Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2023/01351

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2023/01351

Улаанбаатар хот

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин суух хаягтай **** ургийн овогтой ***гийн *** /РД:***/

 

Хариуцагч: *** тоотод оршин суух хаягтай, *** ургийн овогтой ***ийн *** /РД:***/

 

Хариуцагч: *** тоотод оршин суух хаягтай, *** ургийн овогтой***ийн *** /РД:***/

 

Нэхэмжлэлийн шаардлага: 35,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б***

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Я***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Б.О, А.*** нараас 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Миний бие А.*** нь хариуцагч Б.*** болон түүний нөхөр А.*** нартай 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр *** байрны *** тоот орон сууцыг худалдан авахаар амаар харилцан тохиролцсон. Ингээд Б.Оийн хэлсний дагуу өөрийн эзэмшлийн Төрийн банкны *** тоот данснаас байрны үнэ гэж 95,000,000 төгрөгийг дараах байдлаар шилжүүлсэн. Үүнд:

а/ 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Б.Оийн Хаан банкны *** тоот данс руу 79,000,000 төгрөг.

б/ 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Б.Оийн хэлсний дагуу н.О ийн Худалдаа хөгжлийн банкны *** тоот данс руу 2,000,000 төгрөг.

в/ 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Б.Оийн хэлсний дагуу н.О ийн Худалдаа хөгжлийн банкны *** тоот данс руу 14,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Миний зүгээс байр худалдан авахдаа гэрээ хэлцэл хийе гэсэн боловч хариуцагч нар ...байр зарагдчихна, гялс төлбөр төлж баталгаажуул гэж шахсан учир тухайн өдөр нь буюу 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төлбөрийг бүрэн хийчихсэн юм. Гэтэл 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр тухайн орон сууцны хувьд барилгын компанитай төлбөрийн төлөгдөөгүй маргаантай, мөн өмчлөх эрхийн гэрчилгээ нь гараагүй байр болохыг мэдээд уг байрыг худалдан авахаа больж байгаагаа Б.Од мэдэгдсэн. Б.*** үүнийг зөвшөөрч урьдчилж төлсөн байрны төлбөр болох 95,000,000 төгрөгийг асуудалгүй гаргаад өгнө гэж хэлсэн. Ингээд би мөнгөө буцааж авахаар Б.Отэй холбогдон мөнгийг маань яаралтай буцаан шилжүүлж өгөөч гэж бараг 1 сар араас нь хөөцөлдөж, маш олон удаа шаардаж байсны эцэст 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Б.*** нь өөрийн Хаан банкны *** тоот данснаас 60,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл 35,000,000 төгрөгийг ...7 хоног хүлээчих, 7 хоногийн дараа л өгнө, мөнгө чинь надад байгаа гэж хэлсэн боловч одоо хүртэл барагдуулалгүй намайг хохироож байна. Би болоод манай гэр бүлийн хүн бид хоёр байр худалдан авахаар маш шаргуу хөдөлмөрлөж хураасан мөнгөө огт танихгүй хэн нэгэнд ингэж өгөөд, мөнгөө эргүүлэн авахаар маш удаан шүүх цагдаагийн байгууллагаар явж байгаа нь бидэнд мөнгө, цаг хугацааны хувьд маш их хохирол дагуулж байна. Сүүлд миний бие Б.Оээс үлдэгдэл төлбөр болох 35,000,000 төгрөгийг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Б.*** нь ямар хаягт байгаа нь тодорхойгүй байсан тул хариуцагч Б.Оийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гарган шүүхийн шийдвэр гарч цагдаагийн байгууллага холбогдох ажиллагааг хийсэн бөгөөд Б.*** нь энэхүү нэхэмжлэлд тусгагдсан хаягт хамаатныдаа амьдарч байгаа нь тогтоогдсон. Тиймээс ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагч нараас 35,000,000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.*** шүүхэд гаргасан тайлбартаа: Манай нөхөр *** байрны *** тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээ байгуулан авч байсан бөгөөд санхүүгийн хүнд нөхцөлд орж уг байрны *** тоотыг иргэн А.*** гэх хүнд 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 95,000,000 төгрөгөөр зарсан. Гэвч миний дансанд уг төлбөр ороогүй. Миний Хаан банкны *** тоот дансанд 2021 оны 5 дугаар сарын 13-нд 79,000,000 төгрөг ороогүй харин тус А.*** ос 2,000,000 төгрөг орсон байдаг. Уг орон сууцыг барьсан компани болох *** -ийн захирал Х.О ийг Худалдаа хөгжлийн банк болон Төрийн банкны дансаар 93,000,000 төгрөг орсон байдаг. Б.*** нь орон сууцаа худалдан авахаа больж буцаах болоход манай нөхөр өөр хүнд уг 23 тоот үл хөдлөхийг зарж 60,000,000 төгрөгийг ***-гын данс руу шилжүүлсэн нь үнэн. Харин үлдэгдэл 35,000,000 төгрөгийг манайх төлөх ёсгүй бөгөөд *** нь сүүлийн худалдан авагчаас авсан төлбөрийг бүгдийг авсан тул А.*** д буцаан өгөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Хариуцагч А.*** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.*** миний бие 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс Баянгол дүүргийн 8 дүгээр хороонд байрлах Би эйч констракшн барьж ашиглалтад оруулсан 6 дугаар байрны 6 давхрын 23-24 тоот 2 өрөө 2 байрыг тодорхой урьдчилгаа төлж компанийн зээлээр оршин сууж байсан. Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас болж ажил зогсож улмаар уг байрны төлбөрийг төлж чадахгүйд хүрсэн. *** -ийн захирал Х.О , хуулийн зөвлөх Х.Ичинхорлоо нарын шахалтаар нэг талын буюу 23 тоот 47.05 м2, 2 өрөө байрыг худалдахаар болсон билээ. Тухайн үед байр зарах зар өгснөөр ирсэн А.*** ээжийн хамт ирж уг байрыг авахаар болсон. Тухайн үед *** -ийн захирал Х.О тэй уулзуулж түүний данс руу уг байрны төлбөрийг шууд шилжүүлсэн. Манай гэр бүлийн хүний данс руу уг мөнгө ороогүй ба 2,000,000 төгрөг урьдчилгаа гэж шилжүүлсэн. Уг байрны төлбөр төлөгдөхөд өмчлөх эрх нь нээлттэй байсан. А.*** нь байр авахаа больсон гэж хэлсний дараа уг байрыг дахин зарах зар тавьж дараагийн хүнд зарж 2021 оны 6 дугаар сард 60,000,000 төгрөг шилжүүлсэн. Зөрүү мөнгийг захирал Х.О нь байрны зөрүү мөнгөнд авна гэж хэлээд өгөөгүй. Бид бас энэ дунд нь хохирол амсаж шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч өмгөөллийн хөлс, тэмдэгтийн хураамж төлөх төлбөрийн чадваргүй байсан учир одоог хүрсэн шүүхэд хандаж чадаагүй байна. Уг байрны төлбөрийг бид аваагүй. Шууд захирал Х.О ийн данс руу хийсэн болно гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Голомт банкны орлогын мэдүүлгийн баримт /хх 7/, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх 8/, харилцах дансны харилцагчийн хуулга /хх 9-10/, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 28ибз/3641 тоот албан бичиг /хх 11/, А.С*** иргэний үнэмлэхийн хуулбар /хх 12/.

