Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэргүйн Хангал |
Хэргийн индекс | 102/2022/04787/И |
Дугаар | 102/ШШ2023/00996 |
Огноо | 2023-03-13 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2023/00996
2023 оны 03 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2023/00996 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Г
Хариуцагч: Э ХХК
Нэхэмжлэлийн шаардлага:
1/ Б.Г болон хариуцагч Э ХХК-иудын хооронд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гэрээ хэлцэл”-ийг хүчин төгөлдөр буст болон хүчин төгөлдөр бус гэж тооцуулах;
2/ Э ХХК-ийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох;
3/ Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 тоот тушаалыг хүчингүй болгуулах;
4/ Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах;
5/ Ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг “Э” ХХК-д даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгч Б.Г
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч “Э” ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Б.Г-ын зүгээс дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
Миний бие Б.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “МSI Reproductive Choices” олон улсын байгууллагын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Э” ХХК-тай 08 тоот хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж, хүний нөөцийн менежерээр ажиллаж эхэлсэн. Би тус компанид 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажилд ороод 7 жил гаруй хугацаанд тасралтгүй ажилласан. “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Ц нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн өглөө 09:00 цагийн үед намайг ажлын өрөөндөө дуудаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох хэлцэл хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, надад хэлцлийн төслийг танилцуулсан. Тэрээр энэ шалтгаанаа “Намайг өөрийнх нь бүрэн эрхэд халдсан, 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр болсон тайлангийн хурал дээр өөрийг нь зөвшөөрөөгүй байхад намайг тайлбар хийж, хурлын уур амьсгал үймүүлсэн, би цаашид чамтай ажиллах боломжгүй байна” гэж тайлбарласан. Би түүнд “Би ажлаас гарах хүсэлгүй байна. Учир нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох зөрчил гаргаагүй. Мөн 84 настай аавынхаа амьдарч байгаа байрны зээлд сар бүр зээл төлдөг, эхнэр маань ажилгүй, хүүхдүүд насанд хүрээгүй. Монгол Улсын хойд хөрш ОХУ болон Украйн улсын хооронд зэвсэгт мөргөлдөөн, дайн болж байна, Ковид-19 вирусын нөхцөл байдлын улмаас эдийн засгийн хүндрэлтэй байгаа ийм үед ажлаас гарах хүсэлгүй байна” гэж амаар илэрхийлсэн. Гэвч И.Ц нь миний энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй. Хэлцлийн төсөлтэй яг одоо танилцаад, өнөөдөр багтааж хариу өг гэж тулгасан. Энэхүү шахалт, шаардлагын улмаас би уг хэлцэлд гарын үсэг зурсан. Энэхүү хэлцэл байгуулагдахаас өмнө би болон “Э” ХХК-ийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78, 79, 80 дугаар зүйл, 08 тоот хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэлээр дуусгавар болгох болон цуцлах талаар амаар болон бичгээр тохиролцоо огт хийгдээгүй, энэхүү хэлцлийг байгуулах бодит үндэслэл байгаагүй. Миний зүгээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох, цуцлах талаар “Э” ХХК-д аливаа мэдэгдэл, зөвшөөрөл, хүсэлт, өргөдөл өгөөгүй. Би хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын болон ноцтой зөрчил гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг аливаа гэрээ хэлцлийн үндсэн дээр дуусгавар болгох, цуцлах зохицуулалт байхгүй бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар, мөн хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу ажилтны санаачилгаар цуцлахаар тус тус заасан. Иймд хөдөлмөрийн гэрээний дагуу байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хэлцлийн үндсэн дээр дуусгавар болгосон нь хууль бус гэж үзэж байна. Мөн энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хууль зөрчсөн хэлцэл. И.