| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 304/2025/0173/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/186 |
| Огноо | 2025-10-28 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.4., |
| Улсын яллагч | О.Мөнхтуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл,
улсын яллагч О.Мөнхтуяа,
шүүгдэгч Г.Э*******, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э*******од холбогдох эрүүгийн 2538000000277 дугаартай, 304/2025/0173/Э индекстэй хэргийг 2025 оны оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* М******* овогт Г*******ын Э*******, ******* аймгийн ******* суманд 1990 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ............. оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг, регистрийн дугаар: *******, урьд нь
******* аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
******* аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
******* аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Г.Э******* нь 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн сумын нутаг дэвсгэрээс ******* ******* улсын дугаартай, приус-20 загварын, саарал өнгийн тээврийн хэрэгсэл ашиглан, хохирогч Г.Шын эзэмшлийн ухаа ягаан зүсмийн эр бяруу, улаан хүрэн зүсмийн эм шүдлэн үхэр нийт 2 тооны буюу олон тооны үхэр хулгайлан авч хохирогч Г.Шт 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан /бусдын олон тооны малыг машин механизм ашигласан/ гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Э******* нь 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн сумын нутаг дэвсгэрээс хохирогч Г.Шын өмчлөлийн 2 тооны буюу олон тооны үхрийг 4216 ******* улсын дугаартай “Toyota.Prius-XW20” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлан 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан:
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 05-06, 07-08 дахь тал/,
-Хохирогч Г.Шын: “...2025 оны 06 дугаар сарын 05-ны өглөө үхрээ бэлчээгээд тэр орой ирээгүй болохоор нь гадуур харж байгаад айлын хашаа хороогоор ороод ирэхгүй байгаа юм байлгүй гэж бодоод орхисон. 06 дугаар сарын 06-ны орой үхрээ бүртгэсэн чинь нөгөө 2 тооны үхэр бас байхгүй болохоор нь тэр хавиараа хайгаад байдаггүй өнөө өглөөнөөс эхлээд гадуур хайж байтал орой фейсбүүк дээр “2 үхрийн эзэн байна уу” гэсэн зар байна танай үхэр биш биз дээ гэж хүн хэлэхээр нь очиж зургийг хартал манай үхэр мөн байсан. ...Би гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Үхрээ олоод авсан...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
-Иргэний нэхэмжлэгч Ч.Эын: “...Би ******* ******* улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслээ өөрийн танил Э******* гэдэг залууд 2023 оны намар 08 сарын үед 8,000,000 төгрөгөөр зарж байсан. Тухайн үед нь мөнгө төгрөгөө бүрэн авсан болохоор одоо надад нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй. Би Э*******той барилга дээр ажиллаж байгаад одоогоос 3-4 жилийн өмнө танилцаж байсан, хувь хүнийх нь талаар нарийн ширийн мэдэхгүй. Хамт ажиллаж байхад бол барилгын ажил сайн л хийдэг залуу санагдсан. Би хэргийн материалтай танилцах шаардлагатай...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
-Гэрч Ж.Бын: “...2025 оны 06 дугаар сарын 06-ны 00 цаг 17 минутад ******* аймгийн сумын урд төв зам дээр хуваарийн дагуу Тосонцэнгэл сумын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Нэргүйн хамтаар үүрэг гүйцэтгэж байхад ******* ******* маркийн тээврийн хэрэгслийг шалгахад иргэн Г.Э******* нь жолооны эрхгүй байсан ба тухайн иргэнээс согтууруулах ундаа үнэртэж байсан. Багажаар шалгахад 0.36 хувьтай согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тухайн тээврийн хэрэгсэлд дотор Г.Э*******ын эхнэр болон эхнэрийн дүү явж байгаа талаар Г.Э******* хэлсэн. Тээврийн хэрэгслийг түр саатуулах гэтэл тээврийн хэрэгсэл дотор чимээ гарсан ба Г.