| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 304/2025/0176/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/187 |
| Огноо | 2025-10-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | О.Мөнхтуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл,
улсын яллагч О.Мөнхтуяа,
хохирогч А.Б,
шүүгдэгч Ж.Т******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Т*******т холбогдох эрүүгийн 2415003170041 дугаартай, 304/2025/0176/Э индекстэй хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Б******* овогт Ж*******ы Т*******, ******* аймгийн ******* суманд 1991 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Булган аймгийн ............оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, хувиараа барилгын үйлдвэрт туслах ажилтнаар ажилладаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Ж.Т******* нь 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Т******* х*******” гэх газарт улсын дугаартай “тоёота приус 30” загварын тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь хэсэгт заасан "а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг, мөн дүрмийн 12.3 дахь заалтад заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг мөн дүрмийн 11.3 дахь заалтад заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж хохирогч А.Б, Л.М нарын биед хүндэвтэр хохирол учруулсан буюу тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг “согтуурсан” үедээ үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ж.Т******* нь 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “Т******* х*******” гэх газар улсын дугаартай “Toyota.Prius-XW30” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “...согтууруулах ундаа хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.3-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчиж, А.Б жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан улсын дугаартай “Hyundai.Porter-1” маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн зам тээврийн осол гарган А.Б, Л.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2.Нотлох баримтын үнэлгээ:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Шинжээч эмч Э.Д нь 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Ж.Т*******ын биеэс өөрийнх нь сайн дурын үндсэн дээр биологийн дээж /цус/ авсан тогтоол, тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 04-05 дахь тал/,
-Шинжээч эмч Э.Д нь 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр А.Бын сайн дурын үндсэн дээр биеэс биологийн дээж авсан тогтоол, тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 10-11 дэх тал/,
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 14-20 дахь тал/,
- улсын дугаартай “Приус-30” маркийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дахь тал/
-“” Улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 23-24 дэх тал /
-Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /1 дүгээр хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
-Хохирогч А.