Ц нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай хэлцлийн саналыг бодож үзэх хангалттай хугацааг надад олгоогүй. Намайг эрүүл саруулаар бодож сэтгэж шийдвэр гаргахгүй байх нөхцөл байдалд оруулсан. И.Ц,нь хэлцлийн саналыг надад 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагт надад амаар танилцуулсан. Улмаар хэлцэл хийх хариугаа өнөөдөр яаралтай өг гэж тулгаж, дарамт үзүүлсэн. Үүний дараа тухайн өдрийн 12:00 цагийн үед ажлын “Тиймс” /Теаms/ чатаар дахин сануулж, хариугаа өгнө үү гэж бичсэн нь баримтаар нотлогдоно. “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Ц нь 2021 оны 11 дүгээр сараас хойш удаа дараа ажлын байрны дарамт үзүүлж ирсэн. Би 2021 оны 11 дүгээр сард хүний нөөцийн менежерийн ажлын байрны тодорхойлолтод заасан “Ажлын байрны дарамт, хүчирхийлэл, ёс бус зан үйл, ёс зүйн талаар гарсан тохиолдлыг бүртгэх, тайлагнах” гэсэн үүргийн дагуу “Мsi Rеproductive choiseс” олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн хүрээнд “Safeguarding risk assesment” буюу ажлын байрны хамгааллын эрсдэлийн урьдчилсан үнэлгээг хийсэн. Энэхүү үнэлгээнд “Шууд удирдлагаас ажилтнуудад дарамт шахалт үзүүлэх эрсдэл” гэсэн асуултад би дунджаар 16 оноо буюу дундаж эрсдэлтэй үнэлгээ өгсөн. Гэтэл И.Ц нь энэхүү үнэлгээг үндэслэл муутай гэж үзэж, илтэд эсэргүүцэж, үүнээс хойш ажлын байрны дарамт үзүүлж эхэлсэн. 2022 оны 01 дүгээр сард “Мари стопс” эмнэлгийн их эмч Ө.Б-аас надад ирүүлсэн мэйлд намайг тайлбар бичсэний төлөө “Чи яасан сонин өнгө аястай мэйл бичдэг юм. Дараа ингэвэл сахилгын арга хэмжээ авна” гэж дарамталсан. Энэ нь миний “[email protected]” цахим шуудан руу ирүүлсэн мэйлээр нотлогдоно. 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр болсон 2022 оны анхны удирдлагын багийн хурал дээр намайг ажлаа хангалтгүй хийж байгаа талаар илтэд дайрч дарамталсан. И.Ц энэхүү хэлцлийг байгуулах явцад намайг хууран мэхэлсэн. Надад гэрээний саналыг гэнэтийн байдлаар танилцуулж, сэтгэл санааны тогтворгүй байдалтай үед шийдвэр гаргуулах буюу хэлцэлд гарын үсэг зуруулах санаа зорилготой байсан. Би энэхүү хэлцлийн утга агуулга, зайлшгүй байгуулах хэрэгцээ шаардлага, зорилго, үр дагаврыг бүрэн ухамсарлан ойлгож чадаагүйн улмаас өөрийн хүсэл зоригийн эсрэг энэхүү хэлцэлд гарын үсэг зурсан. Би энэ байгууллагадаа сэтгэл ханамжтай, тууштай ажиллаж байсан. Тус байгууллагын 2030 хүртэлх стратегийн зорилтыг боловсруулахад идэвхтэй оролцож, энэ зорилтыг хэрэгжүүлэхээр тууштай ажиллана гэсэн итгэл үнэмшилтэй байсан. “Э” ХХК-ийн 2030 стратеги хэлэлцүүлгийн тэмдэглэл, танилцуулгаар нотлогдоно. Манай гэр бүл миний цалингаас өөр орлогын эх үүсвэргүй. Манай гэр бүл 5 гишүүнтэй. Эхнэр Т.Дашдулам нь тодорхой эрхэлсэн ажилгүй, гэртээ хүүхдүүдээ асардаг. Том охин А.Д 18 настай, ажлаас гарах үед 12 дугаар ангид сурч байсан. Дунд охин Г.С 10 настай, бага охин Г.Г 8 настай. Эхнэр Т.Д-ын нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээр нотлогдоно. Энэхүү хэлцлийг хийснээр би ажлаас чөлөөлөгдөж, манай гэр бүлийн 5 хүний амьжиргааны эх үүсвэр үгүй болсон. Би ажлаас гарах үедээ “С” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалан бариулах, хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу сар бүр 2,300,870.00 төгрөгийн зээлийн төлбөр төлж байсан. Үүнийг И.Ц мэдэж байсан. Би түүнд 2021 онд аавдаа байр авсан, зээл төлж байгаа гэдгээ амаар хэлж байсан. Энэхүү хэлцлийг байгуулж, би ажлаасаа чөлөөлөгдсөнөөр би болон миний гэр бүлийн гишүүд санхүүгийн болон сэтгэл санааны хувьд хүнд нөхцөл байдалд орсон. Би ажлаас гарах үедээ дараагийн ажлаа олоогүй бөгөөд хаана ажил эрхлэх нь тодорхойгүй байсан. Миний 2022 оны 3 дугаар сард сайн дурын нийгмийн даатгал төлсөн баримт, 2022 оны 3 дугаар сард bgmail.