Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2023/01166

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2023/01166

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  Н

 

Хариуцагч: Г 

 

Нэхэмжлэлийн шаардлага: 21,300,000 төгрөг гаргуулах;

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хөлсөөр ажиллах гэрээг цуцалж, 23,100,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Б.Г-ээс 21,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

Миний бие Г.Н нь хариуцагч Б.Г-тэй одоогоос 5 жилийн өмнө сүлжээний бизнес хийж байгаад танилцсан. Үүнээс хойш бид хоёр биенээ мэддэг болоод олон жил өнгөрсөн бид бие биедээ боломжтой бол тус дэм болоод явдаг найзууд байсан. Хариуцагч Б.Г нь өөрт болон ар гэрт мөнгөний асуудал тулгарсан зэргээр надаас тусламж хүсэж мөнгө байвал өгөөч тодорхой хугацааны дараа боломжтой болоод эргүүлэн өгнө гэж дараах мөнгийг надаас зээлж авсан. Үүнд:

1/ 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Б.Г нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5003312855 тоот дансаар 17,000,000 төгрөг;

2/ 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Б.Г нь ээж н.А-ийн 50****7492 тоот дансаар дамжуулан 300,000 төгрөг;

3/ 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Б.Г нь ээж н.А-ийн 50****7492 тоот дансаар дамжуулан 500,000 төгрөг;

4/ 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Б.Г нь ээж н.А-ийн 50****7492 тоот дансаар дамжуулан 3,100,000 төгрөг;

