Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2023/01247

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2023/01247

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: И ХХК 

 

Хариуцагч: А

 

Нэхэмжлэлийн шаардлага: 13,000,856 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран

/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч А.А-гээс 13,000,856 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Зээлдэгч А.А нь манай компанитай 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр L11602507 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулагдсанаар зээлдэгч нь Цахим зээлийн эрх нээх гэрээний 1.3.2 дахь хэсэгт заасан Цахим зээл гэж - Зээлдэгчийн ББСБ-д илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг мөн 1.3.12 дахь хэсэгт заасан Цахим  гэж - Аппликейшн дээр харилцагчийн үүсгэн удирдах тухайн харилцагчийн мөнгөн хөрөнгийн дүн болон гүйлгээний мэдээллийг агуулсан харилцагчийн цахим дансыг ашиглах, зээл авах эрх нээгдсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно хэмээн заасны, мөн А.А-ийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу 7900013737 дугаартай зээлийн дансанд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,450,000, 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 155,000, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 7,300,000 төгрөгийн зээлийн олголтыг хийсэн. Цахим зээлийн эрх нээх гэрээний 2.3 дахь хэсэгт ББСБ-аас санал болгох зээлийн хугацаа нь 14 хоног, 30 хоног, 60 хоног болон бусад гэсэн сонголттой байх ба зээлдэгч зээл авах тухай бүрд зээлийн хугацааг өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоно хэмээн заасан байдаг. Зээлдэгч А.А нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,450,000 төгрөгийн зээлийн хугацааг 90 хоног байхаар, 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 155,000 төгрөгийн зээлийн хугацааг 90 хоног байхаар, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 7,300,000 төгрөгийн зээлийн хугацааг 60 хоног байхаар сонгож, зээлээр олгосон мөнгийг өөрийн Цахим покетын дансанд хүлээн авсан. Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний онцлог нь зээлдэгч зээлийн гэрээний хүрээнд эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл болон үйлчилгээний төлбөр болох шимтгэлийг хугацаандаа төлсөн тохиолдолд зээлийн хүү төлдөггүй. Харин эргэн төлөлтийн хугацаандаа үндсэн зээл, шимтгэлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоногоос эхлэн зээлийг ашигласан хариу төлбөр болох хүү, түүний хорин хувиас хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээдэг. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, шимтгэлийг төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессежээр, түүний хувийн аппликейшн дэх цэс рүү нь мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчсөн тул 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдгаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1/ 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1,450,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь:

Үндсэн зээл 1,450,000 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 507,221.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83,036.26 төгрөг, нийт 2,040,258.2 төгрөг.

2/ 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 155,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь:

Үндсэн зээл 155,000 төгрөг, шимтгэл 7,500 төгрөг, үндсэн хүү 51,901.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,096.17 төгрөг, нийт 223,497.82 төгрөг.

3/ 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 7,300,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь:

Үндсэн зээл 7,300,000 төгрөг, шимтгэл 792,000 төгрөг, үндсэн хүү 2,209,200.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 428,400.02 төгрөг, нийт 10,729,600.09 төгрөг.

4/ Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал 7,500 төгрөг буюу нотариатын зардал. Иймд хариуцагч А.А-ээс нийт 13,000,856 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: улсын бүртгэлийн гэрчилгээ /хх6/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх7,8/, итгэмжлэл /хх9/, төлбөрийн баримт /хх10/, цахим зээлийн эрх нээх гэрээ /хх11-13/, зээлийн дансны хуулга /хх15/.

 

4. Хариуцагч шүүхэд нотлох баримт ирүүлээгүй.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч И ХХК болон хариуцагч А.А нар ******** тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр А.А нь 20,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг хүртэл ашиглах эрхтэй, 14, 30, 60 хоног хүртэлх хугацаатай цахим зээлийн гэрээг байгуулжээ.

 

Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т ...зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.

 

2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр И ХХК нь хариуцагч А.А-гт холбогдуулж талуудын байгуулсан гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр, шимтгэл, хүү, нэхэмжлэл гаргасантай холбогдох гарсан зардалд нийт 13,000,856 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заажээ.

 

Хариуцагч талаас нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тооцоолол, хэрэгт хавсаргасан нотлох баримтуудыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаар бичгийн тайлбарыг нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй, ямар нэг байдлаар эсэргүүцээгүй.

 

Уг байдлыг хариуцагч гэрээг байгуулсан болон зээлийг хүлээн авсан эсэх, мөн зээлийн тооцоолол дээр маргаагүй гэж үзэхээс гадна нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн мөнгийг бодитоор шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна. Нэгэнт нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үүргээ гүйцэтгэсэн байх тул хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасны дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ.

 

Түүнчлэн хариуцагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид шүүхэд хандах, тодорхой зардлыг гаргах шаардлага бий болсон болох нь баримтаар тогтоогдож байх тул нотариатын зардал болох 7,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасантай харшлахгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222,970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 222,970 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч А.Алтанчимэгээс 13,000,856 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222,970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 222,970 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