Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2023/0125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ган алт нэмэх” ХХК,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.Нарантуяа, Д.Отгонням нар,

Маргааны төрөл: “Ган алт нэмэх” ХХК-ийн зөрчилд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Отгонням, Л.Нарантуяа нарын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн НА-23220000023 тоот нөхөн ногдуулалтын акт ногдуулсан нь хуульд нийцсэн эсэх татварын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга, хариуцагч Л.Нарантуяа, Д.Отгонням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Доржханд, Б.Энхмандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзол нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

1.“Ган алт нэмэх” ХХК-иас Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Отгонням, Л.Нарантуяа нарт холбогдуулан “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Отгонням, Л.Нарантуяа нарын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн НА-23220000023 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.

2.Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Отгонням, Л.Нарантуяа нарын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн НА-23220000023 тоот нөхөн ногдуулалтын актаар 154,545,454.6 төгрөгийн нөхөн татвар, 46,363,636.38 төгрөгийн торгууль, 30,909,090.92 төгрөгийн алданги, нийт 231,828,181.9 төгрөгийг төлүүлэхээр шийтгэл ногдуулсан.

          3.Нэхэмжлэгчээс дээрх нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор маргаан бүхий актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4.Нэхэмжлэгч “Ган алт нэмэх” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/“Ган алт нэмэх” ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг Хан-Уул дүүргийн татварын улсын байцаагч Л.Нарантуяа, Д.Отгонням нар шалгаад 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр НА-23220000023 тоот нөхөн ногдуулалтын акт үйлдэж шуудангаар хүргүүлсэн.

Нөхөн ногдуулалтын актаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2, Татварын ерөнхий  хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн 154,545,454.6 төгрөгийн нөхөн татвар, 46,363,636.38 төгрөгийн торгууль, 30,909,090.92 төгрөгийн алданги, нийт 231,828,181.9 төгрөгийн төлбөр төлүүлэхээр хариуцлага хүлээлгэсэн.

 2/Татварын улсын байцаагчийн НА-23220000023 тоот актын тэмдэглэх хэсэгт “2019 онд “Ар цахир констракшн” ХХК-иас 636,363,636.36 төгрөгийн, “Хижигт Арж” ХХК-иас 454,545,454.55 төгрөгийн нийт 1,090,909,091.0 төгрөгийн..., 2020 онд “Нью могул майнинг групп” ХХК-иас 454,545,455 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр баримт бүрдүүлж нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөл зохих татварын дүнгээс хасч тооцон, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйл. Албан татварт хасалт хийх. 14.1 хувь хүн хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасаж тооцно. 14.1.1 үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил үзүүлсэн үйлчилгээнд төлсөн, 14.5 албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж заасан” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзжээ.

Гэтэл манай компани барилгын угсралт, засвар, засал чимэглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-д заасан хуулиар ногдуулсан албан татвар төлөх, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан үүргийнхээ дагуу үүргээ биелүүлж тайлагнасан.

А.Хөвсгөл аймгийн Түнэл суманд баригдах 150 хүүхдийн дотуур байрны барилга угсралтын ажил гүйцэтгүүлэхээр 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр татвар төлөгч “Ган алт нэмэх” ХХК, “Ар цахир констракшн” ХХК-тай Барилгын ажил туслан гүйцэтгэгчийн 18/004 тоот гэрээ байгуулсан. Гэрээний дагуу туслан гүйцэтгэгч “Ар цахир констракшн” ХХК барилгын газар шороо, суурь, карказ угсралт, дээвэр, өрлөгийн ажлуудыг нийт 636,363,636 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн.

Б.Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах Сайжруулсан түлшний агуулахын барилга угсралтын ажил гүйцэтгүүлэхээр 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр татвар төлөгч “Ган алт нэмэх” ХХК, “Хишигт арж” ХХК-тай Барилгын ажил туслан гүйцэтгэгчийн 19/02 тоот гэрээ байгуулсан. Гэрээний дагуу туслан гүйцэтгэгч “Хишигт арж” ХХК барилгын газар шороо, суурь, карказ угсралт, шалны ажлуудыг нийт 454,545,454 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн.

