Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/120

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б  даргалж,

Нарийн бичгийн дарга Б.М

Улсын яллагч А.Х

Хохирогч Д.М

Шүүдэгчийн өмгөөлөгч С.Э

Шүүгдэгч Ж.Д  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М  овогт Ж-ы Д-д холбогдох эрүүгийн 242.0002.3200.86 тоот хэргийг 2025 оны 07 сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр З аймгийн Т  суманд төрсөн, .. настай, э.эгтэй, яс үндэс .., ..боловсролтой, .. мэргэжилтэй, .. ажилтай, ам бүл .. хамт, Улаанбаатар хот, Б  дүүргийн .. хороо, .. гудамж, .. тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Улаанбаатар хот, Х  дүүрэг, .. хороо, .. тоотод амьдарч байгаа, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, М овогт Ж-ы Д  /РД:../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Ж.Д нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 68 зээлийн төвөөс зээл чөлөөлөх үйлчилгээ үзүүлээд мөнгийг буцааж өгнө гэж өөрийн Х  банкны .. дугаартай дансаар хохирогч Д.М-ээс 26,000,000 төгрөг, мөн хохирогч Д.Г-аас эгчийнхээ зээлийг хаачхаад буцаагаад зээл аваад өгье гээд 15,000,000 төгрөг шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Д.М  гэх хүнтэй би 3 жилийн өмнө танилцсан, найзууд, ямар нэг төрөл садангийн холбоо байхгүй, манай компани Б  аймагт үйл ажиллагаа явуулдаг салбарын захирал Д.Г гэх хүн байгаа юм. Ямар нэг төрөл садангийн холбоо байхгүй. Миний бие 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр найз Д.М-тэй холбогдож 4-5 хоногийн хугацаатай өдрийн 1 хувийн хүүтэй 26,000,000 төгрөг зээлж авсан. Би Д.М-ээс тухайн үед 26,000,000 төгрөгийг зээлэхдээ ажлын шугамаар буюу манай зээлийн төвд зээл авсан иргэний зээлийг 4-5 хоногийн дотор хаагаад буцаагаад нэмж зээл аваад мөнгийг өгнө гэж хэлж авсан. Манай нөхөр Б.О  бид хоёр өөрийн хэрэгцээнд мөнгө хэрэгтэй байсан тул тухайн мөнгө зээлсэн хүмүүсээс мөнгө зээлж авсан. Д.М  би 10 хоёрын хувьд 3 жилийн өмнө танилцаад хаяа Д.М-ээс мөнгө зээлж аваад буцаагаад өгдөг харилцаатай хүмүүс байгаа нэг мөнгө хэрэгтэй үед юм. Манай компани Б  аймгийн салбарын захирал Д.Г-тай 2-3 жилийн өмнө танилцсан. Тэгээд эгч дүү шиг харилцаатай болж хаяа нэг мөнгөний хэрэг гарах үед мөнгө зээлж аваад буцаагаад өгдөг байсан. 2024 оны 09 дүгээр сард 15,000,000 төгрөг хэрэгтэй болоод Д.Г  эгчтэй холбогдож 15,000,000 төгрөг зээлэхээр болж 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мөнгө надад зээлсэн. Манай найз Д.М  бид хоёрын хувьд ямар нэг гэрээ хийгээгүй, 4-5 хоногийн хугацаатай 1 хувийн хүүтэй мөнгө зээлж авсан. Д.Г эгч бид хоёрын хувьд 1,500,000 төгрөгийг хоногийн хүүгээр бодож, яг ямар хугацаатай авч байсан талаар одоо сайн санахгүй байна, ямар нэг гэрээ хийгээгүй, харилцсан тохирсон. Миний бие Х  банкны ..дугаарын дансыг ашигладаг. Би Д.М-ээс зээлж авсан 26,000,000 төгрөгөөс одоогийн байдлаар 3,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Цаашид би хохирогч нарын мөнгийг төлж барагдуулна. Би Д.Г  эгчээс зээлж авсан 15,000,000 төгрөгийн зээлж авсан мөнгөнөөс нийт 7,300,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байгаа, сар бүр төлөлт хийгээд явж байгаа. Надаас мэдүүлэг авах явцад дарамталсан зүйл байхгүй. Миний эрх үүргийг сайн тайлбарлаж өгсөн гэжээ. /1-р хх-ийн 209-210/