Э*******ын эхнэр “бид нар хонь Хутаг-Өндрөөс шөлний хонь аваад ******* явж байна” гэж хэлсэн. Гэрэл тусган хойд суудлыг үзэхэд ягаан халзан зүсмийн үхэр байсан ба тухайн үхрийн толгой хэсгийг Г.Э*******ын эхнэрийн дүү гэх залуу дарж суусан байсан. Багажийн ард хэсгийн нээн үзэхэд улаан өнгийн толгойтой үхэр мөн байсан. Тухайн үхрийг асуухад “Булган аймгийн сумаас худалдан авсан” гэх ба гарал үүслийн гэрчилгээ байхгүй гэж хэлсэн. Сүүлд экологийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Бэд Г.Э******* нь “Булган аймгийн сумын араас авсан эзнийг олж ирнэ гээд яваад эзэн нь олдохгүй байна” гэж ирсэн гэдгийг надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
-“Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ТХҮ-925-912451 дугаартай “...улаан хүрэн зүсмийн шүдлэн үхэр 800,000 төгрөг, ухаа ягаан зүсмийн эр бяруу 500,000 төгрөг нийт 1,300,000 төгрөг ...” гэсэн дүгнэлт / хавтаст хэргийн 25-28 дахь тал/,
-“Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 9001953 дугаартай “...4216 ******* улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл 3,000,000 төгрөг...” гэсэн үнэлгээ /хавтаст хэргийн 25-28 дахь тал/ зэрэг нотлох баримт болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Г.Э******* нь өөрийн сонгон авсан өмгөөлөгч Б.Манлайбаярын хамт шүүх хуралдаанд оролцсон болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт
-Улсын яллагч: “...Шүүгдэгч Г.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Тус гэмт хэргийн улмаас хохирогч Г.Шт 1,300,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч 2 тооны үхрээ биет байдлаар хүлээн авсан, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Г.Э******* бусдад төлөх төлбөргүй байна...”гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргаангүй, хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай явуулахад дэмжлэг үзүүлж байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар тус гэмт хэргийг үйлдсэн болохыг аливаа маргаангүйгээр хүлээн зөвшөөрч байна.
Улсын яллагчийн хэлснээр хохирогч Г.Ш 2 тооны үхрээ хүлээж авсан, Г.Э******* бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байна. Тухайн гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл битүүмжлэгдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхтэй холбоотойгоор тус битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Ч.Э байгаа нь хавтаст хэрэгт авагдсан үйл баримтуудаар тогтоогдож байна. Иймд битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийг Улсын орлогод оруулах боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа тул тээврийн хэрэгслийг Ч.Эад хүлээлгэн өгөх, тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээ болох 3,000,000 төгрөгийг Г.Э*******оос гаргуулах нь зүйтэй байна...” гэв.
Шүүгдэгч Г.Э*******: “...Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэв.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч байгаа үйлдэл, үйлдлийн арга халдлагын зүйлээс хамааран зүйлчлэгдэх бөгөөд “хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн, захиран зарцуулснаар төгсдөг ба “мал хулгайлах” гэмт хэргийн тухайд халдлагын зүйл нь “мал” буюу “хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ” байдгаараа бусад эд хөрөнгө хулгайлах гэмт хэргээс ялгагдана.
Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд хууль тогтоогчоос хийсэн аутентик тайлбарт “...Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно...” гэж тодорхойлсон ба шүүгдэгч нь бусдын 2 тооны үхэр хулгайлсан нь тогтоогдож байх тул түүнийг олон тооны мал хулгайлсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Мал хулгайлах гэмт хэрэгт “машин механизм ашиглах” гэдэгт хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, малын бэлчээрт зорьж очих, биеэр авч чадахгүй эд хөрөнгийг зөөж тээвэрлэх, малыг хөөж туух зэрэгт хэрэглэснийг хамааруулан үздэг бөгөөд шүүгдэгч Г.Э******* нь бусдыг малыг хулгайлах, зөөж тээвэрлэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан болох тогтоогджээ.