Бын: “...2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 21 цагийн орчимд би Улаанбаатар хотоос Архангай аймаг явах гээд Булган аймгийн ******* сумын нутагт явж байсан. Портер маркийн тээврийн хэрэгслийг ганцаараа жолоодоод явж байсан. Улмаар ******* сум дөхөж байх үед өөдөөс гэрлээ чихсан машин зам сүлжээд буюу эсрэг урсгалдаа орж болиод явсан. Тухайн үед болохоор би замын эвдрэлтэй нүх тойрч байгаа байх гээд нээх юм бодоогүй. Улмаар дөхөөд ирж явахаар нь өөрийнхөө эгнээнээс замын урсгал руу гэнэт дарж орж ирээд намайг мөргөөд би хэсэг ухаан алдаад сэрэх үед би машиндаа хавчуулагдчихсан хүмүүс намайг гаргах гээд байсан. Түүнээс хойш өөрийн гэсэн ухаантай байсан бөгөөд намайг ирж мөргөсөн машин нь саарал өнгийн приус 30 маркийн машин байсан бөгөөд жолооч болон зорчигч болох нийт 3 залуу машина гараад хэвтэж байсан бөгөөд хэн нь жолоо барьж байсныг бол мэдэхгүй байна. Уг осол нь приус 30 машины жолооч урсгал сөрж ирээд мөргөснөөс болж үүссэн. Мөн согтуу байсан гэж хүмүүс ярьцгааж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
-2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дахин өгсөн “...Тухайн тээврийн хэрэгслийг манай авга ах болох Б.О нутгийн Д.Бямбаренчин гэх хүнээс худалдаж авсан юм байна лээ ямар учраас нэрээ шилжүүлж аваагүй байгаа талаар би мэдэхгүй байна. Миний бие Улаанбаатар хот руу ээжийнхээ гэрийг нүүлгэх гэж авга аха гуйж авч яваад буцаад явж байхад ийм асуудал гарсан. Тухайн улсын дугаартай портер манай авга ахын эзэмшлийн машин байгаа юм. Би сэтгэл санааны зэрэглэлээ тогтоолгоно...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 33 дахь тал/,
-Хохирогч Л.Мгийн: “... 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймгийн ******* сумын төвөөс найз Т*******ын хамтаар ******* аймгийн бүрд сум руу “Адуучин” тэмцээн үзэхээр явсан. Улмаар тухайн тэмцээн дээр Т*******ын найз Зоригоо гэх залуутай таарсан.Улмаар Т*******, Зоригоо бид гурав 2.5 литрийн 3 ширхэг пиво уусан. Тэгээд би тэмцээн үзэж байгаад явах гэсэн Зоригоогийн мотоцикл эвдэрсэн байсан. Улмаар ******* аймгийн ******* сумын төв орж мотоциклын сэлбэг авчхаад эргэж ирсэн бөгөөд тухайн үед жолоог Т******* барьж байсан. Тэгээд мотоциклоо Т******* Зоригоо нар зассан бөгөөд би машины урд талын зорчигчийн суудал дээр унтсан. Түүнээс хойш юу ч санахгүй байгаа бөгөөд 2 хоногийн дараа Гэмтэл согог судлалын үндэсний төвд сэрсэн. Би ослын газрыг хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Гэхдээ Т******* ах согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болсон байж магадгүй юм. Миний хувьд гомдол санал байхгүй. Эмчилгээ болон бусад төлбөрийг нэхэмжлэхгүй ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
-Иргэний нэхэмжлэгч Б.Аын: “...Манай байгууллагын зүгээс эрүүл мэндийн даатгалын сангаас А.Бад зарцуулагдсан 4,234,624 төгрөг, Л.Мд зарцуулагдсан 2,032,004 төгрөг, Ж.Т*******т зарцуулагдсан 199,023 төгрөг, М.Б зарцуулагдсан 199,023 төгрөг буюу нийт 6,664,674 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд тушаах ёстой байгаа тул би тухайн мөнгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дэх тал/,
-Гэрч О.Бийн: “...Т******* гэгч нь манай аавын дүүгийн хүүхэд бөгөөд би сайн танина. 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Т******* нь надад хандан “чамаас өөр туслах хүн байхгүй байна туслаач машин тэрэгтэй болох гэсэн юмаа надад зээл гарахгүй нь” гэсэн би зөвшөөрч “А” гэх нэртэй ББСБ дээр хамт очиж уулзан урьдчилгаагаа төлөөд миний нэр дээр 18 сая билүү тэр хавьцаа зээл гараад “Toyota Prius 30” загварын автомашиныг авсан, Т******* мөнгийг нь сар бүр өөрөө төлж явахаар тохиролцсон байсан. 2025 оны 02 дугаар сард цагаан сарын өмнөхөн Т******* нь мөргөлдсөн тухай би хамаатныхаа залуугаас сонссон. Т******* надад мөргөлдсөн тухай надад өөрөө хэлээгүй. Т*******аас авах зүйл байхгүй. Миний нэр дээрх зээлийн хугацаа хэтрээд хариуцлагагүй зээлдэгч л болчихгүй бол...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дэх тал/,