В.Хөвсгөл аймгийн мөрөн суманд баригдах 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил гүйцэтгүүлэхээр 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр татвар төлөгч “Ган алт нэмэх” ХХК, “Нью могул майнинг групп” ХХК-тай Барилгын ажил туслан гүйцэтгэгчийн 18/003 тоот гэрээ байгуулсан. Гэрээний дагуу туслан гүйцэтгэгч “Нью могул майнинг групп” ХХК барилгын газар шороо, суурь, карказ угсралтын ажлуудыг нийт 454,545,455 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн.

Иймээс татвар төлөгч барилгын захиалагч “Ган алт нэмэх” ХХК-ийн зүгээс ажил үйлчилгээ худалдан авалтдаа барилгын туслан гүйцэтгэгч компаниудаас баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн баримт хүсэхэд Нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн баримтуудыг мэдээллийн санд илгээж борлуулалт хийснээ хүлээн зөвшөөрч холбогдох татвараа төсөвт төлөхөө илэрхийлсэн байдаг. Гомдол гаргагч татвар төлөгч компанийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд худалдан авалтдаа Монгол улсын татварын албанд бүртгэлтэй аж ахуй нэгжээс нэмэгдсэн өртгийн баримт авснаа хууль ёсны гэж үзэж байна.

3/Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу олон улсын стандартад нийцсэн, санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо мэдээнд үндэслэн Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д “анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх” гэж заасны дагуу санхүү болон татварын тайлангуудыг гаргасан. Харин худалдагч буюу борлуулагч тал орлогоо хүлээн зөвшөөрсөн байхад манай компани тухайн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан төлбөрийн баримтыг хуурамч гэдгийг мэдэх боломжгүй юм. Гэтэл хууль хяналтын байгууллагаас ирсэн бичгийн дагуу гэсэн ганцхан шаардлагаар дүгнэж байгаа нь Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.6 “татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх”, 76.7-д “татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татварын улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг баримтлан татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана” гэж заасан татвар төлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна.

4/Гомдол гаргагч татвар төлөгч “Ган алт нэмэх” ХХК нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хүлээн зөвшөөрч бичилт хийх нөхцөлүүдийг хангасан. Өөрөөр хэлбэл худалдан авалтдаа төлбөрийн баримт падаан авсан, энэ нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотолно. Харин энэ татварыг хэн төсөвт төлөлгүй завшсан, хяналт муу тавьсан эсэх нь бидний эрх ашигт сөргөөр нөлөөлж, Монгол улсын үндсэн хууль, Татварын холбогдох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн үйлдлийг үгүйсгэх ёсгүй.

5/Татварын ерөнхий газрын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/39 тоот тушаалаар баталсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 4.3.1-д татварын улсын байцаагч Татварын ерөнхий хуулийн 41.7-д зааснаас бусад тохиолдолд татвар төлөгчид хяналт шалгалт эхлэхээс ажлын 10-с доошгүй өдрийн өмнө шалгалт хийх талаар мэдэгдэж, хяналт шалгалт хийх томилолтыг биечлэн болон татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн татвар төлөгчийн бүртгэлтэй цахим хаягт шуудангаар төрийн байгууллагын цахим шуудан болон татварын улсын байцаагч өөрийн цахим хаягнаас хүргүүлнэ” 4.5.9-д “татварын акт, хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 7 өдрийн дотор татвар төлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж гардуулсан тухай тэмдэглэл үйлдэх” гэж заасныг татварын улсын байцаагч нар нь биелүүлээгүй.

