Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/28

 

М.Ст холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Бат-Оргил

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул, П.Өлзийбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЗ/178 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлээр М.Ст холбогдох эрүүгийн 2014003460377 дугаар хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, М.С, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомашины засвар ашиглалт мэргэжилтэй, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй,

Хуулийн этгээд, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багт оршин байрлах хаягтай, Монгол Улсын хуулийн этгээдийн хувийн хэргийн бүртгэлийн 0321001055 дугаартай, 000138798 тоот гэрчилгээтэй, Үндсэн үйл ажиллагааны чиглэл нь Гадаад дотоод худалдаа, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа эрхлэх, Баян бөмбөгөрийн хишиг ЗГБХН, регистрийн дугаар /3135101/

Баян бөмбөгөрийн хишиг ЗГБХН-ийн дарга М.С нь 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Далдын булан гэх газарт хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 1.205.057 /нэг сая хоёр зуун таван мянга тавин долоон/ төгрөгийн хохирол учруулсан,

“Баян бөмбөгөрийн хишиг” ЗГБХНөхөрлөл нь 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Далдын булан гэх газарт хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 1.205.057 /нэг сая хоёр зуун таван мянга тавин долоон/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас М.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Баян бөмбөгөрийн хишиг” ЗГБХНөхөрлөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч М.С нь 2020 оны 06 дугаар сарын 27-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр баг”Далдын булан” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр 0.08 га газарт ашиг малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан, “Баян-Бөмбөгөрийн Хишиг” нөхөрлөл нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс энэ гэмт хэргийг үйлдсэн үйл баримт болсон гэж яллах дүгнэлт үйлджээ.

Шүүгдэгч М.С болон түүний эзэмшилд байгаа “Баян-Бөмбөгөрийн Хишиг” нөхөрлөл нь 2018 оны 07 дугаар сарын 15-ний өдөр тухайн үед Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын засаг даргаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэтэй “бичил уурхайгаар ашигт малтмал уурхайгаар олборлох гэрээ”-г 2020 оны 07 дугаар сарын 20-ний өдөр хүртэл ажиллахаар байгуулсан байна.

Сумын засаг дарга нь Газрын тухай хуулийн 16.1.11-д заасан “бичил уурхайн зориулалтаар олгосон газар...”-т Ашигт малтмалын тухай хуулийн 12.1.5-д заасан “...Газрын тухай хуулийн 16.1.11-д заасан зориулалтаар олгохоор сонгосон газрын талаар энэ хуулийн 11.1.23-д заасан дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх....”-ээр хуульчилсан бөгөөд Төрийн захиргааны төв байгууллага буюу Ашигт малтмал газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.23-д заасан “...сум, дүүргийн Засаг даргын гаргасан хүсэлтийг хүлээн авч сонгосон газар нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаар дүгнэлт гаргах...” гэж тус тус заасан байхад уг дүгнэлтийг албан ёсоор ирсэн эсэхийг нягталж хяналгүйгээр гэрээ байгуулсан байна.

Ийм учир шүүгдэгч М.Сын бичил уурхай эрхлэхийг хүссэн талбайд дүгнэлт ирсэн эсэх талаар холбогдох албан тушаалтныг гэрчээр мэдүүлэг, авах, дүгнэлт гарсан бол дүгнэлтийг хуулбарлаж авах, гараагүй бол яагаад гараагүй талаар асууж тодруулах ажиллагааг хийх нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 151 дүгээр талд авагдсан Ашигт малтмал газрын тосны газрын 2020 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн 8/4728 дугаартай албан бичигт “...дүгнэлт гарсан талбай бүртгэгдээгүй...” талаар хариуг ирүүлсэн бөгөөд Төрийн захиргааны байгууллага нь Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолын 9.1.1-д зааснаар “...бичил уурхай эрхлэх талаар Сумын засаг даргын хүсэлтийг хүлээн авч ажлын 10 хоногт багтаан дүгнэлт гаргах..” талаар заасан байхад 2020 оны 10 дугаар сард яагаад ингэж бичиг ирүүлэх болсон ажлын 10 хоногт яагаад гараагүй болон тухайн газар орчны газрын зургийг ногоон шар гэх мэт өнгөөр ялгаж байгаа нь ямар учиртай, юуг илэрхийлдэг болохыг тодруулах, мөн Далдын булан гэх газар нь ямар өнгөөр будагдсан ямар учиртай талаар тодруулж холбогдох албан тушаалтныг гэрчээр асуух шаардлагатай байна.

Засаг дарга байсан Д.Мөнх-эрдэнэ нь бичил уурхай эрхлэх этгээдийн өргөдлийг үндэслэн дүгнэлт гаргуулах саналыг энэ журмын 6.1.2-д зааснаар аймгийн засаг даргад уламжлах ёстой бөгөөд аймгийн засаг даргад уламжилсан, аймгийн засаг даргаас ямар хариуг ирүүлсэн талаар холбогдох нотлох баримтыг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Сумын засаг дарга нь дүгнэлт гараагүй тул энэ журмын 2.5-д заасан ажиллагааг хийсэн эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч М.Сын хүссэн талбайг тусгай хэрэгцээнд авсан талаар дурдагдсан бөгөөд тусгай хэрэгцээнд авсан талаарх нутгийн өөрөө удирдах байгууллагын албан ёсны шийдвэр гарсан талаарх нотлох баримтыг хавсаргах нь зүйтэй.