-Гэрч Д.Шын: /******* сумын Эрүүл мэндийн төвд сувилагч/ “...Би 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн орой ажил дээрээ байж байсан чинь 21 цаг 30 минутын үед “зам тээврийн осол гарлаа” гэсэн дуудлага ирэхээр нь би байгууллагын даргадаа танилцуулаад жижүүр эмч Ц.Г болон жолоочийг дуудаад ахлах сувилагч О.Ш тэр гурав дуудлагадаа явсан. Тэгээд 30-аас 40 минутын дараа манай эмч сувилагч нар зам тээврийн осолд орсон 4 эрэгтэй хүнийг эрүүл мэндийн төв дээр авч ирсэн. Тухайн хүмүүст эмчийн зааврын дагуу эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн. Тэгэхэд тухайн 4 хүний нэг нь болох “Архангай аймаг руу явж байсан” гэж ярьж байсан. Б гэх 25 настай залуугийн зүүн хөлийн дунд чөмөг хугаралтай, зүүн хөлийн шагай хэсэг нь хөхөрч хавдсан, хэл хазагдаж язралт өгсөн байдалтай, эрүүнийхээ гадна талд 2 см хэмжээтэй зүсэгдсэн шархтай байсан. Тэгээд тэр Б гэх залуугийн ухаан санаа гайгүй байсан бөгөөд тэр залуу бид нарт хэлэхдээ “би ганцаараа явж байсан чинь нөгөө хамт хүргэгдэж ирсэн гурван залууг заагаад энэ залуучууд урсгал сөрж ирээд намайг мөргөчихлөө” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57-59 дэх тал/,
-Гэрч М.Бийн: “...2024 оны 11 дүгээр сарын 23-ны ******* аймгийн Бурд суманд шургуй буюу Адуучин тэмцээн болж миний бие оролцсон. Тухайн тэмцээнд дээр байж байхад найзууд болох Б, Насан хоёр ирсэн. Би бүтэн нэрийг сайн хэлж мэдэхгүй байна. Бид гурав тэмцээн дуусаад тэндээ 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво нэгийг уусан. Тэгээд байж байтал Б, Н хоёр намайг “Булган аймгийн орчхоод ирье, ханиндаа яваад ирье” гэж гуйсан. Тэгээд бид гурав ******* аймгийн ******* сумаас манай гэр рүү очиж би мотоциклоо гэртэй үлдээгээд хамт Булган аймгийн ******* сум руу хөдөлсөн.
Тэгээд би хойд суудал дээр нь суугаад явж байгаад унтчихсан байсан. Тэгээд нэг сэрэхэд би газар уначихсан сэрсэн. Гэтэл миний сууж явсан тээврийн хэрэгсэл өөр машинтай мөргөлдсөн байсан. Тэгээд цагдаа нар ирсэн өөр зүйл болоогүй. Манай гэрийн гаднаас хөдлөхдөө тээврийн хэрэгслийг Б жолоодож байсан харин Насан урд суудал дээр суугаад явж байсан. Бид гурав замдаа зогсоогүй жолоог өөр хэн нэгэнд шилжүүлээгүй, Б ганцаараа барьж явж байсан. Б, Насан хоёр над дээр ирэхдээ ямар ч байсан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн, гэхдээ согтолт нь гайгүй байсан. Бид гурав 2.5 литрийн нэг пиво хувааж уугаад би хойд суудал дээр унтаад өгсөн. Нөгөө хоёр уул нь миний бодлоор бага зэргийн согтолттой байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 62-64 дэх тал/,
-Булган аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Б.Батбаярын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 71 дугаартай:
-Жолооч Алтангэрэл овогтой Б // нь цагдаагийн хайлт мэдээллийн санд жолооны “В” ангиллын эрх хүчинтэй төлөвтэй байна.
-Жолооч Ж******* овогтой Т******* /// нь цагдаагийн хайлт мэдээллийн санд жолооны "АВ" ангиллын эрх хүчинтэй төлөвтэй байна.
-Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна.
Жолооч Алтангэрэл овогтой Б // нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зүйл тогтоогдохгүй байна.
-Харин жолооч Ж******* овогтой Т******* // нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.
3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм. сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,
12.3.Жолооч эх хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.
11.3.Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна.
