| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2023/01437/И |
| Дугаар | 102/ШШ2023/01565 |
| Огноо | 2023-04-21 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2023/01565
| 2023 оны 04 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2023/01565 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, Жастын ... байр, ... тоот хаягт оршин суух, З овогт Б-н Ц,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, Эрчим хүчний гудамж, өөрийн байранд байрлах, Д.Ц.С.4 ТӨХК,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,880,000 төгрөг гаргуулах тухай,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Баярсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтаннаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ц нь Д.Ц.С.4 ТӨХК-д холбогдуулан үндэслэлгүй суутгасан 2,880,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Б.Ц миний бие 1983 оны 3 дугаар сард Д.Ц.С.4 ТӨХК-д хангамжийн хэлтэст экспедитороор орж ажиллаж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэрт хэвийн нөхцөлөөр гарсан. Бондгойн Цэрэнчимэд намайг өндөр насны тэтгэвэрт гарахад Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1, Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйлийн 3.3, Д.Ц.С-4 ТӨХК-ийн Захиргаа, ҮЭХ-ны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтуудыг үндэслэн эрчим хүчний салбарт ажилласан 37.6 жилийн үндсэн цалингийн дунджаар тооцоод 28,800,000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж, ажлаас халагдсаны тэтгэмж 3 сарын дунджаар тооцоод 5,629,998 төгрөгийг тус тус олгохоор Дулааны 4 дүгээр цахилгаан станцын захирлын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/363 тоот тушаалаар шийдвэрлэсэн. Б.Ц миний харилцах дансанд Эрчим хүчний салбарт тасралтгүй ажилласны нэг удаагийн тэтгэмжийг шилжүүлэхдээ үнийн дүнгийн 10 хувийг суутган авч үлдсэн байсан. Иймд үндэслэлгүй суутгасан 2,880,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Б.Ц нь Д.Ц.С.4 ТӨХК-д 37 жил 6 сар ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/363 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас гарах үед нь байгууллагын Хамтын гэрээний дагуу нэг удаагийн мөнгөн тэтгэмж 28,800,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэж, олгохдоо 10 хувийг суутган авч Баянгол дүүргийн татварын хэлтэс рүү шилжүүлсэн тул Баянгол дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, Б.Цийн Худалдаа хөгжлийн банкны ... тоот дансны хуулга, Д.Ц.С.4 ТӨХК-ийн захиргаа, санхүүд гаргасан өргөдөл, Д.Ц.С.4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 сарын 31-ний өдрийн Б/363 тоот тушаалын хуулбар, хавсралтын хуулбар, 2017.11.15-ны өдрийн төлбөрийн даалгавар, тооцооллыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Д.Ц.С.4 ТӨХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/363 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарахад хамтын гэрээний дагуу эрчим хүчний салбарт ажилласан хугацааны тэтгэмжид 28,800,000 төгрөг олгохоор шийдвэрлэж, шилжүүлэхдээ үнийн дүнгийн 10 хувийг үндэслэлгүй суутган авсан тул 2,880,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргасан. Үүнд: Татвараас чөлөөлөгдөх орлогод хамаарахгүй тул хувь хүний орлогын албан татварт 10 хувийг суутган авч, Баянгол дүүргийн Татварын хэлтэст шилжүүлсэн тул манайх хариуцахгүй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Д.Ц.С.4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 сарын 31-ний өдрийн Б/363 тоот тушаал, тушаалын хавсралт, нэхэмжлэгчийн дансны хуулга, хамтын гэрээ, төлбөрийн даалгавар, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3, 42.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйл, Д.Ц.С.4 ТӨХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1 дэх заалтуудыг үндэслэн Д.Ц.С.4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/363 тоот тушаалаар худалдан авах ажиллагааны хэлтсийн бараа татан авалтын техникч, экспедиторч Бондгойн Цэрэнчимэдийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, Б.Цэд Эрчим хүчний салбарт ажилласан 37 жил 6 сард ногдох 28,800,000 төгрөгийн нэг удаагийн, халагдсаны 5,629,998 төгрөгийн, нийт 34,429,998 төгрөгийн тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ.
Дээрх тушаалын дагуу 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Б.Ц-ийн Худалдаа хөгжлийн банк дахь ... тоот дансанд 31,549,998 төгрөг шилжүүлсэн байна.
Ийнхүү тэтгэмжийг олгохдоо 2,880,000 төгрөгийг дутуу олгосон байх бөгөөд тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувь суутгасан болох нь талуудын тайлбараар тогтоогдлоо.
6. Талуудын маргааны зүйл нь хариуцагч суутган мөнгийг Татварт шилжүүлсэн гэх маргаан байна.
7. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж-ийн орлогыг албан татвараас чөлөөлөхөөр заасан.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д үндсэн цалингийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх, түүний хэлбэр, олгох хугацаа, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшил, нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, олговрын хэмжээ, хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох, өөрчлөх, Ажилтанд олгох хоол, унааны зардал болон бусад нөхөх олговрын хэмжээг тогтоох зэрэг асуудлыг хамтын гэрээгээр зохицуулахаар заасны дагуу Д.Ц.С.4 ТӨХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1 дэх заалтын дагуу өндөр насны тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн хувь хэмжээг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан хэмжээ үндэслэл, хэмжээнээс илүү хэмжээгээр тогтоожээ.
Өөрөөр хэлбэл, хамтын гэрээгээр 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт гарахад зөвхөн тэтгэмж олгохоор бус хөнгөлөлттэй нөхцөлөөр мөн өндөр насны тэтгэвэрт гарахад тэтгэмж олгохоор зохицуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан заавал олгох тэтгэмжийг өргөжүүлсэн зохицуулалт байна.
9. Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон, энэ талаар талууд маргаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болоогүй хэдий ч Хамтын гэрээний дагуу олгосон тэтгэмж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтын дагуу олгосон, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасан татвараас чөлөөлөгдөх орлого байна.
Гэтэл хуулиар чөлөөлөгдсөн орлогоос татвар суутган авч, нэхэмжлэгчид хохирол учруулсан байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар хохирлыг арилгах үүрэгтэй.
10. Хариуцагч байгууллага нь татварын байгууллагад шилжүүлсэн тул Баянгол дүүргийн Татварын хэлтсээс гаргуулах ёстой гэж маргасан ч Баянгол дүүргийн татварын хэлтэстэй харилцагч нь хариуцагч байгууллага тул татварын тайланг буруу гаргаж, татвар илүү төлсөн асуудлыг хариуцагч өөрөө хариуцан арилгах үүрэгтэй.
11. Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт гарч, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс талуудын хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэг Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй, харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарах бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь байгууллагад өргөдөл гаргаснаар Иргэний хуулийн 78 дугаар зүйлд зааснаар түр зогссон гэж үзнэ.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 61,050 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Д.Ц.С.4 ТӨХК-иас 2,880,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Цэд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц.С.4 ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 61,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Цэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