Шүүгдэгч Ж.Д  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: .. нэртэй зээлийн төвийн захирлаар 2020 оноос ажилласан. Мөнхгэрэлээс зээл чөлөөлүүлэхээр 26,000,000 төгрөгийг авсан. Уг нь залилах шинжтэй аваагүй. Хохирлоо барагдуулна. Г-аас 15,000,000 төгрөгийг авсан 9,300,000 төгрөг төлсөн. Одоо үлдэх 5,700,000 төгрөгийг сар бүр төлөөд явж байгаа. М-ээс 26,000,000 төгрөгийг авснаас 4,000,000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэх 22,000,000 төгрөгийг сар бүр төлөөд явна гэв.  

Хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг .. нэртэй зээлийн төвийн захирал Ж.Д миний фейсбүүк чат хаягаар холбогдож манай .. зээлийн төвөөс зээл чөлөөлөх үйлчилгээ байна, нэлээд хэдэн хүн холбогдож байна чи нэг хүний зээлийг чөлөөлчих гэж мессеж чат бичсэн. Миний зүгээс хэдэн төгрөгийн зээл чөлөөлөх, хэд хоногийн хугацаатай болох талаар тодруулж асуухад хэсэг хугацааны дараа хамгийн түрүүнд 26,000,000 төгрөгийг зээлийг чөлөөлөх хүн байна, 5 хоногийн хугацаатай, мөн цаашдаа олон хүн байгаа талаар хариу бичсэн. 5 хоногийн хугацаанд зээлийг гаргаж өгнө би зээлийг хянаж гаргадаг гэж хэлсэн. Миний зүгээс ийм их хэмжээний мөнгө байхгүй талаар хариу өгсөн байдаг. Мөн хэсэг хугацааны дараа Ж.Д  миний найз бодож үзсэн үү, манай зээлийн төв их хэмжээний зээл гаргаж байгаа, багцын уралдаан зарласан байгаа, би өөрөө зээлээ хянаж гаргадаг тул ямар нэг асуудал байхгүй, нөгөө хүн надаас юу болсон талаар асуугаад гэж бичсэн. Тэгээд би Ж.Д-т адилхан байгууллагад ажилдаг, өмнө таньж мэддэг гээд зээл чөлөөлөх 26,000,000 төгрөгийг гаргаж өгөхөөр болж, миний зүгээс зээлсэн мөнгөний ашиг болох 0,7 хувь, Д  0,3 хувийг авахаар тохирсон байдаг. 18 цагийн орчимд Д  дахин миний чат хаяг руу найз нь ажил дээрээ чамайг хүлээгээд байгаад байна мөнгө шилжүүлэх болж байна уу гэх чат бичсэн байхаар нь би өөрийн Х  банкны кредит банкнаас 26,000,000 төгрөг зээлээд өөрийн хаан банкны данс руу шилжүүлээд Дашбалжирын Х  банкны .. дугаартай данс руу 26,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөн Д  чатаар мөнгө орж ирсэн талаар мессеж бичсэн. Тэгээд би 5 хоногийн дараа надтай холбогдож хариу хэлэх байх гэж бодоод хүлээгээд байсан чинь 5 хоног нь өнгөрсөн тул 09 дүгээр сарын 18-ны өдөр зээл чинь гарсан уу юу болж байна гэж мессеж чат бичсэн чинь ажил дээрээ сууж байна зээл гараагүй маргааш яг зээл гарна гэж мессеж байсан. 19-ний өдөр би өнөөдөр зээл чинь гарсан уу гэж мессеж чат бичихэд зээл гараагүй байна ажил дээр баахан ажил гарсан дотоод ажилтай байна гэж хариу бичсэн. Маргааш 12 цагт зээл гарна гэж хариу бичсэн. 