6/Татварын улсын байцаагч нар татвар төлөгч “Ган алт нэмэх” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамчаар үйлдсэн хасалт хийсэн гэмт хэргийн шинжтэй гэж үзээд цагдаад гомдол гаргасан байдаг. Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгаад Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй, нэр бүхий компаниудтай хамтарч ажилласан талаарх гэрээ болон холбогдох бусад баримт болоод бүтээн байгуулсан объектын талаарх барилга байгууламжийн гэр зургийн үзүүлэлт зэргийг үндэслэн хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс 2022 оны 01 дүгээр сарын 24ний өдрийн 334 тоот тогтоолоор татгалзсан. Гэвч татвар төлөгч “Ган алт нэмэх” ХХК-ийн үйл ажиллагаа, худалдан авалт, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан зэргийг цагдаагийн байгууллага шалгаад гэмт хэрэг биш гэж үзсэнийг прокурорын байгууллага үндэслэлтэй гэж шийдвэрлэсээр байхад 3 сарын дараа татварын улсын байцаагч нар нь төлбөр ногдуулж хариуцлага хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Нарантуяа, Д.Отгонням нарын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн НА23220000023 тоот актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Манай татварын байгууллагын систем 2 янзаар явагдаж байгаа. Эрсдэлд суурилсан гэдэг нь Монгол улсад хэрэгжиж буй татварын хуулиудын жагсаалтад аж ахуйн нэгжийн нэрийг оруулахад тайлангаа тайлагнаж байгаагаас нь ч юм уу эрсдэлтэй аж ахуйн нэгж гэж үзээд эрсдэлд суурилсан шалгалт хийдэг. “Ган алт нэмэх” ХХК биш нөгөө 3 компанийг шалгахад эрсдэлтэй байсан байна. “Ган алт нэмэх” ХХК нь эдгээр аж ахуй нэгж холбоотой худалдан авалт хийсэн гээд нэхэмжлэгч компанид хариуцлага тооцдог. Эрсдэлд суурилсан учраас шууд тогтоогдсон гэсэн үг биш. Нэхэмжлэгч компанийг хууль тогтоомж  зөрчсөн байна гэдгийг шүүх, эсвэл холбогдох байгууллага тогтоосон байх ёстой. Тэрнээс төрийн захиргааны байгууллага тогтоогдоогүй зүйлийг шууд тогтоосон мэтээр хариуцлага тооцож байгаа нь үндэслэлгүй. Цаана нь татвар төлөгч олон аж ахуйн нэгжийн асуудал яригдаж байна. Цагдаагийн байгууллага шалгасан, тогтоосон гэж тайлбарлаж байна. Өнөөдрийн байдлаар тийм баримт байхгүй. Шүүхээс хувийн хэргийг бүхэлд нь татаж үзсэн. “Ар цахир констракшн” ХХК, “Хишигт арж” ХХК, “Нью могул майнинг” ХХК-иудыг цагдаагийн байгууллагаас шалгаад, энэ компаниуд хий бичилттэй гэсэн баримтыг үндэслээд нэхэмжлэгч компанид хариуцлага хүлээлгэсэн зүйл хавтаст хэрэгт байхгүй. Хариуцагч улсын байцаагч нар энэ баримтыг үндэслэж акт тогтоогоогүй нь тодорхой болсон. Шалгах явцад хууль зөрчсөн нь тогтоогдсон байхыг шаардана. 3 компанийн тухайд 3 уулаа өөр эзэмшигчтэй. Нэхэмжлэгч компани их хэмжээний ажил гүйцэтгэдэг. Энэ 2, 3 компанитай л харьцдаггүй. Энэ 3 компанийн тухайд бид мэдэгдэл явуулсан, танайх тайлангаа засаагүй тул хариуцлага хүлээлгэнэ гэж хэлж болохгүй. Бид нэгэнт худалдан авалт болсон гээд байхад болоогүй гэж шууд үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Худалдан авагч борлуулагч, ажил үйлчилгээ гүйцэтгүүлэгч, гүйцэтгэгч нарын хооронд ажил гүйцэтгээд болсон талаарх баримтууд нь байна. Гэрээг хэн хүчин төгөлдөр бусад тооцох вэ гэдэг чинь хуулиараа Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан байна. Тэр компаниудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон гэсэн үйл баримт байхгүй. Татварын улсын байцаагч нар энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэх эрх байхгүй. Нэгэнт гэрээ байгуулсан 2 тал гэрээг хүчин төгөлдөр гэж маргаж байгаа тохиолдолд хэн ч энэ гэрээний эрх чөлөөт байдалд халдах эрхгүй. Ийм учраас гэрээ хүчин төгөлдөр бус учраас хий бичилттэй гэж тайлбарлах нь бүдүүлэг юм. Татварын байцаагч нар хяналт шалгалт хийхдээ энэ худалдан авалт, ажил үйлчилгээ болсон юм уу, үгүй юм уу, бодитой юу гэдгийг тогтоох ёстой. Нөгөө 3 аж ахуйн нэгжийг дуудаж асууж ч болно. Зүгээр л илтгэх хуудас бичигдсэн учраас гээд хариуцлага тооцож болохгүй. 3 компани энэ худалдан авалттай холбоотой тайлангаа гурвуулаа тайлагнасан. “Ган алт нэмэх” ХХК-ийн ажил үйлчилгээг бид хийсэн. Нэмэгдсэн өртгийн албан татвараа бид төлнө гэдгээ илэрхийлсэн. Татвараа тайлагнасан учраас тэр компаниудад татвар төлөх үүрэг нь үүсчихсэн. Гэтэл улсын байцаагч нар танайх төлөх ёстой гэж байгаа нь үндэслэлгүй. Тэр аж ахуй нэгжүүд төлөөгүй бол шинэ Татварын ерөнхий хуулийн алданги бодох зохицуулалтаар төлнө. 73 дугаар зүйлийн малгай хэсэгт алданги ногдуулах 2 нөхцөл байгаа. Хугацаандаа төлөөгүй нөгөө нь татвараа бэлэн хураасан. Нэхэмжлэгч компани татвар төлөх үүрэг нь байхгүй байхад танайх төлнө гэж байгаа нь үндэслэлгүй. Шинэ хуучин хоёр хуулийг хэрхэн хэрэглэх нь Хууль тогтоомжийн хуулиар зохицуулсан. Энэ хуулийг хэрхэн хэрэглэх талаар н.Цогтжаргал даргын зөвлөмж байгаа. Шинэ Татварын ерөнхий хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т энэ хуулийг эрх зүйн байдлыг дээрдүүлэхтэй холбоотой зохицуулалт байгаа. Хэрвээ эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж байгаа бол алданги ногдуулах зохицуулалт байхгүй байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж байгаа. Бид нөгөө тал татвараа төлнө гэж байгаа учраас бид хасаж тооцно. Нягтлан бодох бүртгэлийн баримт гэдэгт төлбөрийн баримт, нэхэмжлэх, орлого зарлага, гэрээ энэ баримтууд байна. Энэ баримтууд байхгүй бол танайхыг хасахгүй гэж байгаа. Энэ компанид 3 маргаан бүхий компанитай байгуулсан гэрээ баримтууд байна. Хий бичилттэй компани байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ тохиолдолд баримтууд нь байна. Эхнээсээ тайлангаа тайлагнаад баримтууд нь бүрэн байхад акт ногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шууд буруутгах үндэслэлгүй байна. Ийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