5/ 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Б.Г нь ээж н.А-ийн 50****7492 тоот дансаар дамжуулан 400,000 төгрөг, нийт 21,300,000 төгрөгийг авсан. Нэхэмжлэгч нь анх хариуцагчаас дээрх 21,300,000 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн шаардлагаа зээлийн гэрээний үүргийн дагуу гаргуулахаар шаардаж, үндэслэлээ өөрчилсөн. Нэхэмжлэгч Г.Н-н хувьд хариуцагч Б.Г-д нэхэмжлэлд дурдсан мөнгийг хариу төлбөргүйгээр өгөх үүрэг үүсээгүй. Тухайн мөнгийг хариу төлбөртэй, зээлдүүлэгчид өөрт нь хэрэг болсон даруй буцааж авах нөхцөлөөр тухайн мөнгийг өгсөн. Талууд хооронд үүссэн хариуцагч Б.Г мөнгөний хэрэг болсон тул мөнгө зээлдүүлэх хүсэлт гаргасан, нэхэмжлэгч Г.Н мөнгө өгсөн харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан Зээлийн гэрээ-г амаар харилцан тохиролцож байгуулсан гэж үзнэ. Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндсэн шинж нь Нэг талаас зээлийн гэрээний санал гаргах түүнийг нь хүлээн авснаар байгуулагддаг. Өөрөөр хэлбэл харилцан хүсэл зоригоо илэрхийлснээр Зээлийн гэрээ-г байгуулагдсанд тооцох үндсэн шинжийг агуулдаг. Харин иргэд хоорондын Зээлийн гэрээ-г Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5-д заасны дагуу хэлбэрийн тусгай шаардлага тавигдахгүй байх тул Зээлийн гэрээ-г байгуулсан гэж үзэх үндэслэлтэй. Зээлийн гэрээний үүргийн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйл 281.1-т Зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгө буюу мөнгийг буцаан өгөх үүргийг тус, тус хүлээдэг. Үүний дагуу зээлдүүлэгч Г.Н үүргээ биелүүлж зээлдэгч Б.Г-д 21,300,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Талууд зээлийг буцааж төлөх талаар хугацаа тогтоогоогүй тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т заасны дагуу зээлдүүлэгчийн шаардсанаар зээлдэгч мөнгийг буцаан төлөх үүрэгтэй. Иймд хариуцагч Б.Г-гээс зээлийн гэрээний үүрэгт 21,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч талын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлээд байгаа 21,300,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь огт үндэслэлгүй бөгөөд тухайн мөнгийг хөлсөөр ажиллах гэрээний хөлсөнд авсан гэжээ.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Г.Н нь нэхэмжлэлдээ ...Б.Г нь өөрт болон ар гэрт мөнгөний асуудал тулгарсан зэргээр надаас тусламж хүсэж мөнгө байвал өгөөч, тодорхой хугацааны дараа боломжтой болоод эргүүлэн өгнө гэж дараах мөнгийг надаас авч ашигласан... гэдэг. Тус авсан мөнгө нь бодит байдал дээр талуудын өмнө нь харилцан тохиролцсон ажлын хөлс юм. Миний бие анх Г.Н-той 2017 онд Пи эм интернэшнл/РМ international/ гэх компанид ажиллаж байхдаа танилцсан. Төд удалгүй тухайн компани нь татан буугдаад бид бүхэн тус тусын мөр замаа хөөсөн. Түүнээс хойш би 2021 оны 7 сард Грийн групп /Green group/ компанийн Талын Монгол төсөл дээр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөөд байсан. Нэг өдөр Г.Н-той холбогдож ажлын газарт нь очиж уулзсан. Тухайн үед тэрээр Чанар /Сhаnаr/ нэрийн доор биеийн тамирын хослол, органик гоо сайхны бүтээгдэхүүн буюу саван, давс гэх бараа үйлдвэрлэж байгаа талаар надад танилцуулсан. Миний хувьд өнгөрсөн хугацаанд борлуулалт, маркетинг, төслийн чиглэлүүдээр ажилласан туршлагаасаа хуваалцсан. Тэгээд Г.Н-ын зүгээс А ХХК, Аак ХХК-иудын борлуулалтын менежмент дээр ажиллах санал тавьсан. Төд удалгүй судалж үзээд хийж болохоор санагдаад зөвшөөрч, 2021 оны 10 дугаар сард анхны хөрөнгө оруулалт яригдаж байх үед би Г.Н-д хандан амьдрал маань мөнгө хэрэгтэй байгаа талаар хэлж, хөрөнгө оруулалтаас нэг удаад 50,000,000 төгрөгийг гаргаад өгөөч гэж хүсэлт тавьсан. Тухайн үед Г.Н-ын зүгээс Чи миний компанийн борлуулалт менежментийн ажлуудыг хариуцаад сайхан жигдлээд өгчих. Тэгвэл би чамд энэ мөнгийг гаргаж өгч болно гэж санал тавьсны үндсэн дээр харилцан тохирч, гар бариад ажилдаа орцгоосон ба бүх төлөвлөсөн ажлуудаа шат дараалалтайгаар хийж гүйцэтгэсэн. Анх энэхүү компанид орж ажиллахад үүсгэн байгуулагдаад 4 жил гаруй болсон хэдий ч борлуулалт, менежментийн тал дээр дутагдалтай зүйлүүд их тогтворжиж эхлээгүй байсан. Ингээд үндсэн цалин 1,500,000 төгрөг, мөн борлуулалтын үнийн дүнгийн 3%-ийг сард 2 удаа хувааж авахаар тохиролцон ажиллаж эхэлсэн. Тухайн үед А ХХК-д хөрөнгө оруулалт хийхээр яригдаж байгаад нэг нь татгалзаж, нөгөөх нь тус онд 400,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Энэхүү хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг үйл ажиллагаандаа оруулж шаардлагатай өөрчлөлтүүдийг хийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн. Бидний эхний том гэрээ мөн тус ондоо хийгдсэн бөгөөд багагүй хөдөлмөр, уулзалтуудын үр дүнд Монголдоо Япон стандартыг нэвтрүүлж буй Шинэ монгол Харумафүжи сургуультай гэрээ байгуулж