20-ны өдөр зээл гарсан уу 12 цагаас өмнө зээл гарна гэсэн шүү дээ гэхэд манай ажил дээр ажилтантай холбоотой асуудал үүсээд хойшлогдсон гэж хариу бичсэн. Харин би хугацаа нь 2 өдөр буюу 17-ны өдөр дуусах байсан шүү дээ ийм олон өдөр байсан бол би зээл гаргахгүй байсан шүү дээ гэж мессеж байсан. Ажил дээр олон асуудал үүсээд зээл гарсангүй, асуудалгүй зээл гаргана гэж хариу бичсэн. Өнөөдөр 17 цагаас өмнө зээлийг гаргана гэж бичсэн. Мөн 18-ны өдрөөс хойш 23-ны өдөр хүртэл маргааш маргааш гэж өдөр болгон хойшлуулаад ямар нэг шалтаг хэлээд байсан. 23-ны орой манай гэрийн гадна Д , нөхрийн хамт ирээд надтай уулзах үед зээл юу болсон бэ гэж асуухад Д  болон Д-ын нөхөр нь ямар нэг зээл чөлөөлөх үйл ажиллагаа байхгүй байсан бид хоёр чамаас авсан мөнгийг арьс ширний наймаа хийсэн, арьс шир худалдаж авсан хүмүүс 27-ны өдөр мөнгө хийнэ тэр үед чамд мөнгийг өгнө бид хоёр хувьдаа мөнгийг чинь ашигласан юм уучлаарай гэж хэлсэн. Миний зүгээс кредит картаас зээлж авсан мөнгө тул хурдан өг гэж хэлсэн. 26-ны өдөр би мөнгө яаралтай авах шаардлагатай байна 27-ны өдөр болж байна шүү гэж мессеж бичихэд санаа зоволтгүй хүлээж байна найз нь мөнгө хийнэ гэж хариу бичсэн. 27-ны өдөр байна уу гэж чат бичихэд байна байна гэж хариу бичсэн. Энэ цагаас хойш ямар ч чат хаягт хариуг өгөхгүй байгаа. Д  бид хоёрын дунд ямар нэг гэрээ хийсэн зүйл байхгүй, өмнө хэд хэдэн удаа зээл чөлөөлөх үйлчилгээнд хамтран ажиллаж байсан тул Д-т итгээд мөнгө өгсөн. Би өөрийн ..дугаартай х банкны дансаас мөнгө шилжүүлсэн. Манай нөхөр Ш , Д-ын нөхөр энэ талаар мэдэж байгаа. Д-ын нөхөр .. дугаарын утсаар надтай холбогдож удахгүй мөнгө өгнө гээд ярьж байсан. Одоо бүр холбогдохгүй байгаа гэжээ. /1-р хх-ийн 20-21/

-2025 оны 04 сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: Урьд нь хэд хэдэн удаа мөнгө зээлж байсан. Урьд нь 3,000,000, 4,000,000, 10,000,000 гэх мэт зээлүүд аваад буцаагаад хэвийн өгч байсан. Хамгийн их мөнгө зээлсэн нь 26,000,000 төгрөг зээлсэн. Энэ мөнгөнөөс нэг ч төгрөг өгөөгүй байж байгаад цагдаад өгснөөс хойш 11 саруудад 500,000 төгрөгөөр 3 удаа хийж нийт 1,500,000 төгрөг өгсөн. Өөр мөнгө өгөөгүй. Д  нь..  зээлийн төвийн захирлаар ажилладаг хүн байгаа юм аа. Тэгээд өөрөө нэг зээл судалж байгаа. Тэр зээл нь төв рүү яваад батлагдсан олголт хийх дутуу байгаа. Тэгэхийн тулд өмнөх зээлийг нь хаах шаардлагатай байна. Тэгээд зээл нь гарчихаар өдрийн 1 хувийн хүүтэй хүүг нь хувааж авах талаар хэлсэн. Тэгээд би мөнгө шилжүүлсэн. 2024 оны 11 дүгээр сард 3 удаа 500,000 төгрөг нийт 1,500,000 төгрөг авсан. Тэрнээс хойш нэг ч төгрөг аваагүй. Одоогоор ямар ч харилцаа холбоогүй байгаа. Байж байгаад уучлаарай мөнгийг чинь өгнө манай нөхөр бет тоглочихсон гэх мэт чат л бичээд байдаг өөр харилцаагүй байгаа. Би өөрийн мөнгийг буцааж авах хүсэлттэй байна. Гомдолтой байна гэжээ. /1-р хх-ийн 23-24/