Хэрэгт шүүгдэгч М.Сыг 0.08 га талбай эвдсэн талаар “Нуман-Алтай” ХХК-ийн захирал А.Цэнд-Аюуш 1/63 дугаартай дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтийг газар дээр нь нүдээр үзэлгүй сансрын зураглалаар гаргасан гэх нь шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж дүгнэж байна.

Энэ талаар Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч иргэний нэхэмжлэгч Д.Мөнх-очир мэдүүлэхдээ “...0.08 га газар эвдсэн гэсэн нарийн тогтоох боломжгүй. Нуман алтай компани зургаас хараад мэдэх боломжгүй, Жижиг тракторын хувьд 0.08 га газар гэдэг том талбай...” гэж мэдүүлснийг анхаарах нь зүйтэй байна.

Ийм учраас байгаль орчинд учруулсан хохирлыг дахин гаргуулах нь зүйтэй бөгөөд хавтаст хэргийн 9-11 дүгээр талд авагдсан хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 1, 2, 3.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.С нь үйл баримт болох үед ашигласан техник хэрэгсэл нь хэний эзэмшил, өмчлөлд байгааг шалгаж, холбогдох бичиг баримтыг гаргуулах, энэ техник хэрэгслүүд нь улсын бүртгэлд бүртгэгдсэн талаар төрийн зохих байгууллагаас лавлагаа, тодорхойлолт авах, техник хэрэгслүүдийн эзэмшигчийг зөв тогтоож иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авах, иргэний нэхэмжлэгч нараас уул уурхай, барилга бусад үйл ажиллагаа явуулдаг эсэх, эдгээр техник хэрэгслийг ямар зориулалтаар худалдаж авсан, иргэний нэхэмжлэгч нар нь ямар аж ахуй эрхэлдэг, тэдэнд ямар хувийн аж ахуй эрхлэхэд эдгээр техник хэрэгслүүд нь шаардлагатай болсон талаар шалгаж тогтоох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтойг анхаарвал зохино.

Иймд мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэв гэжээ.

Дээд шатны прокурор Н.Амарсанаа 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаар эсэргүүцэлдээ:

Шүүхийн шийдвэрийг шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрч дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна.

Үүнд: Шүүгчийн захирамжид дурдсан М.Сын бичил уурхай эрхлэхийг хүссэн талбайд дүгнэлт ирсэн эсэх талаар холбогдох албан тушаалтныг гэрчээр мэдүүлэг авах, дүгнэлт гарсан бол дүгнэлтийг хуулбарлаж авах, гараагүй бол яагаад гараагүй талаар асууж тодруулах ажиллагааг хийх нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолгүй гэж үзнэ.

Учир нь шүүгчийн захирамжид дурдсанчлан хавтаст хэргийн 151 дүгээр талд авагдсан Ашигт малтмал газрын тосны газрын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 8/4728 дугаартай албан бичигт “...дүгнэлт гарсан талбай бүртгэгдээгүй...” гэсэн хариу ирсэн байхад “дүгнэлт гарсан уу” гэж дахин холбогдох албан тушаалтныг асуух нь ач холбогдолгүй болно. Мөн дүгнэлт яагаад гараагүй талаар тодруулах нь шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх нөхцөл болохгүй ба харин дүгнэлт гараагүй байгааг мэдсээр байж үйл ажиллагаа явуулсан нь шүүгдэгчийн гэм бурууг нотлох үйл баримт болох юм.    

Дүгнэлт яагаад гараагүй болон тухайн газар орчны газрын зургийг ногоон, шар гэх мэт өнгөөр ялгаж байгаа нь ямар учиртай, юуг илэрхийлдэг болохыг тодруулах, мөн Далдын булан гэх газар нь ямар өнгөөр будагдсан зэрэг нь хэргийг шалгаж шийдвэрлэхэд ач холбогдолгүй болно.

Шүүгчийн захирамжид дурдсан Засаг дарга байсан Д.Мөнх-Эрдэнэ нь бичил уурхай эрхлэх этгээдийн өргөдлийг... аймгийн засаг даргад уламжилсан, аймгийн засаг даргаас ямар хариуг ирүүлсэн талаар холбогдох нотлох баримтыг хэрэгт хавсаргах... Сумын засаг дарга нь дүгнэлт гараагүй тул энэ журмын 2.5-д заасан ажиллагааг хийсэн эсэхийг шалгаж тогтоох” гэжээ.