чадсан. Үүний дараагаас борлуулалтын алба дахин зохион байгуулалтад орж дараа дараагийн том гэрээнүүдийг байгуулж эхэлсэн байдаг. Цар тахлын хүнд хэцүү цаг, хил гааль хаалттай дотоодын үйлдвэрлэгчид хямралтай цаг үед ч борлуулалтын хэмжээг хангалттай өсгөж чадсан. Цаг үеийн нөхцөл байдалд тулгуурласан чухал шаардлагатай шийдвэр гаргалтуудыг цаг алдалгүй шийдвэрлэж ажиллаж байсан. Миний дотор зөвхөн найзынхаа компанийг босгоод өгөхөд миний зүгээс шаардагдах бүх зүйлсийг хийх ёстой л гэсэн бодол байсан. Анх танилцаж байхад өөрийн сошиал хуудсаар дамжуулан цөөн тоогоор борлуулагддаг байсан органик бараа бүтээгдэхүүнүүд тус ондоо дистрьбюшн компаниудаар дамжуулан 300 гаруй цэгт худалдаалагдаж, мөн он гараад Монголын томоохон сүлжээ дэлгүүрүүд болох Номин, Миний сүлжээ, 0825, Дүүхээ, Гацуурт гэх дэлгүүрүүдэд нийлүүлэгдэж эхэлсэн зэрэг гарт баригдаж нүдэнд харагдахуйц ажлуудыг дараалалтай хийж гүйцэтгэсэн. Ингээд анх орж ирсэн хөрөнгө оруулалт орж ирсний дараа ажлаа хийж гүйцэтгэж байгаад, өмнө нь амласан амлалтаа сануулан Г.Н-оос 17,000,000 төгрөг гаргуулан авсан. Тухайн үед миний хувьд багагүй үр дүнтэй ажил зохион байгуулсан тул ярилцаж тохирсны дагуу урамшууллаа авч байна гэж ойлгосон. Түүнээс хойш 2022 оны 6 дугаар сар хүртэл энэхүү компанид хоёргүй сэтгэлээр хандан ажиллаж ирсэн. Тэгтэл энэ бүхний эцэст Г.Н-ын зүгээс надад Надаас зээлсэн 17,000,000 төгрөг бас бус дүнгээр шилжүүлсэн 4,200,000 төгрөг гээд нийт 21,200,000 төгрөгийг зээлүүлсэн гэж худал гүтгэн надаас нэхэмжилсэн. Учир шалтгааныг тодруулан ярьсан яриаг нь сануулсан боловч би чамд зээлүүлсэн гэж гүтгэсэн. Мөн гурав хоногийн дотор өгөхгүй бол цагдаад мэдэгдэнэ гэж сүрдүүлсэн. Мөн ажиллаж байх хугацаандаа Шилдгийн шилдэг ажилтан өргөмжлөл, үндсэн компанийн 5% хувьцааг хүртэл бэлэгт авч байсан. Тэгтэл Г.Н намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжиж 21,300,000 төгрөг зээлсэн, Б.Г-д дээрх мөнгийг өгөх үүрэг үүсээгүй гэж гүтгэж, хийсэн ажлыг минь үгүйсгэж байгаад миний зүгээс гомдолтой байна. Ажил үүрэг гүйцэтгэх хугацаанд Г.Н нь хөдөлмөрийн гэрээг огт байгуулаагүй. Бид хэлцлийг хөлсөөр ажиллах гэрээг амаар байгуулсан. Харин ажлын хөлсийг гэрээний нийт хугацаанд нэг удаа 50,000,000 төгрөгийн урамшуулал, мөн ажил үүрэг гүйцэтгэх хугацаанд сар бүр 1,500,000 төгрөгийг цалин хэлбэрээр, борлуулалтын урамшуулал 3%-г цалингийн урамшуулал байдлаар авахаар харилцан тохиролцсон. Уг гэрээг байгуулахдаа тодорхой хугацаа тохиролцоогүй бөгөөд А ХХК болон А органик ХХК-иин борлуулалт, маркетингийн үйл ажиллагааг хэвийн хэмжээнд хүргэх хүртэл ажил үүргийг хариуцан явуулахаар харилцан тохиролцсон. Одоогоор тус хоёр хуулийн этгээдийн борлуулалт болон маркетинг менежмент нь хэвийн хэмжээнд хүрсэн ман ажиллуулагч нь гэрээг цуцлах хүсэл зоригтой байна гэж үзэж тус гэрээг цуцалж, гэрээний үлдэгдэл төлбөрт 23,100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлттэй байна. Би 50,000,000 төгрөгөөс 21,300,000 төгрөгийг өөрийн болон ээжийнхээ дансаар хүлээн авсан. Одоо уг нь үлдэх 28,700,000 төгрөгийг би авах ёстой. Гэхдээ сөрөг нэхэмжлэл гаргахдаа тооцооллын алдаа гаргаад 23,100,000 төгрөг гэж бичсэн. Ийм учраас энэ 23,100,000 төгрөгийг нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1-д заасны дагуу авна. Иймд хариуцагч Г.Н-той байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцалж, гэрээний үлдэгдэл төлбөр болох 23,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Сөрөг нэхэмжлэл гаргасан Б.Г нь нэхэмжлэгч Г.Н-оос Амьдралд мөнгө хэрэгтэй байх тул 50,000,000 төгрөг гаргаад өгөөч гэж хүсэлт тавьсан гэх үндэслэлийг бичсэн байна. Б.Г нь нэхэмжлэгч Г.Н-оос мөнгө өгөөч гэж хүсэлт тавьсан нь үнэн болно. Уг хүсэлтийн дагуу нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч Б.Г-д 21,300,000 төгрөгийг буцаан авах нөхцөлтэй өгсөн. Сөрөг нэхэмжлэлд Гэрээг цуцалж, гэрээний үлдэгдэл төлбөр гаргуулахаар шаардсан байна. Нэхэмжлэгч Г.Н нь сөрөг нэхэмжлэл гаргасан Б.Г-тэй Хөлсөөр ажиллах гэрээ болон өөр төрлийн ямар ч гэрээ-г амаар болон бичгээр огт байгуулаагүй. Мөн мөнгө өгнө гэх амлалт өгөөгүй тул нэхэмжлэгч Г.Н нь сөрөг нэхэмжлэл гаргасан Б.Г-д ямар нэгэн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй байна. Б.Г нь А ХХК-д ажил гүйцэтгэсэн ажлын хөлсийг Иргэн Г.Н-оос гаргуулахаар нэхэмжилсэн байна. А ХХК нь Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулдаг субьект юм. А ХХК-д гүйцэтгэсэн ажлын хөлсийг Иргэн Г.Н хариуцах үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч Б.Г-д холбогдуулж 21,300,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Б.Г-гийн хүсэлтээр нийт 21,300,000 төгрөгийг зээлсэн, уг мөнгөө буцаан нэхэмжилнэ гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

