| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2022/04980/И |
| Дугаар | 102/ШШ2023/01295 |
| Огноо | 2023-04-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2023/01295
| 2023 оны 04 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2023/01295 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух хаягтай, *** ургийн овогтой *** ын *** /РД:*** /
Хариуцагч: *** тоотод оршин суух хаягтай, *** ургийн овогтой ***ийн Н***/РД:***/
Нэхэмжлэлийн шаардлага: худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, *** улсын дугаартай *** гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н
Хариуцагч О.Н
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч О.Н т холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч Б.*** дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Миний бие 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр О.Н тэй Худалдах, худалдан авах гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн *** улсын дугаартай, *** 30 маркийн суудлын автомашиныг 24,000,000 төгрөгөөр худалдахаар болсон. Миний бие гэрээний дагуу өөрийн өмчлөлийн автомашиныг биет байдлаар хүлээлгэн өгсөн. О.Н***нь автомашины өмчлөлийг бүрэн шилжүүлж авсан болно. Гэтэл О.Н***нь автомашины төлбөр болох 24,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй байгаа бөгөөд улмаар миний утасны дуудлагыг хүлээн авахгүй, шүүх цагдаагаар яв гэсэн хариу өгсөн. Иймд миний бие 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр О.Н тэй байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ-нээс татгалзаж, *** улсын дугаартай *** 30 маркийн суудлын автомашиныг буцаан О.Н ээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Бид хоёр хэсэг хугацаанд хамтран амьдарч байсан нь үнэн. Гэхдээ бид хоёр дундаасаа хүүхэдгүй. Хариуцагчийн хүүхэд болох Сондорыг би хариуцагчид тус болох үүднээс л өрөвдөөд өөрөөр овоглосон болохоос миний төрсөн охин биш. Надад хүнд автомашин бэлэглээд явж байх чадал ч байхгүй гэжээ.
2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.*** тай 2011 онд танилцаж дотносон үерхэж байгаад бидний дундаас 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдөр охин Ц.С төрсөн. Охиноо төрснөөс хойш бид гурав Б.*** ын ээжтэй хамт хотод байр түрээслэн амьдардаг байсан. Охиноо 8 сартай байхад Б.*** нь намайг зодож бид тусдаа амьдрах болсон. Дөнгөж хамт амьдраад удаагүй, төрчхөөд 8 сартай байхад зодож байгаа юм чинь цаашид хамт амьдрахад маш хэцүү, итгэлгүй санагдаж айсан бөгөөд бид дахин нийлээгүй. 2013 оноос тусдаа амьдарснаас хойш Б.*** нь охиндоо ямар нэгэн байдлаар эд хөрөнгө, хувцас хунар, мөнгө төгрөгийн туслалцаа үзүүлж байгаагүй. Хааяа нэг охиноо асуугаад ярьдаг байсан. Ингээд 2022 оны 6 дугаар сарын 29-нд утсаар ярихдаа би охиндоо өгөх юм байна, хүрээд ирэх үү гэхээр нь мөнгө төгрөг л өгөх нь гэж бодоод шилжүүлчих юм уу гэсэн чинь ...бэлэн байгаа юмаа, хамт хүрээд ир гэсэн. Охиноо дагуулаад зааж өгсөн газар нь очиход нэг найзтайгаа хамт байсан. Бид хамтдаа ярьж суусан ба *** охинтойгоо яриад том болсныг нь гайхаад өхөөрдөөд байсан. Тэгээд ...би өнгөрсөн хугацаанд охиндоо нэг ширхэг оймс ч өгч байгаагүй гээд гэрийн хаалгаар харагдаж байсан машин руугаа заагаад энэ миний охины машин шүү гэж хэлсэн. Хамт байсан найзыгаа Ууганаа гэж танилцуулсан ба найз Ууганаа нь хүртэл та 2-т энэ машиныг өгнө гэж олон хоног ярилаа. Та хоёр ирж санаа амарлаа гэж хэлж байсан. Тэгээд орой болоход машинаа унаад яв гээд түлхүүрээ өгсөн ба охин бид хоёр машиныг нь унаад гэр рүүгээ явсан. Маргааш нь буюу 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр яриад машиныг чинь шилжүүлж өгье хүрээд ир гэхээр нь очиж аваад Амгалан дах Авто тээврийн газрын салбар дээр очсон. Машины нэрийг шилжүүлэх гэхэд миний хаяг орон нутгаар байсан болохоор дугаарыг нь аваад ир гэсэн. Би машиныг нь авчраагүй болохоор дугаар нь байхгүй гэтэл үйлчилгээний ажилтан нь нотариат ороод гэрээ байгуулж болно гэсэн. Тэгээд нотариат руу охиноо дагуулаад хамтдаа ороод манай нөхөр охиндоо өгч байгаа, гэхдээ хүүхэд рүү шилжихгүй болохоор над руу шилжих юм гээд учир байдлаа хэлсэн. Нотариатч гэрээ бичээд гарын үсэг зуруулсан. Тухайн үедээ би гэрээг хараад төлбөр бүрэн төлөгдсөн гээд оруулсан болохоор нь болчихдог юм байна гэж бодож байсан. Иймд тухайн автомашиныг Б.