Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2023/01564

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2023/01564

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ... дугаар хороо, Эрчим хотхон, ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух, Б овогт И-ийн Н,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, Эрчим хүчний гудамж, өөрийн байранд байрлах, Д.Ц.С,4 ТӨХК,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1,363,200 төгрөг гаргуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтаннаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч И.Н нь Д.Ц.С,4 ТӨХК-д холбогдуулан үндэслэлгүй суутгасан 1,363,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие И овогтой Н 2001 оны 3 дугаар сарын 05-нд Д.Ц.С,4 ТӨХК-ийн Зуухан цехэд тоног төхөөрөмжийн гадаргууг цэвэрлэгчээр ажилд орсон. Тус компанид тасралтгүй 17 жил 9 сар ажиллаж хэвийн бус нөхцөлөөр 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн захирлын ... тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт суусан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3, 42.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйл, Д.Ц.С,4 ТӨХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1, 12.2 дахь заалтын дагуу 13,632,000 төгрөг, халагдсаны тэтгэмж 4,687,931 төгрөг, нийт 18,319,931 төгрөгийн тэтгэмж олгох байсан. Гэвч өндөр насны тэтгэмжээс 10 хувийн татварт 1,363,200 төгрөг суутган авсан байна. Иймд миний өндөр насны тэтгэмжээс суутган авсан 1,363,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: И.Н нь Д.Ц.С,4 ТӨХК-д 17 жил 9 сар ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ... тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ажлаас гарах үед нь байгууллагын Хамтын гэрээний дагуу нэг удаагийн мөнгөн тэтгэмж 13,632,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэж, олгохдоо 10 хувийг суутган авч Баянгол дүүргийн татварын хэлтэс рүү шилжүүлсэн тул Баянгол дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.Ц.С,4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 сарын 14-ний өдрийн ... тоот тушаалын хуулбар, хавсралтын хуулбар, И.Нийн Голомт банкны ... тоот дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Д.Ц.С,4 ТӨХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ... тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарахад хамтын гэрээний дагуу эрчим хүчний салбарт ажилласан хугацааны тэтгэмжид 13,632,000 төгрөг олгохоор шийдвэрлэж, шилжүүлэхдээ үнийн дүнгийн 10 хувийг үндэслэлгүй суутган авсан тул 1,363,200 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргасан. Үүнд: Татвараас чөлөөлөгдөх орлогод хамаарахгүй тул хувь хүний орлогын албан татварт 10 хувийг суутган авч, Баянгол дүүргийн Татварын хэлтэст шилжүүлсэн тул манайх хариуцахгүй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Д.Ц.С,4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 сарын 14-ний өдрийн ... тоот тушаал, тушаалын хавсралт, нэхэмжлэгчийн дансны хуулга, хамтын гэрээ, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3, 42.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйл, Д.Ц.С,4 ТӨХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1, 12.2 дахь заалтуудыг үндэслэн Д.Ц.С,4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ... тоот тушаалаар зуухан цехийн тоног төхөөрөмжийн гадаргууг цэвэрлэгч Ишдоржийн Нарангэрэлийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, И.Нд Эрчим хүчний салбарт ажилласан 17 жил 9 сард ногдох 13,632,000 төгрөгийн нэг удаагийн, халагдсаны 4,687,931 төгрөгийн, нийт 18,319,931 төгрөгийн тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ.

Дээрх тушаалын дагуу 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр И.Нийн Голомт банк дахь ... тоот дансанд 16,956,731 төгрөг шилжүүлсэн байна.

Ийнхүү тэтгэмжийг олгохдоо 1,363,200 төгрөгийг дутуу олгосон байх бөгөөд тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувь суутгасан болох нь талуудын тайлбараар тогтоогдлоо.

6. Талуудын маргааны зүйл нь хариуцагч суутган мөнгийг Татварт шилжүүлсэн гэх маргаан байна.

7. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж-ийн орлогыг албан татвараас чөлөөлөхөөр заасан.

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д үндсэн цалингийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх, түүний хэлбэр, олгох хугацаа, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшил, нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, олговрын хэмжээ, хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох, өөрчлөх, Ажилтанд олгох хоол, унааны зардал болон бусад нөхөх олговрын хэмжээг тогтоох зэрэг асуудлыг хамтын гэрээгээр зохицуулахаар заасны дагуу Д.Ц.С,4 ТӨХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1 дэх заалтын дагуу өндөр насны тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн хувь хэмжээг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан хэмжээ үндэслэл, хэмжээнээс илүү хэмжээгээр тогтоожээ.

Өөрөөр хэлбэл, хамтын гэрээгээр 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт гарахад зөвхөн тэтгэмж олгохоор бус хөнгөлөлттэй нөхцөлөөр мөн өндөр насны тэтгэвэрт гарахад тэтгэмж олгохоор зохицуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан заавал олгох тэтгэмжийг өргөжүүлсэн зохицуулалт байна.

9. Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон, энэ талаар талууд маргаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болоогүй хэдий ч Хамтын гэрээний дагуу олгосон тэтгэмж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтын дагуу олгосон, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасан татвараас чөлөөлөгдөх орлого байна.

Гэтэл хуулиар чөлөөлөгдсөн орлогоос татвар суутган авч, нэхэмжлэгчид хохирол учруулсан байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар хохирлыг арилгах үүрэгтэй.

10. Хариуцагч байгууллага нь татварын байгууллагад шилжүүлсэн тул Баянгол дүүргийн Татварын хэлтсээс гаргуулах ёстой гэж маргасан ч Баянгол дүүргийн татварын хэлтэстэй харилцагч нь хариуцагч байгууллага тул татварын тайланг буруу гаргаж, татвар илүү төлсөн асуудлыг хариуцагч өөрөө хариуцан арилгах үүрэгтэй.

11. Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт гарч, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс талуудын хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэг Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй, харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарна.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 36,761 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Д.Ц.С,4 ТӨХК-иас 1,363,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Нд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,761 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц.С,4 ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 36,761 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Нд олгосугай.

                                         

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.



 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