-Уг осол нь жолооч Ж******* овогтой Т******* / нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож эсрэг урсгал сөрж, улмаар зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас уг осол гарсан байна гэсэн магадалгаа /1 дүгээр хавтаст хэргийн 68 дахь тал/,
-Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Т*******” гэж хаягласан цуснаас 2.3 спиртийн агууламж илэрсэн. Цусан дах 2.3 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 91-92 дахь тал/,
-Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 38 дугаартай:
1.Магадлуулагч А.Бын биед зүүн хөлийн дунд чөмгөний далд, тахилзуур, тавхай ясны хугарал, эрүү, хэл, баруун шилбэ, зүүн өвдөгт шарх, зүүн гуя, тавхайд цус хуралт хаван хавдар гэмтэл тогтоогдлоо.
2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой.
3.Тухайн хэрэг болсон гэх 2024 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой.
4.5.Зүүн хөлийн дунд чөмгөний далд, тахилзуур, тавхай ясны хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын ХҮНДЭВТЭР зэрэг тогтоогдлоо. Эрүү, хэл, баруун шилбэ, зүүн өвдөгт шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо. Зүүн гуя, тавхайд цус хуралт, хаван хавдар гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.
6.Магадлуулагч А.Бын биед хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 97-103 дахь тал/,
-Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 37 дугаартай:
1.Л.Мгийн биед тархины зүүн духны цус хуралт няцрал, хамрын зүүн хажуу хана зөрүү багатай хугарал, цээжний зүүн талын 1 хавирганы хугарал, баруун хөлийн тавхайн II, III, IV шивнүүрийн хугарал, зүүн хацарт зулгаралт тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн /зам тээврийн ослын үед/ үйлчлэлээр цохигдох, шахагдах, үрэгд механизмаар үүснэ.
3.Тогтоогдсон гэмтэл нь:
-Тархины зүүн духны цус хуралт шивнүүрийн хугарал гэмтэл нь тус бүр эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хуний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаа хохирлын хүндэвтэр зэрэгт,
-Хамрын зүүн хажуу хана зөрүү багатай хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт,
-Зүүн хацарт зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй.
4.Магадлуулагчийн биед эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
5.Зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.
6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
7.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 121-124 дэх тал/,
-Арвижих-Эстимейт үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 25/01/24 дугаартай “...Хюндай портер загварын улсын дугаартай ...зах зээлийн үнийг 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 4,500,000 төгрөг, хохирлын хэмжээг 4,730,000 төгрөгөөр тус тус тогтоолоо. ...” гэсэн үнэлгээ /2 дугаар хавтаст хэргийн 05-06 дахь тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЕГ0825/2003 дугаартай:
1.Алтангэрэл овогтой Б /РД:АЗ99012313/-ийн сэтгэцэд 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үйлдэгдсэн хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна.
2.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна гэсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 106-108 дахь тал/,
-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Бын өгсөн: “...Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орж зүүн хөлийн дунд чөмөг, шилбэ, тавхай бэртэж гэмтсэн. Би хөдөө мал маллаж эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг. Одоо мал маллахад хэцүү байна. Морь унаж чадахгүй, явган явж чадахгүй, алхахад хэцүү байна. Иймд гомдолтой байгаа тул Портер маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэ болон нааш цааш явсан урсгал зардлыг гаргуулж хохирол төлбөрийг барагдуулж өгнө үү...” гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Т*******: “...Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв...” зэрэг нотлох баримт болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн эцэслэн шийдвэрлэх хангалттай байна.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт:
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ж.Т******* нь бүрэн бус дунд боловсролтой бөгөөд өөрийгөө өмгөөлөх хүсэлтээ илэрхийлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт:
Улсын яллагч: “...Шүүгдэгч Ж.Т*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 11.3, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Хохирогч: “...хэлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч: “...хэлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч Ж.Т*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч зам тээврийн осол гаргаж А.Б, Л.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 38 дугаартай дүгнэлтээр хохирогч А.Бын биед хүндэвтэр гэмтэл, 2024 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 37 дугаартай дүгнэлтээр хохирогч Л.Мгийн биед хүндэвтэр гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.
Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаартай дүгнэлтээр “Ж.Т*******ын цусанд 2.3 хувь спиртийн агууламж илэрсэн” нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хууль тогтоогчийн хийсэн аутентик тайлбарт зааснаар “согтуурсан” гэх ойлголтод хамаарч байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч Ж.Т******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн хориглосон заалтыг зөрчин “эсрэг урсгалаар зорчиж явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн” зам тээврийн осол гарган А.Б, Л.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ж.Т*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 11.3, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг “согтуурсан” үедээ үйлдсэн гэм буруутай тооцлоо.
1.5.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тодорхойлжээ.
Шүүгдэгч Ж.Т******* нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хориглосон заалтыг зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 заалтад заасныг баримтлан гэм хор, хохирол, иргэний нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:
1.5.1.Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны ЕГ0825/2003 дугаартай “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох” шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтэд “...А.Бын сэтгэцэд гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байгаа нь сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна...” гэжээ.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын 4 хэсэгт заасан аргачлалаар “хоёрдугаар” зэрэглэлд сэтгэцийн хор уршиг 4-8 хувь гэж тооцон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл тооцож нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохоор заасан.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 12 дугаартай тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цагт 3929 төгрөг буюу сард 660,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоожээ.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийсэн дүгнэлт”, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “жишиг аргачлал”-ын 4-т заасныг үндэслэн хохирогч А.Бын сэтгэцийн хор уршгийн хэмжээг хоёрдугаар зэрэглэлд тооцон, хор уршиг учрах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 8 дахин нэмэгдүүлэн 5,280,000 төгрөгийг шүүгдэгч Ж.Т*******аас гаргуулж хохирогч А.Бад олгуулах.
1.5.2.Хохирогч А.Баас эмчилгээ хийлгэсэн болон бусад гарсан зардалтай холбоотой 14,101,870 төгрөгийн баримтыг мөрдөн шалгах явцад, шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэнтэй холбогдон гарсан шатахуун, байр, хоолны зардал 501,315 төгрөгийг шүүхийн шатанд гэм буруутай этгээдээс нэхэмжилжээ.
Нэхэмжлэлтэй холбоотой баримтыг шинжлэн судлаад хуульд заасан шаардлага хангасан эмчилгээ хийлгэх, эм, эмнэлгийн хэрэгсэл авах, шатахуун, байр, хоолны зардал зэрэгт зарцуулсан 2,143,095 төгрөг болон бусдын авто машины төлбөрт төлсөн 8,000,000 төгрөгийн зардал нийт 10,143,095 төгрөгийг шүүгдэгч Ж.Т*******аас гаргуулж хохирогч А.Бад олгуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой зайлшгүй гарсан зардал 10,143,095 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршиг 5,280,000 төгрөг нийт 15,423,095 төгрөг гаргуулахаас шүүхийн өмнөх шатанд шүүгдэгчийн сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч хүлээн авсан болохоо илэрхийлсэн 11,590,000 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 3,833,095 төгрөгийг шүүгдэгч Ж.Т*******аас гаргуулж хохирогч А.Бад олгуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн хохирол нөхөн төлсөн баримтыг судлаад “шинжээчийн хөлс”-д төлсөн 1,602,750 төгрөгийг хохирогчид төлсөн мөнгөн дүнгээс хасаж тооцсон болно.
1.5.3. хохирогч А.Б нь “адууны хөлс” гэх утгатай Г.Б гэх хүнд шилжүүлсэн 1,250,000 төгрөг, “хонь хөлс” гэх утгатай Г.Э гэх хүнд шилжүүлсэн 460,000 төгрөг /2 дугаар хавтаст хэргийн 113 дахь тал/, “үхрийн хөлс” гэх утгатай Г.Б гэх хүнд шилжүүлсэн 1,750,000 төгрөг, “хурдан морь хөлс” гэх утгатай Г.Б гэх хүнд шилжүүлсэн 1,000,000 төгрөг /2 дугаар хавтаст хэргийн 114 дэх тал/ баримтыг /шилжүүлэгч нь Алтангэрэлийн Баясгалантөр гэх/ мөрдөгчид гарган өгч, нийт 4,460,000 төгрөгийг нэхэмжилжээ.
