Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/350

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

   Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч А.Дөлгөөн нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо,

Иргэдийн төлөөлөгч Д.О-,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Хохирогч С.Г-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгч Б.Д- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-д холбогдох эрүүгийн 2538000000043 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Д-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д- нь Хөвсгөл аймгийн ... сумын 5 дугаар багийн ... тоотод байх С.Г-ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө С.Г-ын цээжин тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538000000043 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:          

    Шүүгдэгч Б.Д- нь 2024 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ... сумын 5 дугаар багийн ... тоотод байрлах иргэн С.Г-ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай ир үзүүртэй зүйл хэрэглэн хохирогч С.Г-ын цээжин тус газарт хатгаж, эрүүл мэндэд нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий хүнд гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

              Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д-гийн өгсөн: “...Би хохирогчийнд очихдоо М- гэж дууддаг хүнтэй хамт очсон. Бид хоёрыг гэрт нь ороход эхнэр нь яв гэж хөөхөөр нь бид хоёр гараад явсан. Хойно н.Ө- гэдэг ахынд байж байхад хохирогчийн эхнэр нь тэнд согтуу ирээд манайд хүрээд ир гэхээр нь би М-, н.Ө- ах хоёртой хоёр шил архи авч очоод нэг шил архийг нь уусан. Бид С.Г-ынд очиход тэднийд дахиад нэг ах эгч хоёр ирсэн дөрвүүлээ нэг шил архи уугаад сууж байсан. Би С.Г- ах орон дээр хэвтэж байсан, би хажууд нь сууж байсан. С.Г- ах хэл ам нь болдоггүй хүн, хүнийг өдөөн хатгана янз бүрээр хэлнэ, тэгээд тэнд сууж байгаад ийм асуудал болсон байсан...” гэх мэдүүлэг,

              Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Г-ын өгсөн: “...Надад мөнгө өгөх нь өгсөн боловч 1,800,000 төгрөгийг 6 хувааж өгсөн. Надад өгсөн мөнгийг нь би эмчилгээндээ зарцуулсан. ...Намайг хутгалсан хойноо шүүгдэгч нь эгч рүүгээ залгаж хэлсэн байсан. Ийм л асуудал болсон юм. ...2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр н.Г-гэх ах авгайтайгаа ирсэн. Тэгээд байж байтал шүүгдэгч манайд ирэхээр нь хөөе Д-минь яваарай гэж хэлэхэд гараад явсан. Орой нь манайд дахиад хүрээд ирэхээр нь би энийг хөөж яах нь вэ наашаа суу ахын дүү гэж хэлсэн. Би цээж нүцгэн орныхоо толгойн хөлд сууж байхад намайг хутгалсан. Манай эхнэр байсан. Цээжнээс цус цацраад амьсгаа давчдаад би ухаан алдсан байсан. ...Надад өгсөн 1,800,000 төгрөгөөс гадна 4,000,000 төгрөгийн хохирлыг барагдуулчих юм бол цаашид эмчилгээнд маань хэрэгтэй байна...” гэх мэдүүлэг,

              Мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-11 тал/,

              Хохирогч С.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 29-ний орой ... сумын 5 дугаар баг ... тоот гэртээ эхнэр Б.С-, Г-гэдэг залуу эхнэртэйгээ бид дөрөв сууж байсан. 22 цаг өнгөрч байхад манай гэрт Б.Д- гэдэг залуу орж ирэхээр нь би ахын дүү наашаа суу гэж хэлсэн. Миний хэвтэж байсан орон дээр суугаад архи ууж байсан. Бид нар 3 шил архи уугаад би орон дээрээ цээж нүцгэн хэвтэж байсан чинь гэнэт Б.Д- миний цээж рүү хутгаар хатгасан. Тэгсэн цус цацраад гарсан. Эхнэр Б.С-д би хэлэхдээ “Б.Д- намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Миний цээж хэсгээс нэлээн их цус цацарч гарч байсан. ...Би Б.Д-тай хэрүүл маргаан хийгээгүй. Би Б.Д-ыг хаанаас хутга гаргаж ирж намайг хутгалсныг хараагүй. Нэг мэдсэн л намайг хутгалсан. ...Б.Д- манай гэрт орж ирэхдээ халамцуу орж ирсэн. Гэрт орж ирээд 2 шил архи уусан. ...Би гомдолтой байна. ...Би энэ явдлаас болж нэг сарын хугацаанд эмчилгээ хийлгэж ажил төрөл хийж чадсангүй. Манай эхнэр хувиараа оёдол хийж өдөртөө 100,000 төгрөгийн орлоготой, сүүлийн нэг сар намайг асарсаар байгаад юу ч хийж чадсангүй. Тиймээс эхнэрийн орлогыг өдрийн 100,000 төгрөгөөр тооцно, эмчилгээний төлбөр 1,500,000 төгрөг, ирж очсон зардлаа нэмээд 2,000,000 төгрөг .. нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 24 тал/,