5.Хариуцагч нар шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/2019 онд “Ар цахир констракшн” ХХК-иас 636,363,636.36 төгрөгийн, “Хишигт арж” ХХК-иас 454,545,454.55 төгрөгийн, 2020 онд “Нью могул майнинг групп” ХХК-иас 454,545,455.00 төгрөгийн нийт 1,545,454,546.00 төгрөгийн бараа материал худалдан аваагүй атал, авсан мэтээр баримт бүрдүүлж нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөл зохих татварын дүнгээс хасаж тооцон, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчил нь дараах үндэслэлээр тогтоогдсон. Үүнд:

1.1.Татварын ерөнхий хуулийн 29.1.1 анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх гэж заасны дагуу татварын тайланг гаргах ёстой байтал татварын хяналт шалгалтын хугацаанд анхан шатны баримт, кассын тайлан ирүүлээгүй харилцах дансаар гүйлгээ хийгдээгүй нь дансны хуулга, ярилцлагын тэмдэглэлээр нотлогдож байсан учир бодит бус гэж үзэх үндэслэлтэй байна.

1.2.“Ган алт нэмэх” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 5501571 тоот регистрийн дугаартай “Ар цахир констракшн” ХХК-иас 636,363,636.36 төгрөгийн, 5921899 тоот регистрийн дугаартай “Хишигт арж” ХХК-иас 454,545,454.55 төгрөгийн, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 5900573 тоот регистрийн дугаартай “Нью могул майнинг групп” ХХК-иас 454,545,454.55 төгрөгийн худалдан авалт хийж нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тус тус тайлагнасан нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн системийн мэдээллээр нотлогдож байна.

1.3.“Ган алт нэмэх” ХХК-ийн худалдан авалт хийсэн тус компаниуд нь татварын хяналт шалгалтад хамрагдан “Ар цахир констракшн” ХХК нь Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчдын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн, “Хишигт арж” ХХК нь Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчдын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн танилцуулга бичигдсэн нь бодит бус гүйлгээ гэж үзэх үндэслэлтэй байна.