 

Хариуцагч дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа ...талуудын хооронд зээлийн бус харин хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн. Нэхэмжлээд байгаа 21,300,000 төгрөг нь миний ажлын хөлс байсан гэсэн агуулгаар тайлбарласан ба энэхүү үндэслэлээрээ нэхэмжлэгчээс 23,100,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

 

Дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Үндсэн нэхэмжлэл:

 

Хариуцагч Б.Г нь нэхэмжлэгч Г.Н-оос 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот дансаар 17,000,000 төгрөгийг андаас нь гэсэн утгатайгаар,

2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ээж н.А-ийн 50****7492 тоот дансаар дамжуулан 300,000 төгрөгийг nyamod гэсэн утгатайгаар,

2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ээж н.А-гийн 50****7492 тоот дансаар дамжуулан 500,000 төгрөгийг нямод гэсэн утгатайгаар,

2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ээж н.А-гийн 50****7492 тоот дансаар дамжуулан 3,100,000 төгрөгийг gantuvshin гэсэн утгатайгаар,

2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ээж н.А-гийн 5059237492 тоот дансаар дамжуулан 400,000 төгрөгийг nyamod гэсэн утгатайгаар, нийт 21,300,000 төгрөгийг шилжүүлэн авсан талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн 21,300,000 төгрөгийг зээл гэсэн бол хариуцагч ...хөлсөөр ажиллах гэрээний төлбөр гэсэн зөрүүтэй тайлбаруудыг шүүхэд гаргасан.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчид өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах зэрэг эрхүүдийг эдэлдэг. Мөн иргэний хэргийн оролцогчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбар нотлох баримтаар үнэлэгдэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2.2, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасан.

