдний гишгүүр нь норсон байсан. Би тэгээд битгий гэрлээ асаагаарай, масалж магадгүй талаар хэлсэн. Тэгээд би хэд хоног харая магадгүй шал чинь ховхорч магадгүй, танайх хэзээ паркетаа солиулсан бэ, ижил өнгийн ийм паркет олдох болов уу, хөндийрсөн хэсгийг нь би солиод өгье гэсэн чинь харин яах бол манайх саяхан солиулсан гэсэн. Хэрвээ саяхан солиулсан бол байгаа байхаа би солиулж өгөх арга бодоё, тэгээд харая гэж ярилцаад л салцгаасан. Доод талын айл маань надад ямар нэгэн гомдол, асуудал хэлээгүй байж байгаад 2 сард надруу шүүхээс холбогдсон. Хавтас хэрэгт байгаа зураг дээр үүдний хэсгийн нэг зураг байсан. Багахаан хэмжээний ус алдсан байхад би 400,000 төгрөгийн төлбөр төлөх боломжгүй, мэдээж би хохирол учруулсан юм чинь 200,000 төгрөгийг л төлөх боломжтой гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Мандал ХК-ийн 2020.03.24-ний өдрийн Б.Т-тэй байгуулсан орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ, даатгуулагч Б.Т-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, даатгуулагч Б.Т-ийн иргэний үнэмлэхний хуулбар, Б.Т-ийн 2022.10.25-ны өдрийн М.Д ХК-д гаргасан нөхөн төлбөр гаргуулах өргөдөл, орон сууцанд гарсан эвдрэл гэмтлийн шалтгааныг тогтоосон акт, А.Б ХХК-ийн ДХҮ-122/4891 тоот үнэлгээний тайлан, М.Д ХК-иас Б.Т-т 809,418.82 төгрөгийн нөхөн төлбөр шилжүүлсэн шилжүүлгийн баримт, даатгуулагч Б.Т-ийн орон сууцны план зураг, А.Б ХХК-ийн ДХҮ-122/4891 тоот 2 үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Г.С-ын Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ... байр, ... тоот орон сууцны ариун цэврийн өрөөний алчуур хатаагч цоорсоноос ус алдаж, даатгуулагч Б.Т-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ... байр, ...тоот орон сууцны үүдний паркетан шал норж зааг гарч гэмтээсэн болох нь хэрэгт авагдсан орон сууцанд гарсан эвдрэл гэмтлийн шалтгааныг тогтоосон акт, үнэлгээний тайлан, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

6. Хариуцагч Г.С нь багахан хэмжээний ус алдсан ба Б.Т-ийн орон сууцанд борооны уснаас үүдэлтэй паркетан шал солих хохирлыг манайхаас ус алдсантай хамтад нь тооцсон тул нэхэмжилсэн төлбөрийн 50 хувийг төлөхгүй гэж маргаж байна.

7. Нэхэмжлэгч нь А.Б ХХК-ийн үнэлгээний тайлангаар даатгуулагч Б.Т-ийн орон сууцны паркетан шал солих үнэлгээ нь хариуцагчийн хэлсэнчлэн борооны уснаас болж норж солих шаардлагатай болсон паркетан шал хамтад нь тооцогдсон гэж хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үнийн дүнгээ 409,418.82 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 400,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

8. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар эд зүйлийг өмчилж буй этгээд нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын эрхийг зөрчиж болохгүйгээс гадна бусдын эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй байдаг.

9. Хариуцагч буюу орон сууц өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ ашиглахдаа анхаарал болгоомжтой хандаж, эд хөрөнгөдөө засвар үйлчилгээ хийлгэх, сольж сайжруулах, эвдрэл гэмтэл гарсан даруйд мэргэжлийн байгууллагад мэдэгдэх, шаардлагатай арга хэмжээ авах зэргээр өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авсан талаараа нотолж чадвал түүнийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар хариуцлагаас чөлөөлөх боломжтой.

10. Гэхдээ хариуцагч өөрийн орон сууцнаас ус алдсан талаар буюу хариуцлага хүлээх талаар маргаагүй, харин хохирлын хэмжээг их гэж маргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нотолж чадаагүй, тэднийхээс ус алдсанаас учирсан хохирол 200,000 төгрөгөөс хэтрэхгүй талаар баримтаар нотлоогүй тул хариуцагч Г.С нь даатгуулагч Б.Т-ийн өмчлөлийн орон сууцанд учирсан эд хөрөнгийн хохирлыг бүхэлд нь хариуцах үүрэгтэй байна.

11. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.-д даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7.-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэж тус тус заасан.

12. Даатгуулагчид даатгалын тохиолдол үүссэн, улмаар даатгагч нөхөн төлбөрийг даатгуулагчид олгосон нөхцөлд шаардах эрх шилжихийг дээрх хуулийн заалтуудаар зохицуулсан ба М.Д ХК нь даатгуулагч Б.Т-т 400,000 төгрөгийн хохирлыг учруулсан буруутай этгээдээс уг мөнгийг шаардах эрх үүссэн байна.

13. Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу хариуцагчаас 400,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Г.Соос 400,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Д ХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 12.650 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.МӨНХЦЭЦЭГ

 

  ШҮҮГЧИД З.ДОРЖНАМЖИН

 

Х.ЭНХЗАЯА