соm хувийн цахим шуудангаас ажил олгогч нарт ажилд орох талаар илгээсэн мессежээр тус тус нотлогдоно. Би ажлаас гарснаасаа хойш шөнө унтаж чадахаа больсон. Эцэстээ амиа хорлоё гэсэн бодол хүртэл орж ирсэн. Эхнэр, хүүхдүүд маань сэтгэл санааны хүнд дарамтад орсон. Энэхүү хэлцэл нь зөвхөн миний “Э” ХХК-тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд дуусгавар болгох, намайг ажлаас чөлөөлөх зорилго, агуулгатай байсан. Иймд энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэж үзэж байна. И.Ц нь “МSI Reproductive choiсes” олон улсын байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон итгэмжлэл (Power attorney)-ийн дагуу “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг гүйцэтгэж байсан. Уг итгэмжлэлээр И.Ц-д “Э” ХХК-ийг төлөөлөн ажилтантай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох талаар хэлцэл хийх эрх олгогдоогүй. Энэ нь “МSI Reproductive Choices” олон улсын байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захирал И.Ц-д олгосон итгэмжлэлээр нотлогдоно. Би хөдөлмөрийн гэрээ, “Э” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн сахилгын болон ноцтой зөрчил гаргаж байгаагүй. “Э” ХХК болон миний хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах бодитой үндэслэл тухайн нөхцөлд үүсээгүй байсан. Мөн “Э” ХХК-ийн зүгээс надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалъя гэсэн хүсэл зориг байгаагүй. Харин гүйцэтгэх захирал И.Ц гэх хувь хүний хүсэл зориг “Э” ХХК-ийн өмнөөс илэрхийлэгдэж уг хэлцэл хийгдсэн. “Э” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь хэлцлийн үндсэн дээр дуусгавар болсон тул хөдөлмөрийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаагүй, харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа яригдана. Миний бие 2022 оны 3 дугаар сард идэвхтэй ажил хайж байсан. Учир нь гэрээний үүргийн дагуу сар бүр зээлийн төлбөр төлж байсан учраас яаралтай ажил олж хийх шаардлагатай байсан. Мөн 2022 оны 3 дугаар сарын 15-аас 2022 оны 4 дүгээр сарын 30-ны хооронд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн “Эрх зүйн бакалавр хөтөлбөр”-ийн эчнээ ангид суралцаж байсан. Энэхүү нөхцөл байдлын улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.2.1-д заасан хугацаанд харьяалах дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд, мөн шүүхэд гомдлоо гаргаж чадаагүй болно. Ингээд шүүхэд дараах шаардлагуудыг гаргаж байна. Үүнд:
1/ Б.Г болон хариуцагч “Э” ХХК-иудын хооронд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гэрээ хэлцэл”-ийг хүчин төгөлдөр буст болон хүчин төгөлдөр бус гэж тооцуулах;
2/ “Э” ХХК-ийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох;
3/ “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 тоот тушаалыг хүчингүй болгуулах;
4/ Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах;
Би “Э” ХХК-д хүний нөөцийн менежерийн ажлаас 2022 оны 02 дугаар 28-ны өдөр чөлөөлөгдөхөөс өмнө сард 1,703,000 төгрөгийн үндсэн цалин, 103,600 төгрөгийн ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл, 200,000 төгрөгийн хариуцлагын нэмэгдэл, 1,000,000 төгрөгийн улирлын урамшуулал тус тус авч байсан. “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 тоот тушаал, тус компанийн “Цалин хөлсний журам”, 2021 онд Б.Г-ад олгосон ээлжийн амралтын мэдэгдэл, Б.Г-ын нийгмийн даатгал төлөлтийн лавлагаагаар нотлогдоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж заасан. Иймд ажиллаагүй хугацаанд ногдох ээлжийн амралтын цалинг нэмж тооцуулах хүсэлтэй байна. Цалин хөлсийн тооцоолын хувьд үндсэн цалин 1,703,000 төгрөг, “Э” ХХК-д ажиллаагүй хугацаа 8 сараар тооцоход 13,624,000 төгрөг, хариуцлагын нэмэгдэл 200,000 төгрөг, 8 сараар тооцоход 1,600,000 төгрөг, ажил хавсарсны нэмэгдэл 103,600 төгрөг, 8 сараар 828,800 төгрөг, улирлын урамшуулал 1,000,000 төгрөг, 3 улирал 3,000,000 төгрөг, ээлжийн амралтын цалин 1,751,214 төгрөг, 8 сар ногдох хувь 1,751,214 төгрөг, нийт 20,804,014 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Гэхдээ уг цалин хөлсийг өнөөдрийг хүртэл хугацаагаар бодуулах хүсэлтэй байгаа.