Гэтэл хавтаст хэргийн 151 дүгээр талд авагдсан Ашигт малтмал газрын тосны газрын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 8/4728 дугаартай албан бичигт “...дүгнэлт гарсан талбай бүртгэгдээгүй...” гэж хариу ирсэн. Нэгэнт дүгнэлт гараагүй байхад журмын 2.5-д заасан “бичил уурхайн зориулалтаар ашиглах боломжгүй нь тогтоогдвол тухайн сум, дүүргийн Засаг дарга бичил уурхай эрхлэгч этгээдэд мэдэгдэж, өргөдлийг буцаана” гэсэн ажиллагааг явуулсан эсэхийг шалгаж тогтоох шаардлагагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд.. явагдана” гэснийг зөрчиж байна.

Шүүгчийн захирамжид “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж дүгнэж байна” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйл, 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх эргэлзээтэй гэж үзэж байгаа бол шинжээч томилж дүгнэлт гаргуулах бүрэн эрхтэй буюу шүүх хуралдааны үед нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Мөн ямар учраас хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хуульд заасан шаардлагыг хангахгүй байгааг шүүгч захирамждаа дурдаагүй буюу ойлгомжгүй байна.

Шүүгчийн захирамжид “...Шүүгдэгч М.С нь үйл баримт болох үед ашигласан техник хэрэгсэл нь хэний эзэмшил, өмчлөлд байгааг шалгаж, холбогдох бичиг баримтыг гаргуулах, энэ техник хэрэгслүүд нь улсын бүртгэлд бүртгэгдсэн талаар төрийн зохих байгууллагаас лавлагаа, тодорхойлолт авах, техник хэрэгслүүдийн эзэмшигчийг зөв тогтоож мэдүүлэг авах...” гэж дурдсан. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх техник хэрэгслүүд нь зохих бичиг баримт байхгүй байсан. Мөрдөн шалгах ажиллагааны үед М.С мэдүүлэхдээ нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулахад худалдаж авсан өөрийн эзэмшлийн техник хэрэгсэл талаар мэдүүлсэн. Харин шүүх хуралдааны үед өөр этгээдийн эд зүйл талаар зөрүүтэй мэдүүлэг өгсөн нь бусад байдлаар нотлогдоогүй болно.

Иймд шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЗ/178 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамжийг хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Б.Бат-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг яллагдагчийн мэдүүлгийг өөр бусад байдлаар нотлох шаардлагатай тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл:

М.С болон “Баян бөмбөгөрийн хишиг” ЗГБХНөхөрлөл нь 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Далдын булан гэх газарт хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 1.205.057 /нэг сая хоёр зуун таван мянга тавин долоон/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж улмаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

М.С нь Бөмбөгөр сумын Засаг даргатай “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай” гэрээ байгуулж, Бөмбөгөр сумын Далдын булан гэх газар 2018 оны 7 дугаар сарын 15-наас 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаанд ашигт малтмал олборлох гэрээ байгуулжээ. / 1 дүгээр хавтаст хэргийн 26-8 дугаар тал/

Бөмбөгөр сумын Засаг дарга нь 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 92 дугаар албан бичигтээ “Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалд хандан ...тус сумын 1 дүгээр багийн нутаг Далдын буланд “Баянбөмбөгөрийн хишиг” нөхөрлөлд 46026”47 – 99029”40, 46026”45 – 99029”52, 46026”33 – 99029”41, 46026”31-99029”35 солбицол бүхий талбайг бичил уурхайн зориулалтаар ашиглуулах болсон тул геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хандаж дүгнэлт гаргуулж өгнө үү гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 20 дугаар тал/

Ашигт малтмал газрын тосны газрын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 8/4728 дугаар албан бичигт: “ ... Бөмбөгөр сумын нутагт Далдын булаг нэртэй бичил уурхайн зориулалттай тусгай хэрэгцээний талбай бүртгэлтэй байна. Харин Далдын булаг нэртэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох дүгнэлт гарсан талбай бүртгэгдээгүй байна...” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 151 дүгээр тал/

Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох иргэн, зөвшөөрөл олгох төрийн захиргааны байгууллага хоорондын харилцааг зохицуулсан бөгөөд уг журмын дагуу бичил уурхай эрхлэх талаарх хүсэлтийг хүлээн авч, хуулийн хугацаанд хариуг өгөх ажиллагааг хийгээгүй байх бөгөөд энэ талаар бичсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэл бүхий байна.

Тус хэрэгт хохирогч байгууллагыг тогтоож, улмаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Мөнх-Очирыг оролцуулж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах, М.Сын ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулсан үйлдэлд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхэд зөв дүгнэлт хийх ингэхдээ Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулиуд болон ашигт малтмал олборлох, ашиглахтай холбогдуулан Монгол улсын Засгийн газрын холбогдох тогтоол журмыг анхаарч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэрэгт тооцох үндсэн шалгуур, мөн хуулийн тусгай ангид заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүнийг хангасан эсэхийг шалгаж шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийж гүйцэтгээгүй орхигдуулсан, шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож М.Ст холбогдох эрүүгийн 2014003460377 дугаартай хэрэгт шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.4.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЗ/178 дугаар дугаар захирамжийг хэвээр үлдээж, хэргийг Прокурорт буцаасугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Б.БОЛОР-ЭРДЭНЭ