 

5. Хариуцагч нараас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 31/, шилжүүлгийн мэдээлэл /хх 32/, Б.Оийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 33/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 35-36/.

 

6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн. Үүнд: Г.Ц*** гэрчийн мэдүүлэг авсан. Сиди бичлэгт үзлэг хийсэн.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

1. Нэхэмжлэгч А.*** нь хариуцагч Б.*** болон А.*** нарт холбогдуулж 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

 

2. Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Б.*** болон түүний нөхөр А.*** нараас ...Баянгол дүүргийн 8 хороонд байрлах 6-23 тоот орон сууцыг худалдан авахаар амаар тохиролцсон. Ингээд Б.Оийн хэлсний дагуу 95,000,000 төгрөгийг Б.*** болон иргэн н.О ийн данс руу шилжүүлсэн. 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр тухайн орон сууцны хувьд барилгын компанитай төлбөрийн маргаантай, мөн өмчлөх эрхийн гэрчилгээ нь гараагүй байр болохыг мэдээд мөнгөө буцааж авахыг хүсэхэд Б.*** зөвшөөрсөн. 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Б.*** 60,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 35,000,000 төгрөгөө хариуцагч нараас авах хүсэлтэй гэж тайлбарласан.

 

3. Нэхэмжлэгчээс 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 14,000,000 төгрөгийг Х.О ийн Худалдаа хөгжлийн банк дахь *** тоот данс руу ...6-23 тоот *** гэсэн утгатайгаар, 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 79,000,000 төгрөгийг Х.О ийн Худалдаа хөгжлийн банк дахь *** тоот данс руу ...6.23 тоот... гэсэн утгатайгаар, 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөгийг Б.Оийн Хаан банк дахь *** тоот данс руу ..Одгэрэл... гэсэн утгатайгаар тус тус шилжүүлжээ.

 

4. Хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан судлахад нэхэмжлэгч А.*** нь хариуцагч А.*** , Б.*** нартай 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр *** тоот орон сууцыг худалдах-худалдан авах хэлцлийг амаар байгуулсан гэж үзэхээр байна.

 

5. А.С*** нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ хариуцагч нарын буруугаас дуусгавар болсон гэж үзэн, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг буцаан авахаар нэхэмжилжээ.

 

6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

7. Худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу амаар буюу бичгийн хэлбэртэй байгуулна. Харин үл хөдлөх эд хөрөнгийн хувьд мөн зүйлийн 42.4, 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1-д заасны дагуу гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай.

 

8. Хариуцагч нар *** тоот орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшил, өмчлөлд шилжүүлээгүй, мөн талууд харилцан тохирсны үндсэн дээр гэрээг дуусгавар болгосон үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

9. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч нараас 35,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

10. Иргэний хэргийн оролцогчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбар нотлох баримтаар үнэлэгдэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2.2, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасан.

 

11. Хариуцагч Б.Оийн ...санхүүгийн хүнд нөхцөлд орж уг байрны 23 тоотыг иргэн А.*** гэх хүнд 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 95,000,000 төгрөгөөр зарсан, хариуцагч А.*** гийн ...байр зарах зар өгснөөр ирсэн А.*** ээжийн хамт ирж уг байрыг авахаар болсон гэх тайлбарыг 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч талаас 60,000,000 төгрөгийг нэхэмжлэгч рүү буцаан шилжүүлсэн үйл баримттай харьцуулан судлахад Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 187 дугаар зүйлийн 187.1, 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч А.*** болон хариуцагч А.*** , Б.*** нарын хооронд харилцан үүрэг үүссэн, мөн нэхэмжлэгч нь хариуцагч нарын заасан этгээд рүү мөнгийг шилжүүлснээр өөрийн хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэв.

 

12. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч А.*** , Б.*** нараас 35,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*** д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж шүүхээс дүгнэлээ.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*** , Б.*** нараас 332,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.*** , Б.*** нараас 35,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*** д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*** , Б.*** нараас 332,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