5/ Ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг “Э” ХХК-д даалгуулах. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Б.Г-ын Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох гэрээ хэлцлийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоноор байгуулсан. Уг гэрээ хүчин төгөлдөр бөгөөд тухайн ажилтан нь хөндлөнгийн нөлөөгүйгээр буюу сайн дураар гарын үсэг зурснаа болон гарын үсгийн баталгааг нотариатаар гэрчлүүлсэн байна. Үүнд “Э ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Ц шахаж шаардсан зүйл байхгүй. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох гэрээ хэлцлийг ажилтан асан Б.Г болон ажил олгогч нар харилцан тохиролцоод Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.1 дэх заалтын дагуу байгуулсан ба энэ талаар Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох гэрээ хэлцлийн Нэгдүгээрт тодорхой заасан. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох гэрээ хэлцлийн нөхцөлийг Хөдөлмөрийн гэрээний талууд тохирч байгуулсан. Тохирч байгуулсныг Б.Г-ын нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний цалинг тэтгэмж болгон авах хүсэлт хүсэлтийг ёсоор болгон хэлцэлд тусган, сүүлийн цалин дээр тооцож олгосон баримт нотолно. Б.Г нь И.Ц-г илт гүтгэсэн байна. Ажил олгогчийн зүгээс дарамталсан, тулгасан зүйл байхгүй болно. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлаагүй, Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлаагүй. Б.Г нь дээрх гэрээ хэлцлийг байгуулахдаа эрүүл саруул ухаантай байсан. Харилцан тохиролцоод байгуулсан тул “бодож сэтгэх” боломжтой байсан. Ажлын явцад өгсөн үүрэг даалгавар, ажлын байрны тодорхойлолт болон компанийн дотоод журамтай холбоотой зүйлийг ажил олгогчоос дарамталсан зүйл болохгүй гэж үзэж байна. Гэхдээ ямар нэгэн ажлын гүйцэтгэлийн доголдол болон сахилгын арга хэмжээ нь Хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн гэрээний талууд харилцан тохиролцож дуусгавар болгосонтой огт холбоогүй. Мөн хууран мэхэлсэн зүйл байхгүй бөгөөд ажилтан тохиролцоод дээрх гэрээ хэлцлийг нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Нэхэмжлэгч Б.Г нь ажиллаж байх хугацаандаа компанид болон ажил олгогчид талархаж байгаа талаар удаа дараа амаар мэдэгдсэн. Ажлын байран дээрээ өсч дэвжихэд компанийн болон ажил олгогчийн зүгээс оруулсан хувь нэмэрийг нь хүлээн зөвшөөрдөг байсан. Мөн ажил хүлээлцсэн сүүлийн өдөр хамт олны төлөөллийг байлцуулан компаниас дурсгалын зүйл гардуулан, амжилт хүссэн бөгөөд Б.T нь компанидаа баярлаж талархаж явдаг болон цаашид үргэлж сайн сайхнаар дурсаж явах болно гэж хэлснийг хамт олны төлөөлөл гэрчилнэ. Нэхэмжлэгч Б.Г-ыг манай компанид ажиллаж байсан хугацаанд ажлын байрны дарамт үзүүлээгүй, харин ч ажил олгогчоос бүрэн дэмжиж, хуулийн сургуульд суралцахад нь 2 жилийн хугацаанд цалинтай чөлөө хүртэл олгосон. 2020 оны 10 дугаар сараас 2022 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 836 цагийн цалинтай чөлөөг сургалтад олгосон бөгөөд энэ цагуудын цалин, ажил олгогчоос төлсөн НД-ын шимтгэлийг тооцвол нийт 8,363,812,96 төгрөг болно. Тэгтэл ажил олгогчийн дэмжлэгтэйгээр суралцсан зүйлээ ажил олгогчийн эсрэг хэрэглэж байгаа нь ёс зүйгүй үйлдэл гэж бодож байна. Чөлөө олгох шийдвэр гарсан хурлын тэмдэглэл, гэрээс ажиллах чөлөө хүссэн өргөдөл, цалинтай чөлөөний тооцоог хэрэгт нотлох баримтаар бид өгсөн.