Хохирогч Д.М  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Д-аас 2,000,000 төгрөгийг өмнөх шүүх хуралдааны дараа авсан. Одоо үлдэх 22,000,000 төгрөгийг бага багаар төлж байгаа нь хэцүү байна. Үндсэн төлбөртөө ч орж чадахгүй байгаа юм. Би зээл авч энэ Д-ын мөнгийг өгсөн. Үлдэх 22 сая төгрөгийг 6 сарын хугацаанд төлүүлэх хүсэлтэй байна гэв.

Хохирогч Д.Г  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед буюу 2024 оны 09 дүгээр сарын 10-ны орчим Д  Улаанбаатар хотод байна, эгчийнхээ зээлийг хаачихаад буцаад зээл аваад өгье, манайх Замын-Үүдээс мөнгө зээлэх гэхээр хүү өндөртэй байна, та надад 15,000,000 төгрөг олоод өгөөч гэж хэлсэн, тухайн үед би М.О-аас мөнгө байна уу гээд асуухад мөнгө байна гээд би Д-ын дансруу 15,000,000 төгрөгийг хийсэн. Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Д  мөнгө бүтэхээргүй боллоо сумруугаа явж зээлээ хөөцөлдөхөөр боллоо гээд буцаагаад М.О-ын дансруу 14,520,000 төгрөгийн хийсэн, тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 16-ний өдөр Д  дахиж надаас нөгөө хүнээсээ 15,000,000 төгрөг зээлээд өгөөчээ гэхээр нь би М.О-аас дахин 15,000,000 сая төгрөг 10 хоногийн хугацаатай түр зээлсэн. Тэгээд Д  2024 оны 12 дугаар сард 6,600,000 төгрийг шилжүүлсэн, одоо надад 8,400,000 төгрөгийн Дашбалжир өгөхөөр байгаа. Тухайн үед би М.О-ийг хохиролгүй болгохын тулд апликешны зээл, үнэт эдлэлээ барьцаанд тавьж, хүнээс тэтгэврийн зээл авахуулж хохиролгүй болгосон. Танина, нэг нутгийн хүмүүс байгаа юмаа, одоо ч айл хөрш. Би 2024 оны 09 дүгээр сард 15,000,000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлүүлсэн, тэгээд үүнээс 6,600,000 төгрөгний хохирол барагдуулж, 8,400,000 төгрөгний хохирол барагдуулаагүй байгаа, тухайн үед М.О-аас 15,000,000 зээлсэн боловч би зээл авч хохиролгүй болгосон. Тухайн үед Ж.Д-т итгээд гэрээ хийгээгүй утсаар яриад л мөнгө зээлдүүлсэн, санхүүгийн ажилтай хүн ингэж мөнгө төгрөгөө өгөхгүй алга болчино гэж бодоогүй. Надад Ж.Д-ийн харилцах .. дугаарын дансанд 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг, 5,000,000 төгрөгийг шилжүүлж, утган дээр нь 88022969 гэж бичсэн, тэгээд М.О-т 2024 оны 12 дугаар сард Ж.Д 6,600,000 төгрөг хийсэн байсан. Үлдэгдэл хохиролыг би өөрөө О-т зээл авч, үнэт эдлэлээ тавьж О-ийг хохиролгүй болгосон. Одоо надад Ж.Д  8,400,000 төгрөгийг өгнө гэжээ. /1-р хх-ийн 31-32/