1.4.Татварын албанаас татвар төлөгчид ... танай компанийн худалдан авалтын дараах баримтууд борлуулалтын хий бичилттэй болон тайлагналын зөрчилтэй аж ахуйн нэгжийн баримтаас үүссэн нь Татварын ерөнхий газрын хяналтаар тогтоогдсон тул нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд ТТ-03А_3 хавсралтад тусган, тайлангийн худалдан авалтын буцаалт, хөнгөлөлтийн дүн мөрөнд тайлагнан зөрчлөө арилгана уу. Тайланд залруулга хийгээгүй тохиолдолд татварын тайлан илгээгдэх боломжгүй ба татварын албаны зүгээс хуулийн дагуу арга хэмжээ авахыг анхаарна уу. Энэ асуудлаар Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын хэлтэст хандана уу гэж мэдэгдэж байсан байна.

1.5.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн нь төлбөрийн нэхэмжлэл, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох мөнгөн хөрөнгийн тайлан болон бусад санхүүгийн баримтаар нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцохоор байна.

2/Хан-Уул дүүргийн Прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 334 дугаар тогтоолд худалдан авалт хийсэн компаниудтай холбоотой гэрээ болон холбогдох бусад баримт, бүтээн байгуулсан объектын талаар барилга байгууламжийн гэрэл зургийн үзүүлэлт гэж бичсэн боловч татварын хяналт шалгалтын томилолтын хугацаанд бидэнд ирүүлээгүй нь татварын баримт хүлээлцсэн тэмдэглэл, ярилцлагын тэмдэглэлд мөн бичигдээгүй юм.

3/Захиргааны актыг гаргахаас өмнө татвар төлөгчид ирж зөрчилтэйгээ танилц гэж захирал С.Ганболдын 99998393 утсанд залгаж хэлсэн боловч очих шаардлагагүй нөхөн ногдуулалтын актыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн учир шуудангаар хүргүүлсэн. Бид 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйл нөхөн ногдуулалтын акт, 42.6 нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор гардуулж, гардуулсан тухай тэмдэглэл үйлдэнэ. 42.7 татвар төлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг энэ хуулийн 42.6-д заасан хугацаанд гардуулах боломжгүй, эсхүл гардан аваагүй бол хэрэгт бүртгүүлсэн хаягт шуудангаар илгээнэ. 42.8 нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг энэ хуулийн 42.7-д заасны дагуу илгээсэн өдрөөс хойш Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан хугацаанд гардуулсанд тооцно гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн 11-р хороо, Тэнгэр рашаан 79в байр 2 тоот Сэрээнэн овогтой Ганболдын гэрийн хаягаар 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Татвар төлөгч уг шууданг хүлээн авсны үндсэн дээр татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан” гэжээ.

Хариуцагч Л.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ган алт нэмэх” ХХК-ийн хувьд эрсдэлд суурилсан иж бүрэн шалгалт хийсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг 3 компанитай холбогдуулан шалгасан бол хэсэгчилсэн шалгалт явах байсан. 2017-2021 оны хоорондох татварын иж бүрэн шалгалт хийсэн. Энэ шалгалтын явцад  3 компанийн их хэмжээний баримтын зөрчил илэрсэн. Кассын тайлан, журнал, анхан шатны баримтууд нь байсан бол энэ маргаан үүсэхгүй. Баримтуудаа гаргаж ирүүлээгүй. Фото зурагтай гэдгийг бол үгүйсгэхгүй. Гол нь энэ 3 газраас худалдан авалт авсан гэдэг нь журналын дэлгэрэнгүй бүртгэл, кассын тайлангаас харагдахгүй. Кассын тайлан дээр орлого ороод тэрийгээ гадагш нь гаргаад гарын үсэгтэй шилжилтийн баримтууд байх хэрэгтэй. Тэр нь томилолтын шатанд нотлогдоогүй баримт байгаагүй учраас хий бичилттэй байж болзошгүй гэж үзсэн” гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Доржханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайхаас Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд зааснаар цагдаагийн байгууллага, прокурорын байгууллагад шалгагдаж байх явцад хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. Татварын улсын байцаагч хяналт шалгалт хийж байх явцдаа гэмт хэргийн шинж байж магадгүй гээд цагдаа руу шилжүүлсэн. Цагдаагийн байгууллага шалгаад гэмт хэргийн шинжтэй байвал эрүүгийн хуульд заагдсан хариуцлага тооцно. Эрүүгийн гэмт хэргийн шинж байхгүй гээд захиргааны журмаар хариуцлага хүлээлгэсэн ийм л асуудал байгаа. Бид Татварын ерөнхий хуульд заагдсан нөхөн ногдуулалтын акт гаргасан. Энд татвар төлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн зүйл байхгүй”  гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          1.Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.Нарантуяа, Д.Отгонням нарын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн НА-23220000023 тоот нөхөн ногдуулалтын актаар 154,545,454.6 төгрөгийн нөхөн татвар, 46,363,636.38 төгрөгийн торгууль, 30,909,090.92 төгрөгийн алданги, нийт 231,818,181.9 төгрөгийг төлүүлэхээр шийтгэл ногдуулжээ.