Нэхэмжлэгч Б.Г-ыг манай компанид ажиллаж байсан хугацаанд нь ажил олгогчоос бүрэн дэмжиж, 2016 онд Мьянмар улсад болсон “Нөхөн үржихүй, бэлгийн эрүүл мэнд ба эрх чөлөө” сэдвээр болсон Ази Номхон далайн бүсийн 8 дугаар бага хуралд, мөн Кени улсын Найроби хотод 2018 онд 7 хоногоор аялуулж “Байгууллагын аюулгүй байдлыг хангах, авлига залилангаас сэргийлэх” сургалтад тус тус оролцуулан нийт 6,662,155 төгрөгийн зардлыг компаниас гаргасан байдаг ба энэ талаарх баримтыг өгсөн.
Б.Г-ыг 2014 оны 02 дугаар сараас 2021 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд компанийн зардлаар хүний нөөцийн менежмент, чанарын удирдлагын тогтолцоо, бичиг хэрэг архив хөтлөлтийн талаар ажлын байрнаас гадуур, төлбөртэй нийт 10 удаагийн сургалтад оролцуулан үргэлж дэмжиж ажиллаж байсан. Эдгээр сургалтын зардал нийтдээ 1,755,000 төгрөг болсон ба энэ талаарх баримтыг өгсөн. 2018 онд Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Жуух бичгээр шагнуулахаар компаниас дэмжин тодорхойлж, Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/520 тоот тушаалаар Яамны Жуух бичгээр шагнагдсан бөгөөд байгууллагаас 150,000 төгрөгийн мөнгөн шагналыг дагалдуулан олгож байсан. Ажил олгогч нь Б.Г-тай үндсэн цалин, нэмэгдэл, урамшууллыг олгож НДШ-ийг сар бүр хугацаанд нь төлж байсан бөгөөд ажилд орсноос эхлээд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох хүртэл хугацаанд цалин хөлс, урамшуулал нь тогтмол нэмэгдэж байсан ба энэ талаарх баримтуудыг бид шүүхэд өгсөн. Цаашид ажил олоход туслалцаа болох үүднээс нэг сарын цалинтай тэнцэх 1,703,000 төгрөгийн тэтгэмжийг хүртэл компаниас олгосон.
Нэхэмжлэлд тусгасан “Safeguarding risk assessment” буюу хамгааллын асуудлаар эрсдэлийг үнэлэх үнэлгээг Б.Г нь хийж, удирдлагын багийн хурлаар танилцуулсан бөгөөд үнэлгээний асуумжийг илтэд буруу ойлгож, байгууллагад энэ төрлийн зөрчил гарах магадлал маш бага байхад өндөр мэтээр үнэлсэн, үүнийг нь удирдлагынхаа багийн гишүүд тайлбарлахад өөрийнхөөрөө зүтгэж байсан тул Азийн бүсийн дэмжих багийн үйл ажиллагаа хариуцсан менежерээр дамжуулан Лондонгийн дэмжих хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй онлайн хурал зохион байгуулж, нэгдмэл ойлголтод хүрсэн. Үүнийг удирдлагын багийн гишүүд болох Санхүүгийн албаны дарга Ш.Б, эмнэлгийн дарга Д.Э, борлуулалтын албаны дарга Д.О нар гэрчилнэ. Мөн нэхэмжлэлд Ө.Б эмчийн мэйлд бичсэн нэхэмжлэгчийн хариунаас болж И.Ц нь дарамт үзүүлсэн талаар дурджээ. Эх барих эмэгтэйчүүдийн их эмч нь хөдөлмөрийн зах зээлд эрэлт ихтэй мэргэжил бөгөөд манай эмнэлгийн үйлчилгээний чанар эмчийн чадвараас ихээхэн хамааралтай тул чадварлаг эмчийг хадгалж үлдэх шаардлагын дагуу нэхэмжлэгчид шууд удирдлагын зүгээс мэйлээр ажил сайжруулах зөвлөмжийг өгсөн. Арга хэмжээ авна гэж дарамталсан хэмээн илтэд гүтгэсэн байна. Нэхэмжлэлд 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр болсон удирдлагын багийн хурлаар Б.Г-ыг илтэд дайрч дарамталсан хэмээн гүтгэсэн байна. Нэхэмжлэгч Б.Г-ыг бүх боломжит талаар дэмжиж ирсэн бөгөөд илт гүжирдэж, үндэслэлгүйгээр зориуд гүтгэж байгааг эсэргүүцэж байна. Нэхэмжлэгч Б.Ганбат нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2 дахь хэсгийг зөрчсөн байгаа бөгөөд мэдсэн өдрөөс 30 хоногийн дотор гомдол, нэхэмжлэлээ гаргаагүй байна. Нэхэмжлэгч Б.Г нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3 дахь заалтыг бөгөөд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна. Сургуульд суралцаж байгаа нь хугацаа хэтрүүлэх үндэслэл болохгүй гэж үзэж байгаа бөгөөд шүүх хэвийн ажиллаж, шуудангийн үйлчилгээ хүртэл нээлттэй, хүртээмжтэй байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний дагуу хариуцагч “Э” ХХК-ийн хүний нөөцийн менежерээр ажиллаж эхэлсэн ба талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна.