Эрүүгийн хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар хохирогч А.Б нь Г.Э, Г.Б гэх хүмүүстэй мал маллах буюу ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан эсэх, цалин хөлс хэрхэн тохирсон талаарх нотлох баримт хангалттай бус байх тул дээрх 4,460,000 төгрөгийн нэхэмжлэлийг энэ хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хэлэлцэхгүй орхиж, хохирогч А.Б нь дээрх харилцаатай холбоотой нотлох баримт болон цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж шийдвэрлэв.
1.5.4.Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч А.Бын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардалд 4,234,624 төгрөгийг, хохирогч Л.Мгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардалд 2,032,004 төгрөгийг, шүүгдэгч Ж.Т*******ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардалд 199,023 төгрөгийг, гэрч М.Бийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардалд 199,023 төгрөгийг, нийт 6,664,674 төгрөг зарцуулсан болох нь баримтаар тогтоогдсон байна.
Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Б.А иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцон байгууллагаас гарсан зардал болох 6,664,674 төгрөгийг нэхэмжилж, холбогдох баримтыг ирүүлжээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр заасныг баримтлан дээр нэр дурдсан хүмүүсийн эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг холбогдох баримтад үндэслэн тооцож 6,664,674 төгрөгийг шүүгдэгч Ж.Т*******аас гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.
1.5.5.Хохирогч Л.М нь “нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн” тул шүүгдэгч Ж.Т*******ыг түүнд төлөх төлбөргүйг дурдав.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1.Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Ж.Т*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Булган аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээр тогтоолгох саналтай байна...” гэв.
Хохирогч: “...хэлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч: “...Би Улаанбаатар хот орж ажил хийдэг тул бүсийг Булган аймгийн ******* сумаар тогтоолгох боломжгүй байна...” гэв.
2.2.Эрүүгийн хариуцлага:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1 дүгээр хавтас хэргийн 189 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтас хэргийн 191 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтас хэргийн 192 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /1 дүгээр хавтас хэргийн 193 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтас хэргийн 194 дэх тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ж.Т*******ын хувийн байдлыг тодорхойллоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ж.Т******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлын зарим хэсгийг сайн дураар төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ж.Т*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 жилийн хугацаагаар хасаж, 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж дүгнэв.
Зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг шүүгдэгч Ж.Т*******ын оршин суух газар болох Булган аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь гэр бүлийн байдал, ажил эрхлэлт, санхүүгийн чадавх болон хуульд заасан бусад шалтгаанаар шүүхээс тогтоосон газарт ял эдлэх боломжгүй болсон тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд заасан журмын дагуу зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл, журмыг түр өөрчлөх, өөрчлөх тухай хүсэлтээ эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх хууль зүйн боломжтой болохыг дурдах нь зүйтэй.
2.3.Бусад асуудал:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ж.Т******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт хураагдаж ирсэн Ж.Т*******ын №647219 дугаартай “А, В” ангиллын жолоочийн үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамт Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 зүйлийн 1, хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б******* овогт Ж*******ы Т*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг “согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Т*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Ж.Т*******ыг Булган аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хэрэв хориглосон бүсээс гарахаар бол эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг хүлээлгэж, тус ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Т*******т сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ж.Т******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Л.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн болохыг тус тус дурдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж.Т*******аас 3,833,095 төгрөгийг гаргуулж хохирогч А.Бад, 6,664,674 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.
8.Хохирогч А.Бын гаргасан “малын хөлс” тэй холбоотой 4,460,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ талаарх нотлох баримт болон цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.Т*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