-2025 оны 06 сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: Надад уг хэргийн улмаас нийт 8,400,000 төгрөгийн хохирол учирсан үүнээс Ж.Д  2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 300,000 төгрөгийг миний эзэмшлийн Х  банкны .. гэх данс руу шилжүүлсэн байсан одоо нийт 8,100,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. Надад одоо нийт 8,100,000 төгрөгийг төлж барагдуулахаар байгаа. Хохирлоо яаралтай барагдуулж авмаар байна, өөр нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй гэжээ. /1-р хх-ийн 38-39/

Хохирогч Д.Г 2025 оны 08 сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 онд ..  наран комданид би ажилд орсон. Тэр хугацаанаас хойш Д-ийг таних болсон. Зээл хаах гэсэн юм танил хүнээсээ мөнгө олоод өгөөч гэж хэлсэн. Тэгээд би нутгийн О гэх хүнээс мөнгө зээлэх болсон. Тэгээд би мөнгө зээлж өгсөн. 15,000,000 төгрөгийг зээлж өгсөн. О нь хүүхэд нь хагалгаанд орох болоод мөнгөө надаас нэхэж ирсэн би тэр хүнийг хохиролгүй болгох үүднээс зээл авч, өөрийн ээмэг бөгжийг тавьж тэр хүнийг хохиролгүй болгосон. Нийт 15,000,000 төгрөгөөс 7,800,000 төгрөгийг авах ёстой, 7,200,000 төгрөгийг авсан байгаа. 09 сарын 15 бил үү 16-нд зээл хаачихаад өгье гэж хэлсэн гэжээ.  

Гэрч М.О  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Г  гэдэг эмэгтэйгээс миний харилцах дансанд 14,520,000 төгрөг орж ирсэн. Г  манай Ж  сумын нутгийн охин байгаа юм аа, одоо манайхтай хөршүүд нэг байранд байдаг юм. Би 2024 онд /сарыг нь сайн санахгүй байна/ Г  надаас манай ажлын хүнд мөнгөний хэрэг болчихлоо зээл хаачихаад өгье гэж зээлсэн, тухайн үед би мөнгөтэй байсан болохоор 15,000,000 төгрөгийг зээлсэн, тэгээд Г  надад мөнгөө өгөхгүй нилээн хэдэн сар болсон байсан, тэгээд миний харилцах Х  банкны ..  дугаартай дансанд руу "gerlee duu" гэсэн утгатай 14,520,000 төгрөг хийсэн байсан, тэгээд одоо болтол үлдэгдэл мөнгөө өгөөгүй байгаа, удахгүй өгчих байхаа. Г  манай Ж  сумын нутгийн охин байгаа юм аа, одоо бид хоёр нэг байранд хөршүүд, сайн танина. Би Д  гэх хүнийг огт танихгүй, Г-аас өр авлагатай байсан гэжээ. /1-р хх-ийн 44-45/

Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Х  банкны .. дугаартай дансыг 2006 оноос хойш ашиглаж байна. Миний данс. Ж-ы Д  надаас зээлсэн 1,000,000 төгрөгийг миний данс руу хийсэн юм. Би Ж.Д  гэх хүнээс өр авлагатай байсан тул надаас зээлсэн мөнгийг буцааж өгсөн юм. Одоо ямар нэг Ж.Д бид хоёрын дунд ямар нэг өр авлага байхгүй. Тухайн үед надаас зээлсэн мөнгийг буцааж өгсөн гэжээ. /1-р хх-ийн 47/