 

Хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн шүүхэд гаргасан тайлбаруудтай харьцуулан судлахад хариуцагч Б.Г нь нэхэмжлэгч Г.Н-той хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд орсон нөхцөл байдал тогтоогдохгүй, хариуцагчийн татгалзал болоод сөрөг нэхэмжлэлийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Эсрэгээрээ нэхэмжлэгчийн ...талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх тайлбар үндэслэл бүхий гэж шүүхээс үзлээ.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгүүдээр зохицуулжээ.

 

Нэгэнт хариуцагчийн ...нэхэмжлэгчээс хүлээн авсан мөнгө нь гэрээний төлбөр байсан гэх тайлбар нотлогдохгүй байх тул шүүхийн зүгээс нэхэмжлэгчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлсэн мөнгөө буцаан шаардах эрх бий болсон гэж үзнэ.

 

Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлэх учиртайг Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т заасан тул нэхэмжлэгч нь хариуцагчид 2022 оны 3 дугаар сарын 14, 2022 оны 3 дугаар сарын 27, 2022 оны 4 дүгээр сарын 18, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрүүдэд шилжүүлсэн нийт 21,300,000 төгрөгийг буцаан шаардсан нь хуульд нийцнэ.

 

2. Сөрөг нэхэмжлэл:

 

Дээр дурдсанчлан хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...талуудын хооронд зээлийн бус харин хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн. Нэхэмжлэгч нь надтай анхнаасаа ямар нэг хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Тэрээр надад ажил хийх явцад буюу хөлсөөр ажиллах гэрээний нийт хугацаанд нэг удаа 50,000,000 төгрөгийн урамшуулал өгөхөөр болсон. Мөн ажил үүрэг гүйцэтгэх хугацаанд сар бүр 1,500,000 төгрөгийг цалин хэлбэрээр, борлуулалтын урамшуулал 3%-г цалингийн урамшуулал байдлаар авахаар харилцан тохиролцсон. Би 50,000,000 төгрөгөөс 21,300,000 төгрөгийг өөрийн болон ээжийнхээ дансаар хүлээн авсан. Одоо уг нь үлдэх 28,700,000 төгрөгийг би авах ёстой. Гэхдээ сөрөг нэхэмжлэл гаргахдаа тооцооллын алдаа гаргаад 23,100,000 төгрөг гэж бичсэн. Ийм учраас энэ 23,100,000 төгрөгийг нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1-д заасны дагуу авна гэсэн агуулгаар тайлбарласан.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 359.2-т Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно гэж тус тус заажээ.

 

Хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь ажлын тодорхой үр дүн биш, харин ажиллах процесс өөрөө байдаг. Хариуцагчийн ...Г.Н-ын зүгээс А ХХК, А ХХК-иудын борлуулалтын менежмент дээр ажиллах санал тавьсан, ...Г.Н-ын зүгээс Чи миний компанийн борлуулалт менежментийн ажлуудыг хариуцаад сайхан жигдлээд өгчих. Тэгвэл би чамд 50,000,000 төгрөгийг гаргаж өгч болно гэж санал тавьсны үндсэн дээр харилцан тохирч, гар бариад ажилдаа орцгоосон гэх тайлбарыг хэрэгт цугларсан бичгийн баримтуудтай харьцуулан судлахад нэхэмжлэгч Г.Н болон хариуцагч Б.Г нарын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал, хариуцагч нь А ХХК, А ХХК-иудад ажиллаж байсан явдлыг нь түүнийг нэхэмжлэгчтэй хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд орсон гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Иймд хариуцагч Г.Н-той байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцалж, гэрээний үлдэгдэл төлбөр болох 23,100,000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Г-ээс 21,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Н-од олгосугай.

 

2. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Г.Н-д холбогдох хөлсөөр ажиллах гэрээг цуцалж, 23,100,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Г-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 264,450 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 264,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