          2.Нэхэмжлэгчээс уг нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн 32 дугаар тогтоолоор маргаан бүхий актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

          3.Маргаан бүхий захиргааны актад нэхэмжлэгчийг 2019 онд “Ар цахир констракшн” ХХК-иас 636,363,636.36 төгрөгийн, “Хишиг Арж” ХХК-иас 454,545,454.55 төгрөгийн, 2020 онд “Нью могул” ХХК-иас 454,545,455 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр баримт бүрдүүлж нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөл зохих татварын дүнгээс хасч тооцон бууруулсан зөрчил гаргасан гэжээ.

          Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог” хэлнэ, Нэмэгдсэн өртгийн албан татварийн тухай хуулийн /2015 оны/ 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй”, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 43 дугаар зүйлийн  43.1-д “Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө” гэж тус тус заажээ.

          4.Нэхэмжлэгчээс “худалдан авалтыг тайланд тусгасан, хий бичилт хийгээгүй” гэж, хариуцагчаас “тухайн хуулийн этгээдүүд нь хий бичилт хийдэг талаар системд бүртгэлтэй байдаг” гэж тус тус маргажээ.

          5.Хэдийгээр дээрх хуулийн этгээд нь хий бичилт хийж байсан талаар татварын байгууллагын нэгдсэн бүртгэлийн системд бүртгэлтэй байдаг хэдий ч нь энэ нь тухайн нэмэгдсэн өртгийн албан татварийн баримтуудыг /худалдан авалтыг/ хий бичилт гэж шууд үзэх үндэслэл болохгүй.

          Учир нь Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан бөгөөд зөрчлийг хөдөлбөргүй нотлож, түүнд тохирох шийтгэлийг ногдуулах учиртай.

          Өөрөөр хэлбэл дээрх хуулийн этгээдүүдтэй барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээг байгуулсан, “Ар цахир констракшн” ХХК-иас 636,363,636.36 төгрөгийн, “Хишиг Арж” ХХК-иас 454,545,454.55 төгрөгийн, “Нью могул” ХХК-иас 454,545,455 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварийн баримтуудыг /худалдан авалтыг / хий бичилт, эсхүл хий бичсэн байж болзошгүй талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас шалгаж тогтоогоогүй, хяналт шалгалт явуулаагүй, танилцуулга, зөвлөмж хүргүүлээгүй байхад дээрх хуулийн этгээдүүдийг өмнө нь хий бичилт хийж байсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчид шийтгэл ногдуулсан нь хуульд нийцэхгүй байна.

          5.Зүй нь дээрх баримтуудыг хий бичилт мөн эсэх, мөн бол ямар үндэслэлээр хий бичилт гэж үзсэн талаараа нотлох баримтад тулгуурлаж хууль зүйн дүгнэлт өгөх учиртай.

          6.Нөгөөтэйгүүр зөрчил гаргасан тохиолдолд хариуцлагын асуудал яригдах нь зайлшгүй бөгөөд дээрх нөхцөл байдлыг тогтоох нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байх тул маргаан бүхий захиргааны актыг 4 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “Ган алт нэмэх” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.Нарантуяа, Д.Отгонням нарт холбогдох Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.Нарантуяа, Д.Отгонням нарын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн НА-23220000023 тоот нөхөн ногдуулалтын актыг дахин шинэ акт гарах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.Нарантуяа, Д.Отгонням нар нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан нөхцөл байдлыг сайтар судалж дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 4 (дөрөв) сарын хугацаанд хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.Нарантуяа, Д.Отгонням нар дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.Нарантуяа, Д.Отгонням нарын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн НА-23220000023 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.        

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