Гэрч Ж.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Х банкны .. тоот дансыг эзэмшдэг, тухайн дансыг 2019 оны өвөл нээлгэж байсан, нээлгэсэнээс хойш байнга ашиглаж байгаа. Би 2024 оны 09 дүгээр сард 10 гаруй хоног "1xbet"-д агент хийж байгаад больсон бөгөөд тухайн үед л орж ирсэн мөнгө. Тухайн миний данс руу шилжүүлсэн мөнгөний гүйлгээний утга дээрх “.., .." гэх тоонууд нь уг шилжүүлсэн хүний "1xbet"-ын өөрийнх нь бүртгэлтэй акаунтын дугаар болон гар утасны дугаар нь байна. Миний данс руу орсон мөнгийг нь би худалдаж аваад тухайн шилжүүлсэн хүний "1xbet" дэх данс руу цэнэглэж өгдөг. Агент гэдэг нь тухайн "1xbet"-ын харилцагч, тоглогчийн шилжүүлсэн мөнгийг нь хөрвүүлж буцаан өөрийнх нь "1xbet"-ын данс руу байршуулдаг ажил хийдэг. Би тухайн хүнийг огт танихгүй тул ямар нэгэн өр авлагын зүйл огт байгаагүй. Би тухайн "1xbet"-ын агентын ажилд ашиглаж байсан гэжээ. /1-р хх-ийн 50/

Гэрч Б.О  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай эхнэр Ж.Д 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 26,000,000 төгрөг таньдаг Д.М-ээс зээлж авсан талаар мэдэж байгаа. Манай эхнэр бид хоёр хүмүүсээс зээлж авсан өр төлбөр тооцоог өгсөн юм. Бас би цахим мөрийтэй тоглоом тоглосон юм. Эхнэр бид хоёр хүмүүсээс зээлж авсан мөнгөний тооцоо хийх гээд Д.М-ээс мөнгө зээлсэн юм. Эхнэр бид хоёр Д.М-ээс зээлсэн мөнгийг төлж барагдуулаагүй байгаа. Одоогийн байдлаар 2,000,000 гаран төгрөг өгсөн байгаа гэжээ. /1-р хх-ийн 54-55/

Гэрч Б.Ш  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: М  нь манай эхнэр байгаа юм аа. Д  гэх хүнийг .. зээлийн төвийн Замын-Үүд сумын салбарын захирал гэдгээр нь танина. Манай эхнэр М  .. барьцаалдуулан зээлдүүлэх төвийн захирал мөн Д нь .. зээлийн төвийн захирал тэгээд хоёр зээлийн төвийн захирлууд хоорондоо мэдээлэл солилцдог холбоотой байсан гэж ойлгодог. .. зээлийн төвөөс нэг хүн зээл авах гээд байна. Тэр хүн нь өөр газар зээлтэй тэр зээлийг нь хаачихвал манайхаас өөр зээл илүү гарах нь батлагдчихсан байна. Энэ зээлийг хаачихвал тэр зээлийг нь гарахаар буцаагаад 1 хувийг нь авна тэгэхдээ М  тэр 1 хувийн талийг нь Д  өөрөө талийг нь авна гэж тохиролцоод шилжүүлсэн өдрөөс 3-4 хоноод зээл нь гараад буцаагаад өгнө гэж ярьсан. Тэгээд 3-4 хоноод асуухаар болж байна одоо боллоо гээд 10 орчим хоног өнгөрсөн. 10 хоног өнгөрсний дараагаас арьс шир авсан. Хилээр гарч байгаад хураагдсан тэрийгээ зарчихвал болно яг одоо болох гээд байна гэж хэлээд 20 орчим хоносон. Тэрнээс хойш тэгээд бүүр мөнгө авч чадахгүй юм байна гээд цагдаагийн байгууллагад өгсөн гэжээ. /1-р хх-ийн 57-58/