*** надад 24,000,000 төгрөгөөр худалдаад би худалдаж аваад мөнгийг нь өгөхгүй хохироогоод байгаа юм байхгүй. Надад Б.*** аас 24,000,000 төгрөгөөр машин худалдаж авах ямар ч шаардлага, шалтгаан байхгүй. Хэрвээ үнэхээр надад худалдаад, би мөнгөө өгөхгүй байгаа юм бол гэрээн дээр төлбөр тооцоо бүрэн төлөгдөж дууссан гэж бичих ямар шаардлага байгаа юм бэ. Бид нотариатчид машиныг охиндоо өгч байгаа болохоор шилжүүлж авах тухайгаа хэлсэн, нотариатч төлбөр нь бүрэн төлөгдсөн гэсэн худалдах гэрээ баталж өгсөн. Бидэнд бэлэглэж өгсөн машинаа худалдсан, мөнгөө өгөхгүй байна, буцааж авна гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Б.*** ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 5/, Худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбар /хх 6-7/, Голомт банкны дансны хуулга /хх 8/, Хаан банкны дансны хуулга /хх 9-13/.
4. Хариуцагч нараас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *** дүгээр Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолын хуулбар /хх 26/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 37/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх 83/, Ц.С ын төрсний гэрчилгээний хуулбар /хх 90/.
5. Хариуцагчийн зүгээс дараах баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн. Үүнд: Автомашины хувийн хэрэг /хх 57-64/, Хэрэг бүртгэлийн 12506 дугаартай хэргийн 12-14 дүгээр хуудаст авагдсан гэрч ***ын мэдүүлэг /хх 65-69/.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Б.*** болон О.Н***нарын хооронд 3900 бүртгэлийн дугаартай Худалдах худалдан авах гэрээ /Тээврийн хэрэгсэл/ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр Б.Ц нь 2009 онд үйлдвэрлэгдсэн, *** улсын дугаартай, *** маркын автомашиныг 24,000,000 төгрөгөөр О.Н т худалдахаар тохиролцжээ.
2. Зохигчид дээрх гэрээний дагуу *** маркын автомашин хариуцагч О.Н ийн нэр дээр бүртгэгдсэн болон болон уг автомашины эзэмшилд байгаа талаар маргаагүй.
3. 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Б.*** нь хариуцагч О.Н т холбогдуулж Худалдах худалдан авах гэрээ /Тээврийн хэрэгсэл/-нээс татгалзаж, 2009 онд үйлдвэрлэгдсэн, *** улсын дугаартай, *** маркын автомашиныг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч гэрээний төлбөр болох 24,000,000 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарласан.
4. Хариуцагч О.Н***дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн ба өөрийн татгалзлыг ...нэхэмжлэгч автомашиныг охиндоо бэлэглэсэн, ...бодит байдал дээр 24,000,000 төгрөгөөр худалдаагүй гэсэн агуулгаар тайлбарлаж байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2.2, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.6 дахь хэсгүүдэд зааснаар иргэний хэрэг маргаанд зохигч өөрийн шаардлага хийгээд татгалзлаа нотлох, нотлох баримтаа өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, өөрөө олж авах боломжгүй баримтуудыг шүүхэд хүсэлт гаргах замаар бүрдүүлэх зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлж оролцдог. Түүнчлэн хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй ба зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбар нотлох баримтаар үнэлэгдэнэ.
Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хариуцагч талаас өөрийн татгалзлаа нотлохоор хэрэгт өөрөө болон шүүхийн журмаар бүрдүүлэн өгсөн Баянгол дүүргийн Прокурорын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *** тоот Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолын агуулга, нэхэмжлэгч Б.*** аас гаргасан гомдлыг шалгах ажиллагааны явцад гэрчээр асуугдсан ***ын мэдүүлгийг талуудын хооронд 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээ /Тээврийн хэрэгсэл/-ний 3.2-т ...төлбөр тооцоо бүрэн дууссан гэж заасан байгаатай харьцуулан судлахад хариуцагчийн ...бодитоор худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэсэн тайлбар үндэслэлтэй, автомашиныг нэхэмжлэгч нь хариуцагчид хариу төлбөртэй шилжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Дээрх байдлаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул хариуцагч О.Н т холбогдох 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээ /Тээврийн хэрэгсэл/-нээс татгалзаж, 2009 онд үйлдвэрлэгдсэн, *** улсын дугаартай, *** маркын автомашиныг буцаан гаргуулах тухай Б.*** ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