Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2023/01249

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2023/01249

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч Б

 

Хариуцагч: Ц

 

Нэхэмжлэлийн шаардлага: 70,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран

/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Ц.Ц-ээс 70,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Г.Б надаас 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр авсан зээлийн үлдэгдэл төлбөр болох 70,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Цэнгэлээс гаргуулахаар нэхэмжилж байна. Миний бие Г.Б нь Ц.Ц-тэй эртний танилууд юм. Ц.Ц нь 2019 оны 01 дүгээр сард над дээр хүрч ирээд ...байраа зарах гэж байгаа юм бол би урьдчилгааг нь өгөөд үлдсэнийг нь банкны зээлд оруулаад худалдаж авъя гэж тохиролцсон. 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 87,800,000 төгрөгийн төлбөрийг миний Голомт банкны данс руу шилжүүлсэн. Тэр өдрөө Ц.Ц нь надад ...банкнаас шилжүүлсэн мөнгөө надад буцаагаад зээлчих, би удаахгүй эргүүлээд өгнө. Харин чи энэ зээлсэн мөнгийг байрныхаа үлдэгдэл төлбөрт тооцчих гэж хэлсэн учир би мөнгийг түүн рүү шилжүүлсэн. Үүнээс хойш бага багаар өгсөөр одоо 70,000,000 төгрөг үлдсэн. Би Ц.Ц-тэй яриад үүнийгээ батлаад нотариат дээр гэрээ хийе гэж хэлсний дагуу 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нотариат дээр төлбөр барагдуулах талаар гэрээ байгуулсан. Уг гэрээнд үлдэгдэл төлбөрийг хоёр хувааж төлнө. 2021 оны 10 дугаар сарын 15-нд 20,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 15-нд 50,000,000 төгрөг өгнө гэж тохиролцсон боловч Ц.Ц одоог хүртэл миний мөнгийг өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч бичгийн тайлбар өгөөгүй.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх3/, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Төлбөр барагдуулах талаар тохиролцож хийсэн гэрээ /хх4/.

 

4. Хариуцагчаас хариу тайлбар, бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Б болон хариуцагч Ц.Ц нар 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Төлбөр барагдуулах талаар тохиролцож хийсэн гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцөлийг харилцан тохиролцсон байна. Үүнд:

1/ Г.Б, Ц.Ц нарын хооронд орон сууц худалдах-худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 70,000,000 төгрөгийг барагдуулах талаар талууд хоорондоо тохиролцож энэхүү гэрээг байгуулав. Төлбөрийн үлдэгдэл 70,000,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөгийг, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 50,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.

 

2. 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Ц.Ц-ээс 70,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан ба өөрийн шаардлагын үндэслэлээ ...Ц.Ц нь надад ...банкнаас шилжүүлсэн мөнгөө надад буцаагаад зээлчих, би удаахгүй эргүүлээд өгнө гээд авсан. Үлдэгдэл 70,000,000 төгрөгөө төлөөгүй гэсэн агуулгаар тайлбарласан.

 

3. Шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заажээ.

 

Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт авагдсан нотлох баримтыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаар бичгийн тайлбарыг нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй, ямар нэг байдлаар эсэргүүцээгүй.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгүүдээр зохицуулжээ.

 

Нэгэнт хариуцагч талаас нэхэмжлэгчийн ...зээлж авсан мөнгөө буцааж бүрэн төлөөгүй гэх тайлбарыг эсэргүүцээгүй, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээн дээр маргаагүй тул шүүхийн зүгээс нэхэмжлэгчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлсэн мөнгөө буцаан шаардах эрх бий болсон гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 507,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Бүрэнжаргалд олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Ц-ээс 70,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ц-ээс 507,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