Гэрч Б.Г  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 онд "..  барьцаалан зээлдүүлэх газар" ХХК- ни Замын-Үүд дэх салбарт ажилд орох үед Ж.Д  тус салбарын захирал албан тушаал дээр ажиллаж байсан нэг байгууллагад хамт ажиллаж байсан тул танина, ямар нэг төрөл садангийн холбоо байхгүй. Манай ".. барьцаалан зээлдүүлэх газар" ХХК-ни нь иргэдээс алт, монет, мөнгө эдлэлийг барьцаалан авч зээл гаргах чиглэлээр буюу барьцаалан зээлийн үйл ажиллагаа явуулдаг. ".. барьцаалан зээлдүүлэх газар" ХХК-ни Замын-Үүд сум дэх салбарын захирал албан тушаал дээр одоогийн байдлаар ямар нэг хүн томилогдоогүй байна. Миний бие жирэмсний амралттай байж байгаад 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш Замын-Үүд дэх салбарын ахлах эдийн засагч албан тушаал дээр ажиллаж байна. ".. барьцаалан зээлдүүлэх газар" ХХК-ни Замын-Үүд сумын салбарын захирал албан тушаал дээр ажиллаж байгаа захирал өөрийн эрх мэдлийн хүрээнд барьцаалан зээл гаргуулсан иргэдийн зээлийг хааж, нэмж зээл гаргаж өгөх эрх мэдэл байхгүй, захирал албан тушаал дээр ажиллаж байгаа хүн эдийн засагч нарын гаргаж байгаа зээлийг хянаж баталгаажуулаад, хугацаа хэтэрсэн зээлийг төлүүлэх арга хэмжээ авах, өдөр тутмын зүйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй. Манай байгууллагаар зээл гаргуулан авч байгаа иргэдийн зээлийн мэдээллийг манай компани дотоодын цахим программ оруулж зээл гаргадаг тул ямар нэг байдлаар захирал албан тушаал дээр ажиллаж байгаа хүн дур мэдэн зээл хааж, нэмж зээл гаргаж өгөх боломжгүй. Ж.Д  нь "...  барьцаалан зээлдүүлэх газар, ХХК-ни Замын-Үүд сумын салбарын захирал албан тушаал дээр 2020 оны 06 дугаар сарын 08-ны томилогдон ажиллаж байгаад 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр жирэмсний амралтын хугацааны амралтыг авсан. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр жирэмсний амралт дуусгавар болж ажилд орсон. 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дахин хүүхэд асрах чөлөө авч энэ хугацаанаас хойш ажилдаа эргэж орохгүй байж байгаад 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан гэжээ. /1-р хх-ийн 60-61/

Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол /1-р хх-ийн 01/

Хохирогч Д.М-ийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-ийн 02-03/

Б.О-ын Х , Х , Х банкны, Г  банкны дансны хуулга /1-р хх-ийн 70-71, 75, 78-142, 148-150/

Шүүгдэгч Ж.Д-ийн Г  банкны хуулга /1-р хх-ийн 146-147/

Шүүгдэгч Ж.Д-ийн Х  банкны ..дугаартай дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 152-186/

Гэрч М.О-ийн Х  банкны .. дугаартай дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 190-191/

Гэрч Э.М- Х  банкны .. дугаартай дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 192-193/

Гэрч Ж.Г-ийн Х  банкны .. дугаартай дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 194-197/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын 2025 оны 07 сарын 02-ны өдрийн ..  дугаартай тогтоол /1-р хх-ийн 204-206/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 214/

Хавтаст хэргийн материалтай танилцсан тэмдэглэл /1-р хх-ийн 237-242/

Хохирол төлсөн Х  банкны хуулга /2-р хх-ийн / зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Ж.Д  нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг .. зээлийн төвөөс зээл чөлөөлөх үйлчилгээ үзүүлээд мөнгийг буцааж өгнө гэж өөрийн Х  банкны ..дугаартай дансаар хохирогч Д.М-ээс 26,000,000 төгрөгийг шилжүүлэн авч зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан гэм буруутай болох нь хохирогч Д.М-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 20-24/, гэрч Б.О-ын мэдүүлэг /1-р хх-ийн 54-55/, гэрч Б.Г-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 60-61/, хохирогч Д.М-ийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-ийн 02-03/, Б.О-ын Х , Х , Х  банкны, Г банкны дансны хуулга /1-р хх-ийн 70-71, 75, 78-142, 148-150/, шүүгдэгч Ж.Д-ийн Г банкны хуулга /1-р хх-ийн 146-147/, шүүгдэгч Ж.Д-ийн Х  банкны ..дугаартай дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 152-186/, гэрч Э.М-ын Х банкны 5374229132 дугаартай дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 192-193/, гэрч Ж.Г-ийн Х банкны ..  дугаартай дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 194-197/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