2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/12 тоот “Б.Г-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай” тушаал гарчээ. Энэхүү тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, “Э” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 2.1, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б.Г-тай байгуулсан 08 дугаар “Хөдөлмөрийн гэрээг ажилтантай харилцан тохиролцсоноор дуусгавар болгосон гэрээ хэлцэл”-ийг тус тус үндэслэн хүний нөөцийн менежер Б.Г-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болгожээ.
2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулж дараах шаардлагуудыг гаргасан. Үүнд:
1/ Б.Г болон хариуцагч “Э” ХХК-иудын хооронд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гэрээ хэлцэл”-ийг хүчин төгөлдөр буст буюу хүчин төгөлдөр бус гэж тооцуулах;
2/ “Э” ХХК-ийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох;
3/ “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 тоот тушаалыг хүчингүй болгуулах;
4/ Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах;
5/ Ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг “Э” ХХК-д даалгах.
Нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ “...дарамтад оруулж хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох гэрээг хийж, гарын үсэг зуруулсан, ...ажлаас сайн дураар гарах хүсэл зориг надад байгаагүй. Ийм учир ажилдаа эргэн орж, зохих цалин хөлсөө авах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх хүсэлтэй” гэсэн агуулгаар тайлбарласан.
Шүүхээс дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
Нэг.
Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасан ба 78.1.1-д “талууд харилцан тохиролцсон” гэжээ.
Хэрэгт 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ажил олгогч “Э” ХХК болон ажилтан Б.Г нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гэрээ хэлцэл авагдсан байх бөгөөд талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирчээ. Үүнд:
1. Энэхүү гэрээ хэлцэл нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ажилтантай байгуулсан 08 дугаар Хөдөлмөрийн гэрээг харилцан тохирсноор дуусгавар болгохтой холбоотой болно. Хөдөлмөрийн гэрээний талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.1-ийн дагуу дээр дурдсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиров.
2. Хөдөлмөрийн гэрээг 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дуусгавар болгохоор Хөдөлмөрийн гэрээний талууд харилцан тохиров.
3. Энэхүү гэрээний дагуу төлбөр төлөгдсөний дараа Гэрээний аль нэг тал Гэрээний нөгөө талаас харилцан нэхэмжлэх өөр зүйл байхгүй, ямар нэгэн гомдолгүй гэдгийг Гэрээний талууд харилцан зөвшөөрөв.
4. Энэхүү гэрээ нь гэрээний аль нэг тал нөгөө талд төлөхөөр байгаа аливаа дүнг илэрхийлж байгаа болно. Энэхүү гэрээ нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох Талуудын бүх нөхцөл, саналыг илэрхийлж байгаа болно.
5. Гэрээний болон түүнтэй холбогдох харилцааны бүх нөхцөлийг хангасан, татвар, нийгмийн даатгалын шимтгэл суутгаж, бүх төлбөрийг төлөх талаар илэрхийлж байгаа болно. Үүнд:
5.1. 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлс;
5.2. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд тооцож эдлээгүй ээлжийн амралтын нөхөн олговор;
5.3. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохтой холбогдуулан нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тусламж.
6. Энэхүү гэрээ хэлцэлд хөдөлмөрийн гэрээний талууд гарын үсэг зурах ба ажилтан нь хөндлөнгийн нөлөөгүйгээр буюу сайн дураар гарын үсэг зурснаа, ийнхүү гарын үсгийн баталгааг нотариатаар гэрчлүүлнэ гэжээ.
Эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй бөгөөд ажилтан болон ажил олгогч нар хөдөлмөрийн харилцаагаа дуусгавар болгох арга зам, хугацаагаа дээрх байдлаар харилцан тохирсон байгаа нь хууль зөрчөөгүй буюу талуудын хооронд хийгдсэн “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гэрээ хэлцэл” нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгүүдэд нийцсэн, хүчин төгөлдөр байна.
Дээр дурдсан бичгийн тохиролцоог нэхэмжлэгчийн гэрээгээр тохирсон ёсоор ажил олгогчоос буцалтгүй тэтгэмж, цалин хөлсөө авсан, “Э” ХХК-иас гарсны дараа өөр байгууллагад шилжин орж ажилласан, Б.Ганбатын МУИС-ийн Хууль зүйн сургуульд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр элсэн суралцаж байгаа үйл баримт, тус сургуульд суралцах нөхцөл боломжийг ажил олгогчоос зөвшөөрч байсан үйл баримтууд болон гэрч Э.Э*ын “...хамгийн сүүлийн өдөр нь манайхан Ганбаа ахыг ажлаасаа гарч байгаа гээд бэлэг авч өгөөд, гаргаж өгөх уулзалт хийсэн, ...ах ажлаасаа гарч байгаа гээд сэтгэгдлээ хэлсэн”, “...Га-ын хувьд ...ямар нэг дарамтад орсон зүйл ажиглагдаагүй” гэсэн мэдүүлэг, гэрч Д.О-ын “...захирал н.Цацралтай маргалддаг, таагүй харилцаатай зүйл ажиглагдаагүй” гэсэн мэдүүлгүүдтэй харьцуулан судлахад нэхэмжлэгчийн “...хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан тул байгуулагдсан цагаасаа эхлээд хүчин төгөлдөр бус”, “...намайг дарамталж ажлаас гарах хэлцэлд гарын үсэг зуруулсан” гэх тайлбар үндэслэл муутай, ийм нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ажил олгогчийн зүгээс Б.Г-ын хүсэлтийг үндэслэж түүнийг ажлаас чөлөөлсөн явдалд ажил олгогчийг буруутгах боломжгүй, Б.Г-ын хүсэлтээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийг гэрээг дуусгавар болгож, ажлыг нь хүлээн авч, холбогдох тооцоог хийх талаар тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3 дахь хэсгүүдийг зөрчөөгүй байна.
Иймд хариуцагч “Э” ХХК-д холбогдох Б.Г-ын нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй гэж шүүхээс үзэв.
Нэхэмжлэгч Б.Г-ын “...Б.Г болон хариуцагч ‘Э’ ХХК-иудын хооронд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гэрээ хэлцэл”-ийг хүчин төгөлдөр буст болон хүчин төгөлдөр бус гэж тооцуулах”, “…‘Э’ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 тоот тушаалыг хүчингүй болгуулах” тухай шаардлагууд нь “...хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” тухай шаардлагуудын үндэслэл байх тул шүүхээс тусгайлан шийдвэрлэх шаардлагагүй.
Хоёр.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй:”, 154.2.1-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор”, 154.2.2-т “энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор” гэж, 154 дүгээр зүйлийн 154.8-д “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж тус тус заасан.
Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүй дуусгавар болгосон талаарх гомдлоо нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнөө мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш ямар хугацаанд, хэрхэн гаргах талаар дээрх байдлаар зохицуулсан. Нэхэмжлэгч нь хуулиар тогтоосон дээрх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэдгээ баримтаар нотлоогүй. Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүй дуусгавар болгосон гомдлыг шийдвэрлэх хугацааг дээрх байдлаар нарийвчлан заасан учир нэхэмжлэгчийн “...Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй” гэх тайлбар үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч “Э” ХХК-д холбогдох Б.Г болон хариуцагч “Э” ХХК-иудын хооронд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гэрээ хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, “Э” ХХК-ийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг “Э” ХХК-д даалгах нэхэмжлэгч Б.Г-ын шаардлагуудыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.2, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-д холбогдох 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гэрээ хэлцэл”-ийг хүчин төгөлдөр буст буюу хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, “Э” ХХК-ийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг “Э” ХХК-д даалгах тухай нэхэмжлэгч Б.Г-ын шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