| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2023/00886/И |
| Дугаар | 102/ШШ2023/01193 |
| Огноо | 2023-03-28 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2023/01193
| 2023 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2023/01193 | Улаанбаатар хот |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б
Хариуцагч: Б
Нэхэмжлэлийн шаардлага: бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, 10,550,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А
Хариуцагч С.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч С.Б-т холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч талаас дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
Д.Б-ийн үүсгэн байгуулан ажиллуулж буй Х ХХК-д 2016 оны 9 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд хуульч, өмгөөлөгч С.Б гэгч нь хуулийн зөвлөхөөр ажилласан байдаг. Хариуцагч С.Б нь нэхэмжлэгчтэй ажил хэргийн харилцаатай байхаас гадна нэхэмжлэгчийн эгчтэй гэрлэсэн хадам ах нь бөгөөд тэрээр 2010-2013 онуудад нэхэмжлэгчийн гэрт амьдардаг байжээ. Иймээс нэхэмжлэгч Д.Б нь эгчтэй нь гэрлэсэн С.Б-т туслан өөрийн Х ХХК-д хуулийн зөвлөхөөр цалин өгч ажиллуулахаас гадна өөрийн гэсэн орон сууцтай болоход нь санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлж, түүнд байрны урьдчилгаа төлбөр төлөхөд нь тусалж, ямар ч хариу төлбөргүйгээр бэлэн мөнгө бэлэглэж байв. Бас сар бүрийн байрны зээл төлөх үед зарим тохиолдолд нэхэмжлэгч хариуцагчийн өмнөөс байрны зээлийг төлдөг байжээ. Нэхэмжлэгч Д.Б хариуцагч С.Б-т орон сууц авахад нь зориулж, өөрийн Хаан банкны 5*******4 дугаартай данснаас 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 10,000,000 төгрөгийг байрны мөнгө гэх утгатайгаар, мөн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 550,000 төгрөгийг Болдоо зээл байр гэх утгатайгаар тус тус шилжүүлсэн. Эдгээр мөнгө нь Д.Б-ийн зүгээс өөрийн хадам ахдаа амьдралаа өөд татах, орон сууцтай болоход нь тусалсан бэлэг байсан бөгөөд өнөөдрийг хүртэл нэг ч удаа буцаан шаардаж байгаагүй юм. Гэтэл 2022 оны 7 дугаар сард Х ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа хөрөнгө завшсан гэх хэргээр ажлаа хаяж явсан ажилтан С.Б-ын нэхэмжлэлтэй Х ХХК-д холбогдох ажлаас хууль бусаар халагдсан талаарх иргэний хэрэгт С.Б нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, урьд хууль зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байсан Х ХХК-ийн эсрэг, бас хадам дүүгийнхээ эсрэг ажилласан. Үүнд нэхэмжлэгч Д.Б ихээхэн цочирдсон бөгөөд бас маш ихээр гомдсон болно. Хариуцагч С.Б нь компанид хууль зүйн зөвлөгөө өгөх явцдаа Х ХХК-ийн бүхий л дотоод нууц, бодит нөхцөл байдлыг бүрэн мэддэг болсон атлаа, тухайн компанид ажиллаж байгаад гарсан хүнийг турхиран компанийн эсрэг 47,000,000 төгрөг нэхэмжилж, өмгөөлөгчийн ёс зүйн дүрэм, бас хүн чанарын хувьд өөдгүй үйлдэл гаргасан байдаг. Энэ бүгдэд гомдсон нэхэмжлэгч Д.Ба нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд өмгөөлөгч С.Бо-ын ёс зүйгүй үйлдлийн талаар гомдол аргасан бөгөөд тус холбооноос С.Б-ын өмгөөллийн эрхийг 1 жилийн хугацаатай түдгэлзүүлсэн. С.Б-ын ажлаас халагдсан маргааныг шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаанд С.Б нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон төдийгүй, өнөөдрийн байдлаар давж заалдах шүүхэд гомдол гарган маргаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр үргэлжлүүлэн Д.Б-ийн эсрэг ажилласаар байгаа билээ. Энэ бүх хугацаанд бэлэг хүлээн авагч С.Б нь нэхэмжлэгчийн эсрэг шүүхийн шатанд үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа явдал нь бэлэглэгч Д.Б-ийг туйлын ихээр гомдоож байгаа болно. Иймд нэхэмжлэгч нь арга буюу хариуцагч С.Б-т орон сууц авахад нь тусалж бэлэглэсэн 10,550,000 төгрөгийг бэлэг хүлээн авагчаас буцаан авахаар шаардаж байгаа. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор заажээ. Мөн хуулийн 280.3-т бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй хэмээн заажээ. Хариуцагч С.Б нь Д.Б-ийн үүсгэн байгуулж захирлаар нь ажилладаг Х ХХК-ийн эсрэг иргэний хэргийг шүүх дээр төлөөлж 47,000,000 төгрөгийг нэхэмжилсэн, энэхүү заргаа өнөөдрийг хүртэл үргэлжлүүлэн давж заалдах шүүхэд гомдол гаргах гэх мэтээр улайран зүтгэж байгаа үйлдэл нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон хэмээн дүгнэж байна. Мөн нэхэмжлэгч Д.Б нь С.Б-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэг дээр С.