Гэмт хэрэг гарсан байдлын тухайд шүүгдэгч Ж.Д  нь өөрийн ажилладаг ..зээлийн төвөөс зээл чөлөөлөх үйлчилгээ үзүүлээд мөнгийг буцааж өгнө гэж өөрийн Х  банкны .. дугаартай дансаар хохирогч Д.М-ээс 26,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хөтөлбөргүй нотлогдож байна.

            Шүүгдэгчид Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, тус зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Хохирогч Д.Г  нь залилуулсан гэх гомдол цагдаагийн байгууллагад гаргаж өгөөгүй, Ж.Д-тай аман гэрээгээр 15,000,000 төгрөгийг зээлсэн, Д  нь мөнгөө төлөөд явж байгаа, намайг залилсан зүйл байхгүй гэж 2025 оны 08 сарын 12-ны шүүх хуралдаанд мэдүүлдэг, түүнчлэн хэргийг прокурорт 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, хохирогч Д.Г-г залилсан гэх шүүгдэгч Ж.Д-ын үйлдэл холбогдолыг дахин шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй болох нь хохирогч Д.Г-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 31-32, 38-39/, мөнгө төлсөн Ж.Д-ын Х  банкны хуулга /2-р хх-ийн 42-47/, гэрч М.Одонтунгалагийн мэдүүлэг /1-р хх-ийн 44-45/, гэрч М.О-ийн Х банкны .. дугаартай дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 190-191/ зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж шүүх үзсэн. Иймд шүүгдэгч Ж.Д-ын Д.Г-аас эгчийнхээ зээлийг хаачихаад буцаагаад зээл аваад өгье гэж 15,000,000 төгрөгийг 2024 оны 09 сарын 10-ны орчим шилжүүлэн авч зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан гэх үйлдэл холбогдолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Улсын яллагчаас шүүгдэгчийн Д.Г-аас эгчийнхээ зээлийг хаачихаад буцаагаад зээл аваад өгье гээд 15,000,000 төгрөгийг 2024 оны 09 сарын 10-ны орчим шилжүүлэн авсан үйлдэл холбогдолыг гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын зээл байна гэх үндэслэлээр яллахаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна. 

Хохирлын хувьд:

Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд хохирогч Д.М-д учруулсан нийт хохирол болох 26,000,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг төлж үлдэх хохиролуудыг барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 22,000,000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.М-д олгохоор шийдвэрлэсэн. Д.Г-ийн хувьд өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.  

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгчийг зохиомол байдлыг зориуд бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг оногдуулж шийдвэрлэв. Ар гэрийн байдал, ажил эрхлэлтийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулын ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шүүх тогтов.

Шүүгдэгч нь анх удаа хэрэг үйлдсэн, хохирлын зарим хэсгийг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон авч үзэн,  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ж-ы Д-ийн хохирогч Д.Г-с эгчийнхээ зээлийг хаачихаад буцаагаад зээл аваад өгье гэж 15,000,000 төгрөгийг 2024 оны 09 сарын 10-ны орчим шилжүүлэн авч зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан гэх үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч М  овогт Ж-ы Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

3. Шүүгдэгч Ж-ы Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-т оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.Д-аас 22,000,000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.М-д олгож, Д.Г  нь нэхэмжлэлийн шаардлаа иргэний журмаар гаргах эрхтэйг дурдсугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.Б