              Гэрч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 29-ний орой 23 цагийн үед ... сумын 5 дугаар баг манай гэрт нөхөр С.Г-, Г-гэж дууддаг ах эхнэр А-бид дөрөв сууж байсан гаднаас Б.Д-, М-гэж дууддаг бүтэн нэрийг нь мэдэхгүй Ө- гэдэг гурван хүн орж ирэхээр нь би “яах гэж яваа юм явцгаагаарай” гэсэн. Манай нөхөр С.Г- “яах нь вэ эд нарыг хөөж” гээд Б.Д-ыг татаж үнсээд орны хажууд суулгасан. Манайд орж ирсэн гурван залуу 2 шил архи гаргаж ирээд 1 шил архийг Г-гэдэг ахад өгөөд 1 шил архийг нь хамт орж ирсэн Ө- гэдэг хүний өвөр рүү хийж өгсөн. Тэгээд Г-гэдэг ах муудаад эхнэр А-нь хөтлөөд гэрээс гарсан. Ө- хаалга онгойлгоод гарч байсан, би харин М- гэдэг залууг газар хэвтэж байхаар нь босоорой гээд босгож байсан. Гэнэт С.Г-аа “энэ намайг хутгалчихлаа” гэхэд эргээд харахад С.Г-аагийн цээжнээс цус гарч байсан. Би сандраад гарч гүйгээд хүн дуудах гэж явсан. ...Б.Д- хаанаас хутга авч С.Г-ыг хутгалсныг хараагүй. Тухайн хутгаа яасныг ч мэдэхгүй. ...С.Г-, Б.Д- хоёр хоорондоо маргалдсан зүйл байхгүй. ...Манай гэрт байсан хүмүүсээс Б.Д- С.Г-ыг хутгалсныг харсан хүн байхгүй. Ө- үүдэнд гарсан зогсож байсан. М- гэдэг залуу унтаж байхад нь би сэрээсэн. Өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29, 41 тал/,

              Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Б.Д- ... сумын төв 5 дугаар багт С.Г-аа гэдэг айлд байж байгаад шөнийн 12 цаг өнгөрч байхад манай дүү Б.Д- ...  гэсэн дугаараас над руу залгаад “би хүн хутгалчихлаа, ирж түргэн дуудаж эмнэлэгт хүргэж өгөөрэй” гэж ярихаар нь би яваад очсон. ...С.Г- гэдэг хүний зүүн эгэмний доод хэсэгт 1 удаа хутгалсан байсан. ...Б.Д- архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...Б.Д- хутгалсан хутгаа орон доогуур шидсэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,

              Гэрч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнийн 00:54 цагийн үед ...  дугаараас миний утас руу Б.Н- гэдэг хүн залгаад дуудлага өгөх гэсэн юм гэхээр нь хаана яасан дуудлага юм гэсэн хутгалуулсан дуудлага гэхээр нь ...би 01:00 цагт ... сумын төвд С.Г- гэдэг айлд очсон. ...Хутгалуулсан ... овогтой Г- гэдэг хүн гэрийн баруун талын орон дээр ёолсон хэвтэж байсан. Намайг биеийг нь үзэхэд биеийн байдал нь хүндэвтэр байсан. Амин үзүүлэлтийг үзэхэд биеийн байдал тогтвортой байсан учир Б.Н-ын машинд өргөж оруулаад эмнэлэгт аваачиж яаралтай тусламжид хэвтүүлсэн. ...С.Г- гэдэг хүний цээжний өмнөд хэсгийн зүүн дээд талд эгэмний доод хэсэг зүсэгдсэн шархтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/,

              Анх үзсэн хүний их эмч Д.М-ын: “...С.Г- гэрийнхээ баруун талын орон дээр хэвтсэн цээжний өмнөд хэсэг зүүн дээд талд эгэмнээс 3 хурууд зүсэгдсэн шархтай, шархнаас цус гоожсон, нүдээ аньсан ёолсон байдалтай хэвтэж байв. ...шархны хэмжээ урт нь 5 см, өргөн 1.7 см, гүн 1.0 см...” гэх тодорхойлолт /хх-ийн 42-43 тал/,

              Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 55 дугаартай: “...С.Г-ын биед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. С.Г-ын биед үүссэн гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх- ийн 46 тал/,

              Иргэний нэхэмжлэгч Г.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2538000000043 дугаартай хэргийн хохирогч С.Г- нь 327,412 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гаргуулан авсан байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

              Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар нотлогдон тогтоогдож байна. 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Д.О- гаргасан саналдаа: “....шүүгдэгч Б.Д- нь буруутай юм байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Б.Батдорж нарын зүгээс гэм буруу дээр маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-11 тал/, хохирогч С.Г-ын мэдүүлэг /хх-ийн 21-22, 24 тал/, гэрч Б.С-гийн мэдүүлэг /хх-ийн 27-29, 41 тал/, гэрч Б.Н-ын мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/, гэрч Д.М-ын мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/, хүний их эмч Д.М-ын тодорхойлолт /хх-ийн 42-43 тал/, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.А-н 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 55 дугаартай дүгнэлт /хх-ийн 46 тал/, иргэний нэхэмжлэгч Г.А-гийн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/ зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Б.Д- нь 2024 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ... сумын 5 дугаар багийн ... тоотод байрлах иргэн С.Г-ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай ир үзүүртэй зүйл хэрэглэн хохирогч С.Г-ын цээжин тус газарт хатгаж, эрүүл мэндэд нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий хүнд гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь нотлогдож байна.

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан тайлбарт: “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөнд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, С.Г- зэвсэг, эд зүйл, хэрэгслийг” ойлгох бөгөөд хохирогч С.Г-ын цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий хүнд гэмтэл учруулсан ир үзүүртэй зүйл нь тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлд хамаарч байх тул шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

              Шүүгдэгч Б.Д- нь хохирогч С.Г-ын цээж рүү тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай ир үзүүртэй зүйлээр хатгаж, биед нь цээжний хөндийн нэвтэрсэн шарх бүхий хүнд гэмтэл учруулж, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндэд халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

              Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Д- нь хохирогч С.Г-ын цээж рүү тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай ир үзүүртэй зүйлээр хатгаж, биед нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.

              Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчийн үйлдэл, гэмт хэргийн сэдэл шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоо зэргийг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл зөв, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэв. 

              Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

              Шүүгдэгч Б.Д-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Г-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Г- нь шүүгдэгч Б.Д-гаас 1,800,000 төгрөгийг бэлнээр авсан, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, цаашид гарах эмчилгээний зардал 4,000,000 төгрөг нэхэмжилнэ...” гэжээ.

              Хохирогч С.Г-ын зүгээс хавтас хэрэгт болон шүүх хуралдаанд хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй, энэ талаар тодорхой тооцоолол хийх боломжгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Г- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Д-гаас нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

         Иргэний нэхэмжлэгч Г.А- нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч С.Г-ын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 327,412 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Д- нөхөн төлсөн болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

              Иймд шүүгдэгч Б.Д-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

              Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

              Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Д-г “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”  гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг дурдаж, ...шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.4-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон 48 хоногийг эдлэх ялд нь оруулах тооцох ...санА-байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг миний үйлчлүүлэгчийн зүгээс үйлдсэн боловч хохирол төлбөрөө төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 заасан шаардлагыг хангаж байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 12 жил эсвэл 15 жилийн хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэрэгт учруулсан хохирлоо нөхөн төлсөн байвал тухайн заалтад заасан ялын гуравны хоёроор шийдвэрлэх бөгөөд ялын доод хэмжээнээс гуравны хоёроос багагүй ял оногдуулахаар заасан шаардлагыг хангаж байна гэж үзэж шүүх бүрэлдэхүүн энэ хуулийн зүйл, заалтыг хэрэглэж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулах ялын доод хэмжээ 5 жил, дээд хэмжээ нь 12 жил байгаа. Тиймээс 5 жилийн гуравны хоёроос багагүй байхаар буюу 3 жил 3 сараас ихгүй хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү гэх санА-байна...” гэв.

Шүүгдэгч Б.Д-гийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэргийн 58-59, 68-76 талд авагдсан ... зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Д-гийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-гийн цагдан хоригдсон 48 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн 2538000000043 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Д-г 3 (гурав) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 3 (гурав) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-гийн цагдан хоригдсон 48 (дөчин найм) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.  
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Г- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Д-гаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  6. Эрүүгийн 2538000000043 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Д- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 
  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР

 

                                           ШҮҮГЧИД                              Б.МӨНХТУЯА

        

                                                                                           А.ДӨЛГӨӨН