Б итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байгааг 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийг гардах үедээ мэдсэн гэвэл энэ цаг үеэс бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор шаардах эрх үүссэн өдөр хэмээн тооцож байна. Үүнээс дүгнэвэл Иргэний хуульд заасан 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байна. Хариуцагч нь бэлгийг буюу мөнгийг эхнэрээрээ дамжуулан хүлээн авч, уг мөнгөөрөө орон сууц авсан, бэлгийг хүлээн авсан гэж нэхэмжлэгч тал үзэж байгаа бөгөөд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2 дахь хэсгүүдэд заасны дагуу хариуцагч С.Б-аас 10,550,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Учир нь би нэхэмжлэгчээс уг мөнгийг огт хүлээж аваагүй. Нэхэмжлэгч надад бэлэглэсэн гээд байгаа 10,550,000 төгрөгийг өөрийн төрсөн эгч Д.Б рүү л шилжүүлсэн. Би Д.Б-ийн нөхөр боловч уг мөнгийг ямар нэг байдлаар хүлээн аваагүй. Тэгээд ч Иргэний хуулийн 75 дугаар хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн. Мөн би ХИХ ХХК-тай болон нэхэмжлэгч Д.Б-тай ямар хөдөлмөрийн гэрээний харилцаанд ороогүй, ямар нэг нууцийн гэрээ ч байгуулаагүй. Зүгээр хэрэг болсон үед нь хууль зүйн зөвлөгөө өгөөд л явж байсан. Хан-Уул дүүргийн шүүх дээр би Б-ыг өмгөөлж явсан нь үнэн. Б болон нэхэмжлэгч нар нь хамаатны хүмүүс. Би нэхэмжлэгчид энэ асуудал дээрээ эвлэрээч гээд л явж байсан. Би эхнэр Д.Б-тэй 2013 онд гэр бүл болж, 2 хүүхэдтэй болсон. 2013 оноос эхлээд Баянгол дүүрэг, 7 хороо, 25б-11 тоот хаягт байршилтай орон сууцанд амьдарч байгаа бөгөөд уг байр нь эхнэрийн өөрийнх нь байр, миний байр биш. Одоо энэ маргаанаас болоод би эхнэр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Хаан банкны дансны хуулга, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэр, Монголын Өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоол.
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хариу тайлбар, Хаан банкны тодорхойлолт, Улсын дээд шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоол, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-нүүд, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шийдвэр, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэхтэй холбоотой баримтууд.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч С.Б-т холбогдуулж бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, бэлэг хүлээн авагчаас 10,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гарган шүүхэд хандсан.
Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч ...хариуцагч буюу бэлэг хүлээн авагч С.Б нь бэлэглэгч болох Д.Б-ийн компанийн эсрэг ажилласан, ...бэлэглэгчийг ноцтой гомдоосон учир түүнд бэлэглэсэн 10,550,000 төгрөгөө Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2 дахь хэсгүүдэд заасны дагуу буцаан авна гэж тайлбарласан.
2. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа ...уг мөнгийг би хүлээж аваагүй, бэлэг хүлээн авагч биш, ...хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн гэсэн агуулгаар тайлбарласан.
3. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ, 276.2-т Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно, 280 дугаар зүйлийн 280.1-д Бэлэглэгч, түүний өвлөгч дараахь тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй, 280.1.1-д бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, 280.2-т Бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон бол бэлэглэлийн зүйлийг бэлэглэгчид, эсхүл түүний өвлөгчид буцаан олгоно гэж тус тус заасан.
4. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд хариуцагч С.Б 10,550,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан, эсхүл хүлээн авахыг зөвшөөрсөн, мөн бусдаар дамжуулан хүлээн авсан нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Нэгэнт нэхэмжлэгч 10,550,000 төгрөгийг хариуцагчид бэлэглэсэн, хариуцагч үүнийг хариу төлбөргүй хүлээн авахыг зөвшөөрсөн үйл баримт тогтоогдоогүй учир хариуцагч С.Б-т холбогдох бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах, бэлэг хүлээн авагчаас 10,550,000 төгрөг гаргуулах тухай Д.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 183,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2 дахь хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул хариуцагч С.Болдбаатарт холбогдох бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, бэлэг хүлээн авагчаас 10,550,000 төгрөг гаргуулах тухай Д.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