Шүүгдэгч Г.Э*******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “мал хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу “олон тооны мал хулгайлж”, “машин, механизм ашиглаж” үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Г.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.5.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Шт 1,300,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Г.Э******* нь 2 тооны үхрийг хүлээлгэн өгсөн, хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал байхгүй” болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Э*******ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдлаа.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
-Улсын яллагч: “...Шүүгдэгч Г.Э*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...”гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч Г.Э******* өрх гэрээ тэжээн тэтгэж байгаа, 2-13 насны 4 хүүхэдтэй, 2 бага насны хүүхэдтэй, 11 настай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хүний сайн хань, хүүхдүүдийнхээ сайн эцэг болохыг төлөө хичээж байгаад асуудалд орсон байна. Шүүх хуралдаанд хувийн байдалтай холбоотой өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэж заасныг хэрэглэх боломжтой гэж үзэж байна.
Иймд үйлчлүүлэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ хандаж байгаа хандлага, мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай явуулахад дэмжлэг үзүүлж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан ганцхан удаа боломж олгоно уу. Г.Э*******ын ард хөгжлийн бэрхшээлтэй 1 хүүхэд, 2-3 насны 2 хүүхэд, 13 настай охин, ажил хөдөлмөр эрхлэхгүй хүүхдүүдээ асарч байгаа эхнэр зэрэг нэг өрх айлын амьдралд хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна. Нөхцөл байдлыг харгалзан Г.Э******* 1 жилийн хугацаагаар ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Г.Э*******: “... хэлэх зүйл байхгүй...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан ******* аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 84-85 дахь тал/, ******* аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 86-94 дэх тал/, ******* аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 95-97 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа / хавтаст хэргийн 99 дэх тал/,иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 100 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 101 дэх тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 102 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 103 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 107 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Г.Э*******ын хувийн байдлыг тодорхойлов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Э*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцсон бөгөөд, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Э******* болон түүний өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болохыг илэрхийлснийг шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзлээ.
Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч Г.Э*******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж дүгнэв.
Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг үл маргах журмаар албадан хурааж, үнэ төлбөргүйгээр улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа нь албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгждэг болно.
Эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох албадлагын арга хэмжээний хүрээнд гэмт үйлдлээс эх үүсвэртэй хөрөнгө, орлогыг хураахаас гадна гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник, хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой адилтган гэмт этгээдээс албадан гаргуулах үүргийг шүүхэд хуулиар хүлээлгэжээ.
Шүүгдэгч Г.Э*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4216 ******* улсын дугаартай “Toyota.Prius-XW20” маркийн тээврийн хэрэгсэл нь Ч.Э гэх хүний нэр дээр бүртгэлтэй хэдий ч Г.Э*******ын өмчлөлд шилжсэн болох нь шүүгдэгч болон өмнөх эзэмшигч Ч.Э нарын мэдүүлгээр нотлогдсон байх тул тухайн тээврийн хэрэгслийг улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй байна.
Дээрх тээврийн хэрэгсэл нь ******* аймгийн ******* сумын 13 дугаар багт байрлах “Тээврийн хэрэгсэл түр саатуулах байр”-нд хадгалагдаж байгаа болох нь “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, “Эд хөрөнгө битүүмжилсэн тухай” мөрдөгчийн тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байх тул шүүхийн шийдвэрийг шуурхай биелүүлэх зорилгоор тухайн эд хөрөнгө хадгалагдаж байгаа газрын буюу ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Э*******ын энэ хэрэгт баривчлагдсан 2 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул түүнд авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд цагдан хорихоор шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Э******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* М******* овогт Г*******ын Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Г.Э*******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э*******од оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э*******ын баривчлагдсан 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Э******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Э*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* аймгийн ******* сумын 13 дугаар багт байрлах “Тээврийн хэрэгсэл түр саатуулах байр”-нд хадгалагдаж байгаа 4216 ******* улсын дугаартай “Toyota.Prius-XW20” маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэхийг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Шүүгдэгч Г.Э*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4216 ******* улсын дугаартай “Toyota.Prius-XW20” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 37 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.
9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